| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0018/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/08 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/08
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгч: А.Д,
Шүүгдэгч: О.Б,
Шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч О.Хишигсүрэн,
Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ы Д, М овогт О-ын Б нарт холбогдох 1727000650030 дугаартай, 146/2018/0018/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймаг, ........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...... регистрийн дугаартай, Монгол овогт О-ын Б,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний Батлан хамгаалах их сургуульд сурдаг, ам бүл 4, ээж, эгч нарын хамт Өвөрхангай аймгийн ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, .......... регистрийн дугаартай, Б овогт А-ы Д
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Д, О.Б нар нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д, О.Б нар нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр О.Б бид хоёр хөдөөнөөс хамт орж ирсэн. Бид хоёр сумын төв рүү орж ирж яваад замдаа ахмадын өргөөний хойно Х.А, Д.Ц, Б.Б гэж 3 хүүхэдтэй таарсан. Тухайн 3 хүүхдийг доод үеийн хүүхдүүдээс мөнгө нэхдэг гэж дуулаад бид хоёр тухайн 3 хүүхэдтэй уулзахаар очсон. Тэгээд очоод О.Б бид хоёр Х.А, Д.Ц, Б.Б гуравыг цохиж зодсон... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Д, А.Д бид гурав хөдөөнөөс орж ирж яваад замдаа Х.А, Б.Б, Д.Ц нартай ахмадын өргөөний хойно таарсан. Бид нар уулзаад би Х.А-ийг нэг удаа алгадсан. Тийм л зүйл болсон... гэв.
Шүүх эмнэлэгийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 338 тоот дүгнэлттэй санал нэг байна. Б.Б-ийн биед тархи доргилт, зүүн чихэнд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 123 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24 дүгээр хуудас/
А.Д, О.Б нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87, 93 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Эхлээд Д.Ц Б.Б бид 3-г О.Б, А.Д нар автомашинтай явж байгаад дуудсан юм. Тэгсэн чинь О.Б нь Д.Ц-оос урьд өмнө мөнгө нэхэж байсан. Тэгээд очиход Д.Ц О.Б-ыг юу байна гэсэн чинь О.Б мөнгө авах гээд чамд олон хэлэхгүй шүү гээд Д.Ц-ыг цохисон тэгээд хэрүүл маргаан эхэлсэн... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Х.А, Б.Б бид 3 усанд орох гээд явж байсан юм. Тэр үед О.Б автомашинтай явж байсан тэгээд автомашинтай буцаж эргээд ахмадын өргөөний гудамжинд ороод бид 3-г дуудсан яваад очтол О.Б автомашинаасаа гарч ирээд шууд намайг алагдсан тэрний дараа надаас мөнгө асуугаад байсан. Учир нь О.Б надаас 2 хоногийн өмнө 10.000 төгрөг утсаар нэхсэн. Тэгээд А.Д бууж ирээд О.Б-ийг цохисон тэрний дараа О.Б, А.Д 2 Х.А рүү дайраад илбээд зодсон. Тэгээд бид 3-ыг орой гэхэд 2 сав пиво нэг хайрцаг тамхи авчраарай гэж хэлээд явсан. Бид нар тамхи пиво зэргийг нь авч өгөөгүй Цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2017 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр би ангийнхаа Х.А, Д.Ц нарын хамт усанд орох гээд явж байхдаа Хархорин сумын доод өргөн чөлөөнд байрлах 800 зуу хүнсний дэлгүүрийн тэнд А.Д, О.Б, Д нартай тааралдсан юм. Тэр үед А.Д, О.Б, Д нар цагаан өнгийн верна маркийн автомашинтай явж байсан. О.Б автомашин дотроос Х.А, Д.Ц бид 3-ийг дуудаж 800 зуу нэртэй хүнсний дэлгүүрийн эсрэг талд байдаг ахмадын өргөөний арын гудамж руу орсон. Тэгээд Х.А, Д.Ц бид 3 явган явж А.Д, О.Б, Д дээр очсон. Тухайн үед О.Б, А.Д 2 автомашинаас буучихсан байсан. Тэгээд Д.Ц, О.Бтай мэндэлсэн чинь шууд О.Б, Д.Ц-ыг хоёр алгадсан. Тэгээд яагаад мөнгө өгөхгүй байгаа юм бэ гээд байсан. Тэрний дараа О.Б Х.А-ийг очиж алгадсан, нүүрээ бариад тонгойсон чинь гэдэс /хэвлий/ хэсэг рүү нь өшиглөж байсан. А.Д Д.Ц дээр очиход гэдэс рүү нь цохиж байсан. Тэрний дараа А.Д миний чих хэсэг рүү баруун гараар 2 удаа цохиж, доош тонгойсон чинь нэг удаа өвдөглөсөн. Тэгээд нуруун дээрээс цохисон. Тэрний дараа О.Б Х.А-ийг ахиж алгадсан тэр үед А.Д ахиж Х.А-ийг ямар учраас дуугарахгүй байгаа юм гэж хэлээд толгой хэсэг рүү нь алгадсан. Х.А-ийг нүүрээ бариад тонгойсон чинь А.Д өшиглөсөн О.Б хажуу талаас нь өвдөглөсөн. Тэр үед О.Б Д.Ц-ыг пиво авч өг гэж хэлсэн. Д.Ц 1-г авч өгье гэтэл 2-г авч өг гэж хэлээд байсан мөн тэр үед А.Д Х.А-ийг ахиж зөөлөн алгадаж дараа нэг удаа цохиж байсан. Тэгээд Д.Ц О.Б-тай уулзаад 1 сав пиво, нэг тамхи авч өгөх болсон. Тэрний дараа А.Д, О.Б, Д нар автомашинаа унаад явсан. Хэсэг хугацааны дараа Д О.Б, А.Д 2-г буулгасан ганцаараа явж байхдаа Ц-ыг автомашинаар дайрангаа алдсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Д, О.Б нар нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт гудамжинд явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.Б, Д.Ц,, Х.А нарыг өдөөн хоргоож улмаар шүүгдэгч О.Б Д.Ц-ыг алгадсан, шүүгдэгч А.Д Б.Б-ийг цохисоны дараа О.Б, А.Д нар нийлж Х.А рүү дайрч нийлж зодсон, үүний улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогч Б.Б, насанд хүрээгүй хохирогч Х.А, насанд хүрээгүй хохирогч Д.Ц нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 142 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д, О.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч А.Д-д холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүгдэгч Б овогт А-ы Д, М овогт О-ын Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Д, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Д.Ц-ын хууль ёсны төлөөлөгч А.Д-гийн ...гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 19 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн ...гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Х.А-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн ...нэхэмжлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 28 дугаар хуудас/ -ээр шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Д, О.Б нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 8, 36.2 дугаар зүйлийн 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ы Д, М овогт О-ын Б нарыг нийтийн хэв журмын бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-ы Д, М овогт О-ын Б нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, О.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч А.Д, О.Б нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баримт бичиг хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас дахь 3 ширхэг фото зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Д, О.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА