Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ 

Улсын  яллагч Т.Төмөртулга 

Шүүгдэгчийн өмгөөлөч Г.Лхам

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Наранцэцэг

Шүүгдэгч С.Ё-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ё- холбогдох эрүүгийн 1822000930048 тоот хэргийг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 14 цаг  50 минутанд хүлээн авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны   11 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  малчин,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р баг Даравгай гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Дойнь овгийн С С.Ё- /РД:ЗП63101111/ гэв.    

Шүүгдэгч С.С.Ё- нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны  өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р баг Улаан хад гэх газарт өөрийн хүү Ё.Одбаяртай зодолдож улмаар түүний биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч С.С.Ё- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хүүгээ зодсон, миний буруу, би буруугаа ойлгож байна...” гэв.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаач утсаа авахгүй болохоор нь саахалт айлын хүүхэд рүү ярьсан чинь “та дуулаагүй юм уу, Одбаяр өнгөрчихсөн, цагдаа, түргэн ирчихсэн байгаа” гэсэн. Тэгэхээр нь яалаа гэж дээ, миний хүү яасан юм бол гэсэн чинь нас барсан гэсэн. Тэр өдөр хүнтэй зодолдоно гэхээр нь аав нь явуулахгүй гэснээс болж муудалцсан юм байна лээ. Явуулаагүй нь болсон юм. Хэрэв явуулсан бол юу ч болох байсан юм...Талийгаач аавтайгаа  энгийн  харьцаатай  байсан. Ер нь цочмог ууртай хүүхэд  байгаа юм.  Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй....”гэв.

3. Гэрч Ё.Эрдэнэсүхийн “...2018 оны 3 сарын 18-ны өглөө манай ах талийгаач Одбаяр, аав С.Ё- хоёр айлын хонинд хонь шүүнэ гээд нэг мотоцикльтой явсан. Ах мотоцикль жолоодоод явсан.  Би гэртээ 3, 4 настай 2 дүүтэйгээ үлдсэн. Нар ид хөөрч байхад аав ах хоёр ирсэн. Хоёулаа согтуу байсан. Ах гэрт орж ирээд ах нь нэг айлд очоод ирье гэхээр нь хэнийх рүү явах гэж байгаа юм бэ гэхэд Баснаа /Батнасан/-д очоод ирье гэсэн. Аав яах гэсэн юм бэ гэхэд зүгээр очоод ирье гээд гараад мотоцикль унаад явах гэтэл аав дургүйцэж, мотоцикльтой хөдлөх гэж байхад нь татаж унагаад, тэр хоёр гэрийн гадаа зодолдож байсан.  Ахын зүүн хөмсөг хавьд ярагдчихсан цус гарч байсан.  Тэр хоёр барилцаж аваад зодолдоод байхаар нь би ахыг цаашаа бай гээд татаж босгоод, доор нь байсан аав дээр ахаас хамгаалах гэж суусан. Ах гэрт ороод бүдүүн бор уяа авч ирээд аавын гарыг  хүлсэн. Тэр уяаны нөгөө үзүүрээр нь би аавын хөлийг гартай нь холбож уясан. Тэгээд босоод харахад ах гэр рүү орж байсан. Урагшаа хартал 2 хонь нийлэх гэж байхаар нь мотоциклоо унаад хонины дундуур орох гээд явсан. Хониныхоо дундуур орчихоод цааш явж саахалт айлын Энхбат ахынд аав, ах хоёр зодолдоод байна гэж хэлэх гэж очсон. Аавыг хүлсэн юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодоод юм хэлэлгүй гэр рүүгээ явсан.  Явах замд аав гэрээс бүүр урагшаа гутлаа тайлчихсан явж байсан.  Би очилгүй хажуугаар нь гараад гэртээ очтол ах  хүзүүгээрээ мяндсан уяагаар ороочихсон гэрийн хаалганы хоёр хатавчны хошлон тогтоодог модноос  уяаныхаа үзүүрийг 2, 2 ороочихсон, өөрөө газар суучихсан, ухаангүй байгаа харагдсан.  Тэгэхээр нь би баруун хатавчны модонд ороосон ороолтны нэгийг нь мулталчихаад цагдаа дуудахаар Энхбат ахынх руу явж цагдаа дуудаад ирэхэд ах хэвээрээ байсан. Аав өмнө нь сууж байсан. Би хороо руу явж ишгээ тавьчихаад аав дээр очиход миний хүү цагдаа дуудсан уу гэхээр нь дуудсан гэсэн. Аав миний хүү ээжтэйгээ яриад ир гэхээр нь би дахиад Энхбат ахынх руу очиж ээжтэй ярих гэхэд утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь хүргэн хүү Ууганбат руу ярьж юу болсон талаар хэлээд, чи ээж рүү хэлчих гэсэн. Тэгээд гэр рүү явж байхад цагдаа нар өөдөөс гарч ирсэн. Мотоциклоо орхиод машинд суу гэхээр нь машинд суусан. ... Хонио туучихаад очиход аав гэрээс урагш хөл нүцгэн гүйж байсан.  Болсон асуудлын талаар надад юм хэлээгүй, би ч асуугаагүй. Одбаяр надтай зодолдоогүй, аавтай л зодолдсон. Аав архи уучихаад ирэхээрээ бид нарт агсам тавьдаг. Одбаяр аавтай зодолдож байгаагүй. Аав ахыг урд нь зодож байгаагүй. Хэл амаар доромжлоод агсараад байдаг юм. Маргаан болох үед биднээс өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-38-39 /

4. Гэрч Н.Алтанцэцэгийн “...Би хүүгийнхээ араар мотоцикльтой сундлах үед С.Ё- нилээд согтуу ирээд  Баснаагийнд очиж хонь шүүнэ гэхээр нь гэрт нь очиж байснаас шууд хонинд нь очиж шүү гэж хэлээд хөдөлсөн. Би хүүгийнд цай уугаад  байж байтал Эрдэнэсүх мотоцикльтой нилээд хурдтай давхиж ирээд хонь гайгүй адуу ус руу ороогүй гэж хэлээд явсан.  Түүнээс хойш 10 минутын дараа хүүгийн гэрт ирээд аав, ах хоёр зодолдоод байхаар нь хоёр тийш нь болгоод хонь хараад иртэл ах гэрийн хатавчнаас өвсний боолтоор боочихсон байна гэсэн. Тэгээд хүүгийн утсаар сум руу ярьсан. Би хүүгийндээ байж байгаад 18 цагийн үед малаа тавих гээд Ган-Эрдэнэтэй хамт гэр рүүгээ явж байхад  С.Ё- замаар цааш явж байхаар нь очтол нүүр нь шарх сорви болоод хавдсан байсан. Яасан юм бэ гэхэд хоёр хүүтэйгээ зодолдоод ийм болсон, манайхаар битгий ороорой, миний хүү боочихсон гэсэн. Гэрийнх нь гадаа очиход С.Ё-ийн гэрийн үүдэнд талийгаач суугаа харагдаж байсан, би шууд гэртээ орсон. С.Ё- архи ууж агсам тавьж байгаагүй, их дуу муутай, юм ярьдаггүй хүн”... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

5. Гэрч Ц.Энхбатын “...2018 оны 3 сарын 18-ны өдрийн  09 цагт саахалт айлын С.Ё- Одбаяр нар хонь шүүгээд явсан. 14 цаг өнгөрч байхад эм хонь, сувай хонио ялгачихаад очиход С.Ё- Одбаяр нар байсан. Талийгаач мотоцикль дээр мордсон байсан. Би ээжийгээ аваад хөдлөх гэж байтал С.Ё- нилээд согтуу гарч ирээд Баснаагийнд очиж хонь шүүнэ, манай хүү Баснааг зодно гээд байна гэсэн. Би юу гэж тийм юм байдаг юм, дэмий юм яриад бай гэж хэлээд хөдөлсөн.  20 минутын дараа С.Ё- ахын бага хүү ирэхээр нь юу болсон бэ, хаагуур явсан бэ гэхэд явсангүй, гэрээсээ ирлээ гэсэн. 10 минутын дараа Эрдэнэсүх эргэж ирээд аав ах хоёр зодолдоод байхаар нь хоёр тийш нь болгоод хонь харахаар яваад иртэл Одбаяр ах хаалганаасаа өөрийгөө боочихсон байна гээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй дахиж ирээд ээжид утсаар хэлэх гэсэн юм гэж ирсэн. Намайг харахад С.Ё-, Одбаяр нарын бие нүүр толгойд нь ил харагдах шарх сорви байгаагүй, хоорондоо маргасан юм шиг харагдаагүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

            6. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар  сарын 21-ний өдрийн 180200122  тоот дүгнэлтэнд: “ ...С.Ё-ийн биед дух баруун чамархай, хацрын төвгөр, баруун чихний баруун бугалга, баруун мөр, шуу, сарвуу, цээжний баруун зүүн доод хэсэг, зүүн хацар, зүүн чих, хүзүүний зүүн тал, зүүн мөр бугалга, тохой, шуу, бугалга, хүзүүний ар нуруунд зулгаралт, зүүн эгмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна”  гэжээ.  /хх-ийн 45/

7. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар  сарын 19-ний өдрийн 180100024  тоот  дүгнэлтэнд “...Ё.Одбаярын биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, хацар, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. АВО системээр В/III/-р бүлгийн цустай байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач Ё.Одбаярын биед зүрхний булчингийн эмгэгшил өвчин тогтоогдсон боловч үхэлд нөлөөлөөгүй. Талийгаач Ё.Одбаяр нь дүүжлэлтийн улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ. Талийгаач Ё.Одбаярын биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, хацар, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон ч үхэлд хүргэхгүй. Ё.Одбаярын биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, хацар, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 51/

8. Хэрэгт авагдсан эд мөрийн баримт болон бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч С.Ё-нь  2018 оны 3 дугаар сарын 18-ны  өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай 5-р баг Улаан хад гэх газарт өөрийн хүү Ё.Одбаяртай харилцан зодолдож улмаар бие биендээ хөнгөн гэмтэл учруулсан, үүний дараагаар Ё.Одбаяр нь өөрийгөө боомилсон байдалтай нас барсан үйл  баримт  болсон болох нь тогтоогдож байна.

Талийгаач Ё.Одбаяр нь дүүжлэлтийн улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас барсан, түүний зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, хацар, чигчий хуруунд зулгаралт  гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь Дундговь аймаг дахь Шүүхийн  шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны  3 сарын 19-ний өдрийн 180100024 дугаартай дүгнэлтээр, уг гэмтлийг С.С.Ё- учруулсан болох нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, гэрч Ё.Эрдэнэсүхийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Ё-ийн үйлдэл, талийгаач Ё.Отгонбаярын амь насаа алдсан /амиа хорлосон/  байдалтай шалтгаанд холбоотой гэж  үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл  аав нь хүүгээ хүнтэй муудалцахаас сэргийлж айл руу явахыг хориглосноос болж тэдний  хооронд маргаан үүсч харилцан зодолдсон, зодооны явцад талийгаач Ё.Одбаяр нь дүүтэйгээ нийлж шүүгдэгч С.Ё-ийн гар хөлийг хүлж орхисон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Иймд шүүгдэгч С.Ё- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч С.С.Ё- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч С.Ё- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  уяа 2 ширхэг, бор өнгийн олс 1 ширхэг, 2 ширхэг чулууг зэрэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Ё-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Дойнь овогт Содномдоржийн  С.Ё-   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ё- 450 нэгж буюу  450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ё-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр  болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4.Шүүгдэгч С.С.Ё- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Наранцэцэг нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уяа 2 ширхэг, бор өнгийн олс 1 ширхэг, 2 ширхэг чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар  Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ё- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ