Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/13

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч, хохирогч Э.Х,  түүний өмгөөлөгч Б.,

шүүгдэгч, хохирогч Р.Э, түүний өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт -н  Э, Б овогт Э-н Х нарт холбогдох эрүүгийн 1817002390118 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 25-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, ах 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын  дугаар баг, Т.... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н Х /РД: ЕЙ/

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын  дугаар баг, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Р-н Э /РД: МК/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.Х нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Сод Монгол” шатахуун түгээх станцын орчим иргэн Р.Э-тэй маргалдан түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Р.Э нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сод Монгол” шатахуун түгээх станцын орчим иргэн Э.Х-тай маргалдан түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Э.Х нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын орчим хохирогч Р.Э-тэй маргалдан улмаар түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай,

Шүүгдэгч Р.Э нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын орчим хохирогч Э.Х-тай маргалдан түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой 19 цагийн орчим Шивээговь суманд очоод захиргааны урд зогсоод би захиргаа ороод 1 цаг гаран болоод гарч ирэхэд Р.Э, Х 2 нэг шил архи хуваагаад уусан байсан. Намайг гарч ирсний дараа Х нь Ц-с мөнгө зээлээд дахин нэг шил архи авсан. Уг архиа аваад бид Шивээговь сумаас хойшоо хээр  зогсож байгаад Х, Р.Э эгч бид 3 нэг шил архиа хувааж уусан. Тэр хооронд  Х, Э эгч 2 согтоод хоорондоо маргалдаж, Э эгч Х харааж, доромжлоод байсан. Тэгээд Р.Э эгч түрүүлээд Х-н үснээс зулгаахад нь Х эргээд Р.Э эгчийн үснээс зулгаах гэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгэхэд Э эгч чамд ямар хамаатай юм гээд намайг үсдэж аваад боож унагаасан. Тэгэхэд жолоо барьж байсан Ц бид хоёрыг салгаад би машинаас буухад Э эгч араас дагаж бууж ирээд дахин зодолдож эхэлсэн. Адилхан бие биеийнхээ үснээс зулгааж эхэлсэн. Тэгэхэд Э эгч гуталтай, би машин дотор гутлаа тайлсан байсан. Тэгээд гадаа бид 2 зодолдоход Ц, Х 2 гарч ирээд бид 2-ыг салгаад Э эгчийг урд талын суудал дээр суулгаад, намайг ард талын суудал дээр Х аваад суусан. Тухайн үед би Э эгчээс уучлалт гуйсан. Та дүүгээ яаж байгаа юм бэ? дүү нь та 2-ыг салгах гэж байгаад жоохон уур хүрээд ийм зүйл болчихлоо, дүүгээ уучлаарай гээд уучлалт гуйхад Э эгч намайг уучлахгүй гээд дахин миний үснээс зулгаасан. Тэгэхээр би хальт үснээс нь зулгаахад Х хойноос татаад намайг болиулж, Ц Э эгчийг болиулсан. Тэгээд 23 цагийн үед Э эгчийг гэрт нь буулгаж, Х гэрт нь буулгаж би гэртээ харьсан гэв.

 

1.2. Шүүгдэгч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд явж байхад Х хүүхдээ цэцэрлэгт өгч таараад Чойр явах уу? үйл ажиллагаатай гэсэн. Тэгээд Чойрт ирээд уг үйл ажиллагаа орой 18 өнгөрөөж тараад Шивээговь сум явсан. Х нөхөр Ц гэрээс нь аваад захиргааны гадаа ирээд бензиний мөнгө авна гээд орсон. Бид хэд гадаа нь 1 цаг гаран хүлээсэн. Тэгэхэд нөхөр цагаанаа нь архи уух уу? даарч байгаа бол гэсэн. Би хавар, намрын  хувцастай явж байсан учир их даараад тэгээд хүйтэн архи уугаад согтоод, хэсэг унтсан байсан. Тэгээд би Х 2 нүүртэй гэж хэлээд зодоон эхлээд Х, Х 2 хоёулаа над руу зэрэг дайрч миний үснээс зулгаасан. Захиргаанаас хөдлөөд замдаа намайг зодоод, хөдөө клонкоос цааш явж, намайг зодсон. Уг зодоон нь надад их хүнд байсан. Би амь насаа алдах нь гэж их айсан. Тэр 2 намайг нохой яс булаацалдаж байгаа юм шиг дайрч зодсон гэв.

 

1.3. Хохирогч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 23-нд Э эгч Х гэх хүнтэй маргалдахад нь би дундуур нь салгах гэхэд Э эгч намайг шууд үсдээд боож эхэлсэн. Тэгэхэд Ц бид 2-ыг салгахад би Э эгчээс холдох гээд машинаас буухад Э эгч хойноос бууж ирээд ахин намайг үсдэхэд би газар унасан. Тэгэхэд би зөрүүлээд үсдэхэд Э эгч газраас чулуу аваад миний гуя руу цохисон. Э эгч тухайн үед гуталтай байсан ба намайг өшиглөөд чулуугаар цохисон. Түүний дараа би гэртээ хүүхдээ хараад, хүүхэд маань жоохон болохоор би эмнэлгийн байгууллагаар явж эмчлүүлж чадаагүй, гэрээр эмчилгээ хийлгэсэн. Одоо хүртэл миний толгой, хөл, гар янгинаж өвддөг.

Тухайн үед эмнэлгээр явж эмчлүүлж чадаагүй, эмчилгээний төлбөр нэхэмжлээгүй. Уг хэргээс болж миний машины хөгжим эвдэрсэн. Машиныхаа хөгжмийн үнэ болох 250 000 төгрөгийг Э эгчээс нэхэмжилж байгаа. Тухайн үед Э эгч урд гуталтайгаа суусан байсан. Тэгээд хөлөөрөө жийгээд байсан. Миний машин гэр бүлийн зориулалттай машин учир их зайтай. Э эгч гутлаараа цонх руу өшиглөж, машины хөгжим рүү 2-3 удаа жийж эвдэлсэн. Мөн байцаалтад Шивээговь сумаас байцаалтад ирж, очихдоо машинд хийсэн бензиний, зардлын мөнгөө нэхэмжилж байгаа. Э эгч намайг бас адилхан, цохиж зодчихоод би зодуулсан. Намайг зодсон гэж байгаад гомдолтой байна гэв.

 

1.4. Хохирогч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхдөө Х-тай таарсан. Х Чойр явах уу? үйл ажиллагаатай гэж байна гэсэн. Тэгээд би хамт Чойр ороод орой 18 цагт үйл ажиллагаа нь дуусаж Шивээговь сум руу яваад хамт явсан хүмүүсээ буулгаж өгчихөөд Х гэрээсээ нөхөр Ц авч захиргаа ороод 1 цаг гарангийн дараа ирсэн. Тэгэхэд нөхөр Ц нь Х бид 2-т нэг шил архи авч өгөөд Ц өөрөө нэг татаад маргааш ажилтай гээд уугаагүй. Өдөр нь шимийн архи уусан гэж байсан. Хишигзаяа бид 2 нөгөө авч өгсөн архийг нь уугаад би согтсон байсан. Түүнээс болоод маргаан эхэлсэн. Х 21 дүгээрт зөрлөгт амьдардаг Н гэх охиныг Х ирж муулаад Х-н ярьсныг Н-д очиж муулаад байсан. Тэгэхээр нь би чи 2 нүүртэй гэж хэлснээс болоод маргаан эхэлсэн. Захиргаанаас хөдлөөд удаагүй намайг нэг зодсон. Дараа нь хөдөө замд нэг зодсон. Х, Х 2 зэрэг над руу дайраад намайг зэрэг үсдэж эхэлсэн.

Хөдөө гараад гадаа ноцолдож байхад Х, Х 2 зэрэг миний үснээс зулгаагаад би өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болсон байсан. Цаана Ц машины хажууд зогсоод болиоч ээ гэж хэлсэн. Тэгээд Ц бид 3-г салгаад одоо больцгоо гэхэд би та нар машинаараа явцгаа би алхаад харина гэсэн. Тэгэхэд Ц би таныг хүргэж өгнө гээд намайг урд талын суудалд суулгасан. Тэгээд машин хөдлөх гэж байхад Х арын суудлаас давж орж ирээд уучлаарай Э эгчээ гээд үснээс зулгаагаад байсан. Ийм л зүйл болсон.

Би 2 эмэгтэй хүнд үснээсээ зэрэг зулгаалгаад толгой их өвддөг болсон. Намайг согтуу байхад болиулах арга хэмжээ авч болох байсан. Тэгэхэд тэгээгүй. Мөн би хараалын үг хэлээгүй. Х-д учруулсан гэмтэл нь тухайн үед би зодуулсан байсан учир эргээд өөрийгөө хамгаалах гэж тэгсэн байх, би Х чулуу барьж зодоогүй, миний гарт чулуу байгаагүй. Нэхэмжлэх зүйл гэвэл би эмнэлгээр төдийлөн явж чадаагүй, ганцхан томографикын зураг авхуулсан. Түүний мөнгө, мөн наашаа ирээд буцсан зардлын мөнгө, 2 хүнд зодуулсан учир сэтгэл санааны хохирол гээд тус тусаас нь 5 000 000, 5 000 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

1.5. Хохирогч Э.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э, Х нарын хамт өөрийн эзэмшлийн 61-01 ГСА улсын дугаартай Ипсом маркын машинтай Чойр орж аймгийн захиргааны гадаа жагсаж зогсож байгаад 18 цагийн орчим Шивээговь сум руу явсан. Тэгээд Шивээговь сумын захиргаан дээр очоод би хүүхдээ авахаар захиргаа орсон. Тэгээд захиргаан дээр цаг гаран болчихоод машин дээрээ ирэхэд Э эгч, Х нар машин дотор архи уугаад дуусч байсан. Манай салсан нөхөр Ц мөн ирсэн байсан. Тэгээд захиргааны гаднаас нөхөр Ц миний машиныг бариад явсан ба Х Ц-с 20 000 төгрөг зээлээд дэлгүүр ороод нэг шил архи аваад Шивээговь сумаас хойш 2.3 км орчим газар зогсоод нөгөө архиа Э эгч, Х бид нар хувааж уусан. Архи уугаад дуусч байхад Э эгч согтоод Х Ц-н хажууд урд сандал дээр сууж байхад нь элдвээр хэлж доромжилж байгаад Х хойноос нь үснээс нь зулгаасан. Тэгсэн чинь Х зөрүүлээд Э эгчийн үснээс нь зулгаасан. Тэгэхээр нь би дундуур нь ороод боль гээд салгасан чинь Э эгч намайг үснээс зулгаагаад гараараа миний хоолойг боосон. Тэгэхэд Ц Э эгч бид хоёрын дундуур орж салгасан ба би машинаас буусан чинь Э эгч араас бууж ирээд надтай зууралдаад хоёулаа бие биеийнхээ үсийг зулгаагаад Э эгч миний гар, хоёр хөл рүү хөлөөрөө, гараараа мөн чулуу барьж байгаад зүүн хөлийн гуя руу цохисон. Тэгээд хоёулаа газар хэвтээд зууралдаад өнхөрч байхад Ц, Х нар гарч ирж Э эгч бид хоёрыг салгасан. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдлөөд 21-р зөрлөг рүү явсан. Машинд жолоочийн урд Э эгч суугаад би Х-н хамт хойно суугаад явж байгаад Э эгчээс муухай юм болчихлоо хоёулаа маргалдаад гээд уучлалт гуйсан чинь Э эгч эргэж хараад миний үснээс дахиад зулгаасан. Элдвээр хэлж доромжилсон. Тэгэхээр нь би бас зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгтэл Ц машинаа зогсоогоод Ц, Х нар Э эгч  бид хоёрыг салгасан. Тэгээд Ц хэн ч битгий дуугар гээд машинаа асааж яваад Э эгчийн гадаа очоод Э эгчийг буулгаад гэр гэртээ харьсан… гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Надад гомдолтой байна. Миний машины хөгжмийг Э эгч машины урд сууж байгаад надтай машин дотор муудалцаж байгаад хөлөөрөө жийгээд хөгжмийг эвдэлсэн. Би уг нь машины хөгжмийг Улаанбаатар хотын Да хүрээ захаас 2018 оны 07 дугаар сард 300 000 төгрөгөөр худалдаж авсан. Би машины хөгжимний үнэ болох 300 000 төгрөг, цагдаагийн байгууллагаас дуудсан, мэдүүлэг өгөх зэрэгт машинаар ирэх үед зарцуулсан бензиний 104 850 төгрөгийг Э эгчээс нэхэмжилж байна… гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/

 

1.6. Хохирогч Р.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө цэцэрлэгт хүүхдээ өгч байгаад Х-тай тааралдсан. Тэгтэл Х Чойр явах ажилтай Засаг даргаа огцруулах хөдөлгөөнд оролцоод ирье гээд Х, Х нарын хамт Х-н машинтай Чойр ороод захиргааны гадаа жагсаж байгаад 18 цагийн орчим Шивээговь сум руу буцсан. Тэгээд Шивээговь сум ороод айлаас Х хэвэг авчихаад нөхөр Ц-г дуудсан. Тэгээд сумын захиргаа орсон ба Ц машин дээр нь ирсэн. Ц нэг шил архи аваад Х бид хоёр  нэг шил 0.5 граммын Ерөөл архи уусан. Тэгтэл байж байхад Х гарч ирсэн. Тэгээд би хэсэг согтоод унтсан. Тэгээд удаагүй Х, Х нар над руу дайраад зодсон. Тэгээд хээр Х, Х нар үснээс зулгаагаад зодоод байсан. Тэгээд та нар намайг орхиод явчих, би гэр лүүгээ алхаад явчихна гэсэн. Тэгээд намайг машины урд суулгасан. Тэгээд араас Х уучлаарай гэж хэлсэн мөртлөө намайг зодоод байсан. Тэгээд нөхөр нь болиулсан. Тэгээд намайг гэрт буулгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Тархи доргилт, баруун чамархай хэсэг, нүүрэнд олон тооны зулгаралтууд, өвчүү орчмоор зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд үүссэн цус хуралтуудыг Х үүсгэсэн. Дух, баруун нүднийн зовхинд, хамрын нуруу, доод уруулын дотор салстанд учирсан цус хуралтуудыг Х үүсгэсэн. Надад гомдолтой байна… гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Надад гомдолтой байна. Шүүх эмнэлэг дээр авахуулсан томографикийн зураг авахуулсан 120 000 төгрөг, унааны зардал 6000 төгрөг, хүүхдийн гэрчилгээ нотариатаар батлуулсан 3000 төгрөг, шүүх эмчид үзүүлсэн 8000 төгрөг, Улаанбаатар хотод буудалд хоносон 25 000 төгрөг, хоол идсэн 6000 төгрөг, нийт 168 000 төгрөг Х-с нэхэмжилж байна… гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Н.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э, Х нарын хамт Х-н 61-01 ГСА улсын дугаартай Ипсом маркын тээврийн хэрэгсэлтэй Чойр орчихоод Чойроос Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар луу Х хүүхдээ авах гэж орсон. Тухайн үед цаг 19 цаг өнгөрч байсан байх. Тэгээд Х захиргаа ороод 1 цаг гаран болсон ба би нэг шил 0.5 граммын Ерөөл архи аваад хоёулахнаа уусан.  Бид хоёрыг нэг шил архи уугаад сууж байхад Х-н салсан нөхөр Ц ирсэн. Тэгээд удалгүй Хулан гарч ирээд Ц машиныг нь бариад захиргаанаас хөдөлж яваад Сод-Монгол шатахуун түгээх станцаас бензин аваад дэлгүүр ороод Ц-с би нэг шил архины мөнгө аваад нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад Шивээговь сумаас хойшоо 2.3 км орчим явж зогсоод нөгөө архиа Э эгч, Х бид гурав уусан. Тэгээд нөгөө архиа уугаад байж байхад Э эгч эхлээд намайг хэл амаар доромжлоод янхан гичийгээр дуудаад байсан. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Э эгч намайг жолоочийн хажууд сууж байхад араас үснээс гараараа зулгаагаад дарсан. Тэгтэл Э эгчийн хажууд сууж байсан Х та хоёр боль гээд дундуур ороод салгасан. Тэгтэл Э эгч Х-н үснээс зулгаагаад нүүр лүү нь гараараа цохисон ба Ц Э, Х хоёрыг боль гээд салгасан чинь Х машинаас буусан чинь араас нь Э эгч буусан. Тэгээд тэр хоёр хоорондоо бие биенийгээ үсдэлцсэн ба би боль гээд салгасан чинь Э эгч газраас чулуу аваад Х-н зүүн хөл рүү нь цохиод байсан. Тэгээд Э-г эгч Х хоёрыг салгаад 21-р зөрлөг яваад Э эгчийг гэрт буулгасан. Би өөрөө гэртээ буусан ба Х, Ц хоёр гэр лүүгээ явсан. Н Х, Э эгч нарыг машины гадаа салгаж байхад Э эгч Х өшиглөх гэж байгаад миний зүүн гуяны дотор талд нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19-20 цагийн орчим санагдаж байна. Намайг гэртээ байж байхад Х захиргаан дээр хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд би яваад очиход захиргааны гадаа машин нь байсан ба яваад очиход Х хүүхдээ аваад ирье, бүжгийн тэмцээнд бэлдэж байгаа гээд зөрөөд захиргаа руу орсон. Тэгээд бид машинд нь ороход дотор Э, Х нар сууж байсан. Тэгээд Х өдөржингөө Чойрын захиргааны гадаа жагсаж зогслоо, даараад байна дотроосоо халаах уу гээд Ч эгчтэй ярьж байгаад дэлгүүр ороод Х нэг шил архи авсан. Тэгээд буцаад захиргааны гадаа ирээд Х хүлээгээд Ч эгч, Х нар нөгөө архиа уусан. Тэгээд 1 цаг болоод Х гарч ирээд “Сод-Монгол” шатахуун түгээх станц ороод 12 000 төгрөгөнд бензин хийгээд явсан чинь Х надаас мөнгө зээлчих, би дараа өгье гэхээр нь би 20 000 төгрөг Х-д өгсөн. Тэгээд Х дэлгүүр ороод нэг шил архи аваад бид нар Сод-Монгол шатахуун түгээх станцаас хойшоо хөдлөөд зогсоод Х, Х, Ч эгч нар нөгөө архиа уусан. Тэгээд архи ууж байхад Ч эгч, Х хоёр хоорондоо маргалдсан. Ч эгч нилээн согтсон Х-г хэл амаар доромжлоод байсан. Х миний хажууд сууж байсан ба нэг харахад хойшоо харчихсан Ч эгчтэй муудалцаж байсан. Тэгээд Х дундуур нь салгаад Ч эгчийг гадаа гаръя гээд машинаас буусан ба араас нь Ч эгч, Х нар буусан ба би Х битгий муудалцаад бай, та нар согтуу байна нэг нэгийнхээ үгийг даахгүй боль гэж хэлсэн. Тэгээд би машинаас буусан чинь Х, Ч эгч нар хоорондоо муудалцаад бие биеийнхээ үснээс зулгаагаад газар өнхрөлцөөд байсан. Би тэр хоёрын дундуур ороод тавиулах гэж нилээн үзсэн. Тэгээд Х яагаад байгаа юм боль гэж хэлсэн чинь Х наад авгай чинь миний хөл рүү чулуугаар цохичихлоо, үснээс зулгаагаад байна гэхээр нь би Ч эгчийг та наад үсийг нь тавьчих гэж гуйсан чинь Ч эгч Х-н үсийг тавьсан ба Х мөн үсийг нь тавьсан. Тэгээд би Х, Х нарыг машинд ороод суу гэж хэлээд суулгасан. Чимэгээ эгч газар хэвтээд байсан ба би босгоод та чимээгүй байж бай, энэ хоёртой битгий муудалцаад бай, би таныг 21-р зөрлөг хүргээд өгье гэж хэлээд машины урд суулгаад 21-р зөрлөг орсон ба 21-р зөрлөг орж явахад Х хойд суудал дээрээс сандлын голоор орж ирээд Ч эгчээс уучлалт гуйж байсан. Ч эгч би уучлахгүй гээд Х хэл амаар доромжлоод дахиад үснээс нь зулгаасан ба Х зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд би машинаа зогсоогоод Х-г чи наад Х барьж бай, битгий хөдөлгө гэж хэлээд машинаа унаад 21-р зөрлөг ороод гэр гэрт нь хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Х миний хажууд архи уугаад сууж байхад Э эгч Х-г хэл амаар доромжилж байгаад араас нь үсэдсэн ба Х эргэж хараад Э эгчийн үснээс нь зөрүүлээд зулгаахад хажуунаас нь Х боль гээд салгасан. Х Э эгчийн үснээс удаан зулгаагаагүй. Машин дотор Х Э эгчид гар хүрээгүй. Э эгчид гэмтэл учрахаар Х үснээс нь зулгаагаагүй.

Х машины гадаа Э эгчид ойртоогүй. Х, Э эгч нар машины гадаа хоорондоо үсдэлцээд байж байхад Х салгах гэхээр нь би Х цаашаа бай гээд тэр хоёр луу ойртуулаагүй. Х Э гар хүрээгүй. Х Э нар хоорондоо зодолдсон.

Э эгчийг сүүлд нь машины урд суулгаад явж байхад Х-тай машин дотор муудалцахдаа хөлөөрөө машины хөгжмийг жийгээд эвдсэн. Санаатай эвдсэн үгүйг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

1.9. Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн орчим би ажлаасаа буугаад гэртээ байж байхад манай эхнэр Э гаднаас орж ирсэн. Хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. Би хэнд зодуулсан талаар эхнэрээсээ асуухад Х, Х нарт зодуулсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэлүүд /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

1.11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 328 дугаартай дүгнэлтэд:

- Р.Э-н биед тархи доргилт, баруун чамархай хэсэгт өнгөц шарх, баруун чамархайд, духанд, баруун нүдний зовхинд, хамрын нуруугаар, доод уруулын дотор салстанд, зүүн шилбэнд цус хуралтууд, нүүрэнд олон тооны, хүзүүнд зулгаралтууд, өвчүү орчмоор зөөлөн эдийн  няцрал, толгойд үс зулгаагдсан гэмтлүүд учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо  зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/

 

1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 324 дугаартай дүгнэлтэд:

- Э.Х-н биед хүзүүнд зулгаралт, баруун гарын бугуй сарвууны дотор хэсгээр, зүүн бугалганд, зүүн гуянд, баруун өвдгөнд, баруун шилбэнд, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

1.13. Шинжээч эмч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Р.Э учирсан гэмтлүүдийн тархи доргилт, баруун чамархайн хэсэгт өнгөц шарх, толгойн үс зулгаагдсан гэмтлүүд нь тус бүр дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...

Р.Э-т учирсан толгойд үс зулгаагдсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь зулгаагдсан үсний талбайн хэмжээ том, хаван хавдар эмзэглэл ихтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

1.14. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Үнэ тогтоох комиссын шийдвэр /хх-ийн 38 дугаар хуудас/

 

1.15. Шүүгдэгч, хохирогч Р.Э-н фото зураг /хх-ийн 84-85 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч, хохирогч Р.Э нь “Х, Х нар нь намайг нийлж зодсон” гэж мэдүүлдэг боловч гэрч Н.Х-н “...Х машинаас буусан чинь араас нь Э эгч буусан. Тэгээд тэр хоёр хоорондоо бие биенийгээ үсдэлцсэн ба би боль гээд салгасан чинь Э эгч газраас чулуу аваад Х-н зүүн хөл рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Н.Ц-н “...Х машины гадаа Э эгчид ойртоогүй. Х, Э эгч нар машины гадаа хоорондоо үсдэлцээд байж байхад Х салгах гэхээр нь би Х-г цаашаа бай гээд тэр хоёр луу ойртуулаагүй. Х Э-т гар хүрээгүй. Хулан Э нар хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлгээр /хх-ийн 20 дугаар хуудас/ үгүйсгэгдэж байна.

Харин гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нь шүүгдэгч Э.Х, Р.Э нар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Э.Х, Р.Э нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч С.Г нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Р.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Э.Х, Р.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Х-тай 2016 оны 12 дугаар сард анх танилцсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сард гэрлэлтээ батлуулсан шиг санаж байна. Бид хоёрын дундаас хүүхэд байхгүй. Х өөрөө гурван хүүхэдтэй. Бага хүү нь цэцэрлэгт, дунд хүү нь 1-р ангид, том хүү нь 3-р ангид сурдаг. Хүнд тусар хуу, архи хаяа уудаг, тийм айхтар уугаад байдаггүй. Тамхи татдаг, мал малладаг, хүнтэй эвтэй харьцаатай. Хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Э-тэй 1999 онд анх танилцаж гэр бүл болсон. Дундаасаа 6 хүүхэдтэй. Төлөв даруу зантай, элдвийн ааш араншин байхгүй. Ажил хийгээд байдаггүй. Хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, тамхи татдаггүй, архи хаяа уудаг. Архи уухаараа ямар нэгэн ааш гаргаад байдаггүй, хүнтэй нийлж хэрэгт орж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

2.3. Шүүгдэгч Р.Э-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/

 

2.4. Шүүгдэгч Э.Х-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/  зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Х, Р.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

           Иймд шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

          шүүгдэгч Р.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг,

шүүгдэгч Р.Э-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  тус тус 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Э.Х, Р.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Э.Х, Р.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

 

          Хохирогч Э.Х нь шүүгдэгч Р.Э-с Говьсүмбэр аймгийн Шивээговь сумаас Сүмбэр сум руу ирсэн унааны шатахууны зардал болох 104 850 /нэг зуун дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь Э.Х нь мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогчоор тогтоогдсон, мөн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүх, прокрорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх;”, 1.4-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх;” үүрэгтэй. Хохирогч Э.Х-н нэхэмжилж байгаа хохирол нь дээрх яллагдагчийн үүргийн дагуу мөрдөн байцаалтын шатанд хүрэлцэн ирсэн зардал байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Харин хохирогч Э.Х нь шүүгдэгч Р.Э-с нэхэмжилсэн Тоёота Ипсум маркийн 69-01 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн хөгжимний үнэ болох 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Учир нь уг Тоёота Ипсум маркын 69-01 ГСА дугаартай тээврийн хэрэгсэл нь Э-н Т гэх хүний нэр дээр бүртгэлтэй байх ба Э.Т гэх хүн нь “уг тээврийн хэрэгслийг төрсөн дүү Э.Х-д зарсан...” гэх утга бүхий нотариатаар батлуулсан өргөдөл хавтаст хэргийн 108 дугаар хуудсанд авагдсан боловч үүнийг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан журмын дагуу мөрдөн байцаалтын шатанд Э.Т-с гэрчээр мэдүүлэг авсны үндсэн дээр дээрх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байсан байна.

 

          Хохирогч Р.Э нь шүүгдэгч Э.Х-с хохирлын зардал болох 168000 /нэг зуун жаран найман мянга/ төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 /таван сая/ төгрөг нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 134 000 /нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Х-с гаргуулж сэтгэл санааны хохирол болох 5000000 /таван сая/ төгрөг, хохирлын зардал болох 34 000 /гучин дөрвөн мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Учир нь хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан 3000 төгрөгийн нотариатын баримт нь ямар баримт гэрчлүүлсэн нь тодорхойгүй, 6000, 25000 төгрөгний Хаан банкны пос машинаар уншуулсан баримт нь Улаанбаатар хотод зочид буудалд хоносон баримт гэж байгаа боловч яг зочид буудалд зарцуулсан зардал гэдэг нь тодорхойгүй, мөн сэтгэл санааны 5 000 000 /таван сая/ төгрөг нэхэмжилж байгаа нотлох баримт нь шүүхэд ирээгүй байх тул шүүхээс уг нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирогч Э.Х нь Тоёота Ипсум маркын 69-01 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн хөгжимний үнэ болох 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Р.Э-с, хохирогч Р.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Э.Х-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Э-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Б овогт Р-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

 2. Шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

          шүүгдэгч Р.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Р.Э-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.Х, Р.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч Р.Э, Э.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Э.Х нь шүүгдэгч Р.Э-с нэхэмжилсэн тээврийн зардал болох 104 850 /нэг зуун дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч Э.Х нь шүүгдэгч Р.Э-с нэхэмжилсэн Тоёота Ипсум маркын 69-01 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн хөгжимний үнэ болох 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг,

          хохирогч Р.Э нь шүүгдэгч Э.Х-с нэхэмжилсэн 5 034 000 /таван сая гучин дөрвөн мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Х-с 134 000 /нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг хохирогч Р.Э-т олгосугай.

 

9. Хохирогч Э.Х нь Тоёота Ипсум маркын 69-01 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн хөгжимний үнэ болох 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Р.Э-с,

          хохирогч Р.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Э.Х-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

  10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х, Р.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАНДАХ