Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 36

 

Хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч “Үүсгэл групп” ХХК-ний нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн “Үүсгэл групп” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч “Үүсгэл групп” ХХК-ний захирал Э.Чулуунтогтохоос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Манай “Үүсгэл групп” ХХК нь анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 504 дүгээр захирамжаар дараах газруудыг эзэмшиж ирсэн бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/174 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, шинээр гэрээ байгуулан, гэрчилгээ авсан юм. Үүнд:

            1.Дархан сумын 6 дугаар багийн Сэлэнгийн замын зүүн талд нэгж талбарын 4505300315 дугаартай 10000 мкв талбай бүхий хий түгээх станцын зориулалттай, 000319846 дугаартай, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-тэй газар,

            2.Дархан сумын Малчин багийн УБ-Дархан төв замын баруун талд нэгж талбарын 4506700212 дугаар бүхий 10000 мкв талбай бүхий 000319845 дугаартай хий түгээх станцын зориулалттай “Аж ахуй, нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-тэй газар.

            Бид  Дархан-Уул  аймгийн  Засаг  даргын  2012  оны  11  дүгээр сарын  05-ны  өдрийн  504 дүгээр захирамжийн дагуу дээрх газруудыг эзэмшиж, ашигласны газрын төлбөрийг төлж ирсэн ба өөрийн эзэмшил газартаа шатах, тослох материал, түгээгүүрийн газар, шатахуун түгээх станц, агуулах барьж байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн “Гео Од” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу өгөгдсөн координатуудыг газар дээр нь WGS84/UTM48N системээр буулган, улаан шугам татах ажлыг хийлгэж, зураг төслийг боловсруулж эхлээд байгаа юм. Гэтэл  Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжаараа манай компанийн 000319846, 000319845 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Газрын тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг баримтла, хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байна. “Үүсгэл групп” ХХК нь дээрх газруудыг эзэмшихдээ “Газрын тухай хууль”-ийг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй огт гаргаагүй атал хууль зүйн үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь “Захиргааны ерөнхий хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

            1.Тус захирамжаар 8 аж ахуй нэгж, 36 иргэдийг “Газрын тухай хууль”-ийн зүйл заалтыг хэрхэн яаж зөрчсөн талаар хуулийн үндэслэлийг тусгайлан заалгүй бүхэлд нь хүчингүй болгосон нь “Захиргааны ерөнхий хууль”-ийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах,” гэж заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах“ тухай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байна.

        2.Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлээ “Газрын тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.4-т  Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг үндэслэж, манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь 2012 оноос хойш тухайн газрыг эзэмшиж ашиглан, газрын төлбөрийг төлж, төсөл хэрэгжүүлэхээр тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж ирсэн манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчиж байна.

Манай компани өөрийн эзэмшил газартаа өөрийн үйл ажиллагааг эхлүүлэхээр хөрөнгө оруулагчтай гэрээ, хэлцэл байгуулан ажиллаж байсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон дээрх захиргааны актын улмаас ихээхэн хэмжээний алдагдал хүлээх нөхцөл байдал үүсээд байна.Иймд бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатаас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Үүсгэл групп” ХХК-ний нэхэмжлэлтэй “ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн “Үүсгэл групп” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  А/81 дүгээр захирамжаар хүчингүй болгосон тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Үүсгэл групп” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн “Үүсгэл групп” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.НАРАНТУЯА