Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00849

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

Нэхэмжлэгч: Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1-р баг, 3 хороо а-1-24 тоотод оршин суух, Хариад овгийн Лхагва-Очирын Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-9-61 тоотод оршин суух, Монол овгийн Лэгцэгийн Отгонбаатарт холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хариуцагч Л.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Лхагва-Очир овогтой Мягмарсүрэн 2001 онд Лэгцэг овогтой Отгонбаатарт танилцаж гар бүл болж 2002 онд гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулж бидний дундаас 2002 онд хүү О.Соёлбаатар нь төрж улмаар бид хоёр 2003 онд таарч тохирохгүйн улмаас салсан.

Түүнээс хойш тус тусдаа амьдарч өөр өөрсдийн гэр бүлтэй толцгоож 12 жил хамт амьдраагүйн учир бидний гэрлэлтийн баталгааг албан ёсоор цуцлаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Лэгцэг овогтой Отгонбаатар би Л.Мягмарсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж гэрлэлтийн баталгаагаа салгахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Бидний дундаас гарсан хүү О.Соёлбаатар нь цаашид над дээр өсөн хүмүүжих болно гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.                

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Л.Мягмарсүрэн, Л.Отгонбаатар нар нь 2002-01-20-ны өдөр гэр бүл болж, 2002-03-22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр батлагдаж байна. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас хүү О.Соёлбаатар 2002-02-23-ны өдөр төрсөн байна.

Гэрлэгчид гэр бүл болсон цагаас эхлэн бие биенээ ойлгодоггүй, хоорондоо таарамжгүй харьцаатай байсан бөгөөд 2003 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид тус тусдаа амьдралтай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй болсон байх тул гэрлэлтийг цуцалж хүү О.Соёлбаатарыг нарыг эцгийнх нь асрамжинд үлдээж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн бөгөөд өөрийг нь байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хэргийг тэдний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

      Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115,2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан  Л.Мягмарсүрэн, Л.Отгонбаатар нарын  гэрлэлтийг цуцалсугай.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2002-02-23-ны өдөр төрсөн хүү О.Соёлбаатарыг эцэг Л.Отгонбаатарын асрамжинд үлдээсүгэй.
Гэрлэгчид эд хөрөнгө, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, нэхэмжлэгч  тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай. 
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН