| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0002/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/02 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/02
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: Н.Ням
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн
Хохирогч: С.Б
Шүүгдэгч: С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Д овогт С-ийн О-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827000000089 дугаартай, 146/2019/0002/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ...........багт оршин суух, ...... регистрийн дугаартай, Д овогт С-ийн О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын ... нутаг дэвсгэрт иргэн С.Б-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь хохирогч С.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би Г.Ш ахад нохойны хоол аваад тавьчихаарай гэж утсаар хэлчихээд нохойны хоолоо авах гээд очсон. Намайг очиход нохойны хоол авч тавиагүй байсан. Тэгэхээр нь би аавынхаас нэг уут авч ирээд элэг, уушиг хийсэн. Гэтэл тэр уут нь цооронхой байсан юм байна лээ, урагдаад газар уначихсан. Буцаж аавынд ороод цүнх олоод хийх гэж байсан чинь н.Б эгч эхлээд энийг хийчих гээд цаана байсан нохойны хоолыг авч хийсэн. Гэтэл хажуунаас наад газар унагасан юм аа хурдан авч хийгээч гээд дахин дахин хэлээд байхаар нь би авна гэсэн. Тэгсэн чинь дахиад хурдан аваач гээд үглээд байхаар нь би та ямар сонин юм бэ? наад урдах юм аа л хий хүн авч хийхийн оронд ямар сүртэй юм бэ? гэсэн. Гэтэл С.Б эгч гэдсээ арилгамаар байна наадах аа хурдан ав гэсэн. Би арилгаж л байгаач ямар сүртэй юм гичий чинь гэсэн нь үнэн. Тэгсэн чинь би гичий бол чи ч гичий гэж хэлсэн. Тэгээд би малын баас шидсэн чинь над руу зөрүүлээд шидсэн. Тэгэхээр нь би өдөөс нь дайрсан нь үнэн. Намайг өөдөөс нь явж байсан чинь өөрөө босч ирээд баасан дээр хальтраад уначихсан. Тэгэхээр нь би босгох гээд өргөж байсан чинь хацарт нь миний хумс шигдээд орчихсон. Би нүүр ам руу нь цохисон юм бол байхгүй. Гэхдээ базсан гэдэг нь бол үнэн. Би хацраас нь базаад авсан чинь н.Бор эгч намайг боль гээд салгасан. Өөр хүн ирээгүй. Тэгээд цаанаас би нэг цагаан хоолой аваад айлгах гээд далайтал нэг ах боль гээд булааж аваад цааш нь шидсэн. Тэгээд би цаашаа явсан. Гэтэл тэр эгч араас цагдаа дуудна гэсэн. Тэгэхээр нь би дууд гэж хэлчихээд гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд өөрөө эмнэлэг дээр очоод дараа нь цагдаа дээр очсон байна лээ гэв.
Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр н.Батболдынд очиж гэдэс арилгахаар нөхөртэйгөө хамт очсон. Очоод гэдсээ арилгаад байж байтал манай нөхөр рүү энэ С.О нохойны хоол авах гэсэн юм гээд ярьсан байсан. Тэгээд байж байтал 12 цагийн үед С.О ирсэн. Би гэдэс арилгаад сууж байтал С.О нохойны хоол авч байсан. Тэгээд авсан нохойны хоолоо газар унагачихсан. Би санаанд оролгүй наадхаа аваач гэж хэлсэн. Гэтэл намайг гэнэт гичий гээд хараагаад эхэлсэн. С.О нь нэг мотоцикльтой хүнтэй хамт ирсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хамт явсан хүн нь бид 2 манайд нэг архи уусан гэж ярьж байсан. Тэгээд намайг хараагаад над руу малын баас шидээд байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд яах гээд байгаа юм бэ? гээд шидсэн. Тэгээд би боссон чинь гэдсэн дээр хальтраад уначихсан. Тэгсэн чинь С.О нь миний хацарнаас зуураад урчихсан мөн шүд рүү цохисон. Тэгээд би 4, 5 хоног юм идэж чадахгүй шингэн юм уусаар байгаад С.Долгормаа эмчид үзүүлсэн. Гэтэл шүд чинь авахуулах заалттай юм байна. Шүдээ авахуул гэсэн. Би 2 шүдээ авахуулаад Өвөрхангай аймгийн шинжээч эмчид үзүүлсэн. Одоо миний хацар сорвитой, үүдэн 2 шүдээ хийлгэж чадаагүй байгаа. Би үүдэн 2 шүдээ суулгаж хийлгэнэ. Би өөрөө 3 хиймэл шүдтэй хүн. Тиймээс үүдэн 2 шүдээ суулгаж хийлгэнэ. Хацарны сорви одоо арилахгүй. Эмийн сангаас орж сорвины тос асуухад 30 000 гаран төгрөг болно гэж байна лээ. Би гомдолтой байна. Хот явж шүдээ суулгаж хийлгэнэ. С.О намайг аймаг явахад 25 000 төгрөг л өгсөн. Би 60 000 төгрөгийн унааны зардлын баримт гаргаж өгсөн. С.Оөөр хохирлоо барагдуулна гэв.
Гэрч С.Долгормаагийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...С.Б гэх иргэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш мэсийн эмч явууллаа, үзүүлээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь уг иргэнийг үзээд зөвлөгөө өгсөн, үзэхэд нүүрний тэгш хэм алдагдсан, эрүүний их бие хэсэгт хавдартай, арьсны өнгөө 3-ын 2 дугаар шүдний орчим хөхөрсөн, хацар хэсэгт зулгарсан шархтай, аман доторх үзлэгээр ам ангайлт хэвийн, 1.6, 1.7, 2.6, 3.7, 4.1, 4.6 дугаар шүд үгүй, 3.1, 3.2 дугаар шүд 3 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, шилжин нугалаасаар тэмтрэхэд эмзэглэлтэй байсан. Би шүдний рентген зургаа авахуул, таны шүдийг авах заалттай юм байна гэж хэлээд эмийн эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Би эрүү, нүүрний мэс заслаар мэргэшээгүй эмч учир та илүү мэргэшсэн хүнээр үзүүлье гэвэл аймагт очиж үзүүлж болно. Та нааш, цаашаа явдал суудалгүйгээр эндээ шүдээ авахуулъя гэвэл шүдний рентген зургийг аваад, түүний дараагаар надаар шүдээ авахуулж болно гэж зөвлөсөн. Тэгсэн С.Б гэх эмэгтэй би хүмүүстэй ярилцаж байгаад болъё гэж хэлээд явсан. Түүнээс хойш хэдэн өдрийн дараа үзүүлэгч С.Б гэх хүний талаар нэг эмэгтэй хүн утсаар залгаж яриад С.Б аймагт үзүүлээд явж байгаа юм, танайх дижитал рентген зураг авдаг юм уу гэж асуусан, тэгэхээр нь би авдаг юм, би С.Б гуайд өөрт нь хэлсэндээ гэхэд за за тэгвэл бид наана чинь очиж шүднийнхээ рентген зургийг авахуулъя гэж яриад утсаа салгасан. Тэгж ярьснаас хойш С.Б гэх иргэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирж уулзаад шүдний рентген зургаа авахуулсан. Түүний авахуулсан зургийг харахад авах заалттай шүд байсан. 3.1, 3.2 дугаар шүднүүдийг авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Д.Одсайханы 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр С.Батболд гэх айлд бой хийхээр 09 цаг өнгөрч байхад очсон. Гаднаас нэг хүн нохойны хоол авъя гэж орж ирсэн. Тэгэхээр нь цаанаасаа гэдэс арилгаж байгаа хүмүүсээс очиж ав гэж хэлээд явуулсан. Би хүмүүстэй юм хийж байгаад эргээд хартал С.Б эгч С.О гэх эмэгтэйтэй барилцаад авчихсан зогсож байсан. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүс боль гээд салгасан. Би хүмүүстэй байшингийн араас ямаа тууж ирэх гээд явсан хойгуур дахиад барилцаад авчихсан газар ноцолдож байсан. Тэгэхээр нь боль гээд салгасан. Тэр үед С.О, С.Б эгчийг цохих гээд цагаан өнгийн бохирын хоолой барьчихсан байхаар нь би болиулаад гараас нь цагаан хоолойг авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч Д.А-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би мал гаргаж байгаа айлд очиж малын гэдэс арилгах ажил хийсэн. Тэр үед С.Б гэх эгчтэй хамт гэдэс арилгаад сууж байхад хашаанд гаднаас нэг эмэгтэй хүн орж ирсэн. Тэр эмэгтэй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нохойны хоол авах гэж байгаа гэж байсан. Тэр эмэгтэй нохойны хоол авч байгаад малын уушги газар унагачихсан юм. Тэгэхээр нь С.Б эгч наад уушгиа шороотой холиод яах вэ аваад уутандаа хийчих гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй хариуд нь чи мэддэг юм уу гээд хэл үгээр давшилсан. Тэгээд байж байхдаа С.Б эгч рүү гэдэс шидсэн. С.Б эгч зөрүүлээд гэдэс шидсэн, нөгөө эмэгтэй С.Б эгч дээр ирээд барилцаад авсан. С.Б эгчийг нохойны хоол авах гэж орж ирсэн эмэгтэй нүүр рүү нь цохиод хацрыг нь самардчихсан.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/
Гэрч А.О-гийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... С.О нь бид нарыг айлд малын гэдэс дотор арилгаж байхад нохойны хоол авахаар ирсэн. Тухайн үед буюу ирэхдээ С.О архи уучихсан байдалтай байсан. Тэгээд хүний цэвэрлэчихсэн байсан малын гэдэс дотрыг газар унагасан тэрнээс болж С.О нь бид нартай хамт малын гэдэс дотор арилгаж байсан С.Б гэх эмэгтэйтэй хэрэлдсэн. Тэрний дараа С.Бг С.О цохисон. Мөн С.Б-гийн хацрыг урчихсан амнаас нь цус гарсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд: ...Үзүүлэгч С.Б-гийн биед тархи доргилт, доод эрүүнд зүүн 1, 2 шүдний сулрал, зүүн хацар хэсэгт зулгаралт, доод эрүү, доод уруулын дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн Засаг даргын 382 дугаартай ...Тус багийн иргэн С овогтой О нь ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Вангийн Овоо багийн Өлийн 16 дугаар гудамж 13 тоотод түр оршин суудаг иргэн... гэсэн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/
Шүүдэгч С.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч С.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.Б шүүх хуралдаанд аймаг явсан унааны зардалд 60000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч шинжээчийн дүгнэлт гаргуулахаар аймаг явсан зардал, шинжээчийн дүгнэлт гаргуулахад 8500 төгрөг төлдөг бүгд мэднэ баримт байхгүй ч гэсэн хохирогчид төлөхийг зөвшөөрч байна гэсэн тул шүүгдэгчээс хохирогчид өгсөн 25000 төгрөгийг хасаж 43 500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт С-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийг 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.О-өөс 43 500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бд олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч С.О нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.О-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА