Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01360

 

 

ГИ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00868 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГИ- ХХК-ийн хариуцагч ТХ-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 154,187,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Өсөхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, Б.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ГИ- ХХК нь Зам тээврийн хөгжлийн яамтай Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын замыг засахаар 2017 онд гэрээ байгуулж, 2018 онд гэрээт ажлаа хийж эхэлсэн. Зам тээврийн хөгжлийн яамны гаргаж өгсөн зургийн дагуу ажлаа хийх явцад замын зураг хийсэн трасст эрчим хүчний шугам баригдсан байснаас болж ажил явагдах боломжгүй болсон. Төсөл хэрэгжүүлэгч Зам тээврийн хөгжлийн яамны төслийн менежер, газрын дарга Х.Оргил-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн газар болон дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд хамтарсан хурал хийгээд замын трасст орсон шугамыг зайлуулахгүйгээр ажил явах боломжгүйг тогтоосон. Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнийн саналын дагуу зам дээр баригдсан шугамыг чөлөөлөх үүрэг өгсний дагуу заасан хугацаанд нь гүйцэтгэсэн. Ажлын үр дүнд Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын дунд зам тавьсан. Энэ ажлаа улсын комисст хүлээлгэж өгсөн. Иймд цахилгаан шугам зөөх, шилжүүлэх гэрэлтүүлгийн ажил, мөн айл өрхийн хашаа байшинг нүүлгэн шилжүүлэх ажлын зардал 152,546,057 төгрөг, УБЦТС ХК-ийн техникийн нөхцөлийн төлбөр 1,641,600 төгрөг, нийт 154,187,657 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөр эсхүл нэмэлт ажлын зардал гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч нэмэлт ажлын төсвийг 2019 оны төсөв тусгаж олгохоор шийдвэрлэсэн гэж тайлбарласан. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлд ЦДАШ зайлуулах гэрэлтүүлгийн ажлын төсвийг 2019 оны төсөвт тусгах талаар арга хэмжээ авна гэсэн нь Зам тээврийн хөгжлийн яамнаас ямар нэгэн шийдвэр гарсан зүйл байхгүйг нотолж байна. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар ажлын хөлсийг олгоно гэж шийдвэрлэсэн баримт байхгүй. Яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Зам тээврийн хөгжлийн яамыг сайд, эрх олгосноор төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө. Зам тээврийн хөгжлийн яамны АЗБАЗГ-ын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ тус яамыг төлөөлж шийдвэр гаргах эрхгүй. 2017 онд байгуулагдсан гэрээний 40.4-т нэгж үнэ болон нийт үнийг тусгаагүй ажлыг захиалагч төлбөр хийхгүй бөгөөд тэдгээрийн гэрээнд заасан бусад нэгж болон нийт үнэд орсон үнэ гэж үзнэ гэж заасныг ГИ- ХХК зөвшөөрсөн. Нэхэмжлэгч Зам тээврийн хөгжлийн яам зургаа өгөөгүйгээс нэмэлт ажил хийсэн гэж тайлбарласан. Зам тээврийн хөгжлийн яам Нийслэлийн газар зохион байгуулалтын мэдээлэлд мэдээллийг оруулах чиг үүрэггүй. Хэрэв зураг төслийн улмаас нэмэлт ажил шаардагдаж байгаа бол хариуцагч нь Газар зүйн хэлтэс юм. ГИ- ХХК-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай гэрээний нийт үнэ 2,814,231,102 төгрөг. Нэмэлт ажлын хөлс 20 хувиас хэтэрсэн тул дээрх гэрээний дагуу хийх байсан ажилд тусгаагүй, гэрээ байгуулах боломжгүй. Нэхэмжлэгч 154,187,657 төгрөгийн ажил бүрэн хийсэн гэх баримтгүй. ТХ-д ирсэн гүйцэтгэлийг хянан баталгаажуулсан талаар гарын үсэг байхгүй байсан. Сангийн яамнаас энэ ажилд нэмэлт гэрээ байгуулаагүй тул мөнгийг нь өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас 154,187,657 төгрөгийг гаргуулан ГИ- ХХК-д олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 928,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 928,888 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх ... Х.Оргил-Эрдэнэ, Н.Баярсайхан нар төлөөлөх эрхгүй этгээд тул шаардах эрхгүй, гэрээ байгуулагдаагүй тухай татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэвч Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар яамыг гадаад, дотоодод сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлөхөөр заасныг шүүх анхаараагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Мөн шүүх Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн нь тус яамыг төлөөлж гэрээ хэлцэл хийх эрхтэй этгээд биш боловч ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тухайн байгууллагын төлөөлөгч болно гэж дүгнэхдээ ямар хууль, журмын дагуу эрх олгогдсон гэдгийг дурдаагүй.

ГИ- ХХК-аас шүүхэд гаргасан баримтад нэмэлт ажлын задаргаа, гүйцэтгэлийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас баталгаажуулаагүй, нэмэлт ажил хийснийг хүлээн зөвшөөрөөгүй байтал шүүх хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагдсанд тооцно гэж дүгнэсэн. Гэвч Төсвийн тухай хуульд Төсвийн байгууллага нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэг хүлээдэг бөгөөд шүүхээс тус хуулийн заалтыг хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үр дүнг Төрийн нарийн бичгийн даргын өмнө хариуцахаар заасны дагуу хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны газар, хэлтсийн дарга ГИ- ХХК-д 149,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх даалгавар өгч, гэрээ байгуулсан. Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ажлыг хүлээн авч, баталгаажуулсан. Зам барилга, угсралтын ажилд Сайд болон Төрийн нарийн бичгийн дарга оролцдоггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, талуудын хооронд үүссэн маргаанд ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Нэхэмжлэгч ГИ- ХХК хариуцагч ТХ-д холбогдуулан нэмэлт ажлын хөлс 154,187,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 287 дугаартай Хорооллын доторх зам, тохижилт (Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг) ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ГИ- ХХК нь Сонгинохайрхан дүүргийн хорооллын доторх зам, тохижилтын ажлыг гүйцэтгэх, захиалагч Зам тээврийн хөгжлийн зам нь ажлын хөлсөнд 2,814,231,102 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. (1хх-ийн 63-73)

Гүйцэтгэгч ГИ- ХХК дээрх гэрээнд заасан хорооллын доторх зам, тохижилтын гүйцэтгэх явцад Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны Шунхлай ШТС-аас шинээр баригдсан зам хүртэлх 3.52 км автозамын трасст орсон цахилгаан шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, гэрэлтүүлгийн ажил, техникийн нөхцөл зэрэг нэмэлт ажлыг гүйцэтгэх шаардлагатай болсон, уг ажил гэрээнд тусгагдаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. (1хх-8-9, 147-148)

 

1.2. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч ГИ- ХХК ажлын төсөв нэмэгдэх буюу нэмэлт ажил гүйцэтгэх талаар захиалагч ТХ-д мэдэгдсэн ба тус яамнаас нэмэгдсэн ажлын хөлсийг 2019 оны төсөвт суулгаж өгнө гэж гүйцэтгэгчийг ажлаа эхлүүлэх талаар мэдэгдсэн болох нь Төсөл хэрэгжүүлэгч Зам тээврийн хөгжлийн яамны төслийн менежер, газрын дарга Х.Оргил-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн газар болон дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд, гүйцэтгэгч талын хамтарсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогджээ. (1хх-ийн 33-34)

 

Нэхэмжлэгч ГИ- ХХК нь хороолол доторх зам, тохижилтын барилга угсралтын ажлын Баруун салааны Шунхлай ШТС-аас шинээр баригдсан зам хүртэлх 3.52 км автозамын трасст орсон цахилгаан шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, гэрэлтүүлгийн ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаанд 152,546,057 төгрөгөөр гүйцэтгэсэн, уг ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан баримтад захиалагч талыг төлөөлөх этгээдүүд гарын үсэг зурсан, мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас тус дүүргийн 7, 24, 26 дугаар хороонд байрлах Авто замын трасст орсон дэд станц, агаарын шугам, кабель шугамуудыг зөөх ажилд 1962/2018 дугаар Техникийн нөхцөлийг олгож, 1,641,600 төгрөг төлсөн зэргээс үзэхэд захиалагч ажлын үр дүнг хүлээн авснаар хөлс төлөх үүрэг үүссэн байна. (1хх-ийн 10-32, 62) Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...нэмэлт ажлын задаргаа, гүйцэтгэлийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас баталгаажуулаагүй, нэмэлт ажил хийснийг хүлээн зөвшөөрөөгүй, гэрээ байгуулаагүй ... гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Улмаар ГИ- ХХК 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 287 дугаар Хорооллын доторх зам, тохижилт (Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг) ажил гүйцэтгэх гэрээний хорооллын доторх зам, тохижилтын ажлыг гүйцэтгэж улсын комисс хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.

1.3. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам нэмэлт ажлын хөлс 154,187,657 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

2. Гүйцэтгэгч ГИ- ХХК нь захиалагч Зам тээврийн хөгжлийн яамтай нэмэлт ажлын гэрээ байгуулах, уг ажлын хөлсийг төсөвт тусгах зэрэг нь хариуцагчийн хүлээх үүрэгт хамаарах бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь ажлын үр дүнг хүлээн авсан хариуцагчийг ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

2.1. Түүнчлэн, Хорооллын доторх зам, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой трассын дагуу гарсан хүндрэлүүдийг шийдвэрлэх хурлаар ЦДАШ зайлуулах гэрэлтүүлгийн ажлын төсвийг 2019 оны төсөвт тусгах талаар арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд ийнхүү төсөвт тусгагдаагүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн тул Төсвийн тухай хуулийг хэрэглээгүй гэсэн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам нь давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ