| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0019/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 23
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Л.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хотгойд Лхамсүрэнгийн М-т холбогдох эрүүгийн 1818008360510 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.М- нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 6 дугаар баг Баяндаваа 2 дугаар гудамжинд байрлах “А-У” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Я.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь “баруун шуу ясны битүү хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.М-ын өгсөн: Би Б-ийг зүс танина. 2010, 2011 оны аль нэгэнд Б- хөлөө хугалчихлаа манай үхрийг хариулаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч 1 сар орчим хариулж өгсөн. Тэгээд одоогоос 2-3 жилийн өмнө би Б-тай таарахад чи миний үхрийг дандаа хогон дээр хариулаад миний үхрүүд өвөл нь зөндөө үхсэн гэж хэлэхэд нь би маргасан. Тэгээд салсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө “Арвижин Ундрах” хүнсний дэлгүүрийн худалдагчтай уулзаж юм асуучхаад гараад явж байтал Б-тай тааралдсан. Урьд нь би Б-ид жаахан юм бодчихсон гомдолтой явж байсан учир Б-ийг барьж аваад чи муу хүний ач тус мэддэггүй өөдгүй амьтан би чиний үхрийг маллаж өгч байхад миний үхрийг хогон дотор хариулснаас болоод миний үхэрүүд үхсэн гэж хэлээд байхдаа яадаг юм бэ гээд дээлнийх нь энгэрээс татахад дээл нь урагдчихсан. Тэгээд бид хоёр жаал ноцолдож түлхэлцэж байгаад салаад явахад миний араас Б- чулуу аваад шидэхээр нь би бултаад зугтаагаад гэр рүүгээ явсан. Би урьд өмнө Б-тай маргалдаж байсан зүйл байхгүй. Тухайн үед би Б-ид жаахан гомдчихсон байсан учир уурандаа барьж аваад татаж, түлхэж байгаад гарын нь гэмтээсэн. Я.Б-ид гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би хохирогчид эмчилгээний зардал гэж 788 000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Я.Б-ийн өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн саалийн үнээнүүдээ бэлчээрт гаргачихаад дэлгүүрээс талх авах санаатай “Арвижин Ундрах” хүнсний дэлгүүрийн үүдэнд зүс таних М- гэх залуутай тааралдсан. Тэгэхэд М- нь дэлгүүрийн хаалгыг алдалж зогсчихоод намайг чи орооч гэж хэлэхээр нь чи өөрөө холдооч гэхэд чи яасан олон юм чалчдаг юм бэ гээд намайг заамдаж аваад миний баруун гарыг атгаж байгаад мушгихад миний баруун гар нэлээн их өвдсөн. М- намайг татаж түлхэж байгаад миний дээлний энгэрийг урчихсан. Тэгээд М- намайг тавьчихаад цааш эргээд явахад нь би араас чулуу аваад шидсэн боловч оноогүй. Миний дээл малд өмссөөр байгаад хуучраад муудчихсан. Дээлийг үнэлээд нэхэмжлээд байх зүйл байхгүй. Эмчилгээний төлбөрийн баримтаа цуглуулж байгаад нэхэмжилнэ. Надад учирсан хохирлоо өмгөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжилнэ. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 10-11/,
Гэрч Б.Н-гийн өгсөн: Би Дархан сум 6 дугаар баг Баяндавааны 2 дугаар гудамжны 23 тоотод хувиараа “Арвижин Ундрах” хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед дэлгүүртээ байж байтал манай гэрийн хажууд байдаг М- ах орж ирээд гэрийн бүрээс нөхүүлнэ гэхээр би та бүрээсээ аваад ир гэж хэлсэн. Тэгээд М- ах бүрээс авчрах гээд дэлгүүрээс гарахдаа манай дэлгүүрийн үүдний хэсэгт манай хажууд байдаг мал малладаг Б- ахтай тааралдаад хоорондоо маргалдаад байсан. Би тухайн үед цай чанаж байсан болохоор цайгаа шүүж орхиод үүдэнд гартал тэр хоёр нэг нэгнээ заамдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би та хоёр настай хүн байж хоорондоо зодолдоод байхдаа яадаг юм вэ гэсэн чинь тэр хоёр хоёр биенээ чирээд дэлгүүрийн үүднээс гарсан. Тэгээд тэр хоёр гэр гэр лүүгээ яваад өгсөн. Намайг гарч харахад М- ах Б- ахыг нэг гараараа дээлний энгэрнээс нь заамдчихсан байсан. Намайг та хоёр болиоч гэхэд М- ах хаалган талд зогсож байгаад өвгөнийг чирээд гадагшаа гарсан гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч Б.Д-ийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн орчимд манай аав Я.Б- нь үхрээ бэлчээрт гаргачихаад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй аав гараа бариад миний гарыг Л.М- мушгиад гэмтээчихлээ гээд гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би юунаас болоод таны гарыг мушгиж байгаа юм бэ гэхэд намайг яагаач үгүй байхад татаж түлхээд гар мушгиад гэмтээчихлээ гар өвдөөд байна гээд байхаар нь би дагуулаад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиж гэмтлийн эмчид үзүүлэхэд рентгенд баруун гарыг нь харчихаад шууны яс хугарсан гэж хэлээд гипэс тавьж өгөөд эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Тэгээд би аавыгаа дагуулаад Цагдаагийн газар дээр очиж уг М- гэх хүнд гомдол гаргасан гэх мэдүүлэг /хх 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1051 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Я.Б-ийн биед баруун шуу ясны битүү хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй мушгих, цохигдох, эвгүй дарагдах үед үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх 21/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Я.Б- хавтаст хэрэгт эмчилгээний зардал, ирэх, очих унааны зардал, хууль зүйн туслалцаа авсны хөлс, зан үйлтэй холбоотой төлбөр зэрэг нийт 867 107 төгрөг нэхэмжилснээс шүүх зан үйлтэй холбоотой нэхэмжлэл болох 18 000 төгрөг, өмгөөллийн хөлс 250 000 төгрөг, нийт 268 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь: Өмгөөллийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орохгүй бөгөөд зан үйлтэй холбоотой нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан зардал гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
Үлдэх 599 107 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 788 000 төгрөгийн хохирол төлсөн /хх 69/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Л.М- нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 30-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор хохирогч Я.Б-ийн гарны шуу ясны 1 ширхэг рентген зургийг эд мөрийн баримтаар хураасан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин хохирогчид буцаан олгож,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.М-т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Я.Б-ийн гарны шуу ясны 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ