| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0029/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 35
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн 1818000000580 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 1 дүгээр хэсгийн 1-8 тоотод хамтран амьдрагч Д.Б.П-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутгалж, эрүүл мэндэд нь цээжний баруун өмнө хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.О.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: Бид хоёр хоёулаа согтуу байсан. Тухайн үед Б.П- архиндаа согтоод тасарчихсан байх шиг байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод, элдэв бусаар хараагаад байхаар нь миний уур хүрээд тэсэхээ байгаад хутгаар хатгачихсан. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Б.П-ы өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдөр О.Б- бид хоёр хамт явж байгаад О.Б-ийн хоёр найзтай таарсан. Тэгээд бид дөрөв архи уусан. Биржийн тэнд Д.А гэх найзтайгаа таараад түр оршин сууж байсан Дархан сумын 15-р багийн 1-р хэсгийн 1-8 тоот гэр рүүгээ явсан. Тэгээд бид гурав манай гэрт очоод 0.5 гр-тай архи уусан. Тэгээд архи уучхаад би О.Б-тай маргалдсан юм уу, сүүлд сонсоход хэл амаар доромжилсон гэж байсан. Би санахгүй байгаа. Нэг мэдсэн манай хэсгийн байцаагч ороод ирчихсэн, намайг эмнэлэг авч явсан. Эмнэлэг дээр очиход баруун талын суганы доогуур хөндүүрлээд, О.Б- намайг хутгалсан байсан. Тэгээд тариа хийлгээд оёдол бас тавиулсан. Тухайн үед О.Б-ийг эрүүлжүүлэх байр руу авч явсан. Би ер нь архи уухаараа агсан зан гаргаад О.Б-ийг хэл амаар доромжлоод байдаг юм шиг байна лээ. Тэрийгээ өөрөө санадаггүй юм. Эрүүл болсон хойно О.Б- надад хэлдэг. Одоо биеийн байдал сайн байгаа. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 14-15/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.Д.Б.П-ы биед цээжний баруун өмнө хэсгийн шарх тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Д.Б.П-ы биед тогтоогдсон гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 20/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/, Хэргийн газрын схем зураг /хх-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 10/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 45-47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд" хамаарах бөгөөд шүүгдэгч О.Б-, Д.Б.П- нар нь 2 жил гаруй хугацаанд хамтран амьдарч байгаа болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх хуулийн үйчлэлд хамаарах этгээд мөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар "хамтран амьдарч байгаа хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй"-г бие махбодын хүчирхийлэл гэж ойлгоно гэсэн бөгөөд,
шүүгдэгч О.Б- нь хамтран амьдрагч Д.Б.П-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж, элдэв бусаар хараасан гэх шалтгаанаар хутгалж, эрүүл мэндэд нь "цээжний баруун өмнө хэсгийн шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б- нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч О.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч О.Б- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 40-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39/-аар тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч О.Б-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй 22 см урт, 1.5 см өргөнтэй төмөр хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон Ониогийн О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.О.Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй 22 см урт, 1.5 см өргөнтэй төмөр хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ