Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01350

 

 

ЭЖ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03713 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЭЖ- ХХК-ийн хариуцагч Ц.О-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 5,136,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1,333,330 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалан, хариуцагч Ц.О-, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ЭЖ- ХХК нь Ц.О-тай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 210727 дугаар өөрөө буулгагч түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр ЭЖ- ХХК нь 4 машин тус бүрт 1,000,000 төгрөг буюу урьдчилгаа 4,000,000 төгрөг, Улаанбаатар хотоос ажиллах талбай руу очих түлшний үнэ 2,136,000 төгрөгийг Ц.О-ын дансанд шилжүүлж, Ц.О- Таван толгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто зам барих Лот стейшн 1-2, 4-4 дүгээр хэсгийн замын ажилд 4 ширхэг өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр ажиллана гэж тохирсон. Тэрээр 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3 машинтай очсон. Кемпид очих тухайн цаг үед геодезийн лабораторийн ажилтнаас Корона вирусын сэжигтэй тохиолдол илэрч Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Хатанбулаг сумын Засаг даргаас хөл хорионы дэглэм тогтоож, зам барилгын ажлыг түр хугацаагаар зогсоож, шинээр ирэгсдийг 7 хоног тандах, тусгаарлах, хүн хоорондын зайг баримтлах, халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар өгсөн заавар, зөвлөмжийн дагуу Ц.О- болон хоёр жолоочийг тусгаарлах гэсэн боловч тусгаарлагдаагүй манайхаас авсан түлшээр кемпэд ирсэн боловч гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй, манай кемпийн хажуу талд байрлах, Мон лаа ХХК-д бэлэн мөнгөний ажил хийхээр явсан. Ц.О- гэрээний үүргээ биелүүлээгүйгээс экскаваторын түрээсийн төлбөрт сарын 38,500,000 төгрөг, нэг хоногийн түрээс 1,283,333 төгрөг, шороо ачих машингүйгээс 7 хоног сул зогсолт хийж 8,983,331 төгрөгийн хохирол учирсан боловч үүнийг нэхэмжлээгүй. Ц.О-аас түүний дансанд шилжүүлсэн 4,000,000 төгрөгөөс 3 жолоочийн хөлс 3,000,000 төгрөг, түлшний үнэ 2,136,000 төгрөг, нийт 5,136,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Ц.О- 3 жолоочийг танихгүй, өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл түрээслэх зарын дагуу ЭЖ- ХХК-ийн байрны гадаа уулзсан. Ц.О-ын дансанд 4 машины урьдчилгаа 4,000,000 төгрөгийг, түлшний үнэ 2,136,000 төгрөгийг шилжүүлсэн. ЭЖ- ХХК-ийн шилжүүлсэн 3,602,000 төгрөгийг жолооч Т.Гэрэлт-Од, Г.Доржням, Т.Оргилмөрөн нарт өгсөн. Ц.О- ЭЖ- ХХК-ийн захирал Р.Бат-Эрдэнэтэй уулзаж 3 жолоочтой гэрээ байгуулъя гэсэн боловч тэрээр нэг хүнтэй гэрээ хийвэл амар байдаг гээд Ц.О-ыг гэрээнд гарын үсэг зуруулсан. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос гарч, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас 10 км-ийн зайд байршилтай кемпэд 3 машинтай очсон. Нэг машин замдаа эвдэрч, очих боломжгүй болсон тул тэр жолоочийн 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Жолооч нар вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн байсан учраас шинжилгээ өгөх шаардлагагүй, орон нутагт чөлөөтэй зорчиж байсан. 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр очсон. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өглөө тус компанийн хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтанд машин, техникээ шалгуулаад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авч, дэвтэрт гарын үсгээ зурж, н.Оюунтүлхүүрээс дизель түлшээ авч, гарын үсгээ зураад ажилдаа гарсан. цайны цаг дуусаж дахин ажилдаа гараад ажиллаж байтал н.Үүрцолмон ирээд сумаас цагдаа, шалгалт ирж байна, түргэн ажлаа дуусгаад буусан гэсэн. Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж 5 хоног ажлын байраар хангаагүй. Захирал Р.Бат-Эрдэнэтэй утсаар холбогдоход удахгүй очно гэсэн боловч ирээгүй, дахин холбогдож бид олон хоног ажилгүй зогслоо, гэрээгээ биелүүлэхгүй бол буцлаа гэхэд тэрээр хэл амаар доромжилж наанаасаа зайл гэсэн тул түлшээ буцааж өгөөд Улаанбаатар буцсан.

Талууд Улаанбаатараас ажлын талбай руу очих түлшний зардлын талаар гэрээний 2.7-д зааснаар тохирсон. Гэрээнд нэхэмжлэгч тал Улаанбаатар хотоос кемп дээр машин техник, жолоочийг хүргэх зардлыг хариуцах, хариуцагчийн хувьд энэ заалтаар 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр кемп дээр техникийг жолоочийн хамт бэлэн байлгах, ажилд гарах үүргийг хүлээсэн. Ц.О- энэ үүргээ биелүүлсэн. Улаанбаатараас ажлын талбайд очих түлшний үнэд 534,000 төгрөг зарцуулсан. Бусад жолооч нарын зарцуулсан мөнгийг Ц.О- төлөх үндэслэлгүй. Ц.О- нь бусад жолоочид өгөх ёстой мөнгийг дансаар шилжүүлсний төлөө хариуцлага хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн агуулга:

Ц.О- ЭЖ- ХХК-тай өөрөө буулгагч түрээсийн гэрээг байгуулсан. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өглөө ажлын талбайд очсон боловч ажлын байраар хангаагүй 5 хоног ажилгүй зогсоож гэрээний үүргээ биелүүлээгүй. Машинд 6 хонуулж Ц.О-т 1,333,330 төгрөгийн хохирол учруулсан. ЭЖ- ХХК-тай түрээсийн гэрээг сарын 8,000,000 төгрөгөөр тохирсон. 8,000,000 төгрөгийг 30 хоногт хуваахад нэг өдрийн ажлын хөлс 266,666 төгрөг, 5 өдрийн ажлын хөлс 1,333,330 төгрөгийг ЭЖ- ХХК-аас гаргуулна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Ц.О- болон түүнтэй хамт ирсэн 2 жолооч сайн дураар ажлын байрыг орхин явсан. Мон лаа ХХК-ийн уурхайд очиж ажилласан атлаа сул зогсолтын төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тухайн үед Корона вируст халдвар гарч орон нутгийн засаг захиргаа, онцгой байдлын газраас ажлыг зогсоосон. Ц.О- Корона вируст халдвар гарсан талаар мэдэж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О-аас 1.333.330 /нэг сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭЖ- ХХК-д олгож, 2,136,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг, ЭЖ- ХХК-аас хохирол 1,333,330 төгрөг гаргуулах тухай Ц.О-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

5.2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 97,126 төгрөг, хариуцагч Ц.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-аас 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭЖ- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа хариуцагч Ц.О-аас 1,333,333 төгрөг гаргуулахаар бичсэн байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичүүлэх үед шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэр зөрүүтэй талаар мэдсэн. Анхан шатны шүүх Ц.О-ын гаргасан 1,333,333 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Ц.О-аас 5,136,000 төгрөг гаргуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Ц.О-аас 3,000,000 төгрөг гаргуулж гэснийг шийдвэрийн тогтоох хэсэгт ...1,333,330 төгрөг гэж алдаатай бичсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1,333,330 гэснийг 3,000,000 гэж өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч ЭЖ- ХХК нь хариуцагч Ц.О-т холбогдуулан түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 5,136,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэгч ажлын байраар хангаагүй тул зогсолтын төлбөр буюу хохиролд 1,333,330 төгрөг гаргуулах-аар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өөрөө буулгагч түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Ц.О- нь уул, уурхай, зам, барилгын зориулалттай өөрөө буулгагч 4 ширхэг автомашиныг түрээслэх, түрээслэгч ЭЖ- ХХК нь нэг автомашины түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөгөөр тооцож нийт 32,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

1.2. Түрээслэгч ЭЖ- ХХК нь дээрх гэрээний дагуу түрээслүүлэгч Ц.О-ын эзэмшлийн дансанд түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, түлшний үнэ 2,136,000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогджээ. (хх-ийн 12)

Түрээслүүлэгч О.Цогтбаяр 2 жолоочийн хамт 3 автомашинтай 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажлын талбайд очсон боловч түрээслэгч тал ажиллах нөхцөл боломжоор хангаагүйгээс ажлын талбайг орхиж явсан гэж, түрээслэгч ЭЖ- ХХК тухайн үед Корона вируст халдварын улмаас ажиллах боломжгүй байсан, Ц.О- өөр компанийн ажлыг гүйцэтгээд явсан гэж тус тус маргасан.

 

1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Гэрч Б.Эрхэмбаяр ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ц.О- нарыг ирэх үеэр манай ажлын байранд ямар асуудал гарсан бэ гэсэн асуултад ... Ковид гараад карентин тогтоосон байсан. Карентин дуусаад зөвшөөрсөн цагт ажлаа эхэлнэ гээд манай компанийн үйл ажиллагааг зогсоосон гэж хариулсан байна. (хх-ийн 57-58)

Мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч ЭЖ- ХХК-ийн кемпид Корона вируст халдварын тохиолдол илэрснээр 14 хоногийн хугацаатай тусгаарлалт хийсэн нь тогтоогджээ. (хх-ийн 37) Иймд хариуцагчийн нэхэмжлэгч ажлын нөхцөлөөр хангаагүй гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

1.4. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хэрэгжээгүй тул нэхэмжлэгч ЭЖ- ХХК нь Өөрөө буулгагч түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч Ц.О- нь нэхэмжлэгч ЭЖ- ХХК-ийн шилжүүлсэн 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэх 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт буруу мөнгөн дүнг буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.

 

1.5. Талууд гэрээний 2.7-т Түрээсийн техникийн ажлын талбайд хүрэх зардлыг түрээслэгч тал, ажлын талбайгаас буцах талын зардлыг түрээслүүлэгч тал тус тус хариуцна. гэж тохиролцжээ. Иймээс хариуцагч Ц.О-аас түлшний зардлын 50 хувь буюу 1,068,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй тул нийт 4,068,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭЖ- ХХК-д олгож зүйтэй байна.

 

2. Анхан шатны шүүх Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн цаг хугацаанд ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон, хариуцагч Ц.О- нар хугацааг хүлээлгүйгээр ажлын талбайгаас буцсан нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг ажлын байраар хангаагүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж хохиролд 1,333,330 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэнд хариуцагч гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03713 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Ц.О-аас 1,333,330 /нэг сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гуч гэснийг Ц.О-аас 4,068,000 гэж, 2,136,000 гэснийг 1,068,000 гэж,

2 дахь заалтын 62,950 гэснийг 80,038 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ЭЖ- ХХК-ийн урьдчилан төлсөн 97,126 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ