Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00864

 

Т.Аманжулын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан,Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00123 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Т.Аманжул,

Хариуцагч : С.Дэнсмаа,

Нэхэмжлэлийн шаардлага : 3.328.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013.8.06-ны өдөр 3.300.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдэж авсан. Энэ мөнгийг бэлнээр надаас авсан бөгөөд 2013.12.07-нд Хаан банкин дахь өөрийнхөө дансандаа 400.000 төгрөг, 2013.12.10-нд 200.000 төгрөг, 2013.12.14-нд 250.000 төгрөг, 2013.12.25-нд 20.000 төгрөг, 2014.01.11-нд 500.000 төгрөг, 2014.01.25-нд 300.000 төгрөг, 2014.01.30 нд 300.000 төгрөг, 2014.02.12-нд 30.000 төгрөг нийт 5.300.000 төгрөг надаас авсан. Энэ мөнгөнөөс хүү Б.Баянмөнхийнхөө виза картыг надад өгснөөр уг виза картаар нь би 1.972.000 төгрөг авсан. С.Дэнсмаагийн өөрийн хүү Б.Баянмөнхийнхөө хамт анх над дээр ирж байсан бөгөөд дээрхи дансаар л надаас мөнгө авдаг байсан учир би хүү Б.Баянмөнхтэй нь зээлийн гэрээг /бүх мөнгөө нийлүүлж нэгтгээд/ 2014.8.25-ны өдөр 5.800.000 төгрөг өгсөн гэсэн гэрээг хийж байсан боловч дээрхи мөнгийг аваагүй гэснээр шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэтэл надаар мөнгө хийлгэсэн байсан данс нь С.Дэнсмаагийн данс болохыг шүүх хурлаас хойш олж мэдлээ. С.Дэнсмаагаас авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 3.328.000 төгрөгийг гаргуулан авна. Иймд С.Дэнсмаагаас 3.328.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Дэнсмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Аманжул гэдэг эмэгтэйг би урд өмнө таниж мэдэхгүй. Гэрэлмаа гэдэг хүүхэнтэй машинд ээжийнх нь гэрийн гадаа надыг дуудаж хорхой өвсний сүлжээнд оруулна, 7 хоногт 40 сая төгрөгийн боломжтой сүлжээ би энд хүмүүс оруулж байгаа, та хүүхэд, ахан дүүсээ оруул, би мөнгийг нь өгье гээд миний хүүхдийн Худалдаа хөгжил банкны виза картыг барьцаалж аваад 2 сая төгрөгийг өгсөн. Ингээд би өрний сүлжээнд орсон. Манай хүү Б.Баянмөнх 9 дүгээр сарын 05-нд цалин бонус ороход хэрэгцээний мөнгийг нь би өөрийнхөө 5090054016 гэсэн данс руу шилжүүлж авч бид нар хоол хүнс хэрэгцээний юмыг авдаг байсан. Ингээд би барьцаанд 10 хувийн хүүтэй мөнгөнд орчихоод Худалдаа хөгжил банкнаас 12 дугаар сард 2015 онд цалингийн зээл нэмж авч бүх өрөө өгсөн. Ингээд энэ эмэгтэй саяхан Р.Үүрийнтуяа гэдэг шүүгчтэй Т.Аманжул бид 2 шүүх хуралдаанд орсон. Би С.Батмөнх-Очир гэдэг өмгөөлөгч авч шүүх хуралдаанд орсон. Шүүх надаас нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгч С.Батмөнх-Очир хуралдаанд оролцоогүй. Ингээд бид нар Т.Аманжулаас авлагатай байтал эргээд төлбөрийн өрөнд орсон. Цалингаас 50 хувиар суутгаж авчихсан байна. гэтэл Т.Аманжул дахин шүүх хуралдаанд миний цалингийн үлдэгдэл бид авахаар дахин 5096054016 дансанд хийсэн мөнгө авна гээд бас нэхэмжилсэн байна. Иймд залилангийн шинж чанартай асуудлыг салгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00123 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Дэнсмаагаас 3.328.000 төгрөг гаргуулж Т.Аманжулд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.198 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Дэнсмаагаас 68.198 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай магадлал гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би нэхэмжлэгчийг огт танихгүй бөгөөд М.Гэрэлмаа гэгчтэй хамт ирээд хорхой өвсний сүлжээнд оруулья, ах, дүүс, хүүхдээ энэ сүлжээнд оруулчих, би мөнгийг нь өгье гээд миний хүүгийн виза картыг барьцаалж 2 сая төгрөгийг зээлүүлсэн нэр зүүж, хорхой өвсний сүлжээнд орууллаа гээд компьютерт бүртгэсэн юм. Үүнээс хойш хүү Б.Баянмөнхийн картнаас сар бүр зээлийнхээ 10 хувийг тооцож аваад цалингийн үлдэх хэсгийг нь миний данс хуу шилжүүлдэг болсон юм. Гэтэл одоо нэхэмжлэгч нь надаас мөнгө нэхэмжлэхдээ миний хүүгийн цалингийн картыг барьцаалж цалинг нь аваад өөрийнхөө авах ёстой мөнгө гэж тооцож авсаны зөрүү мөнгө шилжүүлж авсан баримтаа нотлох баримт болгон надаас авах ёстой мэтээр нэхэмжилж байгааг би огт зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх энэ байдлыг харгалзаж үзээгүй, 3.328.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтад ул суурьтай, үнэн зөв дүгнэлт хийгээгүй, миний хүүгийн эрх ашиг зөрчигдсөн. Энэ асуудлыг урьдаас тохирсон залилангийн гэмт хэрэг гэж үзэж үздэг ба одоо Орхон аймгийн Цагдаагийн газарт М.Гэрэлмаа, Т.Аманжуль нарыг залилангийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэрэгт нэгтгэн шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй буюу 2017.36.24-ний өдөр тархины хорт хавдартай хүүхдээ харж, хуралдаанд ирж чадаагүй байтал намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Т.Аманжул шүүхэд нэхэмжлэл гаргаж С.Дэнсмаад зээлүүлсэн нийт 5.3 сая төгрөгөөс буцааж авсан 1.972.000 төгрөгийг хасаж, үлдэх 3.328.000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.  

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

 Хариуцагч С.Дэнсмаагийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хуулийн 39, 42, 43, 281 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл амаар эсхүл бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэх, зээлдэгч нь гэрээний зүйлийг хүлээн авч, тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх “мөнгө шилжүүлсэн тухай банкны дансны хуулга...”-г  үндэслэн Т.Аманжул С.Дэнсмаад мөнгө зээлүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцээгүй байна.  

Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийг хангахдаа Т.Аманжул “...2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид 3.300.000 төгрөг бэлнээр өгсөн байх бөгөөд С.Дэнсмаа уг мөнгийг хүлээн авч, төлнө гэсэн бичиг хийж өгсөн байна...” гэж үзсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна. Хэргийн 81, 82 дугаар талд буй “...Дэнсмаа Батмөнхийн ээж Дэнсмаа 2013 оны 8 дугаар сарын 06 нд 3.3.000 сая төгрөг авсан үнэн болно. Виза картаар мөнгө авахыг зөвшөөрөв...” гэсэн Орхон аймгийн шүүхийн архивын  “хуулбар үнэн” гэсэн дардастай баримт энэ хэрэгт холбоотой гэж үзэх үндэслэлийг шүүх шийдвэртээ дурдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00123 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШЗ2017/02016 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ