Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01284

 

 

Н.А, О.Ю-нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00863 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.А, О.Ю-нарын хариуцагч ОР ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Компьютер моллын баруун тал, 15 давхар ОР ХХК-ийн байр, 1 дүгээр орц, 12 давхрын 0000 тоотод байрлах 49,6 м.кв 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх болон 10,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А-, нэхэмжлэгч О.Ю-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ОР ХХК орон сууц барьж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад зах зээлийн үнээс хямдаар худалдах хэлцэл хийсэн. Тус Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж, захиалгын гэрээ байгуулсан. Гэтэл ОР ХХК-ийн барилгын ажил удааширч, тохиролцсон хугацаанд орон сууц ашиглалтдаа ороогүй. О.Ю-э нь орон сууц ашиглалтад орохгүй байна гэх үндэслэлээр өөрийн захиалсан Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 419 дугаар байр, 12 дугаар давхарт байрлах 0000 тоот 49.6 м.кв 2 өрөө орон сууцны гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан авах талаар Н.А-д мэдэгдсэн. ОР ХХК-ийн зүгээс О.Ю-ийн төлсөн төлбөрийг буцаан олгох боломжгүй, өөрсдөө захиалагчаа ол, бид гэрээг шинэчилж өгнө гэх хариу өгсөн. Орон сууцны захиалгын гэрээг хариуцаж байсан Ц.Цогзолмаа Н.А-д уг орон сууцыг авах талаар санал тавьсан тул 0000 тоот 49.6 м.кв 2 өрөө орон сууцыг авахаар авахаар болж О.Ю-ийн төлсөн 18,520,000 төгрөгийг төлсөн. ОР ХХК-д гэрээг шинэчилж байгуулах талаар мэдэгдэхэд ... наад гэрээгээрээ явж бай, ордер гаргахад нэрээ шилжүүлж болно гэх хариу өгсөн. Гэрээг шинэчилж байгуулаагүй нь ОР ХХК-ийн гэрээний мэргэжилтэн байхгүй болон тус ажлын байр тодорхойгүйгээс болсон. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга болон ОР ХХК-ийн удирдлагын зөвшөөрлийн дагуу 0000 тоот 49.6 м.кв 2 өрөө орон сууцны үнэ 57,040,000 төгрөгийг бүрэн төлсөн. Иймд Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 419 дугаар байр, 12 дугаар давхрын 0000 тоот 49,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.А-г тогтоож, орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг О.Ю-э, Н.А- нарын нэр дээр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

ОР ХХК нь О.Ю-этэй орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу захиалагч тал хугацаандаа төлбөрөө төлөх боломжгүй болсон тул тохиролцож гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсныг О.Ю-э мэдэж байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өргөдөлд гэрээ цуцлагдсан талаар бичсэн. Мөн гэрээний 3.2-т урьдчилгаа төлсөн төлбөрийг орон сууц ашиглалтад орсны дараа захиалагчаас төлбөрөө буцааж авах талаар заасан. Үүний дагуу орон сууц ашиглалтад орсны дараа төлбөрөө буцааж авах хүсэлтээ өгч, манай компани 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлбөрийг буцаан шилжүүлсэн. Гэрээ цуцлагдсан тул О.Ю-э гэрээний үүргийг шаардах эрхгүй.

ОР ХХК-тай Н.А- 0000 тоот 49.6 м.кв 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг байгуулаагүй. О.Ю-этэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд хамтран захиалагчаар оролцоогүй. Н.А-д 0000 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авах зөвшөөрлийг олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ОР ХХК болон О.Ю-э нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан ХЦ-ЗГ-19/59 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсан. Гэтэл Н.А- манай компаниас зөвшөөрөл аваагүй атлаа барилга ашиглалтад орсны дараа орон сууцад өөрийн хамаарал бүхий айлыг оруулсан. ОР ХХК-ийн зүгээс орон сууцыг чөлөөлөх талаар тус айлд удаа дараа мэдэгдсэн. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр албан бичиг өгсөн. Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Компьютер моллын баруун тал, 419 дүгээр байрны 12-р давхрын 0000 тоот 49.6 м.кв 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Дээрх орон сууцыг чөлөөлөх мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгч, чөлөөлөөгүй тохиолдолд тухайн орон сууцад амьдарч эхэлсэн өдрөөс хойш орон сууцны ашиглалтын зардалд нэг сарын 850,000 төгрөг авах талаар мэдэгдсэн. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрт 10,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

ОР ХХК-д орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул уг орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй. О.Ю-э ОР ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ХЦ-ЗГ-19/59 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй тул гэрээг цуцлах талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага болон ОР ХХК-д хандсан. ОР ХХК-ийн зүгээс ... гэрээг цуцлах боломжгүй, захиалагчаа өөрсдөө ол ир гэх хариу өгсний дагуу Н.А- орон сууцыг худалдан авахаар болсон. Н.А- 0000 тоот орон сууцны урьдчилгаа төлбөр үлдэгдэл төлбөрийг төлсөн. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр үнэ төлбөргүй ашиглаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ОР ХХК-д СБД-ийн 9-р хороо, 7-р хороолол, Их тойруу гудамж 419-р байр, 12-р давхарт байрлах 0000 тоот 49.6 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.А-г улсын бүртгэлд бүртгүүлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Н.А-гийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж, О.Ю-ийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг О.Ю-ийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч ОР ХХК-ийн Н.А-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, Компьютер моллын баруун тал, 15 давхар ОР ХХК-ийн байр, 1 орц, 12 давхар, 0000 тоотод байрлах, 49,6 м.кв 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 10,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,200 төгрөгийг, хариуцагч ОР ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОР ХХК-аас 443,150 /дөрвөн зуун дөчин гурван мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж Н.А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ, худалдах, худалдан авах гэрээний аль нь байгуулагдсаныг ялгаж хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Орон сууц захиалан бариулах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ, харин худалдах, худалдан авах гэрээ нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдана.

Мөн нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Н.А- ОР ХХК-ийн хооронд орон сууц захиалан бариулах болон худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж ОР ХХК-д СБД-ийн 9-р хороо, 7-р хороолол, Их тойруу гудамж 419-р байр, 12-р давхарт байрлах 0000 тоот 49.6 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.А-г улсын бүртгэлд бүртгүүлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Н.А-гийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой шаардлага гаргасан. Иймд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан эсэхийг шүүх тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах үндэслэл болно. Гэвч талуудын хооронд нэг талаас гэрээ байгуулагдсан, нөгөө талаас гэрээ байгуулагдаагүй гэх харилцан эсрэг байр суурьтай байхад Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заасан үндэслэлээр дүгнэлт хийгээгүй.

О.Ю-э гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй гэх хүсэлтийг ОР ХХК хүлээн авч 2019 оны 05 дугаар сард гэрээг цуцалсан. Харин О.Ю-э 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ цуцалсан гэдгээ дахин баталгаажуулж урьдчилгаа төлбөрөө буцаан авах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа төлбөрийг буцаан олгосон. Иймд О.Ю-э гэрээний үүргийг шаардах эрхгүй. О.Ю-э нь Орон сууц захиалан бариулах тухай гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө буцаан гаргуулах шаардлага гаргасны дагуу Н.А- нь О.Ю-ийн захиалсан орон сууцыг худалдан авах хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг ОР ХХК-ийн захирал Б.Давааням, н.Энхтүвшин нар зөвшөөрсөн гэх нөхцөл байдал гэрч Д.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа нарын мэдүүлэг, Хорол цамхаг-2018 цахим хуудаст хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон. Мөн Н.А- О.Ю-ийн захиалсан орон сууцыг авч БГДЭМТ-ийн орон сууц захиалгын асуудлыг хариуцаж байсан Ц.Цогзолмаагаар дамжуулан ОР ХХК-ийн захиралд Б.Энхтүвшинд мэдэгдэхэд зөвшөөрсөн тул ОР ХХК, Н.А- нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. ОР ХХК-ийн захирал Б.Давааням, Б.Энхтүвшин нар Н.А-тэй орон сууцыг худалдан талаар зөвшөөрөл өгч тохиролцоогүй. Шүүх гэрч Ц.Цогзолмаа, Д.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгийн хөдөлбөргүй үнэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Гэрч Б.Энхтүвшин ... Н.А-д орон сууцыг худалдан борлуулахаар тохиролцоогүй гэж мэдүүлснийг шүүх үнэлээгүй. Гэрчүүдийн мэдүүлэг хооронд зөрүүтэй тул нотлох чадвараа алдана. Гэрч Ц.Цогзолмаа, Д.Бат-Эрдэнэ нар Н.А-тэй хамаарал бүхий этгээд тул нэхэмжлэгчид ашигтай байдлаар мэдүүлэг өгөх боломжтойг шүүх анхаараагүй. Хорол цамхаг-2018 цахим хуудас нь ОР ХХК-ийн цахим хаяг биш. Гэтэл шүүх тухайн цахим хуудсыг хариуцагчийн албан ёсны цахим хаяг гэж буруу дүгнэсэн. Тухайн цахим хаягт мэдээллийг ОР ХХК нийтлээгүй. Н.А- 0000 тоот орон сууцны төлбөрийг төлсөн баримтын хувьд тэрээр ОР ХХК-ийн барьж буй барилгаас 1207, 808 тоот орон сууцыг худалдан авсан. Төлбөрийн баримтад 0000,1207,808 тоот гүйлгээ хийгдсэн. Манай компаниас Н.А-д 0000 тоот гэх төлбөрийг 1207 тоот орон сууцны төлбөрийг андуурсан гэх утгаар буцаан шилжүүлээгүй. Орон сууц ашиглалтад орсны дараа төлбөрийг тулгахад тухайн төлбөрийг бүгдийг Н.А-гийн тооцоо байдлаар бүртгэсэн, төлбөрөөс 0000 тоот орон сууцны төлбөр гэж ялгаж ойлгоогүй.

Шүүх ОР ХХК О.Ю-этэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд гүйцэтгэгчийг төлөөлж тус компанийн захирал Б.Энхтүвшин гарын үсэг зурсан бөгөөд тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд тус компанийн хувьцааны 50 хувийг эзэмшиж барилгын үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан, барилга захиалагч болох нь тогтоогдсон тул Б.Энхтүвшинг орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй тул ОР ХХК нь Н.А- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэсэн. Учир нь тус гэрээнд ОР ХХК-ийн захирал Б.Давааням Хүчин төгөлдөр болгож батлав гэж гарын үсэг зурсан. Гэтэл шүүх гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтныг дурдаагүй. Мөн ОР ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Давааням болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байхад Б.Энхтүвшинг гэрээ байгуулах эрхтэй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүх ОР ХХК болон Н.А- нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан тул түүний хууль ёсны эзэмшигч учраас орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. Мөн ОР ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлийн дагуу хохирол төлбөр төлөх үүсээгүй гэж дүгнэсэн. ОР ХХК-аас Н.А-тэй гэрээ байгуулах зөвшөөрөл өгөөгүй. Н.А-гийн дүү ирээд Н.А- төлбөрөө төлсөн 0000 тоот орон сууцны түлхүүрийг авна гээд инженер н.Баатарсүрэнгээс түлхүүрийг авсан. Инженер н.Баатарсүрэн гэрээ байгуулсан эсэхийг тодруулахгүйгээр түлхүүрийг өгсөн. Гэрээ байгуулаагүй этгээдэд түлхүүрийг өгсөн тул инженер н.Баатарсүрэн орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага тавьсан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэлд орон сууцыг чөлөөлж өгөх, тогтоосон хугацаанд чөлөөлөхгүй бол сар бүр 850,000 төгрөг төлөх талаар мэдэгдсэн. Орон сууцны түлхүүрийг хүлээн авснаас хойш чөлөөлж өгөх талаар шаардаж байсан талаар гэрч н.Баатарсүрэн мэдүүлсэн. Маргааны зүйл болсон 0000 тоот орон сууцны өмчлөгч нь ОР ХХК юм. Н.А- маргааны зүйл болсон орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш үнэ төлбөргүй ашиглаж байгаа. ОР ХХК болон Н.А- нарын хооронд үүрэг үүсээгүй тул тэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг эдлүүлсэн.

Зохигч шүүхэд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй. ОР ХХК нь Корона вируст халдвар гарахаас өмнө хийгдсэн гэрээ хэлцэл байна. Ковид-19 цар тахал эхлээгүй байхад гэрээний үүргээ биелүүлэх ёстой байсан боловч 2019 оны 05 дугаар сард сууриа барьснаас өөр юу ч байхгүй. Энэ үед н.Оюун-Эрдэнэ нь тухайн барилгыг баригдахгүй юм байна гэж үзэн урьдчилгаа төлбөрийг авахаар болсон. ОР ХХК-ийн удирдлага н.Давааням, н.Энхтүвшин нартай холбогдоход өөр авах хүн олчих, бид нарын зүгээс гэрээг шилжүүлэн өгөхөд ямар нэгэн маргаан байхгүй гэж хэлсэн. О.Ю-ийн захиалсан орон сууцыг Н.А- авсан. Н.А-гийн урьдчилгаа төлбөрийг төлснөөр О.Ю-ийн гэрээ дуусгавар болсон учраас хамтран өмчлөгчөөр оролцох боломжгүй байна. О.Ю-ийн эрх үүрэг дуусгавар болж, урьдчилгаа төлбөрөө авсан учраас Н.А-гийн гэрээ байгуулах эрх нь нээгдсэн. Гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй болох нь фейсбүүкт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. 2016 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдөр хүмүүсийг ирж, уулз гэж бичсэн дотор 0000 тоот хаягт оршин суудаг Н.А- нэр авагдсан байдаг. Энэ нь гэрээг Н.А-д шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн нэг хэлбэр юм. ОР ХХК нь тухайн фейсбүүк, группийн гишүүдийн нэрсийг үгүйсгээгүй бөгөөд тухайн группийг манай байгууллага хөтөлдөггүй гэдгээ тайлбарлаж чадаагүй. ОР ХХК-ийн ажилчид тухайн гэрээ хэлцлийг гаргаж өгч байна. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 0000 тоот Н.А- 72 хувийн төлөлттэй байна гэж ОР ХХК-аас гаргаж өгсөн. Гэрчийн мэдүүлгийг зөрүүтэй байна гэж үзсэн тохиолдолд хариуцагчийн зүгээс хүсэлт гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, тухайн мэдүүлэг зөрүүтэй байгаа учраас гэрч нарыг нүүрэлдүүлж, худал мэдүүлэг өгснийг тогтоох үүргээ биелүүлээгүй. Ковид-19 цар тахал дууссанаас хойш орон сууцны м.кв талбайн үнэ ханш өссөн учраас зөрүү олгосон үйлдэл юм. Уг гэрээнд зах зээлийн давагдашгүй хүчин зүйл болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс зөрүү мөнгийг нэхэмжилж болох байсан. Н.А- нь 3 орон сууц захиалсан гэрээг гарган өгч, татгалзлаа нотлох үүрэг хүлээнэ. Орон сууц ашиглалтад орсны дараа гэрээг байгуулж өгнө гэх тайлбарыг хэлж, төлбөрийг төлүүлсэн. Гэрээ байгуулаагүй гэж үзсэн тохиолдолд орж ирсэн мөнгөн төлбөрийг өгөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

1. Нэхэмжлэгч Н.А, О.Ю-нар хариуцагч ОР ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 419 дүгээр байр, 12 дугаар давхрын 0000 тоот хаягт байрлах 49.6 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... орон сууцыг чөлөөлүүлэх, хохиролд 10,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

1.1. ОР ХХК болон О.Ю-э нарын хооронд 2018 онд ХЦ-ЗГ-19/59 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ОР ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах, ОР ХХК-ийн орон сууцны хотхон, А блок, 1 дүгээр орц, 12 дугаар давхар, 0000 тоот, 49,6 м.кв, 2 өрөө орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч О.Ю-э ажлын хөлсөнд 39,928,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсныг зөвтгөх нь зүйтэй. (хх-ийн 4-5)

Захиалагч О.Ю-э дээрх гэрээний үүрэгт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3,520,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 18,520,000 төгрөг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн орлогын баримтаар тогтоогджээ. (хх-ийн 12-13)

 

1.2. Гүйцэтгэгч ОР ХХК-ийн барилгын ажил удааширсантай холбоотойгоор захиалагч О.Ю-э 2019 оны 06 сард Орон сууц захиалан бариулах тухай гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах хүсэлт гаргаж, улмаар Н.А- нь О.Ю-ийн захиалсан орон сууцыг худалдан авах саналыг ОР ХХК-д гаргасныг гүйцэтгэгч тал зөвшөөрсөн болох нь гэрч Д.Бат-Эрдэнийн ...О.Ю-ийн мөнгийг шилжүүлээд орон сууцыг шилжүүлж болох уу гэхэд ОР ХХК-аас Ц.Цогзолмааг хурдан мөнгө ол, хэн ч хамаагүй гэх шаардлага тавьсан... Н.А-гээс авсан мөнгийг ОР ХХК руу шилжүүлсэн гэх, гэрч Ц.Цогзолмаагийн ... ОР ХХК-ийн ажил удааширч О.Ю-э гэрээгээ цуцлаад шилжүүлсэн төлбөрөө буцаан авъя гэсэн... ОР ХХК-ийн удирдлага Б.Давааням, Б.Энхтүвшин нарт танилцуулж зөвшөөрлийг авсан гэх мэдүүлгээс гадна орон сууцыг хүлээлгэн өгсөн, орон сууцны төлбөрийг Н.А-гээс хүлээн авч байсан зэрэг үйл баримтаар тогтоогдсон байна.

Дээрх байдлаар хариуцагч ОР ХХК нэхэмжлэгч О.Ю-ийн Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзах болон гэрээгээр хүлээсэн түүний эрх, үүрэг Н.А-д шилжсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэсэн заалтад нийцнэ гэж үзлээ.

 

1.3. Нэхэмжлэгч Н.А- нь Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцны үнэд нийт 57,040,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Н.А- Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг нэхэмжлэгч О.Ю-ээс шилжүүлэн авч, хэлэлцэн тохиролцсон орон сууцны үнийг хариуцагч ОР ХХК-д төлсөн тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахаар шаардах эрхтэй, хариуцагч ОР ХХК-ийн нэхэмжлэгч Н.А- маргааны зүйл болсон орон сууцанд зөвшөөрөлгүй орсон гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

1.4. Мөн гэрч Б.Энхтүвшин ... ОР ХХК-ийн орон сууц хариуцаж байсан. Гэрээ байгуулах эрхгүй. Санхүүгийн ажлыг Б.Давааням хариуцаж байсан... 0000 тоот орон сууцны талаар мэдэхгүй... орон сууцанд орох зөвшөөрөл олгох талаар яриагүй ... би орон сууцанд оруулах эрхгүй... гэж мэдүүлсэн боловч Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар компанийг төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг төрүүлэхээр нөхцөлийг бүрдүүлсэн болох нь гэрч Г.Мөнхболдын ...орон сууцны түлхүүрийг авахад Р.Баатарсүрэн, Б.Энхтүвшин нар хоёулаа байсан...Тухайн үед түлхүүрээ авъя гэхэд...үлдэгдэл төлбөрөө төлсөн баримтаа үзүүлээд ав ... гэж хэлсэн гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

1.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Гэрч Ц.Цогзолмаа, Д.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг гэрч Б.Энхтүвшингийн мэдүүлгээс зөрүүтэй тул нотлох чадвараа алдсан байхад шүүх үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь: анхан шатны шүүх гэрч Ц.Цогзолмаа, Д.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж, Н.А- нь О.Ю-ийн байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Шүүхээс үзлэг хийсэн Хорол цамхаг-2018 гэх фэйсбүүк цахим хаяг нь хариуцагч компанийнх биш гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч тал уг цахим хаягт мэдээлэл оруулсан ОР ХХК-ийн төслийн удирдагч М.Энхтуул тус компанийн ажилтан биш болохыг, түүнд тусгагдсан мэдээллийг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй байна.

 

2. Хариуцагч ОР ХХК-ийн гаргасан орон сууц чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөрт 10,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн талаар.

Нэхэмжлэгч Н.А- нь маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагч ОР ХХК-тай О.Ю-ийн байгуулсан гэрээг шилжүүлэн авч төлбөрийг бүрэн төлсөн талаар магадлалын 1.3-т дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч Н.А-гийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...шүүх аль төрлийн гэрээний харилцаа үүссэн болохыг дүгнээгүй... гэсэн гомдол үндэслэлтэй боловч дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул сөрөг шаардлагыг хангах үндэслэл болохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ОР ХХК-ийн урьдчилан төлсөн 707,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ