Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01285

 

 

У.Н-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01020 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Н-ын хариуцагч Б.У-д холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 50,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, өмгөөлөгч М.Үүрийнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

У.Н- 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа /17121/, Морингийн зам гудамж, 30А байр,0000тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авч нөхөр А.Буяннэмэхийн хамт амьдарч байсан. Тэд гэрлэлтээ 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны журмаар цуцлуулсан. Уг орон сууц У.Н-ын өмчлөлийнх бөгөөд уг орон сууцыг түүний эх банкны барьцаанд тавьсан. А.Буяннэмэх гэрлэлт цуцалсны дараа ... Удахгүй гадагшаа явах тул орон сууцанд түр амьдарч байя гэхэд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал амьдрахыг зөвшөөрсөн. Гэвч 2023 он гарсан боловч тэрээр орон сууцыг суллаж өгөөгүй ба гадагшаа явахаа больсон гэж хэлдэг. У.Н- нь орон сууцны өмчлөгч тул А.Буяннэмэхийг орон сууцнаас чөлөөлж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Маргааны зүйл болсон орон сууц нь А.Буяннэмэх, У.Н- нарын дундын өмчлөлийн орон сууц юм. Тэд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Дундын эд хөрөнгө болох байрыг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хамтын амьдралтай байхдаа худалдаж авсан. 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлт захиргааны журмаар цуцлагдсан. Орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. А.Буяннэмэх Солонгос улс руу явахаар гэрлэлтээ цуцлуулаарай гэсэн. Гэтэл У.Н- Солонгос улс руу яваагүй байхад гэрлэлтээ цуцлуулсан гэжээ.  

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А.Буяннэмэх болон У.Н- нар 2013 онд гэр бүл болж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа /17121/, Морингийн зам гудамж, 30А байр,0000тоотод оршин суух, 18,6 м.кв талбай бүхий орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдаж авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг У.Н-ын нэр дээр гаргуулсан. Иймд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа /17121/, Морингийн зам гудамж, 30А байр,0000тоотод оршин суух, 18,6 м.кв талбай бүхий орон сууцыг 26,500,000 төгрөгөөр худалдаж авсан. У.Н- уг орон сууцыг худалдан авахын тулд өөрийн өмчлөлийн 37-48 УНЕ улсын дугаартай автомашиныг худалдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ У.Н-ын нэр дээр бүртгэлтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч А.Буяннэмэхийн хууль бус эзэмшлээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа /17121/, Морингийн зам гудамж, 30А байрны0000тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206057071 дугаартай, 18,6 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг чөлөөлж,

5.2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 131 дүгээр зүйлийн 131.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч У.Н-аас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 13,250,000 /арван гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хариуцагч Б.У-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,760,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

5.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-эс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Н-ад, нэхэмжлэгчээс У.Н-аас 224,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.У-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. У.Н- нь маргааны зүйл болох орон сууцыг 26,500,000 төгрөгөөр худалдан авахдаа өөрийн өмчлөлийн автомашиныг 14,000,000 төгрөгөөр худалдсан, мөн эх, төрсөн эгчээсээ мөнгөн хөрөнгө зээлсэн. Орон сууц худалдан авах үед А.Буяннэмэхтэй гэр бүл байсан боловч эд хөрөнгийн маргаангүй гэж тохиролцож, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан. А.Буяннэмэх 2022 оны 12 дугаар сард Солонгос улс явах хүртэл хугацаанд уг орон сууцад амьдрахаар болсон. А.Буяннэмэх шүүх хурал болох хүртэл эвлэрэх хүсэлтээ илэрхийлж, түлхүүрээ аваарай гэж байсан. Мөн тэрээр 50,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаа өөрчлөөгүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13,250,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Маргааны зүйл болсон орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн тул үнийг тэнцүү хуваасан. Орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш. У.Н-, А.Буяннэмэх нар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлах үед А.Буяннэмэх орон сууцыг У.Н-ын хуваарьт хөрөнгөд шилжүүлэх талаар маргаагүй тул орон сууц нь нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө юм.

Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед ХААН банк ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 17,010,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн. Нэхэмжлэгчид сөрөг нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой тайлбар гаргах боломж олгоогүй. А.Буяннэмэх У.Н-ын дансанд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17,010,000 төгрөг шилжүүлсэн нь талуудын хооронд орон сууц авахаас өмнө үүссэн өр төлбөртэй холбоотой бөгөөд орон сууц худалдан авахад хамааралгүй. Тухайлбал, У.Н- өөрийн өмчлөлийн автомашиныг 14,000,000 төгрөгөөр худалдаж, мөн өдөр Б.У-д 13,000,000 төгрөгийг шилжүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Илүү шилжүүлсэн 3,000,000 төгрөг нь орон сууцыг барьцаанд тавьж шилжүүлсэн. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, өөр шаардлага байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Тухайн орон сууц нь У.Н-ын хуваарьт эд хөрөнгө биш. А.Буяннэмэх, У.Н- нарын хамтран амьдарч байсан хугацаанд бий болгосон хөрөнгө юм. Талууд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Дундын эд хөрөнгө болох орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр худалдан авсан. У.Н-, А.Буяннэмэх нар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө гэж зааснаар У.Н-аас мөнгөн хөрөнгө гаргуулсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй бөгөөд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж, орон сууцны үнийг шилжүүлсэн 26,500,000 төгрөгийг тэнцүү хувааж 13,250,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

1. Нэхэмжлэгч У.Н- хариуцагч Б.У-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа (17121), Морингийн зам гудамж, 30А байрны0000тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... тус орон сууц гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө тул өөрт ногдох хэсгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

1.1. У.Н-, А.Буяннэмэх нар 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулснаар гэрлэлт дуусгавар болсон байна. Гэрлэлт цуцлагдахаас өмнө нэхэмжлэгч У.Н- 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа /17121/ Морингийн зам гудамж, 30А байр,0000тоот орон сууцыг худалдан авсан болох нь талуудын тайлбар болон худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. (хх-34-35) 

1.2. У.Н-, А.Буяннэмэх нар гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд дээрх орон сууцыг худалдан авсан тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т тус тус зааснаар орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамааруулсан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

Иймд хариуцагч А.Буяннэмэх нэхэмжлэгч У.Н-аас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулахаар Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 1.3. Нэхэмжлэгч У.Н- нь дээрх орон сууц нь өөрийн хуваарьт хөрөнгө гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Н-аас 13,250,000 төгрөг гаргуулж хариуцагч Б.У-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.  

2. Хариуцагч А.Буяннэмэх нэхэмжлэгч У.Н-ад холбогдуулан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 17,010,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөнтэй холбоотой тайлбар гаргах боломжоор хангаагүй шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. Хариуцагч шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөгүй, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ үндэслэлээр мэтгэлцсэн байна.

Талуудын маргааны зүйл болох орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх бөгөөд гэрлэлт цуцлах үед гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй байж болох боловч хожим маргах эрх нь нээлттэй болно.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 131 дүгээр зүйлийн 131.2 гэснийг хасаж, 130.1 гэснийг 130.3 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид У.Н-ын төлсөн 224,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ