Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2016/00845/И |
Дугаар | 00861 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 24 дүгээр байрны 15 тоотод оршин суух, Жалайр овгийн Баатарын Алтанцэцэгийн /регистийн дугаар ФМ61112987/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол багийн Баянзамын 6 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, Боржигон овгийн Хишигтийн Оюунтуяад холбогдох 376,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 08 дугаар сард Оюунтуяа нь надаас банз зээлээр гуйж авсан юм. Өмнө надаас банз зээлээр аваад мөнгөө өгсөн болохоор би зээлээр банз өгсөн юм. Найдвартай мөнгө өгнө гэсэн боловч мөнгийг өгөхгүй өдийг хүрлээ. Энэ хугацаанд утсаар удаа дараа ярьсан ба сүүлийн үед утсыг нь авсан хүн би Оюунтуяа биш гээд байх юм. Оюунтуяагаас 376,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хишигтийн овогтой Оюунтуяа миний бие Алтанцэцэгээс банз худалдаж аваад 300,000 төгрөг үлдсэн юм. Гэтэл 376,000 төгрөг гэжээ. Би 300,000 төгрөгийг л төлнө. Гэхдээ ойрын хугацаанд төлж чадахгүй. Хүүхэд маань хагалгаанд ороод мөнгөний боломж байхгүй тул 2017 оны 08 дугаар сараас өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь хариуцагч Х.Оюунтуяагаас зээлээр худалдсан банзны үнэ 376.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2015 оны 8 сард нэхэмжлэгчээс 876.000 төгрөгний банз зээлээр худалдаж авсан байх бөгөөд 250.000 төгрөгөөр 2 удаа нийт 500.000 төгрөг төлж барагдуулж үлдсэн 376.000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч нь банз худалдаж аваад 300.000 төгрөг үлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдлаа нотлох баримтаар баталж чадахгүй байна. Харин хариуцагч нь 876.000 төгрөгний банз зээлээр худалдан авч 376.000 төгрөг үлдсэн талаарх бичгийн баримт авагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэээгүй тул түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.2, 116.118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасаныг баримтлан хариуцагч Х.Оюунтуяагаас 376.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасаныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11,930 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Оюунтуяагаас 11,930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай.
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН