Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2016/00719/И |
Дугаар | 00748 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-13-61 тоотод оршин суух, Тайган баян овгийн Баасанжавын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг,Баян-Өндөр сум, Наран баг, 54-2 тоотод оршин суух, Борнууд овгийн Довдондоржийн Болормаа
Хариуцагч: Орхон аймаг,Баян-Өндөр сум, Их залуу баг, Хабитатын 9-10-16 тоотод оршин суух, Пүрэвдоржийн Баярмагнай нарт холбогдох зээлийн төлбөр 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016-04-27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, хариуцагч Д.Болормаа, П.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Алтанцэцэг миний бие Д.Болормаа гэдэг хүнтэй танил юм. Надаас Болормаа Алтаа эгчээ та надад мөнгө өгөөч би удахгүй буцаагаад хүүгийн хамт бодоод өгнө гээд байхаар нь өөртөө байсан мөнгөн дээрээ тэтгэвэрээ нэмж зээл аваад 3,000,000 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай 2015-10-24-ний өдөр зээлдүүлсэн боловч тохирсон хугацаа өнгөрөөд одоо болтол өгөөгүй өдий хүрсэн. Мөнгөө авах гээд очихоор ямар нэгэн шалтаг хэлээд өгөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Хуулийн дагуу шийдэж Д.Болормаагаас 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Миний бие Д.Болормаа нь Наран багийн иргэн.Би Б.Алтанцэцэг эгчээс 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. 2,000,000 сая төгрөгний хүүнд 660,000 төгрөгийн хүү төлсөн. Эдийн засаг хямарсан учраас бид хоногийн хоолгүй хонож байна. Бт энэ мөнгийг авсан учир төлөх нь үнэн. Харин илүү сая төгрөгийг иргэн Баярмагнайд 3 хувааж 11-24-ний өдөр 300,000 төгрөг, 400,000 төгрөг, 300,000 төгрөг тус тус Алтанцэцэг өөрийн биеэр тоолж өгсөн гэдэг. Би хараагүй, үзээгүй учраас сайн мэдэхгүй байна. Би 2 сая төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 1-нээс ажилд ороод төлөх болно гэжээ.
Хариуцагч П.Баярмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :Миний бие Баярмагнай нь Алтанцэцэг эгчээс 1,000,000 сая төгрөгийг авсан нь үнэн. Би энэ мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Би энэ мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 1-нээс төлнө гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Алтанцэцэгийн иргэний үнэмлэх, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь хариуцагч Д.Болормаа, П.Баярмагнай нараас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэхээр буюу үндсэн зээл 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Болормаад 2015-10-24-нд 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, хариуцагч П.Баярмагнайд 2015-11-02-ны өдөр 400,000 төгрөг, 2015-11-7-нд 300,000 төгрөг, 2015-11-19-нд 300,000 төгрөг нийт 1,000,000 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр тус тус хугацаагүйгээр зээлдүүлсэн гэдаг дээр талууд маргахгүй байх бөгөөд хариуцагч Д.Болормаа 2,000,000 төгрөгийг, хариуцагч П.Баярмагнай 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрлийг үл харгалзан шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.1, 116.118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-д заасаныг баримтлан хариуцагч Д.Болормаагаас 2,000,000 төгрөг, хариуцагч П.Баярмагнайгаас 1,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасаныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Болормаагаас 46,950 төгрөг, хариуцагч П.Баярмагнайгаас 28,550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Иргэний давж заалдах шатны 7 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН