Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 359

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016-06-09                                                                  № 359                                                              Хэрлэн сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
    Хэргийн индекс: 156/2016/00413 И 
     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
          Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 13 тоотод оршин суух, иргэн  Чимиддоржийн Батчулууны нэхэмжлэлтэй,/РД:ЕЙ72060439/
         Хариуцагч: Хэнтий аймаг, Батноров сум 7 дугаар баг, Бэрх тосгоны 61 дүгээр байр 3 дугаар орц 23 тоотод оршин суух “Чимэдийн хөндий гэх газрын “Тулга” нөхөрлөлийн эзэн Төмөрийн  Ариунболдод холбогдох, /РД:СШ75120159/
          2 200 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
          Нэхэмжлэгч Ч.Батчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс найз Баярбанзрагчтай Хэнтий аймгийн Бэрх тосгонд Чимэдийн хөндлөн гэх газарт жонш олборлож гүний уурхай ажиллуулж хамтран ажиллаж байсан. Би жонш хэрэгтэй байна гэхэд найз Баярбанзрагч маань манай энд Т.Ариунболд гэх хүнд жонш байна гэж хэлэхээр нь түүнтэй холбогдож ярихад жонш байгаа, мөнгөө урьдчилж өг гэхээр нь би түүнийг зүс үзээгүй танихгүй ч түүнд итгэж найз Баярбанзрагч руу мөнгө шилжүүлснээр 1 000 000 төгрөг, мөн 100 000 төгрөг дүү Отгонцэцэгээр шилжүүлж нийт Т.Ариунболдод 1 100 000 төгрөг өгсөн. Би 2015 оны 03 дугаар сард тохиролцсон ёсоор жоншоо авахаар Т.Ариунболдтой очиж уулзахад тухайн газарт бэлэн олборлосон жонш байгаагүй бөгөөд би тухайн үедээ өөрөө багаж хэрэгсэлтэй, хүн хүчтэй очсон болохоор газар дээр нь жонш олборлож авахаар болоход жоншны судал олдохгүйгээс жоншоо ч авч чадаагүй, мөн түүнээс мөнгөө ч авч чадаагүй эргэж буцсан. Би 2015 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Батноров суманд очихдоо молдак багажтай очсон болохыг Т.Ариунболд нь мэдэж байсан болохоор жонш ухдаг таны мотор, молдакыг тань худалдаж авъя хэрэгтэй байна. өгөөч гэхээр нь би зах зээлийн ханшнаас бага үнээр буюу 700 000 төгрөгөнд өгч авахаар харилцан тохиролцсон учир 2015 оны 05 дугаар сарын сүүл 06 дугаар сарын эхээр түүнд Говьсүмбэр аймгаас аваачиж өгсөн. Тухайн үед Т.Ариунболд бэлэн мөнгө байхгүй байна, хэд хэдэн худалдах газар байна худалдаж борлуулаад танд өгнө гэж нилээн хэдэн газар үзүүлээд буцаасан.
        Би 2015 оны 08 сараас мөнгөө шаардаж 8 сард 2 удаа, мөн 09-10 сард тус бүр 4 удаа автомашинд бензин хийж очиж мөнгөө нэхэж очиж байсан. Т.Ариунболд нь очих бүрт бэлэн мөнгө өгнө, жонш өгнө, газраа худалдаад өгнө, мөн таны данс руу шилжүүлье гээд 2-3 удаа банкны харилцах дансны дугаар авч мөнгө шилжүүлэх гэж байгаа юм шиг итгэл төрүүлдэг боловч өгөхгүй хохироож байна. Т.Ариунболд нь мөнгө өгөхгүй, мөн би нурууны нугасны өвчний улмаас хэвтрийн дэглэмд байдаг учраас шүүхийн байгууллагад арга буюу хандаж байна. Эрүүл мэндийн улмаас эмчилгээний зардал төлбөр зайлшгүй шаардлагатай байгаа учир миний аргагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан үзэж даруй шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.
              Иймд Т.Ариунболдод бэлэн шилжүүлсэн 1 100 000 төгрөг, молдак багажны үнэ 700 000 төгрөг, түүнтэй очиж уулзахад гарсан унааны зардал болох 400 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 Хариуцагч Т.Ариунболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
 Т.Ариунболд миний бие Ч.Батчулууны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. нэхэмжилсэн 2 200 000 төгрөгийг бэлнээр өгөх эдийн засгийн боломжгүй байгаа тул 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор багтаан төлж барагдуулах саналтай байна гэв.

 Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

  Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     
      ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч Ч.Батчулуун нь хариуцагч Т.Ариунболдоос 2 200 000 төгрөгийг   нэхэмжилсэн ба хариуцагч нь 2 200 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
          
             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1. Говьсүмбэр аймгийн, Сүмбэр сумын иргэн Ч.Батчулууны Хэнтий аймгийн Батноров сумын иргэн Т.Ариунболдоос 2 200 000  төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь 2 200 000 төгрөгийг төлөхөөр хүлээн  зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч                     Ч. Батчулуунаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50 150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т. Ариунболдоос 25 075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                    ШҮҮГЧ                                    Ж. БОЛДБААТАР