Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогчийн  өмгөөлөгч Ц.Батхүү  

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Д.С-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Д.С холбогдох эрүүгийн 1822000430029 дугаартай хэргийг  2018 оны 4 дүгээр 25-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн  11-р хороо амины орон сууц 3-р гудамж 108 тоотод оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй,  Боржигон овогт Д.С /РД:ЧП71121017/ гэв.

 

Шүүгдэгч Д.С-нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 2-нд шилжих шөнд Дундговь аймгийн Хулд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 26-77 УБВ  улсын  дугаартай тоёото триос  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн  осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Отгонжаргалын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Д.С-шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Цагаан хаднаас наашаа ирж яваад зар өгөөд 2 хүн машиндаа суулгасан. Орой 9 цагийн үед Цагаан хаднаас гарсан. Замдаа Сүлжээн дээр хоол идчихээд цуг явж байсан хүн архи гаргаж ирэхээр нь 2 татсан. Тэгээд наашаа ирж яваад авто осол хийсэн. Миний хариуцлагагүй үйлдлээс болж Отгонжаргалыг хүнд гэмтээсэндээ уучлалт гуйж байна...” гэв.

2. Яллагдагч Д.Содномцогийн:  “...2018.02.01-ний орой би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх “Цагаан хад”-аас зарын дагуу 2 хүн аваад 20 цагийн үед хот орох ажилтай гарсан.  Замдаа Сүлжээ гэх газарт хоол идэж, тэнд байсан хүмүүсийн ууж байсан архинаас хоёр татсан, тэндээс гарч яваад үүрэглээд байхаар нь замаас гарч 20-30 минут унтаж нүдний хороо гаргачихаад явсан. Цогт-Овоо сум  өнгөрөөд 30-аад километрт  Дундговь аймгийн Хулд сумын нутагт явж байгаад гэнэт машины буруу талын дугуй нь хагараад замаас гарч хунгар луу  цохигдож осолд орсон юм.  Машинд нэг эмэгтэй, нэг эрэгтэй явсан.  Эрэгтэй  хажууд сууж явсан, эмэгтэй ард унтаж явсан. Амарзаяа хөнгөн гэмтэл авсан байсан. Б.Отгонжаргалд эмчилгээний зардалд 1 сая гаруй төгрөг төлсөн.  Би 28 жил жолоо барьж байгаа, В, С, Д, Е ангиллын үнэмлэхтэй. Тухайн үед би 70 км цагийн хурдтай явсан. Би Сүлжээ нэртэй газарт хоолны газарт 0.5 литр савлагаатай Хараа нэртэй архинаас 2 татсан, дахиж уугаагүй. Урд  өдөр нь нойргүй явсан, их ядарсан байсан учраас нойр хүрээд байсан. Машинд явсан эрэгтэй замдаа пиво ууж байсан, эмэгтэй архи уугаагүй эрүүл явсан.  Би 26-77 УБВ  улсын  дугаартай тоёото триос  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан, миний машин. Замд ямар нэг саад, халтиргаа гулгаа байгаагүй,  цаг агаар хэвийн байсан, жаахан хүйтэн байсан, Өмнөговь аймгаас гарахдаа машиныхаа бүх зүйлийг шалгасан,  бүх зүйл бүрэн бүтэн, гэрэл дохио болон дугуйнууд зүгээр байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 50-52/

3. Хохирогч Б.Отгонжаргалын: “...Өчигдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас зарын дагуу 22 цагийн үед 26-77 УБВ  улсын  дугаартай тоёото триос  маркийн авто  машины ард ганцаараа сууж яваад, замдаа Сүлжээ гэх газарт хоол идээд би урд талд нь суусан. Машины ард сууж явсан ах архи уусан байсан, жолооч хоол идэх үед архи уусан эсэхийг мэдэхгүй.  Эхнэр нь утсаар яриад наад жолооч чинь нойр муутай яваа, архи уусан юм шиг байна, миний дүү хажууд нь  юм яриад унтуулахгүй яваарай гэсэн.  Жолооч 80-100 км цагийн хурдтай явсан, би хажуугаас нь байнга юм хэлж байсан. Замдаа нэг зогсоод машин дотроо унтаж байгаад  шөнө хөдлөөд явсан.  Би осол болохын өмнө ар талд сууж явсан. Нэг сэртэл машин замын хажуу руу гэнэт ороод жолооч рулийг 2 тийш нь дартал нэг овгор шороо мөргөөд 2-3 хөлбөрөөд онхолдсон. Би машины цонх хэсэгт хавчуулагдсан байхад нөгөө ах гаргаж авсан.  Осол болох үед 05 цаг болж байсан. Гар утсанд сүлжээ байсан учраас Цогт-Овоо сумын цагдаад хэлээд би ганцаараа сум орсон, хамт явсан ах түрүүлээд явсан, жолооч Цогт-Овоо сумаас гарсан пост дээр үлдсэн. Миний толгойноос бусад эрхтэн өвдөж, давсаг хэвлий нуруугаар хатгаж өвдөөд бөгсөн биеэ даахгүй, зүүн гарын шуу хэсэг хавдсан, бие засч чадахгүй зовж байна. Жолооч замдаа архи уугаагүй Цагаан хаднаас л архи уусан байх, архи уусан гэдэг нь мэдэгдээгүй, тээврийн хэрэгслийг Содномцог жолоодож явсан, машинд надтай нилээд 3 хүн явсан. Зам дээр ямар нэг саад гэхээр зүйл байгаагүй, гадаа харанхуй үзэгдэх орчин муу байсан. Машин гэнэт замаас гараад онхолдсон, дугай нь хагарсан зүйл байхгүй. Би гомдолтой байна, эмчилгээний бүх мөнгө бүрэн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-20-22/

4. Гэрч Г.Амарзаяагийн “......2018.02.01-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Цагаан хадаас 26-77 УБВ  улсын  дугаартай тоёото триос  маркийн авто  машинаар гарсан. Замдаа би ганцаараа ганц пиво уусан. Би жолоочийн хажууд сууж явсан,  охин ард сууж явсан.  04 цагийн үед би зүүрмэглэж байтал гэнэт машин замын хажуу руу ороод замаас гарч 2 хөлбөрөөд онхолдсон.  Замдаа жолооч архи уугаагүй. Би Цагаан хад гэх газраас гарахдаа машинд пиво авч суусан байснаа уусан, осол болох үед миний хүзүү их өвдөж байсан, одоо өвдөж байгаа зүйлгүй. Тухайн үед цас ороогүй, халтиргаагүй, хүйтэн  байсан.  Хэр хурдтай явсныг мэдэхгүй, охин нилээд бэртсэн байх, ёолоод бөгсөн бие мэдээгүй болсон гээд уйлаад байсан. Охиныг Цогт-Овоо сумын түргэний машинд суулгаад эмнэлэг рүү авч явсан. Машины дугуй хагарсан асуудал байхгүй. Жолооч үүрэглэж яваад осолд орсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 29-31/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 сарын 8-ны өдрийн 2233 дугаартай шинжээчийн “....Б.Отгонжаргалын биед аарцагийн цагираг тасарсан хугарал, зүү сарвуу, зүүн шуу, умдаг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээнээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”... гэсэн дүгнэлт /хх-36/

6. Замын Цагдаагийн газрын Зам тээврийн акт /хх-ийн 10/

7. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн   шинжээчийн 06 дугаартай “....26-77 УБВ  улсын  дугаартай тоёото триос  маркийн авто  машины жолооч  Д.С-нь Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалт, мөн дүрмийн 2.7 а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол гарахад жолооч Д.Содномцогт буруутай үйлдэл байна.  Жолооч Д.С-нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна”...  гэсэн дүгнэлт /хх-30/

8. Дундговь аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн: “...26-77 УБВ  улсын  дугаартай тоёото триос  маркийн тээврийн хэрэгсэл нь 2017.08.30-нд  Улаанбаатар Монгол терминалд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Ослын улмаас баруун урд их гэрэл хагарч ойчсон, баруун гар талын дугуй хагарсан,  баруун урд крило цөмөрсөн,  копуд пөмбийж цөмөрсөн,  урд сархины шил хагарсан,  урд баганууд дотогш мурийсан,  баруун гар талын хаалганууд дотогш цөмөрсөн,  шилнүүд хагарсан, толь хугарсан,  хойд хаалга гажиж шил хагарсан, хойд гупер хагарсан, зүүн гар талын толь хугарсан, крило цөмөр байна. 26-77 УБВ  улсын  дугаартай тоёото триос  маркийн тээврийн хэрэгслийн тормоз ажиллагаатай эсэхийг шалгах боломжгүй. Осол гарахад уг тээврийн хэрэгслийн ямар нэг эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй, уг тээврийн хэрэгсэл баруун гар талын хэсгээрээ онхолдсон байх талтай, уг тээврийн хэрэгсэл хэдэн км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41/

9. Дундговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Б.Лхагважавын “Д.С-0.54 хувийн согтолттой байсан” гэсэн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-64/

10.Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.С-нь 2018 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 2-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 26-77 УБВ  улсын  дугаартай тоёото триос  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн  заалт, мөн дүрмийн 2.7 а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх  гэсэн заалтуудыг тус тус  зөрчсний  улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас  тухайн тээврийн  хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Отгонжаргалын биед хүнд гэмтэл учирсан  болох  нь  тогтоогдож байна.

 

Иймд Д.Содномцогийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас осол гаргаж  иргэн Б.Отгонжаргалын биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.С-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  болох ба эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.С-нь  хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2.1,   2.3 дахь хэсэгт заасан  хорих  ялыг шүүгдэгчид оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар  зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан  байх  тул шүүгдэгчид  2 жилийн хугацаагаар тээврийн  хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж  үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн  эмчилгээний зардалд  677.145 төгрөг төлсөн  болохыг  дурдав.

Хохирогчийн  өмгөөлөгч шүүх хуралдааны  шатанд “...хохирогч Б.Отгонжаргалын эрүүл мэндэд нь гэм хор учруулсны улмаас ажилгүй байсан  1 сар 21 хоногийн хөлс 408.000 төгрөг/хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээгээр тооцсон/,  хөдөлмөрийн  чадвар алдалт 69%-р 2018.03.23-ны өдрөөс эхлэн тогтоолгож сарын 155.000 төгрөгний  тэтгэмж авдаг бөгөөд үүний 2 сарын зөрүү 170.000 төгрөг, эмчилгээтэй холбогдон гарсан  зардал 833.700 төгрөг буюу нийт 1.411.700 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэсэн тайлбарыг, шүүгдэгчийн  өмгөөлөгчөөс “хохирогч нь хөдөлмөрийн  чадвараа  69% алдсан гэх  боловч энэ талаалрт баримт буюу эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээ ирүүлээгүй  тул  эрүүл мэндэд нь гэм хор учруулсны улмаас ажилгүй байсан хугацааны  цалинг нөхөн төлөх үндэслэлгүй, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  гэх баримт нь шаардлага хангахгүй тул  холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү...” гэсэн  тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

Хохирогч Б. Отгонжаргал нь зам тээврийн  ослын улмаас биедээ хүнд гэмтэл авсан, уг гэмтлийн  улмаас хөлөдмөрийн чадвараа 69% алдаж, хэвтрийн дэглэмд байгаа, ажил хөдөлмөр эрхлээгүй  болох нь хохирогчийн өмгөөлөгчийн  шүүхэд гаргасан  тайлбар, 2018 оны 03 сарын 23-ны өдөр нээсэн  Б.Отгонжаргалын нийгмийн  халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн  дэвтэр болон бусад баримтуудаар, хохирогч Б.Отгонжаргал нь 2018 оны 05 сарын 19-ний  өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 520.000 төгрөгийн төлбөртэйгээр  “Манал оточ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа  болох нь кассын орлогын ордер, эмнэлгийн  магадлагаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх  тул шүүгдэгчийн  өмгөөлөгчийн  шүүхэд гаргасан  тайлбарыг хүлээн  авах үндэслэлгүй байна.

Хохирогч Б.Отгонжаргал нь эрүүл мэндэд нь гэм хор учруулсны  улмаас  ажилгүй байсан хугацааныхаа  цалинг хөдөлмөрийн  хөлсний  доод хэмжээгээр, эмчилгээтэй холбоотой гарсан  зардлаа  нотлох баримтын хүрээнд тооцож шүүгдэгчээс  нэхэмжилж байгаа нь Иргэний  хуулийн  497, 505 дугаар  зүйлд  нийцсэн байх тул шүүгдэгчээс 1.411.700 төгрөгийг  гаргуулан  хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгчээс 1.411.700 төгрөгийг  гаргуулан  хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд  шүүгдэгч нь  хохирогчид дээрх хохирлыг 2018 оны 08 сарын 20-ны өдрийн  дотор нөхөн  төлөхөө  илэрхийлсэн  болно.

Шүүгдэгч нь хохирогчил учирсан  хохирлыг бүрэн  төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн  тул тэнссэн хугацаанд гэмт хэргийн  хор уршгийг  арилгах  талаар  арга хэмжээ  авах үүргийг  шүүгдэгчид хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Мөн хохирогч Б.Отгонжаргал нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах  зардлын  баримтаа  бүрдүүлэн  иргэний  хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгч  Д.С- нэхэмжлэх  эрхтэй  болохыг  заалаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4,  36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Дүгэрсүрэнгийн Содномцогийг согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн  осол гаргасан, ослын улмаас  зорчигч Б.Отгонжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Содномцогт Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар  зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар тээврийн  хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн  хуулийн  6.7 дугаар  зүйлийн 1,  7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр  2 жил 6 сарын хугацаагаар  тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн  7.3 дугаар зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Содномцогт шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн  хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүргийг  хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн  хуулийн  5.7 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Содномцогт оногдуулсан тээврийн  хэрэгсэл жолоодох  эрх хасах нэмэгдэл ялын хугацааг өнөөдрөөс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч  нь энэ хэргийн  улмаас цагдан  хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн  баримтаар  хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн  эмчилгээний зардалд 677.145 төгрөг төлсөн  болохыг дурдсугай.

6. Иргэний  хуулийн  497 дугаар  зүйлийн  497.1, 505 дугаар  зүйлд зааснаар шүүгдэгч Д.С- 1.411.700 төгрөгийг  гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд олгосугай.

7. Эрүүгийн  хуулийн 7.1 дүгээр  зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-нь хохирогч Б.Отгонжаргалд 1.411.700 төгрөгийг 2018.08.20-ны  өдрийн  дотор төлөхөөр тогтоосугай.

8. Эрүүгийн  хуулийн 7.1 дүгээр  зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн  үүргийг  биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг  хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг  шүүгдэгч Д.Содномцогт мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогч Б.Отгонжаргал нь цаашид гарах эмчилгээний  зардлын талаарх нотлох баримтаа  бүрдүүлэн Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар  шүүгдэгч Д.С- нэхэмжлэх  эрхтэйг заасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Содномцогт урьд авсан  хувийн баталгаа гаргах  таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ