Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2016/00940/И |
Дугаар | 00840 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00840
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг шинэ хороо 7-26 тоотод оршин суух, Пүрэв овгийн Цогбадрахын Урандолгиогийн гаргасан
“Үрчлэлт хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг 2016-05-30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Урандолгио, хариуцагч Д.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 05 дугаар сард аав Цогбадрах, эгч Цэцэгсүрэнд өөрийн охиноо үрчлүүлсэн юм. Одоо өөрийн төрсөн охин Түмэнхүслэнгээ буцаан авч хүүхэд үрчлэлтийг цуцалж төрүүлсэн эх Ц.Урандолгион миний асрамжинд болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Г-239 дугаартай Ц.Түмэнхүслэнгийн төрсний гэрчилгээ, Г-12 дугаартай У.Түмэнхүслэнгийн үрчлэлтийн гэрчилгээ, Д.Цэцэгсүрэн, Ц.Урандолгио нарын иргэний үнэмлэхний хуулбар, эмнэлэгийн тодорхойлолт, Үрчлэлсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Пүрэв овгийн Цогбадрахын Урандолгио нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Үрчлүүлэгч Ц.Урандолгио нь охин У.Түмэнхүслэнг 2006-03-14-ний өдөр төрүүлэн өөрийн нэрээр овоглон төрсөний гэрчилгээ авсан байх бөгөөд 2012-06-11-ний өдөр Даваадоржийн Цэцэгсүрэнд үрчлүүлсэн болох нь 0003128 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар батлагдаж байна.
Үрчлүүлэгч Ц.Урандолгио нь өөрийн асрамжиндаа охиноо авах болсон, үрчлүүлэгч, үрлэгч нар харилцан тохирч үрчлэлтийг хүчингүй болгож хүүхдийг төрсөн эх Ц.Урандолгиогийн асрамжинд буцаан өгөхийг харилцан зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйл,145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д заасныг баримтлан 2006-02-13-ны өдөр төрсөн охин Ц.Түмэнхүслэнг, Ц.Урандолгиогоос Д.Цэцэгсүрэнд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Ц.Түмэнхүслэнг Д.Цэцэгсүрэнгийн асрамжаас төрүүлсэн эх Ц.Урандолгиогийн нь асрамжинд шилжүүлсүгэй.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН