| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00044/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Н.Уугантуяа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөч Г.Лхам
Хохирогч Н.Самбуу
Шүүгдэгч Ч.Б-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б- холбогдох эрүүгийн 1822001290053 тоот хэргийг 2018 оны 5 дүгээр сарын 31-ний өдрийн 16 цаг 50 минутанд хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 13-41 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Олхууд овгийн Ч.Б /РД:ЗЗ83071918/ гэв.
Шүүгдэгч Ч.Б-нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 13 дугаар гудамжны 40 тоотод Н.Самбууг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ч.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2.Яллагдагч Ч.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 оны 4 сарын 14-ний өдөр Луус сумаас 12 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт хадам аав Сүхбаатартайгаа хоёр шил архи уусан. Хажуу айлын Самбуу орж ирээд ууж байсан архинаас 3 уугаад гарсан. Архи ууж дуусаад би Самбуу өвгөнийд орсон. Юунаас болж маргалдасныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би Самбууг зодож байсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Бид хоёр хоорондоо маргасан байх, түүнээс болж зодоон үүссэн байх, би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн
3. Хохирогч Н.Самбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Өдрийг нь санахгүй байна. Гадаа юм хийж байтал Тулга дуудахаар нь ортол хадамтайгаа архи ууж байсан. Би тэр архинаас нь нэг хундага татаад буцаад гэртээ ирсэн. Тулга дахиад архи авч ирээд манайд уусан. Тэгээд гэрт агсам тавиад байхаар нь архи уучихаад битгий агсам тавиад бай гэж хэлтэл чи муу юу юм бэ гээд намайг чирч гаргаж байгаад зодсон. Баттулга эмчилгээндээ хэрэглэ гэж 100000 төгрөг өгсөн. Өөрийн хүүхдээс ялгаа юу байхав, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.
4. Гэрч М.Сүхбаатарын “...Унтаж байгаад боссон чинь гэрт Баттулга байгаагүй. Удалгүй Баттулга гэртээ орж ирээд суусан. Хаашаа яваад ирэв гэж асуухад Цагдаагийн газар дээр байж байгаад ирлээ. Самбуу гуайтай муудалцсан гэсэн. Тэгээд байж байгаад Самбуу гуайн гэр рүү орсон чинь нүүр нь жигтэйхэн хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-8-р хуудас /
5. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 180200146 тоот дүгнэлтэд: “ ...Н.Самбуугийн биед толгой оройн хуйх, дух, зүүн чамархай, зүүн хацар, зүүн шанаа, зүүн эрүү, баруун хөмсөг, хацар, эрүү, чихний доод дэлбэ, хүзүү, цээжинд зулгаралт, хоёр нүдний дээд зовхи, баруун зүүн нүдний алимнны салст, дух, зүүн зовхи, чихний урд булан, баруун зүүн хацар, баруун чихний дэлбэн, зүүн чихний ар төвгөр, хүзүү, толгойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ” гэжээ. /хх-ийн 10-11/
6. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Ч.Б-нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 13 дугаар гудамжны 40 тоот хашаанд иргэн Н.Самбууг зодсон, үүний улмаас хохирогч Н.Самбуугийн биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Б-нь согтуу байсан учраас үйл явдлыг санахгүй байна, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байх боловч энэ нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь: Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан байна.
Мөн шүүгдэгч нь болсон үйл явдлыг санахгүй байна гэж байгаа боловч хохирогч Н.Самбуугийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчид гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Ч.Б-нь хохирогч Н.Самбууг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Б- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Ч.Б-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ч.Б- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Б-хохирогчид 100000 төгрөг төлсөн ба хохирогч Н.Самбуу нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд эмчилгээний зардал 100000 төгрөг хүлээж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Олхууд овогт Чулуугийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б- 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Ч.Б-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 100000 /нэг зуун мянган/ төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ