Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/01

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т овгийн Г-ын У-т холбогдох эрүүгийн 1827002450105 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                          Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн .......... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Т овгийн Г-ын У /РД:.........

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.У нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ......... гэх газар оршин суух иргэн С.Б-ын гэрт Э.Ж-тай зодолдох явцдаа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У-ын өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хажуу талын айл болох Б ахынд архи уугаад сууж байсан. Б ах бид хоёр Ж-ыг ажлаас ирэхээр нь ороод ир гээд дуудсан боловч орж ирэхгүй болохоор нь би Ж-ын гэрт явж орсон. Тэгээд Ж бид хоёр Б ахын архи ууж байгаад нэг нэгийнхээ үгийг даалгүй маргалдаж зодолдсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг хөнгөн ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

Хохирогч Э.Ж-ын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг 1 дүгээр хороонд байх найз Б-ын гэрт У, Б хоёр юм ууж байна чи хүрээд ир гэж утсаар ярьсан. Би очиж амжилгүй гэртээ байж байтал тэр хүрээд ирсэн. Тэгээд бид Бынд очсон. Тэгээд бид нар пиво ууж байгаад сүүлдээ архи ууцгаасан. Нилээд согтсон. Би Утай маргалдсан. Тэгтэл У хүрч ирээд намайг цохиод авсан. Ерөнхийдөө их согтсон учраас зарим болсон асуудлыг мэдэхгүй ухаан санаа орж гараад байгаа юм. У намайг зодож гэмтэл учруулсан. Зүүн нүд хөмсөг орчимд гэмтэл авсан. Архи уучихсан согтуу байсан болохоор мэдэхгүй байгаа юм. Гэхдээ У бид хоёр маргалдсан. Согтуу хүмүүс бие биенийхээ үгийг даахгүйн улмаас л ийм асуудал гарлаа. Бид хоёр найзууд юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч А.Э-ийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр намайг Бат-Өлзий сумын төвд гэртээ байхад Б гээд манай найз гэрт ирж цай уу гэсэн. Би тэднийхийг байшингийн найр хийхэд нь очиж амжаагүй. Эхнэр бид хоёр тэднийд 19 цагийн үед очиход У түүний эхнэр, Ж түүний эхнэр, Б эхнэртэйгээ байсан. Тэд нар эхнэр бид хоёрыг ороход архи уугаад сууж байсан. Эхнэр бид хоёрын араас О, Б хоёр орж ирсэн. Бид нар тэднийд 2-3 шил архи уусан. Тэгээд байж байтал Ж, У хоёр хоорондоо маргалдаад дээр доороо орсон. Тэр хоёрыг Б бид 2 салгаад гадагшаа гарсан. Гадаа гараад зодолдсон асуудал байхгүй. Буцаад бид нар гэрт орж ирсэн. У, Ж хоёрыг гэр дотор маргалдаад дээр, доороо ороход нь салгасан чинь Ж-гийн нүүр цус болчихсон байсан сүүлд нь харахад хөмсөгнөөс нь цус гараад нүд нь улайж хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б гэрт ирж цай уу гэхээр нь О бид 2 тэднийд гэрт яваад очсон. Биднийг архи уугаад сууж байтал юунаас болсон юм мэдэхгүй У, Ж 2 маргалдаад барилцаж аваад дээр, доороо ороод газар унасан. Түвшин бид 2 У, Ж хоёрыг салгасан чинь Жгийн хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Тэр хоёрыг салгасан чинь гэрээс барилцаж аваад гадагшаа гарсан. Тэр хоёрыг гадаа гарахаар нь буцаад оруулж ирсэн. Гадаа тэр хоёр зууралдаад байхаар нь салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “1. Э.Ж-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсөг, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 777 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1, 2 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг Бургас гэх газар оршин суух иргэн С.Б-ын гэрт Э.Жтай зодолдох явцдаа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Э.Ж-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас, гэрч А.Э, Б.Б нарын өгсөн мэдүүлэгүүд /хх-ийн 36, 37, 38 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Уын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.У нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч Г.У-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.

Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

              Шүүгдэгч Г.У-ын  600 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг J-7 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:                                                                      

  1. Шүүгдэгч Т овгийн Г-ын У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г-ын У-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын У-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Г.У нь 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Г.Уын эзэмшлийн 600 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг J-7 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6.  Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Г-ын У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г-ын У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА