Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 358

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016-06-09    №358             Хэрлэн сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Хэргийн индекс: 156/2016/00406/И 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12А байр, 49 тоотод оршин суух, иргэн  Даваасүрэнгийн Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймаг, Жаргалтхаан сум 5 дугаар баг, Төвийн Б-19 дугаар байранд байрлах “Төгс-Дүүрэн” ХХК-д холбогдох
      Зээлээр худалдан авсан сантехникийн барааны үнэ 507 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие барилгын материалын худалдаа, үйлчилгээний төв болох “Зуун айл” захад олон жилийн турш барилгын сантехникийн материалын төрөлжсөн лангуу ажиллуулж, худалдаа хийж байгаа хувь хүмүүсийн нэг.
      Манай лангуу сантехникийн материалаар төрөлжсөн, бусад газраас харьцангуй сонголт өргөнтэй, чанартай тул маш олон харилцагч хувь хүн, байгууллагууд бөөний үнээр бэлэн мөнгөөр их хэмжээгээр сантехникийн материал худалдаж авдаг. Заримдаа итгэлцлийн үндсэн дээр зээлээр өгдөг тохиолдол ч гардаг.
      Үүний нэг нь Хэнтий аймгийн томоохон барилгын компани болох “Төгс дүүрэн” ХХК юм. Тус компаний захирал Н.Батхүү нь өөрийн биеэр манай лангуунаас 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 4 ширхэг суултуур, 4 ширхэг сифон, 1 ширхэг бойлер зэрэг нийтдээ 507 000 төгрөгийн сантехникийн материал түр хугацаагаар зээлээр авч, үнийг нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар зарлагын баримтад өөрийн холбогдох утасны дугаар, төлж дуусгах эцсийн хугацаагаа бичин компанийн тамгаар баталгаажуулж гарын үсгээ зурж, тус компанийн төлбөрийн чадвартай, найдвартайг харуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж үлдээсэн байдаг. 
      Гэвч зарлагын баримтад бичсэн тохирсон хугацааны дотор манайхаас авсан сантехникийн материалын үнээс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулаагүй, бичиж үлдээсэн 2 утасны дугаараар нь холбогдох гээд залгахад авахгүй, зээлээр авсан материалынхаа төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаагаас болж миний эрх ашиг зөрчигдөж байна.
    Иймд “Төгс-Дүүрэн” ХХК-аас зээлээр худалдан авсан барилгын сантехникийн материалын үнэ болох 507 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 
  Хариуцагч “Төгс-Дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
  Манай Төгс-Дүүрэн” ХХК нь Улаанбаатар хотын “Зуун айл” дахь барилгын материалын дэлгүүрийн Мягмарсүрэнгийн лангуунаас сантехникийн материал болох 4ш суултуур, 4 сифон зээлээр авсан. Үүний үнэ 474 000 төгрөг болсон.
Урьд нь бэлэн мөнгөөр нь худалдаж авсан 50 000 төгрөгийн үнэтэй 1 ш подоныг буцааж өгч 33 000 төгрөгийн 1 бойлуур сольж авсан юм. Үүний үнийн зөрүү 17 000 төгрөг. Тиймээс Мягмарсүрэнд төлөх мөнгө нь  457 000 төгрөг байна. 
Мягмарсүрэнгээс урд нь бэлэн мөнгөөр нь худалдаж авсан 8 ш бойлуурын 3 ш нь халахгүй /ажиллахгүй/ байсан. мөн орон сууц худалдаж авсан иргэд төлбөрөө цаг тухайд нь төлж барагдуулахгүй байгаа зэргээс өрийн хуримтлал үүсээд байна. Дээрх нөхцөл байдал шийдвэрлэгдвэл 2016 оны 8 дугаар багтаан төлж барагдуулна гэв.

 Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

 Шүүх  хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     
                                                                                                                                                                                                                                                          
ҮНДЭСЛЭХ НЬ:
  Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн хариуцагч “Төгс-Дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүүгээс зээлдүүлсэн сантехникийн барааны үнэ болох 507 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 457 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
          
             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн Д.Мягмарсүрэнгийн Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд үйл ажиллагаа явуулах “Төгс-Дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүүгээс “түүнд зээлдүүлсэн сантехникийн барааны үнэ болох 507 000 төгрөг”-ийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Д. Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15 860 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н. Батхүүгээс 7 930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                    ШҮҮГЧ                                    Ж. БОЛДБААТАР