Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00839

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Бямбасүрэн даргалж

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-9-9 тоотод оршин суух, Илжигэд овгийн Пионерийн Энхтайвангаас гаргасан

“Ж.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Жаргалсайхан овогтой Алтангэрэлд /РД: ФВ89100110/ 2014 оны 06 дугаар сард BMW маркийн Х5 өөрийн эзэмшлийн машиныг минь 15,000,000 төгрөгөөр худалдааж авна гэж авч яваад 2 жил шахам алга болсон. Тэгээд арай гэж олж уулзаад ярилцаад 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн иргэний шүүхийн эвлэрүүлэн зуучлах албаар дамжуулан эвлэрлийн гэрээ байгуулж 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийг өгөхөөр хугацаа тохирсон. Гэтэл тохирсон хугацаа өнгөрөхөд түүний гар утас холбогдохгүй болж надтай холбоо барихгүй алга болсон тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Энхтайван нь шүүхэд хандаж хариуцагч Ж.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.

Ж.Алтангэрэл нь нэхэмжлэгчээс 2014 оны 6 сард BMW маркийн X5 суудлын автомашиныг 15,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авсан байх бөгөөд зээлээ эргэж төлөхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй  болсон байна.

Нэхэмжлэгч түүнийг эрж сураглан Зэст багийн 1-20-08 тоотод оршин сууж байхад нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид дуудаж, 2016-04-01-ний өдрийн 97 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсаныг шүүгчийн 2016-04-07-ны өдрийн 2132 дугаар захирамжаар баталсан байна. Гэвч удалгүй дээрх байрнаасаа гарч дахин сураггүй алга болсон байна. Ийнхүү иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Алтангэрэл нь оршин сууж байгаа газар нь мэдэгдэхгүй болсон байх тул хүсэлтийг хангаж эрэн сурвалжлах шийдвэр гаргах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасаныг баримтлан Боржигон овгийн Жаргалсайхны Алтангэрэл /РД: ФВ89100110 /-ийг эрэн сурвалжилсугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлийг  эрэн сурвалжилж түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Орхон аймгийн 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН