Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 29

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б.Н-,

   Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

   Шүүгдэгч П.П.Л-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Л-д холбогдох эрүүгийн 1818008550571 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.П.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

    Шүүгдэгч П.П.Л- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ““Д.М” ” ХХК-ний ажилчдын хувцас солих өрөөнөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Б.Н-ийн эзэмшлийн Samsung Galaxy G6  загварын гар утсыг хулгайлж 350 000 төгрөгний хохирол учруулсан болох нь

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Шүүгдэгч П.П.Л-ы өгсөн: 2018.10.30-ны орой ажил тараад бүгдээрээ хувцас солих өрөөнд орж хувцсаа сольсон. Б.Н-ийг хувцсаа сольж байхад нь халааснаас нь гар утас нь газар тайлаад тавьсан хувцсан дээр нь уначихсан. Би тэр үед Б.Н-ийн хажууд суугаад хувцсаа сольж байсан. Тэгээд гар утсыг нь унахаар нь сэмхэн аваад халаасандаа хийсэн. Намайг авахад гар утас нь унтарчихсан байсан. Б.Н-ийн утсыг авахад бусад ажилчид мэдээгүй. Би буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Б.Н-ийн гар утсыг биет байдлаар нь буцаагаад өгчихсөн. Дахиж ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг,

 

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч  Б.Б.Н-ийн өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 30-ны өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ очоод хувцсаа сольж үйлдвэрлүү орох гээд, хувцас солих өрөөнд орж хувцсаа солиод гар утсаа өмднийхөө халаасанд үлдээгээд хувцаснуудаа нэг торонд хийж амыг нь боогоод шүүгээнд хийж үлдээсэн. Үйлдвэр лүү ороод ажиллаж байгаад орой ажил тараад явах гээд хувцсаа солиод сууж байгаад гар утсаа үзэхэд миний гар утас алга болсон байсан гэх мэдүүлэг /хх 3, 23/,

Гэрч Б.Ч-н өгсөн: ...гэрт нь ороход гэрийх нь авдар дээр хар өнгийн Samsung маркийн гар утас байхаар нь сонирхоод энэ хэний утас юм бэ гэж П.Л-аас асуусан. Тэгтэл миний утас 900 000 худалдаж авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 25/,

Гэрч Ч.Х-н өгсөн: “...намайг ажил хийлгэсэн хүмүүс цалингаа өгөхгүй удаад байхаар нь хүүдээ түлээ нүүрсгүй боллоо цалин чинь хэзээ буух гэж байна гэж хэлсэн. Манай хүү П.Л- найзын өгсөн гар утас байгаа тэрийг ломбарданд тавиад  түлээ нүүрсээ авчих гэж хэлсэн. Цэрмаа надад би Улаанбаатар хот руу явах гэж байна. Надад зардлын мөнгө өгвөл өөрийнхөө нэр дээр барьцаанд тавиад өгье гэж хэлэхээр нь Дархан сумын 4 дүгээр баг 16 дугаар байрны ард байрлах “Золбоо” ломбарданд 120 000 төгрөгийн барьцаанд тавиулсан гэх мэдүүлэг /хх 26/,

 

   Гэрч Б.У-н өгсөн: 2018.11.30-ны өдөр манай Золбоо барьцаалан зээлдүүлэх төвд хар өнгийн Samsung J6 маркийн гар утсыг барьцаанд авахад ямар нэгэн гэмтэл байхгүй, 50 орчим насны хүн тавьсан болохоор хулгайн эд зүйл биш гэж бодсон. Тухайн үед ч тэр хүн манай хүүхдийн утас гэж хэлсэн. Манайхаас авсан 120 000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 27/,

   “Капитал Зууч” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Самсунг галакси жи 6 маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 7-8/, “Золбоо” барьцаат зээлийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №0203 барьцаат зээлийн гэрээ /хх19/, эд мөрийн баримтаар Золбоо барьцаат зээлийн газрын №0203 дугаартай барьцаат зээлийн гэрээ, Samsung Galaxy G6 гар утсыг хураан авсан тэмдэглэл /хх 20/, Samsung Galaxy G6  гар утсыг Б.Б.Н-ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 21/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч П.П.Л-ы дээрх үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Хохирогч Б.Б.Н- нь алдагдсан гар утсаа буцааж авсан болох нь хавтаст хэргийн 21-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.П.Л-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч П.П.Л- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

   Шүүгдэгч П.П.Л- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 56-58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 54/ тогтоогдож байна.

 

   Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

   Шүүгдэгч П.П.Л-ы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй байх бөгөөд энэ тогтоолоор шүүгдэгч П.П.Л-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "З.О" барьцаалан зээлдүүлэх газрын №0203 дугаартай Барьцаат зээлийн гэрээг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Баяд хошуу Пүрэвжавын П.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.П.Л-д хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч П.П.Л-ыг тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

   4.Хэрэгт эд мөрийн баримтаар авсан "З.О" барьцаалан зээлдүүлэх газрын №0203 дугаартай Барьцаат зээлийн гэрээг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

   5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.П.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ