Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 24

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч,

Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ноён цорс Нямсүрэнгийн Б-д холбогдох эрүүгийн 1818008540539 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны хавраас 2018 оны 30 дугаар сар хүртэл Дархан-уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт байрлах 34 дүгээр хорих ангийн ойролцоох газраас түүж бэлтгэн,  Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 49-р брак байрны 05 тоотод хадгалж татсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Н.Б-гийн өгсөн: Манай эхнэр 2018 оны 8 дугаар сард эмнэлэгт хэвтсэн. Би тэр үед өөрийн найз Б-ы Марк2 маркийн машиныг эхнэрээ эмнэлэгт хүргэж өгөөд буцаад машиныг чинь өгье гэж хэлээд машиныг нь авч яваад эхнэрийгээ нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд буцаад харихдаа 35 дугаар хорих ангийн ойролцоо очиж тэндээсээ хар тамхины төрлийн өвс буюу миний хэлдгээр жойныг тал шуудайг түүсэн. Түүсэн өвсөө тэр хавьд байдаг оршуулгын хажууханд байдаг жалганд нуугаад гэртээ бага зэрэг өвс авчирч нунтаглаж хатаагаад гэртээ хадгалж байгаад татсан. Би энэ өвсний талаар интернэтээс мэдэж авсан. Урьд өмнө 2012 оноос 2015 оны хооронд 439 дүгээр хорих ангид ял эдэлж байхдаа энэ өвсний талаар хамт ял эдэлж байсан хүмүүсээс мэдэж авсан. Энэ өвсийг 2018 оны хавраас хойш өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа. Манай эхнэр хар тамхины төрлийн хатаасан өвс хадгалж байгааг мэднэ. Манай эхнэр уурлаж загнадаг ч би өвсөө хаяагүй өнөөдрийг хүрсэн. Надад ямар нэг зарж борлуулах санаа бодол байгаагүй өөрөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж энэ өвсийг хэрэглэхгүй. Би өвсийг түүсэн газраа зааж өгч, хадгалсан өвсөө бүгдийг нь цагдаад  өгсөн гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Т.Т-ын өгсөн: Тухайн өвсийг гэрийнхээ хаана байлгадаг байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан хатааж нунтагласан өвс хаяа ганц нэг удаа татаж байдаг байсан болохоор уг өвсийг ямар учиртай өвс болохыг асуухад надад хэлэхдээ энгийн тамхи шиг л өвс гэж хэлж байсан. Надад мансууруулах үйлчилгээтэй тамхи гэдгийг хэлж байгаагүй гэх мэдүүлэг /хх 29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11915 дүгнэлт.

                               

1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 1039 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3.Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 33-34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11918 дугаартай  дүгнэлт.

 

1.Шинжилгээнд ирүүлсэн “Н.Б-гийн мэдүүлгийг шалгах ажиллагаагаар түүж авсан хатаж шарласан өвс” гэж хаягласан бор өнгийн дугтуйтай шарласан ургамал мэт зүйл нь 23 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Н.Б-гийн мэдүүлгийг шалгах ажиллагаагаар түүж авсан хатаж шарласан өвс” бор өнгийн дугтуйтай шарласан ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3.Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11919 дугаартай  дүгнэлт.

 

1.Шинжилгээнд ирүүлсэн “Н.Б-гээс хураан авсан өвс” гэж хаягласан ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Н.Б-гээс хураан авсан өвс” гэж хаягласан ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/  илэрч байна.

3.Уг ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 17.0792 грамм, цэвэр жин нь 8.3215 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 8.0300 грамм болов.

4.Шинжилгээнд илэрсэн делта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 45-46/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11913 дугаартай  дүгнэлт.

 

1.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. “Б- гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /хх 51-52/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-18/, Н.Б-гээс хурааж авсан цагаан өнгийн нийллэг ууттай хатааж нунтагласан ногоон өнгийн сэтгэцэд нөлөөт делта 9 тетрагидроканнабинол бодис агуулсан 8,3215 грамм өвс Н.Б-гийн мэдүүлгийг шалгах ажиллагаагаар цагаан өнгийн шуудайтай хатааж нунтагласан ногоон өнгийн сэтгэцэд нөлөөт делта 9 тетрагидроканнабинол бодис агуулсан 1039 гр өвс нуусан байсныг хурааж авсан мөн ажиллагаагаар Н.Б-гийн өвс түүсэн газраас шинжилгээнд зориулж хурааж авсан бор өнгийн дугтуйтай цаастай 23 гр өвсийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх 06/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б- нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Н.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Н.Б- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11-р сарын 06-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 85 700 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдэн, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан 5 жил 1 сарын хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11-р сарын 06-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбараар /хх 67-71/ тогтоогдсон бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлын тогтоосон баримт болно.  

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6, 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  

шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангиллын  гэмт хэрэг хэдий ч нийгмийн аюулын шинж чанар хор хөнөөл ихтэй тул ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дэх хэсэгт заасан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзлээ.    

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хатааж нунтагласан ногоон өнгийн ургамал 8.0300 грамм, цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал 1039 грамм, ургамал түүсэн газраас шинжилгээнд зориулж авсан дээж болох хатаж шарласан өвс 23 грамм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

           

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хатааж нунтагласан ногоон өнгийн ургамал 8.0300 грамм, цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал 1039 грамм, ургамал түүсэн газраас шинжилгээнд зориулж авсан дээж болох хатаж шарласан өвс 23 грамм зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ