| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 226 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Б.Чимгээ,
Шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б д холбогдох эрүүгийн 1806 07380 0042 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дархан аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн засварчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “ ” бааранд хамгаалагчаар ажилладаг, Дархан-Уул аймгийн Дархан тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 604 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, М.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника" бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Ч.Энхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Энхсайханы өгсөн мэдүүлэг /хх-12-16/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10950 дугаартай дүгнэлт /хх-18/, М.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47-48/, шүүгдэгч М.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, шинээр хөдөлмөрийн гэрээ 1 хуудас, бусад баримт болох 3 хуудас нийт 4 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника" бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Ч.Энхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Энхсайханы өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” бааранд өөрийн найз Учрахзаяагийн төрсөн өдрийг тэмдэглэж Даваадорж, Батцэнгүүн нарын хамт байж байгаад Батцэнгүүн түрүүлээд удаагүй явсан. Би Учрахзаяа, Даваадорж нарын хамт нэг ширээнд суугаад үйлчлүүлж байсан. Пивоо уугаад сууж байтал нэг эмэгтэй зөөгч ирээд “өөр ширээнд суучих” гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйн араас ууж байсан пивоо бариад боссон. Бид нарын сууж байсан ширээнд өөр хүмүүс суулгана гэснээс болж бид маргалдсан. Бид 3 гарч тамхи татаж байгаад эргэж орж ирэхдээ би баарны үүд хэсэгт сууж байсан махлаг саарал тамирын хослол өмссөн хамгаалагч гэх залуугийн хөл дээр санамсаргүй гишгэсэн. Би тэр залуугаас уучлалт гуйгаад гар барих гэтэл арагш түлхсэн. Тэр залуутай маргалдаж барьцалдаад шат руу буухад тэр залуу шатны хэсэг дээр намайг хавсарч унагаасан. Би газарт унаад босоод ирэхэд миний толгойноос цус гарсан байсан.” /хх-12-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Учрахзаяагийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” бааранд найз Энхсайхан, Даваадорж, Батцэнгүүн нар нь миний төрсөн өдрийг тэмдэглэхээр ирж үйлчлүүлсэн. Тэгээд гарч явахдаа Энхсайхан үүдэнд сууж байсан нилээн биерхүү, бүдүүн, халзандуу толгойтой, 26 орчим насны саарал өнгийн биеийн тамирын хувцастай, цагаан гуталтай залуугийн хөл дээр нь гишгэсэн. Үүнээс болж маргаан гараад Энхсайханыг нөгөө бүдүүн залуу чирж оруулаад хавирч унагаасан. Энхсайхан босч ирэхэд унасан газар нь цус болсон байсан. Тэгээд нөгөө бүдүүн залуу Энхсайханыг 00 авч ороод хавирч унагаад маргаад байсан. Тгэж байтал нэг залуу ирээд бид нарыг “гар” гээд гаргасан.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Б ы яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” /хх-47-48/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10950 дугаартай дүгнэлтэд:
1. Ч.Энхсайхан-н биед зулайн хуйханд няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, цус хурал-гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй.” /хх-18/ гэх дүгнэлт,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/,
-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-49/,
-Шүүгдэгч М.Б ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Б ы 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника" бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Ч.Энхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч М.Б д ял шийтгэл оногдуулахдаа цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Ч.Энхсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгээ гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг шүүхээс шүүгдэгч М.Б д ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Б ыг 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Б нь шүүхээс оногдуулсан 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС