Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2015/00843/И |
Дугаар | 00817 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 10 дугаар гудамжны 44 тоотод оршин суух, Дайчин овгийн Ганбаатарын Ганзоригийн /регистийн дугаар ЦЕ82033078/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1977 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант багийн 3-30 тоотод оршин суух, Боржигон овгийн Сэнгээгийн Батнэргүйд холбогдох 40,002,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, С.Батнэргүйгийн зээлийн гэрээнүүдийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Батнэргүй, Ю.Отгонбаасай нар нь 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 9 удаагийн үйлдлээр зээлийн гэрээ хийж итгэл үнэмшил бий болгон нийт 24 100 000 төгрөгийг бэлнээр авсан. 2015 оны 03 дугаар сараас утсаа салган зугтааж гэрт нь очиход гэртээ байхгүй, ажил дээр нь очиход маргааш өгье гэх мэтээр маш олон удаа зугтааж олдохоо байсан. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс айлын хашаанд гэр барин нуугдаж амьдарч байсныг олж мэдэж зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 24 100 000 төгрөгийг 12 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн боловч эхний 1 сарын хүү болох 960 000 төгрөг, 2 дахь сарын хүү болох 2 892 000 төгрөг болон үндсэн мөнгөө төлөхгүй өдий хүрлээ. Гэрийн хаягаар нь очиход хүнгүй, хоёулаа өвчлөөд лист авсан, амралтаа авсан байсан. 10 гаруй утасны дугаар барьж төөрөлдүүлсэн тул 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр цагдаа прокурорт өргөдөл өгч шалгуулсан. Дээрх байдлаар олдохгүй, нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн зээл 24 100 000 төгрөг, 2 сарын хүү 3 852 000 төгрөг, зээлийн гэрээ дууссанаас хойшхи алданги 120 000 төгрөг, нийт 28 072 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ганзориг шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ю.Отгонбаасай С.Батнэргүй нараас П.Ганзориг би 28 072 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл шүүхэд гаргасан. Зээлийн гэрээнд 24 100 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр 28-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сарын 12%-ийн хүүтэй сар бүр хүүг төлж, үндсэн мөнгийг зээлийн гэрээний хугацаанд барагдуулж дуусна. Зээлдүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 05% алданги тооцон зээлдэгчээр төлүүлнэ гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж нотариатоор гэрчлүүлсэн. 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлд зөвхөн зээлийн үндсэн мөнгө 24 100 000 төгрөг, эхний сарын хүү 960 000 төгрөг , 2 дахь сарын хүү 2 892 000 төгрөг, нэг хоногийн алданги 120 000 төгрөг нийт 28 072 000 төгрөг нэхэмжилсэн 2015 оны 06 дугаар сарын 28-нд зээлийн гэрээ дууссанаас хойш 2015 оны 08 дугаар сарын 24 өдөр хүртэл нийт 57 хоног өнгөрсөн байна. Зээлийн гэрээнд зааснаар 2015 оны 06 дугаар сарын 28-наас 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл алданги тооцож үзвэл 6 868 500 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлтийг гаргаж байна.Иймд Ю.Отгонбаасай С.Батнэргүй нараас 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийг /28 072 000/ алданги болох 6 868 500 төгрөгөөр ихэсгэж нийт 34 820 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ганзориг шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 2015 оны 6 сарын 17 өдөр С.Батнэргүйгээс 28,072,000 төгрөг нэхэмжилсэн. 2015.8.24-ний өдөр С.Батнэргүйгээс 34.820.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүүг төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 24.100.000 төгрөг, 2 сарын хүү 3.852.000 төгрөг, алданги 12.050.000 төгрөг нийт 40.002.000 төгрөг гаргуулах асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийг 5.181.500 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ганзориг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Батнэргүйн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. бидний хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд надаас 24,100,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч хүү төлөхөөр талууд хугацаа тогтоож хийсэн гэрээ юм. Уг гэрээг хийхэд түүнийг дарамтаж, хүч хэрэглээгүй бөгөөд олдохгүй араас нь эрэл, сураг тавьж уулзаж, өөрийнх нь төлөх боломжит хугацаагаар гэрээг байгуулж байсан. Шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарыг өгнө. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ю.Отгонбаасай С.Батнэргүй нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд 2015.06.17-ны өдөр гаргасан үндсэн нэхэмжлэл болон 2015.08.24-ний өдөр нэмэгдүүлсэн шаардлагаар ирүүлсэн нэхэмжлэлүүдэд энэ хүний анхны нэхэмжлэлд 2014 оны 07 сараас 2015 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл зээлийн гэрээ байгуулаагүй энэ хугацаанд 9 удаагийн үйлдлээр 24 100 000 төгрөг гэж бичсэн нь сүүлд нь хууль бусаар хийсэн гэрээнүүдэд бичигдсэн дүнг нэгтгэхэд 21 200 000 төгрөг болох нь нотлогддог ба тэр нөхөж хийсэн гэрээ нь он сар өдөр тавигдаагүй гэрээ байсныг хувилж хэргийн материалд өгсөн. Ганзориг нь Цагдаагийн газарт 2015.06.05 ны өдөр өгсөн тайлбартаа С.Батнэргүйгээс авсан мөнгөнийхөө жагсаалтыг гаргаж ирүүлсэнийг нэмж тооцход 17 сая 92 мянган төгрөг хүлээн авснаа зөвшөөрдөг юм. Г.Ганзориг нь хувиараа бусдаас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй мөнгө хүүлэлт явуулах эрхгүй ба ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллагуудын мөнгөний хүүнээс 10 дахин их хүү шаардаж байгаа нь Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн явдал юм. Тэгээд ч энэ хүнээс С.Батнэргүй нь мөнгө зээлээгүй хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээний хэлбэрээр хамтран ажиллаж байсныг зээл авагч нар гэрчилнэ. Нөхөр Ю.Отгонбаасай энэ хэрэгт хамтран оролцох нь бүү хэл намайг Ганзоригтой хамтран ажиллаж байгааг надад уурлаж хориглосон ба Ганзоригт өөрт нь хүртэл эсэргүүцэж хэлж ярьж байсан юм.Би Ганзоригтой хамтран ажилласанаар 21 200 000 төгрөгний оронд орж сар бүр цувуулж увуулж төлсөөр 17 092 000 төгрөгийг чадах чинээгээрээ төлсөн юм. Намайг төлж чадахаа байхаар над дээр давшилж ирж хүүхдүүдийг минь барьцаалж хүчээр гэрээ хийлгэсэн юм. Би урьд нь дутагдуулсан мөнгөнөөс дутуу төлсөн 4 сая 108 мянган төгрөг төлж барагдуулна. Иймд хүч хэрэглэж хугацааны хувьд сүүлд хийсэн зээлийн гэрээ гэгчийг хүчин төгөлдөр бус хэвцэлд тооцуулах. Үлдэгдэл 4 сая 108 мянган төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Нөхөр Ю.Отгонбаасайг хариуцагчаар биш гэрчээр асуулгах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай бичсэн хэлбэрээр хэлцэл хийгээгүй ба энэ нь иргэний хуулийн 282.3 дахь заалт, 232.3 заалтанд заагдсанаар мөн иргэний хуулийн 60 дугаар зүйлд заагдсан байдлаар хүч хэрэглэж нэг өдөр хийгдсэн учир хүү, алданги нэхэх эрхгүй. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тухайн гэрээнүүдийг сүүлд 2015 оны 4 сарын 28-нд хууль бусаар бидний бага насны хүүхэд 2 настай охин О.Хулан 14 настай О.Болдбаяр нарыг худлаа хэлж машиндаа суулган явж барьцаалан намайг хүнд байдалд тулган шаардаж машиндаа суулган хүчээр гарын үсэг зуруулсан болно. Оройн 20-21 цагийн үед үйлчилгээний төвийн нотариатыг онгойлгож гарын үсэг зуруулсан. Мөн хуулийн хүн гэж эмэгтэй хүн хамт явж байсан. Тухайн үед би маш их айж сандарсан байсан болохоор хүссэн бүгд дээр нь бичмэл гарын үсэг зурсан. Иймд оройн цагаар хүчээр гарын үсэг зуруулсан гэрээ гэгчийг хүчингүйд тооцож хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Орхон аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2015-06-16-ны өдрийн № 5/651 тоот прокурорын тогтоол, Г.Ганзориг,С.Батнэргүй нарын хооронд байгуулсан 2015-04-28-ны өдрийн гэрээ, 2015-03-08-ны өдрийн гэрээ,2015-03-11,2015-03-12,2015-03-13,2015-02-15,2015-02-17,2015-02-18,2015-03-19,2015-01-24-ний өдрийн гэрээнүүд /хх.9-17-р хуудас/, Г.Ганзоригийн бусдаас мөнгө зээлсэн тухай баримт / хх.39-40-р хуудас/,2014-07-09-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ / 41-45-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын 2015-06-16-ны өдрийн 5/651 дугаартай тогтоол / хх.7/,2015-04-28-ны өдрийн зээлийн гэрээ /8-р хуудас/,2015-03-08-ны өдрийн зээлийн гэрээ,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганзориг нь хариуцагч С.Батнэргүйд холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой мөнгө 40,002,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Отгонбаасайгаас татгалзаж хариуцагч С.Батнэргүйгээс дээрх мөнгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч С.Батнэргүйтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу түүний төлөх ёстой гүйцэтгээгүй үүрэг болох
Үндсэн зээл 24.100.000 төгрөг, 2 сарын хүү 3,852,000 төгрөг, алданги 12,050,000 төгрөг, нийт 40,002,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр С.Батнэргүй нь нэхэмжлэгч Г.Ганзоригоос 24.100.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 12%-ийн хүүтэй зээлж зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. / хх-ийн 8-р тал /
Хавтаст хэргийн 9-17-р хуудсанд 3015-03-08-ны өдөр 1.000.000 төгрөг,2011-03-11-ний өдөр 1.500.000 төгрөг,2015-03-12-ны өдөр 2.700.000 төгрөг,2015-03-15-ны өдөр 4.000.000 төгрөг,2015-02-15-ны өдөр 1.500.000 төгрөг,2015-02-17-ны өдөр 6.000.000 төгрөг,2015-02-18-ны өдөр 1.500.000 төгрөг,2015-03-19-ний өдөр 2.000.000 төгрөг,2015-01-24-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус 12%-ийн хүүтэйгээр зээлж авсан нийт 9-н удаагийн зээл авсан гэрээ авагдсан байна. Зохигчид нь дээрх эдгээр зээлийн гэрээнүүдийг нэгтгэн 2015-04-28-ны өдөр хүсэл зоригоо илэрхийлэн 24.100.000 төгрөгийг 2 сарын хугацаатай,сарын 12%-ийн хүүтэй зээлж зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, гэрээ байгуулсан талаар маргахгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь өмнө нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйгээ хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр дээрх гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч С.Батнэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: “...Намайг зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулахын тулд миний хүүхдийг барьцаалсан,гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс хүч хэрэглэж гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчээс 22.100.000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчийн “ ...2015 оны 03-р сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөг өгсөн” гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч нийт 24.100.000 төгрөг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан 2015-04-28-ны өдрийн хүчин төгөлдөр зээлийн гэрээг хариуцагч нотлох баримтаар няцааж чадахгүй байна.
Иймд хариуцагч С.Батнэргүйгээс 2015-04-28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 24.100.000 төгрөг, 2 сарын хүү 5.784.000 төгрөг,нийт 29.884.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7.280.000 төгрөгийг хасаж, үлдэх 22.604.000 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж тооцон нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2016-03-01-ний өдөр хүртэд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байхаар тооцож 11.302.000 төгрөг, нийт 33.906.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, урьд нь хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж хэргийн хугацаа алдагдаж, сунжрахад хүрсэн байна. Нэгэнт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дэмжиж оролцоогүй тул тэдний зүгээс санал болгосон гэрчийг асуулгах хүсэлтийг хангасныг өөрчлөн гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нь гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах, гэрчид талууд асуулт тавих тэгш эрх эдлүүлэх, мэтгэлцэх боломжгүй болсон байна.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.2,116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3,232.6-д заасаныг баримтлан хариуцагч С.Батнэргүйгээс 33.906.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.096.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
Монгол Улсын Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,158 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 327,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 3117 дугаар шүүгчийн захирамжийг энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдэхийг дурьдсугай.
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН