Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 76

 

 

               Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр магадлалтай Д.Б-д холбогдох эрүүгийн 2018000000294 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, хэрэгт холбогдох үедээ “Их мөнх наран” ХХК-ний Дархан-Уул аймгийн Дархан 11 дүгээр салбарын захирлаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй Б овогт Д-ын Б

Д.Б нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зээлийн төвийн салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “Их мөнх наран” ХХК-ний итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг буюу бэлэн мөнгийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12,458,930 төгрөгийн хохирол учруулж залилсан,

мөн хугацаанд албан тушаалын байдлаа ашиглан Ж.М-ийн 188,000 төгрөг, Г.Г-ийн 360,000 төгрөг, Н.Э-ийн 376,000 төгрөг, О.Ж-ын 188,000 төгрөг, Л.О-ийн 288,000 төгрөг, К.Д-ийн 477,030 төгрөг, Б.М-ын 188,000 төгрөгийг тус тус итгэмжлэн хариуцуулсныг Төрийн банкнаас үргэлжилсэн үйлдлээр авч нийт 2,065,030 төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих, 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж 84 дүгээр магадлалаар прокуророос шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан гэж өөрчлөн зүйлчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дугаар заалтыг “...шүүгдэгч Д.Б-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”,

шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 416,666 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.”  гэсэн заалт нэмж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ч.М бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүх хэргийн хохирогч нь зөвхөн “Их мөнх наран” ХХК, өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн хоёр үйлдэлд албан тушаалын байдлаа ашигласан байна гэж үзэж шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлаагүй прокурорын яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Б нь “Их мөнх наран” ХХК-ний “68” зээлийн төвийн салбарын захирлаар ажиллах байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан хуурамч бичиг баримт ашиглан зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, мөн албан тушаалын байдлаа ашиглан “Их мөнх наран” ХХК-ний “68” зээлийн төвөөс халамжийн мөнгө барьцаалж зээл авахдаа түүнд олгосон итгэмжлэлийг ашиглан “Төрийн банк”-аас үргэлжилсэн үйлдлээр тэдгээр иргэдийн халамжийн мөнгийг авч “68” зээлийн төвд тушаах ёстой мөнгө, эд хөрөнгийг хувьдаа завшсаны улмаас 2,065,030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөн шүүгдэгч Д.Б нь “Их мөнх наран” ХХК-ний “68” зээлийн төвийн салбарын захирал ажил албан тушаалыг эрхэлж байсан ба ажил үүргийн хувьд гэрээ байгуулах, өөрийн нэр дээр итгэмжлэл гаргуулах, итгэмжлэлийн дагуу иргэдийн зээлийг өөрийн биеэр хүлээн авч зээлийн төлөлт хийх зэрэг нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогддог. Түүний эд хөрөнгө хариуцах болсон шалтгаан, үндэслэл, бусдын эд хөрөнгийг авч буй үйлдлийн арга, сэдэлт зэргээс үзэхэд албан тушаалын байдалтай нягт холбоотой өмчлөх эрхийн эсрэг тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр эсэргүүцэл гаргав” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Д.Б-д холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх Д.Б-ын албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Их мөнх наран” ХХК-д 12,458,930 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж 2,065,030 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүх Б-ын дээрх хоёр үйлдлийн улмаас “Их мөнх наран” ХХК-д учирсан хохирол, үйлдэл хийсэн арга хэлбэрийн хувьд зөвхөн түүнд олгогдсон салбарын захирлын албан тушаалаа ашигласан нэг үйлдэлд нь хуурамч бичиг баримт, нөгөө үйлдлийг захирлын хувьд  эрх хэмжээ итгэлийг урвуулан ашиглах, залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байхаас гадна Эрүүгийн хуулийн 17.3-т заасан гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр зохицуулсан бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-т заасан гэмт хэргийг буюу итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжтэй байхад прокуророос хоёр зүйл ангиар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх энэ зүйл ангиар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Д.Б-ын хоёр үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Д.Б-ын хувьд хэнийг хуурч залилан мэхэлсэн нь ямар хуурамч бичиг баримт үйлдсэн, хэний 12,000,000 төгрөгийг залилан мэхэлсэн гэм буруутай үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжтэй гэхдээ 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд прокурор өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тус тусад нь зүйлчилж ял өөрчлөн сонсгосон  нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн материалаас харахад 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б1997 дугаартай тушаалаар Д.Б нь 11 дүгээр салбарын үндсэн ажилтнаар томилогдсон. Шийдвэрт тусгагдсан захирлаар ажиллаж байсан гэсэн нь хэргийн материал дотор тодорхой харагдахгүй байгаа. Энэ өдрөөр захирлаар томилогдсон гэдгийг хохирогч Д мэдүүлдэг. Захирлаар томилсон тушаал хэрэгт байхгүй байгаа. Ийм учраас нэгэнт прокурор 12,000,000, 2,000,000 тус тусад нь хохирлыг өөр, өөр зүйл ангиар зүйлчилж шилжүүлсэн учраас хэргийг прокурорт буцааж зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн үүднээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг билээ.

Тухайлбал, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой юм.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох бол дээрх үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны эрх мэдэл, тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ашиглан өөрт нь хариуцуулан өгөөгүй бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ.

“Их мөнх наран” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын үүргийг гүйцэтгэж байхдаа Д.Б нь уг компаниас зээлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрт нь итгэмжлэгдэн олгосон мөнгөн хөрөнгөнөөс урьд нь зээл авч байсан хоёр иргэний баримт бичгийг ашиглах, өөр хүний нэр дээр зээл авах зэргээр 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд 12,458,930 төгрөгийг өөртөө авснаас гадна халамжийн орлогоо барьцаалж тус салбараас зээл авсан 7 иргэний 2,065,030 төгрөгийг Төрийн банкнаас итгэмжлэлээр мөн хугацаанд авснаа зээлийн эргэн төлөлтөнд тухайн салбарт тушаалгүйгээр хувьдаа ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрнээ хангасан байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг залилсан болон завшсан гэж үзэж давхар зүйлчлэх, түүнчлэн түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж дангаар зүйлчлэх зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Учир нь шүүгдэгчид итгэмжлэн хариуцуулж өгсөн бусдын мөнгөн хөрөнгөөс тэрээр хууль бусаар хувьдаа авсан, түүнчлэн итгэмжлэлээр олгогдсон эрхийг урвуулан зээлийн төлбөрт төлөгдөх ёстой бусдын мөнгийг ашигласан түүний үйлдлүүд нь өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх (урьд үүсгэсэн зээлийн өрийг барагдуулсан гэж шүүгдэгч мэдүүлсэн) санаа зорилгоор энэ хүрээнд хэрэгжсэн тул эдгээрийг хэд хэдэн үйлдлээс бүрдсэн нэгдмэл нэг гэмт хэрэгт тооцох нь хуульд нийцэх юм.

Иймд энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахын зэрэгцээ шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан хоёр төрлийн ялаас торгох ялыг сонгон хэрэглэхээр хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгчийн цагдан хоригдсон 61 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээтэй дүйцүүлэн нийт 915,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцов.

Хяналтын шатны шүүх торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул энэхүү шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан ердийн журмаар гүйцэтгэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан гэж өөрчлөн зүйлчилсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилсүгэй”,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Б овогт Д-ын Б-ын албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Д.Б-ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

Мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-ын цагдан хоригдсон 61 хоногийн нэг өдрийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээтэй дүйцүүлэн тооцож, нийт 915,000 төгрөгийг хасч, түүний биелүүлбэл зохих торгох ялын хэмжээг 9,085,000 төгрөгөөр тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Магадлалын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 3, 4 дахь заалтыг хүчингүй болгосон магадлалын 2 дахь заалтын тэр хэсэг болон бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                           Ч.ХОСБАЯР