Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01259

 

 

Т.Ү-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00570 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ү-ийн хариуцагч Ү-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэнчунт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Т.Ү- нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/59 дугаар тушаалаар тус яамны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Т.Ү- ажлын байрны дарамтаас болж 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлийг өгсөн боловч 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дээрх өргөдлийг буцаан авч мөн өдрөө дахин өгсөн. Эрүүл мэндийн яам Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Т.Ү-ийн өргөдлийг 30 хоногт шийдвэрлээгүй атлаа 1 сар гаруй хугацааны дараа 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б/151 дугаар тушаалаар ажилтныг ажлаас чөлөөлсөн. Т.Ү- ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй тул ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч байна. Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/151 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Ү-ийг ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Т.Ү- 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг гаргасан боловч 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буцаан авч, мөн өдрөө дахин гаргасан. Эрүүл мэндийн яамны удирдлагаас Т.Ү-ийг ажлаас гаргах өргөдөл өг гэж дарамтлаагүй. Т.Ү- тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/151 дугаар тушаалыг зөвшөөрөхгүй талаар гомдол гаргаагүй. Т.Ү- 3 дугаар улирлын ажлын тайлангаа дүгнүүлснийхээ дараа ажлаас чөлөөлөгдөх талаар уламжилсан тул түүний хувийн байдлыг харгалзан үзсэн. Т.Ү- ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө буцаан авах нь түүний эрх боловч ахлах нягтлан бодогчийн албан тушаал хариуцлагатай ажил тул тогтвор суурьшилтай ажиллах нь чухал. Гэтэл Т.Ү- ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн атлаа ажил олгогч дарамталсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуул /2021 оны шинэчилсэн найруулсан/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ү-ийг Эрүүл мэндийн яамны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эрүүл мэндийн яамнаас нэхэмжлэгч Т.Ү-ийн ажилгүй байсан хугацааны цалин 9,919,602 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ү-ийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг Ү-д даалгаж,

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 171,325 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч талууд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө зохигч харилцан тохиролцож 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн байна.

 

2. Дээрх эвлэрлийн гэрээг нэг талаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, нөгөө талаас Т.Ү- нар байгуулж, дараах нөхцөлөөр харилцан тохиролцжээ.

2.1. Нэхэмжлэгч Т.Ү- нь Эрүүл мэндийн яамны харьяа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн санхүү бүртгэлийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ажилд томилох тухай Б/103 дугаар тушаалаар томилогдсон тул Эрүүл мэндийн яамны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин 9,919,602 төгрөгийг гаргуулахаас татгалзаж эвлэрсэн байна.

 

3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул нэхэмжлэгч Т.Ү-, хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Ү- Эрүүл мэндийн яамны харьяа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн санхүү бүртгэлийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ажилд томилох тухай Б/103 дугаар тушаалаар томилогдсоноор Эрүүл мэндийн яамны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин 9,919,602 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Эрүүл мэндийн яам давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ