Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 113/ШШ2017/0002

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Эм Жи Би” ХХК

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар;

Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн үйлдсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09-06-010/102, 09-06-010/103 дугаартай улсын байцаагчийн акт илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дамбийжанцан, Б.Анхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хурандаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.Болорцэцэг, нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эм Жи Би” ХХК-ийн захирал М.Төрмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Говьсүмбэр аймгийн иргэн Жамц овогтой Мөнхсайхан нь манай компанийн Чойр дахь салбарт ковшийн операторчинаар ажиллаж байгаад ажлаа хүлээлцэлгүйгээр өөрийн хүсэлтээр ажил орхин явсан учир түүний хүсэлтээр 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон юм. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн зөвлөснөөр мөн өдрөө Мэргэжлийн хяналтын газарт Ж.Мөнхсайхан өргөдөл гаргасан гэнэ.Ж.Мөнхсайхан ажлаас халагдсан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 118 хоногийн дараа буюу 3 сар 26 хоногийн дараа, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргажээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэх заалтны 3 сарын дотор гэсэн хөөн хэлэлцэх хугацааг даруй календарийн 26 хоногоор хэтрүүлсэн байна. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн явдал нь манай компанийн эрх ашгийг ч хөндөж байна. Нөгөө талаар Ж.Мөнхсайхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1-д заасан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх байгууллагад харьяалал зөрчин Мэргэжлийн хяналтын байгууллагад ханджээ. Хяналтын байгууллага /Улсын байцаагч/-нь өөрийгөө маргаан таслах байгууллага гэж андуурч, эдлэх ёсгүй эрхийг хууль бусаар эдлэснээрээ манай байгууллагын эрх ашгийг хөндөн албан тушаалын дарамт үзүүлж байна. Өргөдөл гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт шийдвэрлэнэ гэсэн хуулийн хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох ёстой атал энэ хугацаанд багтаж шийдвэрлэж чадсангүй. Харин “шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хоногоор нэмж сунгаж болно”  гэсэн хуулийн заалт ёсоор Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/32 тоот тушаалаар өргөдлийг шийдвэрлэх хугацааг нэг хоногоор хэтэрсний дараа үйлдсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шалгах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 4 дэх заалт болон 16 дугаар зүйлийг тус тус зөрчсөн шийдвэр гаргажээ. Цалин, ээлжийн амралтын олговортой холбоотой маргааны талаарх Улсын байцаагчаас шаардсан материалуудыг нь гаргаж өгсөөр байхад өргөдлийг шийдвэрлэхийн тулд түүнд хамааралгүй олон асуумж бүхий шалгалтын удирдамж гэх баримт  /Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас/-ын дагуу шалгахаар уг маргаан /гомдол/-д хамааралгүй элдэв төрлийн баримт материал шаардан эцэст нь “Их эрсдэлтэй” гэсэн үндэслэлгүй үнэлгээ өгснөөрөө албан тушаалаар дарамталж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналтын чиг үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхийн харьяалал бүхий хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг харьяалал зөрчин замаас нь шүүрэн авч шийдвэрлэдэг чиг үүрэггүй. Гэтэл бусдын ажлыг булаацалдан эрхээ хэтрүүлэн хууль зөрчиж байна. Хөдөлмөрийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09-06-010/102, 09-06-010/103 дугаар актны 2 дугаар заалт нь хөдөлмөрийн улсын байцаагчийн хяналтын чиг үүрэгтэй ямарч холбогдолгүй бөгөөд санхүү нягтлан бодох бүртгэлийн асуудал байх бөгөөд түүний дурдсан мөнгөний дүн нь бодит байдалд үл нийцэн, 10-аас ч илүү дахин их дүнтэй байгаа нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй үндэслэлгүй зүйл юм. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн гаргасан актыг эс зөвшөөрч шууд харьяалах дээд шатны албан тушаалтан болох Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/27 дугаартай албан бичгээр гомдлоо гаргасан. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хэлтсийн дарга бөгөөд улсын ахлах байцаагч Т.Энх-Амгалан манай гаргасан гомдлын мөрөөр Мэргэжлийн хяналтын газрын даргын 09-06-010/140 дугаар удирдамжаар хийсэн төлөвлөгөөт бус шалгалт, 09-06-010/102, 09-06-010/103 дугаар актуудыг хянаж 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09-06-016/01 дугаар улсын ахлах байцаагчийн шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр нь манай гомдлын агуулга, утга санааг ойлгоогүйгээр үл барам зөвхөн өөрийнхөө байцаагчийг хамгаалахад чиглэгдэж гэж ойлгогдож байна. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, Улсын ахлах байцаагч          Т.Энх-Амгалан  нь шударга ёс, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмаас гажиж Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчих нь юу билээ. Хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх журмыг мэдэхгүй нь юу л бол, харин хууль дээдлэх, мөрдөхийг хүсэхгүй байгаа нь шийдвэрийнх нь 1 ба 2 дахь заалтаас тодорхой мэдрэгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь захиргааны чиг үүрэгтэйгээс бус хөдөлмөрийн маргаан таслан шийдвэрлэх байгууллага биш гэдгээ дутуу ойлгоод ч байгаа юм шиг. /шийдвэрийнх нь 4 дэх заалт/, “Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас” нь маш олон асуумжуудтай, түүнээс Ж.Мөнхсайханы гомдолтой холбогдолтой нь ганцхан асуулт, түүнд өгсөн үнэлгээгээр хяналтын хуудасны бүх асуумжаар шалгасан мэтээр дүгнэж эцсийн үнэлгээ болох “Их эрсдэлтэй” гэснийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Мөнхсайханы тавьсан гомдлоос бусад асуудлаар манайх төлөвлөгөөт шалгалтын нэгэн адилаар шалгуулах эрх зүйн үндэслэлгүй. Б.Хурандаа тавьсан актуудынхаа 2-р заалтаар Ж.Мөнхсайханд олгосон ээжлийн амралтын олговор, цалинг тус тус өглөг хэлбэрээр тусгахыг нягтлан бодогчид хариуцуулсан гэх юм. Энэ Ж.Мөнхсайханд 3 сая гаруй төгрөгийг манайх  төлөхөөр байна.

Иймд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн үйлдсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09-06-010/102, 09-06-010/103 дугаартай улсын байцаагчийн акт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хурандаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн иргэн Ж.Мөнхсайханаас ирүүлсэн өргөдлийн дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтыг үндэслэн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09-06-010/140 дугаар удирдамжаар “Эм Жи Би” ХХК-д “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 506 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төлөвлөгөөт бус шалгалт хийх журам”-ийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэж, Ж.Мөнхсайханд олгоогүй байгаа 265209 төгрөгийг ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор, 169000 төгрөгийн цалин хөлсийг гаргуулахаар улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09-06-010/102, 09-06-010/103 дугаар актуудыг тус тус тогтоосон. Дээрх актууд болон “Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас”-ны их эрсдэлтэй гэсэн үнэлгээг “Эм Жи Би” ХХК-ийн захирал М.Төрмөнх эс зөвшөөрч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасанчлан 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай албан бичгээр гаргасан гомдолд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09-07-016/01 дугаар Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хугацаа нь манай байгууллагад бус хөдөлмөрийн маргаан таслах байгууллага /комисс/-д гомдол гаргах хугацаа. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нийтлэг үүргийн дагуу иргэн Ж.Мөнхсайханы өргөдөл, гомдол гаргах эрхийг нь хэрэгжүүлэх нөхцлийг бүрэн хангаж /зөвлөгөө өгсөн/, ээлжийн амралтын олговор болон цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1.2-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэнд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьдаг бөгөөд Ж.Мөнхсайханы өргөдөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан биш тул харьяалал зөрчөөгүй гэж үзэн өргөдлийг хүлээн авсан болно. 09-06-010/102, 09-06-010/103 дугаар актуудын 1 дүгээр заалтаар иргэн Ж.Мөнхсайханд олгоогүй байгаа цалин, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг тус тус олгож, нотлох баримтыг албан тоотоор ирүүлэхийг “Эм Жи Би” ХХК-ийн захирал М.Төрмөнх, нягтлан бодогч Б.Анхбаяр нарт хариуцуулсан. Харин актуудын 2 дугаар заалтын тухайд Ж.Мөнхсайханд олгосон цалин, ээлжийн амралтын олговрыг нягтлан бодох бүртгэлд авлага, өглөгөөр тусгахыг нягтлан бодогч Б.Анхбаярт хариуцуулсан ба биелэлт ирүүлэхийг шаардаагүй болно. Улсын ахлах байцаагч Т.Энх-Амгалан нь “Эм Жи Би” ХХК-ийн захирал М.Төрмөнхийн гаргасан гомдлын асуудал бүрийг хуулийн үндэслэлтэйгээр тайлбарлан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09-07-016/01 дугаар Улсын ахлах байцаагчийн шийдвэр гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.” Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан Төлөвлөгөөт бус шалгалт хийх журмын 4.4-д “... шалгалтад хяналтын хуудсыг ашиглах ба хяналтын хуудасны өргөдөл гомдолд дурдсан асуулт бүрээр шаардлага хангасан эсэхийг газар дээр нь шалгаж, тэмдэглэнэ” гэж тус тус заасны дагуу хяналт шалгалт гүйцэтгэсэн. Иймд “Эм Жи Би” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

            Гуравдагч этгээд Ж.Мөнхсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.Болорцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Жамц овогтой Мөнхсайхан миний би “Эм Жи Би” ХХК-ийн Чойр дахь салбарт ковшийн операторчноор 2014 оны 11 дүгээр сарын 10-наас 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Тус компаний захирал М.Төрмөнхөд ажлаас гарах хүсэлтээ 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бичгээр гаргаж өгсний дагуу 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр талбайн менежер Энхтөр болон дараагийн ажил хүлээж авах хүнийг байлцуулан өөрийн барьж байсан техник, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэн өгсөн. Үүний дагуу “Эм Жи Би” ХХК-ийн захиралын 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07/07-01 дугаар тушаал гарч компаний нягтлан бодогч Б.Анхбаярт цалин хөлс, төлбөр тооцоо хийж дуусгахыг үүрэг болгосон байдаг. Гэвч компани нь миний ажилласан хугацааны төлбөр тооцоог хийлгүй бүтэн 2 сар болсон. Ингээд миний бие нягтлан бодогч Б.Анхбаяртай 9 дүгээр сард 99021129 дугаартай утсаар холбогдож цалингийн дутуу, ээлжийн амралтын олговор хэзээ өгөх талаар асууж тодруулахад “компани ажиллахгүй түр хугацаагаар зогсолт хийж байгаа тул дараа сард багтаан өгнө” гэсэн тайлбар хийсэн. Гэвч энэхүү тайлбар хийсний дараа бүтэн 4 сар буюу 11 дүгээр сар болсон боловч төлбөр тооцоог хийж цалин хөлс олгоогүй. Иймд Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагаас зөвлөгөө авч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт өгөдөл гаргасан. Тус компаний ирүүлсэн нэхэмжлэл нь хуулийн дагуу иргэний цалин хөлсийг олгохоос илт зайлсхийсэн үйлдэл бөгөөд нэхэмжлэлийн 2 дугаар хэсгийн “ажилласан хугацааны дутуу цалин, ээлжийн амралтын олговор 3 сая төгрөг” гэж бичсэн байна. Энэ яаж бодохоороо ингэж гаргаж ирдэг юм бол. Миний цалингийн дутуу, ээлжийн амралтын олговор яаж ч байсан 3 сая төгрөг хүрэхгүй. Энэ нь үндэслэлгүй байна. “Эм Жи Би” ХХК нь миний ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговорыг өгөх хугацаандаа өгөлгүй тайлбар тавьж хугацааг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын байцаагчийн шийдвэрийг баталгаажуулж, ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг олгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Эм Жи Би” ХХК-ийн захирал М.Төрмөнх нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан тус газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн үйлдсэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09-06-010/102 дугаар “Ээлжийн амралтын олговор нөхөн олгуулах тухай”, 09-06-010/103 дугаар “Олгогдоогүй байгаа цалин хөлсийг нөхөн олгуулах” тухай актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Эм Жи Би” ХХК-ийн захирал М.Төрмөнх нь дээрх актуудыг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/27 дугаар албан бичгээр Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтыг газрын даргад хандан гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу тус газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Т.Энх-Амгалан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09-07-010/01 дүгээр шийдвэрээр маргаан бүхий актуудыг хуулийн үндэслэлтэй байна гээд шүүхэд гомдлоо гаргах эрхтэйг дурдсан байна.

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ж.Мөнхсайханаас ирүүлсэн өргөдлийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09-06-010/140 дугаартай удирдамжаар “Эм Жи Би” ХХК-д төлөвлөгөөт бус шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэжээ.

Ингээд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09-06-010/102 дугаар “Ээлжийн амралтын олговор нөхөн олгуулах тухай” актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нийт тооцсон 327419 төгрөгийн ээлжийн амралтын олговроос Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг үндэслэн даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 32741 төгрөг, цалин хөлснөөс суутгах татвар 29467 төгрөгийг тус тус суутган тооцож 265209 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ж.Мөнхсайханд нөхөн олгож, нотлох баримтыг албан тоотын хамт ирүүлэхийг “Эм Жи Би” ХХК-ийн захирал, нягтлан бодогч нарт актаар хариуцуулсан байх бөгөөд 2 дахь заалтаар Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.1-д “Аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө өр төлбөрөө Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж, данс бүртгэлд тусгана” гэж заасны дагуу 3077351 төгрөгийг нягтлан бодох бүртгэлд авлага, өглөгөөр тусгахыг нягтлан бодогч Б.Анхбаярт актаар хариуцуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дамбийжамцан шүүх хуралдаан дээр дээрх 09-06-010/102 дугаар актын тогтоох хэсгийн 2 дахь заалтад дурдсан 3077351 төгрөгийг авлага, өглөгөөр тусгаж Ж.Мөнхсайханд олгох боломжгүй бөгөөд тус актын тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан хэмжээг даруй 9 гаруй дахин нэмэгдүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар тус акт нь утга агуулгын илэрхий алдаатай акт гаргасан гэж маргажээ.

Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаварын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын илэрхий алдаатайд тооцож болно гэж үздэг тул дээрх маргаан бүхий актын хувьд тогтоох хэсгийн 1 дэх заалт нь 2 дахь заалттайгаа зөрчилдөж ойлгомжгүй байдал үүсгэхийн сацуу тус актын тогтоох хэсгийн 2 дахь заалтад үнийн дүнг илтэд өсгөж тооны алдаа гаргасан, уг актын хавсралтад заасан үнийн дүнгээс илтэд зөрүүтэй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байх тул тус акт нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээр байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ уг актын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан үнийн дүн нь алдаатай бичигдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Төрийн хяналт шалтгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна” гэж заажээ.

Маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09-06-010/103 дугаар “Олгогдоогүй байгаа цалин хөлсийг нөхөн олгуулах” тухай актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “олгоогүй байгаа  169,0 мянган төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор Ж.Мөнхсайханд олгож нотлох баримтыг албан тоотын хамт ирүүлэхийг “Эм Би Жи” ХХК-ийн захирал, нягтлан бодогч нарт актаар хариуцуулж, 2 дахь заалтаар Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.1-д “Аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө өр төлбөрөө Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж, данс бүртгэлд тусгана” гэж заасны дагуу 169,0 мянган төгрөгийг нягтлан бодох бүртгэлд авлага, өглөгөөр тусгахыг нягтлан бодогчид хариуцуулжээ.

Гэвч уг актын тогтоох хэсгийн 2 дахь заалтад удирдлага болгон заасан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль нь маргаан бүхий актыг гарах үед хуулийн хүчин төгөлдөр байж чадаагүй буюу 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон байх бөгөөд тухайн цаг үед Нягтлан бодох бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байжээ. Иймд утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэдэг нь захиргааны байгууллагын алдаа нь ноцтой алдаа байх, хэн ч харсан илэрхий алдаатай байх тохиолдол хамаарах бөгөөд маргаан бүхий дээрх 2 актыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг

хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн гуравдагч этгээд Ж.Мөнхсайхан нь уг асуудлаар Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн хяналтын газарт хуульд заасан журмын дагуу өргөдлөө гарган захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн үйлдсэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09-06-010/102 дугаар “Ээлжийн амралтын олговор нөхөн олгуулах тухай”, 09-06-010/103 дугаар “Олгогдоогүй байгаа цалин хөлсийг нөхөн олгуулах” тухай актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                           Б.МӨНХЗУЛ