| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0003/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/03 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/03
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгч Ц.Б, А.Д тэдгээрийн өмгөөлөгч С.Сансартуяа, Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ц-гийн Б, Х овгийн А-ын Д нарт холбогдох эрүүгийн 1827001140066 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Ц-гийн Б /РД: ........
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ............. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн А-ын Д /РД: ............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б, А.Д нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн нутгаас хохирогч Б.Д-ын 8 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2018 оны 05 дугаар сарын үеэр ямаа самнаад хөдөө А гэдэг айлд 2, 3 хоносон. Тэгээд би А.Д-ыг намайг чи Д гэдэг айлд хүргээд өг гэж хэлсэн. Намайг хүргэж өгөх гээд явж байтал Шар нохойтын хөтөл гэдэг газар тэр 7 тооны үхэртэй таарсан. Тэр үхэрнүүдийг бид хоёр 1 км орчим газар туугаад худаг дээр ус ууж байтал Г.Г-той таарсан. Тэгээд хоёулаа үхэрнүүдийг авахаа болъё гээд тэнд нь орхисон. Намайг Д гэдэг айлд хүргэж өгөөд би тэндээ үлдээд А.Д буцаад явсан...” гэв.
Шүүгдэгч А.Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Ц.Б хөдөө манай аавынд ямаа самнасан. Тэгээд А.Д-ыг Д гэдэг айлд хүргэж өгөх гээд явж байгаад үхэрнүүдтэй таарсан. Тэр үхэрнүүдийг 1 км орчим тууж явж байгаад худаг дээр орхисон. Бид 2 цаашаа Д гэдэг айлд Ц.Б-ийг хүргэж өгсөн. Тэгээд би буцаад аавынд очиж хоносон...” гэв.
Хохирогч 1949 онд төрсөн Б.Д мөрдөн байцаалтын шатанд 2018-07-02-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайхаас монголын нас гүйцсэн 6 тооны соёолон насны 2 тооны үхэр нийлсэн нийт 8 тооны үхрүүд бэлчээрээс 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө алга болсон. Ямар учраас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр алга болсон гэж ярих болсон гэхээр би тухайн өдөр өөрийнхөө 8 тооны үхрийг Хулгар гэх газарт явж байхад нь өөрийн нүдээр үзсэн тэр өдрөөс хойш олдохгүй болохоор Цагдаад бүртгүүлсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийнхөө 8 тооны үхрийг 2018 оны 06 дугаар сарын сүүлээр өнгө зүсээр бүрэн гүйцэд олсон. Тэгээд тухайн үхрийг хулгайн бузар орчихлоо гээд махлаж Улаанбаатар хотод зарсан. Би Доржбаатар буюу Барагаас 1.000.000 төгрөг дансаар авсан. Цаашид ямар нэгэн санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай нутгийн Ганаа “Хөх Шанд” гэх худаг дээр Ц.Б, А.Д нарыг ус уугаад сууж байхад очиж уулзсан байсан. Тэр үед Ц.Б, А.Д хоёр мотоциклтой явж байсан гэдгийг Ганаа надад хэлсэн. Тэр үед манай 8 тооны үхэр нутгийнханы нэрээр А гэж дуудаж нэрлэдэг хүний хаваржааны дэргэд байсан гэдгийг А хэлсэн. Тус өдрийн орой нар шингэх гэж байхад Агийн хаваржааны дэргэд байсан манай үхрийг мотоциклтой хоёр хүн зүүн тийш тууж явсан талаар А дурандсан байсан. Тэгж л Ц.Б, А.Д нарыг манай үхрийг тууж явсан талаар мэдэж цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх 28-35 дугаар хуудас/,
Гэрч 1979 онд төрсөн Ч.Ч мөрдөн байцаалтын шатанд 2018-07-02-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Будагтай 8 тооны эр үхэр хойш чиглэлтэй хөлөөрөө явж байсан. Тухайн үхрийг тус өдрийн орой нар шингэх үеэр мотоциклтой хоёр хүн зүүн хойш нь тууж явсныг би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2 дугаар баг “Цогийн худагт” байх өөрийн өвөлжөөний ойролцоо байдаг овоо дээрээс дурандсан. Намайг дурандахад 8 тооны улаан будагтай эр үхрүүд байсан. ...Нэг мэдсэн чинь тэр 8 тооны үхэр манай худгийн урд дээрээс гараад ирсэн. Тэр орой нар жаргах гэж байхад 2 хүн мотоциклтой тууж зүүн хойш нь авч явсан. Манай байсан өвөлжөөний тэндээс Төв аймгийн Дэлгэрхаан сум харагддаг. Тухайн үхрийг Дэлгэрхаан сумаас хойд зүг рүү тууж явсан. Чухам ямар зорилгоор тууж явсаныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 43-46 дугаар хуудас/,
Гэрч 1984 онд төрсөн П.Н мөрдөн байцаалтын шатанд 2018-03-25-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг Улаанбаатар хотод байхад Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн утсаар ярьсан нөхрөөс асуусан чинь бензин тосны мөнгө төгрөг нь байгаа юм. Мөнгө явуулчих гэж хэлсэн тэгэхээр нь тухайн хүний дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 49-50 дугаар хуудас/,
Гэрч 1977 онд төрсөн Г-ийн Г мөрдөн байцаалтын шатанд 2018-07-02-нд өгсөн мэдүүлэгтээ “...Худгаас хойш 8 тооны улаан будагтай эр үхрүүд байсан. Худаг дээр бол үхэр мал байгаагүй. Ц.Б, А.Д нар улаан өнгийн мотоцикл унаж явж байсан. Намайг худаг дээр байхад А.Д мотоциклийг унаж Ц.Б араар нь сууж явсан. Хаашаа явсан талаар нь мэдэхгүй. Орой нар жаргахын үед нөгөө миний өдрийн харсан улаан будагтай 8 тооны үхэр хойш чиглэлтэй цуваад явсан. Тухайн үед хүн туугаагүй үхэр хөлөөрөө явж байсан. Миний харсан 8 тооны үхрүүд улаан будагтай эр үхрүүд байсан. Одоо олон хоног өнгөрсөн болохоор сайн содон шинж тэмдгийн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 51-54 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9 дүгээр хуудас/,
- “Вендо” ХХК-ий хохирогч Б.Д-ын хулгайд алдсан малын үнэлгээ /хх 62-68 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б А.Д нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн нутгаас хохирогч Б.Дын 8 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Д-ын өгсөн “...Манайхаас монголын нас гүйцсэн 6 соёолон насны 2 тооны үхэр нийлсэн нийт 8 тооны үхрийг бэлчээрээс 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө алга болсон. Ямар учраас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр алга болсон гэж ярих болсон гэхээр би тухайн өдөр өөрийнхөө 8 тооны үхрийг Хулгар гэх газарт явж байхад нь өөрийн нүдээр үзсэн тэр өдрөөс хойш олдохгүй болохоор Цагдаад бүртгүүлсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийнхөө 8 тооны үхрийг 2018 оны 06 дугаар сарын сүүлээр өнгө зүсээр бүрэн гүйцэд олсон. Тэгээд тухайн үхрийг хулгайн бузар орчихлоо гээд махлаж Улаанбаатар хотод зарсан. Би Д буюу Б-гаас 1.000.000 төгрөг дансаар авсан. Цаашид ямар нэгэн санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай нутгийн Ганаа “Хөх Шанд” гэх худаг дээр Ц.Б, А.Д нарыг ус уугаад сууж байхад очиж уулзсан байсан. Тэр үед Б, А.Д хоёр мотоциклтой явж байсан гэдгийг Ганаа надад хэлсэн. Тэр үед манай 8 тооны үхэр нутгийнханы нэрээр А гэж дуудаж нэрлэдэг хүний хаваржааны дэргэд байсан гэдгийг А хэлсэн. Тус өдрийн орой нар шингэх гэж байхад А-гийн хаваржааны дэргэд байсан манай үхрийг мотоциклтой хоёр хүн зүүн тийш тууж явсан талаар А дурандсан байсан. Тэгж л Ц.Б, А.Д нарыг манай үхрийг тууж явсан талаар мэдэж цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх 28-35/, гэрч Ч.Ч-ийн өгсөн “...будагтай 8 тооны эр үхэр хойш чиглэлтэй хөлөөрөө явж байсан. Тухайн үхрийг тус өдрийн орой нар шингэх үеэр мотоциклтой хоёр хүн зүүн хойш нь тууж явсныг би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2 дугаар баг “Ц-ийн худагт” байх өөрийн өвөлжөөний ойролцоо байдаг овоон дээрээс дурандсан. Намайг дурандахад 8 тооны улаан будагтай эр үхрүүд байсан. ...Нэг мэдсэн чинь тэр 8 тооны үхэр манай худгийн урд дээрээс гараад ирсэн. Тэр орой нар жаргах гэж байхад 2 хүн мотоциклтой тууж зүүн хойш нь авч явсан. Манай байсан өвөлжөөний тэндээс Төв аймгийн Дэлгэрхаан сум харагддаг. Тухайн үхрийг Дэлгэрхаан сумаас хойд зүг рүү тууж явсан. Чухам ямар зорилгоор тууж явсанг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 43-46/, гэрч П.Н-ын өгсөн “...намайг Улаанбаатар хотод байхад Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн утсаар ярьсан нөхрөөс асуусан чинь бензин тосны мөнгө төгрөг нь байгаа юм. Мөнгө явуулчих гэж хэлсэн тэгэхээр нь тухайн хүний дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 49-50/, гэрч Г-ийн өгсөн “...Худгаас хойш 8 тооны улаан будагтай эр үхрүүд байсан. Худаг дээр бол үхэр мал байгаагүй. Б, Д нар улаан өнгийн мотоцикл унаж явж байсан. Намайг худаг дээр байхад А.Д мотоциклийг унаж Ц.Б араар нь сууж явсан. Хаашаа явсан талаар нь мэдэхгүй. Орой нар жаргахын үед нөгөө миний өдрийн харсан улаан будагтай 8 тооны үхэр хойш чиглэлтэй цуваад явсан. Тухайн үед бол хүн туугаагүй үхэр хөлөөрөө явж байсан. Миний харсан 8 тооны үхрүүд улаан будагтай эр үхрүүд байсан. Одоо олон хоног өнгөрсөн болохоор сайн содон шинж тэмдгийн талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 51-54/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, “Вендо” ХХК-ий хохирогч Б.Д-ын хулгайд алдсан малын үнэлгээ /хх 62-68/, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд “шүүгдэгч нар нь бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл тогтоогдоогүй, алдуул малыг тууж яваад орхисон тул алдуул малаар зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь бусдын олон тооны мал хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, алдуул гэж үзэх боломжгүй учир шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Б А.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ц.Б А.Д нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б, А.Д нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, тэдэнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Б.Д-т 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны товыг 88142476 дугаартай утсаар мэдэгдэхэд “Шүүх хуралд суухгүй, надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бөгөөд хохирогч Б.Д-ыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Ц-гийн Б, Х овгийн А-ын Д нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Т овгийн Ц-гийн Б, Х овгийн А-ын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч А.Д-т онгодуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Б, А.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-иас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 40.000 төгрөгийг,
шүүгдэгч А.Д-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 40.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б, А.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б, А.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН