| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0014/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/12 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/12
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Х.Ганзориг,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Барган овогт Дэлгэрсайханы А-д холбогдох эрүүгийн 1817002500005 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, С дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Д-ны А /РД: СЩ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.А нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Цагаан усны 1-8 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ш.У-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой, шилэн хүзүүн тус газар гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Д.А нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан усны 1-8 тоотод оршин суух гэртээ хохирогч Ш.У-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой, шилэн хүзүүн тус газар гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
1.2. Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би эхнэр Ш.У зодсон асуудлаар шалгагдаж байгаа. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр У ахмадын хороон дээр болсон бүжигэнд орохоор явсан. Би бүжиг тарах цагийг дөхүүлээд ахмадын хороон дээр очсон. Намайг очтол манай эхнэр нэг жижиг суудлын машинд суугаад явсан. Намайг хараагүй. Тухайн үед 23 цаг болж байсан байх, цагийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Тэгээд Халуун тогоо гэх газар ороод 2 лааз пиво аваад ганцаараа уучихаад 02 цагийн үед гэртээ орсон. Манай эхнэр У хоёр хүүхдийнхээ хамт унтаж байсан. У намайг ороход сэрсэн. Би У-д хандаад би чамайг очоод авах гэж байхад машинд суугаад явчихлаа гэж хэлээд маргалдсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод У-д хандаад чи өчигдөр хүн очоод авах гэж байхад худлаа хэлээд машинд суугаад явах юм гэж хэлсэн чинь У чамайг ирснийг мэдээгүй ш дээ гэсэн. Тэгэхээр нь уур хүрээд баруун гараараа 2 удаа зүүн хацар луу алгадсан. Урангоо цаашаа эргээд харахад нь шилэн хүзүүрүү нь 2 удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тэгээд эхнэртэйгээ хамт хүүхдүүдээ хүргэж өгчихөөд гадуур ажил хөөцөлдөж байгаад хөдөө яваад 4 хоноод ирсэн. Намайг ирэхэд манай эхнэр намайг цагдаад өгсөн… гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
1.3. Хохирогч Ш.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 12 дугаар сарын 04-ний орой ахмадын хороон дээр бүжиг болсон юм. Би тэр бүжигэн дээр найз хүүхэн Д /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ хамт очсон. Тэгээд бүжиг 23 цаг 20 минутад тарсан. Тараад Д-н найз гэх хүний машинд суугаад гудамжныхаа баруун үзүүрт буугаад гэртээ харьсан. Намайг гэрт ирэхэд А байхгүй байсан. Манай 3 хүүхэд гэртээ унтаж байсан. Тэгээд би гэртээ ороод унтсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад А архи уусан согтуу орж ирсэн. Чи машинаар хүргүүлдэг хэн бэ, би чамайг машинд суугаад явахыг харсан гэж байгаад унтаад өгсөн. Маргааш өглөө 08 цагийн үед босоод цэцэрлэгийнхээ хүүхдийн хувцасыг өмсүүлээд сууж байтал А босож ирээд чи надад худлаа хэллээ гээд миний толгойн баруун талын шанаа, чих орчимд 2 удаа, мөн зүүн талын чих, шанаа орчимд 2 удаа цохисон. Тэгээд маргалдаж байгаад А бид хоёр хамт гэрээсээ гараад 2 хүүхдээ дагуулаад гудамжинд явж байтал А миний шилэн хүзүү рүү гараараа нэг удаа цохисон. Цэцэрлэгээс гараад дугуй засварын А ахын гэрт орох гэсэн намайг оруулахгүй гэртээ харъя гээд чирээд байсан. Тэгтэл А ах хашаанаасаа гараад ирсэн. Тэгээд А ахын гэрт орсон. А А ахын гэрт дагаж орж ирээд байж байгаад гараад явсан. Би цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
1.4. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 12 дугаар сарын 04-ний орой ахмадын хороон дээр болсон бүжигэнд хамт У-той явсан. Орой бүжиг тараад 23 цагийн үед эгнээнийх нь баруун үзүүрт У буулгаж өгөөд явсан. Маргааш У над руу утсаар яриад би өглөө хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөхөөр хувцасыг нь өмсүүлээд сууж байтал машинтай хүнээр гэртээ хүргүүлсэн гээд нөхөр намайг хардаад зодсон гэж байсан. Тухайн үед У-той уулзаагүй, утсаар ярьсан болохоор ямар гэмтэл авсан талаар мэдэхгүй байна. Толгой өвдөөд байна гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
1.5. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр 08-09 цагийн хооронд байх, би гэртээ байж байтал манай зэргэлдээ дугуй засварын гадаа эмэгтэй хүн чанга, чанга дугараад байхаар нь гараад очтол манай хүүгийн эхнэрийн талын хамаатан болох У нөхөр А-гоо маргалдаад байж байсан. У намайг харчихаад энэ А намайг зодох гээд хөөгөөд байна, толгой руу цохисон гэж хэлсэн. Нөхөр А нь юм дуугарахгүй байсан. Тэр хоёрыг дагуулаад гэртээ ороод юу болоод байгаа юм бэ гэсэн чинь нөхөр А дуугуй суугаад байсан. У А толгой руу цохиод гээд уйлаад байсан. Би У-н толгойг хэд илж өгсөн. А чимээгүй сууж байгаад гараад явсан. У нилээд байж байгаад гараад явсан… гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаартай дүгнэлтэд:
- Ш.У-н биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн чихний омог, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд учирчээ.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 19 дүгээр хуудас/
1.7. Шинжээч эмч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ш.У-н биед учирсан тархи доргилт, зүүн чамархай, зүүн чихний омог, баруун бугалганы гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой….гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг болно.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Д-ны А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Учир нь:
Шүүгдэгч Д.А нь хохирогчтой 2011 оноос хамт амьдарсан ба хохирогч Ш.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...Урд нь намайг зодож байгаагүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” талаар мэдүүлсэн, мөн шүүгдэгч Д.А нь хохирогч Ш.У-той хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх боломжийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Д.А- нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хамтран амьдрагч Ш.У-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” ...үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмт хэргийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.А-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогч Ш.У- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Архи уухаараа хурц ааш зантай. Архи уухгүй эрүүлдээ дөлгөөхөн зантай. Хүнтэй эвсэг харилцаатай. Ер нь хүний үгээр байдаг. Хар бор ажилд сайн. Өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
2.2. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би А-г архи уусан байхыг нь харж байгаагүй. Эрүүлдээ дөлгөөн зантай хүнд тусархуу, инээсэн хүн л явж байдаг. Элдэв янзын адаар ааш зан байхгүй. Хар бор ажилд сайн залуу байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
2.3. Хохирогч Ш.У-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/
2.5. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Д-ны А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Д-ны А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.А- нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ