Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 40-р байрны 53 тоотод оршин суух, СЩ88042112 регистрийн дугаартай Бор дээлт овогт Ганболдын Анхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 5132972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, нэхэмжлэгч Г.Анхбаяр, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Энхмөнх нар оролцов.

 

                                                                                          Т  О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч Г.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 03 сарын 09-ний өдрөөс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /сумын эрүүл мэндийн төв/-ийн даргаар томилогдон ажилласан. 2015 оны 10 сарын 16-ны өдөр Н.Цэндсүрэн нь Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд “Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн ирвэл зохих 8 гишүүнээс 8 буюу 100 хувийн ирцтэй хурал хийсэн гэж хуурамчаар протокол, тогтоол үйлдэж Г.Анхбаяр миний гарын үсгийг скайнердаж байрлуулан хуурамч протокол, тогтоол үйлдэж намайг нөхөрлөлийн даргын ажлаас чөлөөлж, өөрийгөө “Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргаар томилж, Бор-Өндөр сумын өрхийн эрүүл мэндийн төвийн 1820001029 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж бүртгүүлэх хүсэлт гаргасныг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2015 оны 11 сарын 20-ны өдөр бүртгэл хийсэн байсан. Ийнхүү намайг 2015 оны 10 сарын 16-ны өдрийн нөхөрлөлийн бүх гишүүдийн хуурамч тогтоолоор  ажлаас чөлөөлсөн. 2015 оны 12 сараас хойш надад ажиллах нөхцөл боломж олгоогүй. Миний бие Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн “Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээг шинэчлэн баталсан бүртгэл, улсын бүртгэлийн 1820001029 тоот гэрчилгээнд орсон нэмэлт өөрчлөлт зэргийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн бөгөөд тус шүүхийн 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нөхөрлөлийн гэрээг шинэчлэн баталсан бүртгэл, улсын бүртгэлийн 1820001029 тоот гэрчилгээнд орсон нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчингүй болгосон. “Өндөр бумбат” өрхийн эрүүл мэндийн төв нь “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв болж үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд миний ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 12 сар, 2016 оны 01, 02, 03 сар нийт 4 сарын цалин 5132972 төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Энхмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийг 2016 оны 03 сарын 23-ны өдөр байгуулж, 2016 оны 04 сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулж даргаар нь томилогдон ажиллаж байна. Манай байгууллага нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, Хэнтий аймгийн Засаг даргатай гурвалсан гэрээг байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн төсөв нь 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс бодогдож батлагдаж ирсэн. Тэгээд “Өндөр бумбат” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан нарын цалинг саяхан олгосон. Г.Анхбаярын цалинг олгох гэтэл Г.Анхбаяр, Н.Цэндсүрэн нар нь Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байсан тул цалинг олгоогүй. Одоо “Өндөр бумбат” өрхийн эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа. “Өндөр бумбат” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар  Н.Цэндсүрэнг томилсон, улсын бүртгэлд бүртгүүлсэн маргаантай асуудлын улмаас үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Г.Анхбаяр нь 2015 оны 12 сар, 2016 оны 01, 02, 03 сар нийт 4 сарын цалин 5132972 төгрөгийг нэхэмжилсэн байна. Г.Анхбаярын нэхэмжилсэн ажилгүй байх хугацааны цалин 5132972 төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв төлнө” гэжээ.

           Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                        Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч Г.Анхбаяр нь хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин 5132972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Өндөр бумбат” өрхийн эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн үйлчилгээг явуулж байгаа болох нь нэхэмжлэгч Г.Анхбаяр, хариуцагч Д.Энхмөнх нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргээр батлагдаж байна.

Хариуцагч “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Энхмөнх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.

Нэхэмжлэгч Г.Анхбаяр нь 2015 оны 03 сарын 09-ний өдрөөс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргаар томилогдсон гэдэг нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 03/

Нэхэмжлэгч Г.Анхбаярыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргын ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэдэг нь Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 04 тоот шийдвэрээр нотлогдож байна. /хх-ийн 05-11/

“Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулахгүй, гишүүд нь “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвд гэрээт ажилтан болсон нь нэхэмжлэгч Г.Анхбаяр, хариуцагч Д.Энхмөнх нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч Г.Анхбаярын дундаж цалин хөлсийг бодохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу бодоход хавтаст хэргийн 3-р талд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бодогдсон сүүлийн 3 сарын цалин 3691521 төгрөг байх бөгөөд үүнийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин 1230507 төгрөг гарч байна. Үүнийг сарын дундаж ажлын хоног болох 21.5-д хуваахад нэг өдрийн цалин 57233 төгрөг болж байна.

2015 оны 12 сард ажлын 22 хоног, 2016 оны 01 сард ажлын 20 хоног, 2016 оны 02 сард ажлын 18 хоног, 2016 оны 03 сард ажлын 22 хоног нийт ажлын 82 хоногийн цалинг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэг өдрийн цалин болох 57233 төгрөгийг 82 хоногт үржүүлэхэд 4693106 төгрөг болж байх тул 4693106 төгрөгийг хариуцагч “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч Г.Анхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-120-т тус тус

заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4693106 /дөрвөн сая зургаан зуун ерэн гурван мянга нэг зуун зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Анхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Анхбаярын  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Анхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 97080 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 90040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Анхбаярт олгосугай.

4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

 6.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            М.ЭНХМАНДАХ