| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0025/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 32
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч П.П.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.А-эд холбогдох эрүүгийн 1818009050006 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч П.П.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.П.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой 18-19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 16 дугаар байрны 65 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн хүү 11 настай А.А.Ч-ыг “гадуур тэнэж оройтлоо” гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, хэвлий, цээж, ар нуруу хэсэг, баруун, зүүн шуу, гуя, зүүн өгзөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.П.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ орой 17 цагийн үед ирсэн. Намайг гэрт ирэхэд манай хүү А.А.Ч- байхгүй байсан. Тэгэхээр нь би утас руу нь залгасан чинь утсаа гэртээ орхисон байсан. Би эхнэр Б.С.Б рүү ярьсан чинь хэсэг гэртээ хүлээхгүй юу гэхээр нь утсаа оролдож байгаад унтчихсан байсан. Гэтэл манай эхнэр С.Б над руу утсаар хажуу айлын хүний утсаар надтай ярилаа. Хажуу айлд дүүгийнхээ хамт байна гэхээр нь хажуу айлынхаас хүү А.Ч-ыг дүүгийнх нь хамт гэртээ дагуулж орсон. Тэгээд хаагуур тэнээд ирэв гэртээ яагаад эрт ирээгүй юм гэхэд манай ангийхан 330-р цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцаад оройтчихлоо гэж хэлсэн. Урьд нь нэг сарын өмнө бас манай хүү А.Ч- нь 330-р цэргийн ангитай танилцаж байна гээд оройтож ирж байсан. Тэгэхээр нь би түүнийг битгий худлаа хэлээд бай, ийм харанхуй шөнө болтол цэргийн ангитай танилцана гэж юу байдаг юм гэхэд үнэн ааваа. Би цэргийн ангитай танилцаад цэргийн анги үзсэн гээд гүрийгээд байхаар нь залгуурт залгаастай байсан Нокиа маркийн гар утасны хар өнгийн цэнэглэгчээр дал, нуруу, хөл, бөгс зэрэг рүү нь 6-7 удаа шавхуурдаж ороолгосон. Тэгсэн гараараа хаах үед нь нүүр хэсэг нь бас утасны цэнэглэгчинд цохигдсон. Тэгээд нүүр нь улайчхаар нь би ээж рүү нь утсаар А.Ч- надад худлаа хэлээд байхаар нь утасны цэнэглэгчээр ороолгосон чинь нүүр нь цохигдоод улайчихлаа гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр уурлаад чи хүүхэд зодлоо чамайг цагдаад хэлнэ гээд утасны цаанаас уурлаад байхаар нь би гараад явчихсан. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй миний буруу гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч А.А.Ч-ын өгсөн: 2018.11.23-ны өдөр 12 цагийн үед манай хичээл тараад би өөрийн төрсөн дүү А.Быг хичээлд нь хүргэж өгчхөөд манай анги өдөр 13:30 цагт цуглана гэхээр нь сургууль дээрээ очсон. Манай ангийхан сургууль дээрээ цуглаад ангийнхаа багшийн хамт 330-р цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцаад 15 цаг өнгөрч байхад тарсан. Дүү А.Быг тарахыг нь хүлээж байгаад тарахаар нь гэрийн даалгаврыг нь бичиж аваад гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэсэн чинь дотроос нь түгжчихсэн байсан. Хаалгаа нүдсэн боловч тайлахгүй байхаар нь хажуу айлдаа дүүгийнхээ хамт орсон. Ингээд 1 цаг гаруй болсон бөгөөд ээж рүүгээ залгаад байсан чинь манай ээж над руу залгахаар нь ээждээ хаалгаа тайлж чадахгүй байгаагаа хэлсэн. Тэгсэн нэлээн байж байтал манай аав П.А- хажуу айлын хаалгыг нүдээд гэр лүү дагуулж орсон. Манай аав гэртээ дотроосоо түгжээд унтчихсан байна лээ. Манай аав бага зэрэг согтуу байсан ба намайг гэртээ ороход хаагуур тэнээд байгаа юм бэ гэхээр нь 330-р анги руу ангиараа очиж цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцаад дүүгээ аваад ирлээ. Гадуур тэнээгүй гэсэн. Тэгсэн чинь манай аав худлаа яриад бай гээд гэрийн орны хажууд байдаг залгуурт байсан утасны цэнэглэгчийг аваад миний нүүр рүү нэг удаа, дараа нь гэдэс рүү нэг удаа, баруун гарын шуу руу нэг удаа, хоёр хөлийн гуя руу нэлээд олон удаа, нуруу руу нэг удаа, бөгсөн дээр хоёр шавхуурдаж цохиж зодсон. Мөн нэг удаа зүүн талын хацар руу алгадсан. Тэгж байтал аав ээж рүү утсаар яриад би А.Ч-ыг зодож байна чам шиг худлаа ярьдаг болсон байна гэж хэрэлдэж байгаад гараад явчихсан. Удалгүй 10 орчим минутын дараа цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх 21-22/,
Гэрч О.Ш-н өгсөн: 2018.11.23-ны орой 18 цагаас шөнийн 02 цаг хүртэл хугацаанд би 73 чиглэлд буюу Дархан сумын 4, Өргөө багийн нутаг дэвсгэрт дэд ахлагч Ц-н хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тус хугацаанд 19 цагийн үед цагдаагийн газрын жижүүрээс Дархан сумын Өргөө багийн 16-р байрны 65 тоотод аав нь хүүхдээ зодоод байна гэсэн дуудлагын дагуу очиход 8-11 насны хоёр хүүхэд байсан. 11 настай хүүхдийнх нь зүүн талын нүдний доор нь улайж хавдсан байсан. Түүнээс яагаад нүд чинь улайж хавдсан юм бэ гэхэд манай аав П.А- намайг гадуур тэнэлээ гээд зодсон гэж ярьсан. Юугаар зодсон талаар тодруулахад жижиг нарийхан утастай гар утасны цэнэглэгчээр цохиж зодсон гэж хэлсэн. Гадуур хувцсыг нь тайлуулж үзэхэд хоёр хөлний гуяны гадна хэсэг, хонго, хоёр хөлийн тахим хэсэг дээр улайж гүвдрүүтсэн байдалтай байсан гэх мэдүүлэг /хх 23/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.А.А.Ч-ын биед хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, хэвлий, цээж, ар нуруу хэсэг, баруун, зүүн шуу, гуя, зүүн өгзөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 28/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-7/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 8-9/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх10-14/, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх 15/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 16/, хүүхдийн биед үзлэг хийсэн тухай эмчийн тодорхойлолт /хх 26/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд"-ийг,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар "хамтран амьдарч байгаа хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй"-г бие махбодын хүчирхийлэл гэж ойлгоно гэсэн бөгөөд,
Шүүгдэгч П.П.А- нь өөрийн хүү А.А.Ч-ыг гадуур тэнэж оройтлоо гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, хэвлий, цээж, ар нуруу хэсэг, баруун, зүүн шуу, гуя, зүүн өгзөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.П.А- нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч П.П.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч П.П.А-эд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн нокиа гэсэн бичигтэй гар утасны 1 ширхэг цэнэглэгчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон Пүрэвсүрэнгийн П.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.П.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.П.А-эд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч П.П.А- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн нокиа гэсэн бичигтэй гар утасны 1 ширхэг цэнэглэгчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.П.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ