| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0005/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/07 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/07
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Хохирогч: Ц.Ж
Шүүгдэгч: Г.Б, Ё.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Б овогт Г-ын Б, Б овогт Ё-ийн Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827002170099 дугаартай, 146/2019/0005/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот ........тоот хаягтай, ...... тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, Нийслэлийн Баянгол дүүргийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 456 дугаартай магадлалаар эдлэх ялыг 03 жил 06 сар болгон өөрчилж шийдвэрлэсэн, ...... регистрийн дугаартай, Б овогт Г-ын Б,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот .......... тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 61 дүгээр байр, 2-2 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ......... регистрийн дугаартай, Б овогт Ё-ийн Х
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б, Ё.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Зочин бууз” баарны гадна Ц.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б, Ё.Х нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Зочин бууз” баарны гадна хохирогч Ц.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хархорин суманд манай эхнэрийн найз Заяа гээд хүн байдаг. Тэрэнтэй уулзахаар ирсэн. Тэгээд манай нутагтай танилц гээд бид хоёрыг дагуулж гараад бааранд орсон. Тэгээд Эрдэнэбаяр гээд залуу манай эхнэрийн найзыг таньдаг юм байна лээ. Тэгээд бид 3 харих гэтэл машин байхгүй байсан болохоор Эрдэнэбаяртай та машин олоод өгөөч Заяа согтчихлоо гээд ярилцаад байж байтал Ц.Ж гарч ирсэн. Тэгээд Эрдэнэбаяр ахаа орье гэсэн. Гэтэл манай эхнэр түр байж бай бид 3 юм ярьж байна гэсэн. Тэгтэл Ц.Ж манай эхнэр рүү гичий минь дуугүй бай чамд хамаагүй гэсэн. Тэгээд манай эхнэр Ц.Ж 2 хоорондоо хэрэлдсэн. Тэгээд би эхнэрээ Эрдэнэбаяр Ц.Ж-г салгаад 2 тийш нь салгаад аваад явсан. Тэгээд бид хоёрыг манай нутгаас зайл гээд хөөсөн. Тэгээд манай эхнэрийг доромжлоод бид хоёр руу яваад байхаар нь би манай эхнэрийг цохичих юм бол уу гэж айгаад цохиод унагачихсан. Гэтэл манай эхнэр хажуугаар орж ирээд өшиглөөд байсан. Тэгээд нэг залуу нь гарч ирээд Ц.Ж-г аваад орсон. Би эхнэрээ бариад үлдсэн. Тэгээд жаахан байж байгаад бааранд ортол Ц.Ж манай эхнэрийг түлхээд унагачихсан. Тэгээд би эхнэрээ аваад явсан... гэв.
Шүүгдэгч Ё.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Бид 2 Булган аймагт манай нөхрийн дүүгийн хуриманд очсон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орой 8 цагийн үед Хархоринд ирсэн. Тэгээд хоол идчихээд бааранд орсон. Тэгээд бааранд очоод 0.75 граммтай архи захиалсан. Нойл орчихоод гараад иртэл манай нөхөр байхгүй байсан. Тэгээд нөхрөө хайгаад гарахад Эрдэнэбаяртай юм яриад байж байсан. Тэгээд Эрдэнэбаяртай танилцаад юм яриад байж байтал Ц.Ж гарч ирээд оръё гэсэн. Гэтэл Эрдэнэбаяр байж бай гэсэн. Тэгээд Ц.Ж наад гичийтэйгээ юу яриад байгаа юм бэ гээд байсан. Тэгээд би чи юу гээд байгаа юм бэ? гэсэн чинь чам шиг гичийгээр заалгахгүй гэсэн. Тэгээд намайг доромжлоод байсан. Тэгээд бид 2 хэрэлдсэн. Над руу гүйгээд ирэхээр нь манай нөхөр цохиод унагачихсан. Намайг доромжлоод байсан болохоор нь би хэдэн удаа өшиглөчихсөн юм. Тэгээд манай нөхөр намайг салгаад зогсож байхад Ц.Ж-гийн нэг найз нь гарч ирээд аваад орсон... гэв.
Хохирогч Ц.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Зодуулснаас хойш тодорхой шинжилгээ гараагүй. Хархорин суманд хэвтэж байгаад Улаанбаатар хотод гэмтэл согогт очиж шинжилгээ өгсөн. Дараа нь бие өвдөөд байхаар нь Гранд мед эмнэлэгт очиж бүтэн биеийн шинжилгээ өгсөн. Тэгээд Хархорин суманд ирж 10 хоног физик эмчилгээ хийлгэсэн. Нийт 1 500 000 төгрөгний хохирол нэхэмжилж байгаа. Одоо 04 дүгээр сард дахиад Хужирт сумын сувилал руу эмчилгээнд явна... гэв.
Гэрч О.Д-ын 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Зочин бууз” бааранд манай ажлын газрын Баярсайхан гэх хүн ажлаасаа гарсан. Манай хамт олон дээр нэмэгдээд Ц.Ж цуг явсан. Бид нар 20 цагийн орчим “Зочин бууз” нэртэй бааранд орсон. Би караокены өрөөнд сууж байсан чинь манай ажлын П.Э ах орж ирээд Ц.Ж гадаа хүнтэй муудалцаад байна гэж хэлсэн. Тэгээд би гартал баарны гадаа хашлаганы хажууд газар уначихсан байдалтай хажууд нь 2 хүн зууралдаад байж байсан. Тэгээд би Ц.Ж-ыг салгаад дотогшоо аваад орсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/
Гэрч П.Э-ын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 10-р сарын 13-ны өдөр манай ажилтан Б гэдэг хүн ажлаасаа гарсан. Тухайн хүнийг ажлаас нь гаргаж өгөх арга хэмжээ болж ажлын газрынхаа хэсэг хүмүүс болон манай ажлын газрын хүний найз болох Ц.Ж нарын хамт 20 цагийн орчим Зочин бууз бааранд орж караокед нь орсон. Тухайн бааранд хоол идэж архи ууцгаасан. Тэгээд би тухайн үед манай найзын дүү болох нэрийг нь мэдэхгүй зүс таних хүүхэн нилээн согтчихсон байхаар нь очиж ямар хүмүүстэй явж байгаа яагаад ингэж их согтсон талаар асуухад үл таних эрэгтэй эмэгтэй 2 хүн бид 2-той цуг явж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн 2 хүн баарны гадна юм яриад зогсож байсан. Тэгсэн чинь дотроос Ц.Ж гарч ирээд П.Э ахаа оръё гэж хэлэхэд тухайн 2 хүний эмэгтэй байж бай бид хоёртой юм ярьж байна гэж хэлсэн тэгээд гэнэт Ц.Ж болон тухайн эмэгтэй 2 хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би Ц.Ж-ыг боль юу болоод байгаан гээд 2 удаа баар руу түлхээд оруулсан. Тэгсэн чинь Ц.Ж тухайн эмэгтэй рүү дайраад үгэнд орохгүй болохоор нь дотогшоо орж Ц.Ж-ын найз Дамдинжавд гадна найз чинь хүнтэй хэрэлдээд байна гэрч оруулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд Д хэсэг хугацааны дараа орж ирээд Ц.Ж-ыг хүнд зодуулсан байна гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “1. Үзүүлэгч Ц.Ж-ын биед тархи доргилт дух баруун нүдний дээд зовхи, хамрын зүүн баруун мөр, дал хэсэгт зулгаралт, хамрын нуруу, баруун зулай, баруун шанаа, зүүн зулай хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 636 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
Шүүдэгч Г.Б, Ё.Х нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 73-р хуудас/
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг диск зэрэг болно.
Иймд Г.Б, Ё.Х нарыг бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Зочин бууз” баарны гадна Ц.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Ж эмчилгээний зардалд хавтаст хэргийн 89-93 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар 1575799 төгрөг нэхэмжилснээс шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хос очир бариа засалд төлбөр 250000 төгрөг, оношлогоо 10000 төгрөг гэж бичсэн баримт нь тамга тэмдэггүй, хоолны 18000 төгрөгийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн баримт, Сондор зоогийн газрын 12100 төгрөг, 11600 төгрөгийн, KFC–ийн 33000 баримтуудаар өдөр тутам хүний идэх ердийн хоол байх ба хохирогчид эмчийн бичгээр зайлшгүй нэмэгдэл хоол идэх талаарх баримт байхгүй, Ж.П-ийн ирэх, буцах хот хоорондын зорчих тасалбар 19300 төгрөгийн 2ш, шатахууны 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрийн 30000 төгрөгийн 2ш, 20000 төгрөгийн 2ш, 29000 төгрөгийн 1ш баримтууд нь хохирогч зайлшгүй хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр явах боломжгүй хувийн унаагаар явах шаардлагатай, мөн хаанаас хаана хүртэл эмчилгээ хийлгэхээр явсан нь тодорхойгүй, хамт хүнтэй явах асаргаа шаардлагтай гэсэн баримтгүй байх тул, нүдний шилний үнэ 195000 төгрөгийн “Хос тод мэлмий” ХХК-ний баримтаар хэрэг гарах үед гадаа харанхуй байсан нь камерийн бичлэгээр харагдаж байх ба хохирогч харааны шил зүүж хагарч гэмтсэн талаар хэрэгт нотолсон баримт байхгүй байх тул нийт 697300 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож,
Хархорины нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэний төлбөрт 300000 төгрөг, Гранд мэд эмнэлэгт MRI 340000 төгрөг, үзлэгийн төлбөр 20000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн толгой тархины дүрс оношлогоо 120000 төгрөг, Инжирбумба ХХК эмийн сангаас эмний үнэ 35599 төгрөг, хот хоорондын зорчих тасалбар 19300 төгрөгийн 2 ш, 20300 төгрөгийн 1 ш баримтаар нийт 578499 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж гаргуулж хохирогч Ц.Ж-д олгохоор шийдвэрлэв.
Хохирогч, шүүгдэгч нар шүүх хуралдаанд Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт 300000 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн гэж мэдүүлсэн тул 300000 төгрөгийн хохирлыг хохирогчид гаргуулж олгох хохирлын дүнгээс хасаж тооцсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Б-ийн эзэмшлийн 27-66 УБК улсын дугаартай тоёота карина маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцов.
Анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36,3, дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б, Б овогт Ё-ийн Х нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Б-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ё-ийн Х-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Б, Ё.Х нараас хохиролд 578499 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Ж-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн хохиролоос 697300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Г.Б-ийн эзэмшлийн 21-66 УБК улсын дугаартай тоёото карина маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ё.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Б, Ё.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА