| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0257/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 09
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Х.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О-т холбогдох эрүүгийн 1818008380540 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О-, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.О- нь 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Цайдамын хөндий гэх газар 8433 УНП улсын дугаартай Toyota Frius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр явна", 9.3-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүй байх", 9.4.б-т заасан "Жолооч хурдны хязгаар таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэхгүй байхыг хориглоно"-ыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 нас 6 сартай Н.О-ийн эрүүл мэндэд "суурь яс, баруун, зүүн нүдний ухархайн дээд хана, зүүн чамархай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэн, духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэн, тархины эдийн гүнд, бага тархины зүүн дэлбэнд тархины эдийн няцрал, аалзан хальсан доор цус харвалт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хүнд хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.О-ийн өгсөн: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Т-, түүний нөхөр Н-, хүүхдийнх нь хамт Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор явсан. Т-гийн 84-33 УНП улсын дугаартай Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумаас эхлэн жолоодож явсан. Бид нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг Цайдмын хөндий гэх газарт явж байгаад замын хагархайнууд таараад түүнийг сүлжиж байсан. Миний өөдөөс машин ирж явсан болохоор өөрийн урсгалд ороод явж байхад замын овгор, товгор таараад машинд тэр овгор дээр үсрээд байсан. Тухайн үед рулээ алдаад замын хажуу руу орсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний тусламж дэмжлэгийг өөрийнхөө чадлын хэрээр үзүүлж байгаа. Цаашид ч үзүүлэх болно гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-гийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим Улаанбаатар хотоос найз О- болон нөхөр Н-, хүү Пүрэвсүрэн, охин О- нарын хамт Орхон аймаг орохоор миний эзэмшлийн 84-33 УНП улсын дугаартай, цагаан өнгийн приус11 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би машинаа жолоодож яваад Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн орчим өөрийн найз О-т жолоогоо шилжүүлсэн. Тэгээд бид Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндийд 17 цагийн үед орж ирсэн. Тэгээд явж байхад замын эвдрэлтэй газар таараад хоёр удаа ойгоод машин хажуугаараа унаад эргэлдээд яваад өгсөн. Манай найз О- надад хэлэхдээ замын эвдрэл сүлжээд эсрэг урсгалд ороход өөдөөс машин ирж явсан. Тэгээд эргээд өөрийн эгнээнд ороход замын эвдрэл таараад замын хажуу руу уначихлаа гэж хэлсэн. Миний болон нөхөр Н-, хүү Пүрэвсүрэн нарын биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин 1 нас 6 сартай охин О-ийн биед хүнд гэмтэл учирсан. Бид нарыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирэхэд хүү, нөхөр, бид гурвыг зүгээр байна гэж хэлсэн. Бид гурав ямар нэгэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Тухайн үед толгой жаахан өвдөж байсан. Бид гурвыг эмч эм уух шаардлагагүй гэхээр нь ерөөсөө эм уугаагүй. Тэгээд зүгээр болсон. Миний охин урд цонхоор шидэгдэж гэмтэл авсан байсан. О- нь охин О-ийн эмчилгээний зардал болох 700 000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэлийн мөнгө 2 270 000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч П.Н-гийн өгсөн: ...машин гүйцэж түрүүлэх гээд үзүүр нь гарч ирэхэд манай машиныг барьж явсан жолооч баруун тийш жолоогоо эргүүлээд буцаагаад зүүн тийш дарахад нүх таараад дахин баруун тийш дарахад замын хажууд байдаг ховил дээгүүр харайгаад явсан. Тэгээд машин онхолдоод эргээд эхэлсэн. 2-3 удаа эргэсэн байх. Нэг мэдэхэд машин зогсчихсон охин хаана байна гэхээр нь охиноо хайгаад хажуу тийш харсан чинь машин, зам хоёрын дунд хэвтэж байсан. Тэгээд эхнэр минь охиноо аваад замын машинд суугаад эмнэлэг явсан. Араас нь би хүүгээ аваад эмнэлэг орсон гэх мэдүүлэг /хх 27-28/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12801 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“1.Н.О-ийн биед суурь яс, баруун, зүүн нүдний ухархайн дээд хана, зүүн чамархайн ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэн, духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэн, тархины эдийн гүнд, бага тархины зүүн дэлбэнд тархины эдийн няцрал, аалзан хальсан доор цус харвалт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал: авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 44/,
Замын цагдаагийн тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Жолооч Хатанбаатар овогтой О- нь Т/Приус маркийн 84-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. МУ-ын ЗХД-ийн 9-р бүлэг 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн дүрмийн 9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ “Хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэхгүй байх. Мөн дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн.
2.84-33 УНП улсын дугаартай цагаан өнгийн Т/Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан /МБ:92122501/ регистртэй Хатанбаатар овогтой О- нь 771671 дугаартай жолооны үнэмлэхтэй байна. /В ангилалтай хүчинтэй/ 2012 оны 3-р сарын 19-ний өдөр жолооч болсон гэсэн ЦЕГ-н бүртгэл хяналтын төвийн ТРS санд хүчинтэй байна.
3.Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь Т/Приус маркийн 84-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Хатанбаатар овогтой О- нь асуулт 1 дээр байгаа МУ-ын ЗХДүрэм зөрчсөн гэжээ. /хх 33/,
2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 67 дугаартай “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай” шинжээчийн дүгнэлт:
“1.Автотээврийн Дархан төвийн техник оношилгооны салбарт 2018.6.26-ний өдрийн №26894 тоот техникийн дүгнэлтийн хуудсыг үндэслэн, 84-33 УНП дугаартай Приус11 маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага МNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №037, /13.1/ Зураг №01-05,
2.Техникийн хувьд бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байсан байна. Зураг N90,
3. Техникийн хувьд бүрэн бүтэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна.
4. Бүхээгний дээд хэсэг хонхойж, гажсан, урд хойд талын салхины шил, хаалганы шилнүүд, толь хагарсан, урд талын гупер зүүн гар талдаа ханзарсан, хөдөлгүүрийн хаалт /копут/ гажсан, хөргөлтийн радиаторын гуурснууд алагдсан, зүүн талын урд крыло хонхойсон зэрэг нь ослын дараах эвдрэл байна. Зураг №01,
МБ92122501 регистртэй Хатанбаатар овогтой О-ийн жолоодож явсан 84-33 УНП дугаартай цагаан өнгийн Т/Приус-11 маркийн автомашин нь зүүн гар талын урд крыло хонхойсон, урд гупер ханзарсан байсан зэрэг нь ослын өмнөх эвдрэл байна гэжээ. /хх 65-66/,
“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-39/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хх 12-13/, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх 14-15/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: О- нь охин О-ийн эмчилгээний зардал болох 700 000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэлийн мөнгө 2 270 000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгээр шүүгдэгч Х.О-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Х.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 81-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.О-ийн эзэмшлийн №771671 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Х.О-ийн эзэмшлийн №771671 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ