Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01336

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/01057 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-гийн хариуцагч АП- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.  Д.О- нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс АП- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг гаргасан. Компанийн зүгээс чөлөө олгохгүй гэж үзээд, чөлөө олгох хүсэлтийг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт болгон гуйвуулан ажлаас халсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын эхээр жирэмсэн гэдгээ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хэлсэн бөгөөд ажлаас гарах өргөдөл өгөөгүй.

1.2.  АП- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/09 тоот шийдвэрээр ажлаас чөлөөлөхдөө Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, АП- ХХК-ийн дүрмийн 7.3.1-д заасныг тус тус баримталсан. Уг тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй.

1.3.  АП- ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй, байгуулагдаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт нийт 25,606,060 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Д.О- 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр АП- ХХК-д захиргаа, хүний нөөцийн ахлах менежер албан тушаалд ажилд орсон бөгөөд тус компани нь Цаст групп ХХК-ийн хамаарал бүхий компани байсан.

2.2. Д.О- нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Д.О- ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ групп компанийн болон хамаарал бүхий бусад компанийн удирдлагууд оролцсон шуурхай хурал дээр өөрөө мэдэгдсэн, үүний шалтгаанаа хүүхэд нь өвдсөн байгаа тул, мөн өөрөө жирэмсэн байгаа учир төрөхөөсөө өмнө өвдсөн хүүхдээ эмчлүүлэх, бас хүүхэд нь маш удаан хугацаагаар эмчлэгдэх шаардлагатай тайлбарласан ба үүний дагуу өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн.

2.3. Нэхэмжлэгчийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш урт хугацааны чөлөө авах тухай бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, гүйцэтгэх захирлын албан тушаалын хувьд урт хугацааны чөлөө олгох боломжгүй талаар хариу мэдэгдсэн.

Хуулийн дагуу маргаан бүхий асуудлыг тал бүрээс нь, бүрэн дүүрэн үнэлж дүгнэн, бодитойгоор шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О-г АП- ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 24,873,201 /хорин дөрвөн сая найман зуун далан гурван мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 732,868 /долоон зуун гучин хоёр мянга найман зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

3.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282,316 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын үнийн дүн тодорхой бус байна. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 25,606,060 төгрөг гаргуулах гэж тодотгосон. Шүүх бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шийдвэрлэсэн, хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсан хугацааны олгогдох тэтгэмжийг ажилгүй байсан хугацааны олговорт давхардуулан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь ажлаас гарах тухай хүсэлтээ амаар илэрхийлсэн талаар анхан шүүх дүгнээгүй. Мөн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажил үүргийг нь гүйцэтгүүлэх талаар тайлбараа 2022 оны 12 дугаар сард гаргасан байхад шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

4.4. Шүүхийн нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор олгогдсон 20 хоногийн хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

2.   Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч АП- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25,606,060 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

3.   Нэхэмжлэгч Д.О- нь АП- ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2022 оны дүгээр сарын 04-ний өдрөөс хариуцагч гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/03 дугаар шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх 5-8/ 

3.1.Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн байна.

3.2.Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагатай. Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэрийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ... 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хагас цагаар ажиллах, түүнээс хойш урт хугацааны чөлөө авах тухай хүсэлтийг бичгээр гаргажээ. /хх 9/

Цаст групп ХХК-ийн захирлуудын зөвлөгөөний 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийн ...хүүхдийн бие өвдсөн, цаашид эмчлүүлэх шаардлагатай тул ажлаасаа чөлөөлөгдөх тухай тайлбарласан нь тусгагдсан байна.

Дээрх хүсэлт, тайлбар зэрэг баримтын агуулгаас үзвэл нэхэмжлэгчийг өөрийн хүсэлт зоригийн дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж шууд үзэх боломжгүй байх тул ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагч талын давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаагүй байна.

 

4.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч Д.О-г АП- ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,873,201 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

4.1.  Хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхлэх эрх зөрчигдсөн, уг эрхийн зөрчил 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг төлөх үүрэгтэй.

4.2.  Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаа шүүх хуралдаанд 25,606,060 төгрөг гаргуулах гэж тодруулсан байгааг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлага шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

4.3.  Нэхэмжлэгч жирэмсний болон амаржсаны амралт авсан, тэтгэмж олгогдсон, ажилгүйдлийн тэтгэмж авсан талаарх баримтыг талууд гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй тул тэтгэмжийг авсан ч байж болох бөгөөд давхардуулан олгуулахаар шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчид ээлжийн амралтын олговор олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй, хэрвээ олгосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос хасаж тооцох эсэхийг талууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үед шийдвэрлэх боломжтой.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/01057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,317 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ