| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0024/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/31 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч Б.Алимаа,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л.Б,
Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ---- сумын ---- багийн нутаг дэвсгэр --- гэх газарт Улаанбаатар Мөрөн чиглэлийн засмал зам дээр 00-00 улсын дугаартай Старекс маркийн автомашин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас Б.Б-ийг дайрч амь насыг хохироосон буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ---- сумын ---- багийн нутаг дэвсгэр --- гэх газарт Улаанбаатар Мөрөн чиглэлийн засмал зам дээр 00-00 улсын дугаартай Старекс маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас хохирогч Б.Б-ийг дайрч амь насыг хохироосон, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай талийгаач нөхөр Б.Б- нь төрсөн эгч Чээжээгийн хүүхдүүд болох ах дүү хоёр Нямдалай, Бямбадалай гэж хоёр залуутай хамт гэрээ нүүлгээд Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Баянгол гэх газар луу мотоцикль дээр сундалдаад явсан. Тэгээд тэр гурвыг явсанаас хойш 1 цагийн дараа байхаа 17 цаг болж байхад... Б.Б- нь надтай утсаар холбогдож “одоо очлоо, нохойгоо аваад очно” гэж хэлээд утсаа тасалсан. Манай нохой Болдоогийнд байсан юм аа. Түүнээс хойш манай нөхөр надтай утсаар холбогдоогүй. Нөхөр маань гэртээ ч ирж хоноогүй болохоор гайхаад байж байсан чинь Оюунчимэг эгч над руу утсаар холбогдож нөхрийг маань осолд орж нас барсан гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна...Манай нөхөр гэрээсээ гарахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Талийгаач мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй. Олон жилийн өмнө мотоцикль худалдаж авсан...Би гомдолтой байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр талийгаач ах Б.Б-, төрсөн дүү Нямдалай нарын хамт нүүдэл хийсэн... бид хоёр Их-Уул руу явахдаа Ховилжийн дөрөлжөөр явж Их-Уул сумын Шивээ багт байдаг жуулчны баазын арын замын уулзвараар аспалтан зам руу орж замын нэг дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.75 литрийн архи аваад замдаа уусан. Тэгээд ахиж нэг 0.75 литрийн Ерөөл нэртэй архи дэлгүүр орж аваад Их-Уул сумын төв орж манайд очсон. Тэгээд тэр архинаас бага зэрэг хувааж уугаад талийгаач ах Б.Б- нь архиа өвөртлөөд “гэртээ харина, ахын дүү ахдаа битгий санаа зовоорой, ах нь ингээд харьлаа” гээд шөнийн 23 цаг болж байхад явсан. Түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/,
Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд бид гурав явсаар 1 дүгээр багийн нутаг Баянгол руу орж ирээд... Болдоо буюу Болдсайхан ахынд би үлдээд харин талийгаач ах Б.Б-, Бямбадалай ахтай хамт “Их-Уул орно” гээд явсан. Бямбадалай ахынх Их-Уул сумын төв дээр байдаг юм. Тэр хоёр явсанаас хойш ахиж талийгаачтай уулзаагүй. Тэгээд өнөөдөр 12 цаг болж байхад талийгаачийг осолд орж нас барсан талаар дуулаад ирж байгаа юм. Талийгаач тухайн үед Бямбадалай ах бид хоёртой хамт явахдаа архи ундаа хэрэглээгүй эрүүл саруул байсан ...18 цаг болж байхад тэр хоёр Их-Уул руу явсан... Хааяа архи ууж мотоциклио жолоодож байсан...Талийгаач нь шударга шулуун зантай хүнтэй байсан...Баянгол руу явахад Их-Уул сумын Шивээ багийн тус замаар явж очно. Тэр зам бол уулзвартай зам байдаг юм аа. Урагшаа салсан замын уулзвар нь Их-Уул сумын голын захаар байгаа айлууд руу явдаг. Харин хойшоо салсан зам нь Их-Уул сумын Ховилч буюу Шивээ баг руу очдог юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 49-50- р тал/,
Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Талийгаач Б.Б- нь миний төрсөн дүү байгаа юм аа...Би талийгаач дүүтэйгээ одоогоос 3 хоногийн өмнө таарсан. Талийгаач Б.Б- дүү маань манайхаар ирээд “зусландаа бууна” гэж ярьж байгаад явсан...Тэгээд иртэл өнөө өглөө манай дүү “осолд орж нас барсан байна” гэж сонсоод цагдаа дээр ирсэн юм аа” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/
Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг Баянбулаг, Мод толгой гэх газарт манай талийгаач дүү Б.Б- нь нүүж ирсэн юм. …Өчигдөр манай талийгаач дүү Б.Б- гэртээ ирж хоноогүй. Тэгээд өнөө өглөө би “нас барсан байна” гэж дуулаад цагдаа дээр ирсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/
Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минут болж байхад ... улсын дугаартай Грандбюрд маркийн 45 хүний суудалтай автобусыг жолоодоод Мөрөнгийн чиглэлд гарсан ...Би сааталгүй явсаар үүрээр 3 цаг 30 минутаас 4 цагийн хооронд Их-Уул сум өнгөрөөд явж байтал зам дээр хоёр тээврийн хэрэгсэл ослын дохиогоо өгөөд миний явж байсан чиглэлд зогсож байхаар нь гүйцэж түрүүлэх гээд дохиогоо өгөөд эсрэг урсгал руу орсон чинь хоёр эрэгтэй хүн миний өөдөөс гүйгээд гараараа явж болохгүй “зогс” гэсэн дохио өгөөд байхаар нь би явж байсан чиглэлдээ зогссон. Тэгээд гэрлээ тусгаад харсан чинь миний автобуснаас барагцаагаар 100 орчим метрийн цаана зам дээр нэг мотоцикпь хөндлөн хэвтэж байгаа харагдахаар нь гэрлээ холын гэрэл дээрээ шилжүүлээд харсан чинь нэг хүн мотоциклийн дэргэд хэвтэж байгаа харагдсан. Би автобуснаасаа буулгүй цонхоор хараад сууж байтал зам дээр гэрлээ асаагаад зогсож байсан хоёр машины урд талд зогсож байсан УБ дугаартай хөр өнгийн жип машинаас нэг махлаг өндөр эрэгтэй хүн ирээд “энд хүн мотоциклиос унаж нас барсан юм шиг байна” гэж хэлчихээд буцаад машин руугаа маягтай алхаж явсанаа замын замын хоёр талаас том чулуу аваад нас барсан гэсэн хүний наана цаана нь тавьж байгаа харагдсан”гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,
Гэрч А.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед өөрийнхөө ...улсын дугаартай Тоёота марк-2 маркийн машинаар Булган аймгийн нутаг дэвсгэрт байдаг Баатарван амралтын газрын цаад талд байдаг нэг газарт очихоор явсан... 16 цагийн үед буцаад Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Бид гурав явсаар байгаад үүр цайх гэж байхын үед барагцаагаар 04 цагийн орчимд Их-Уул сум өнгөрөөд явж байтал миний явж байсан зам дээр хөх өнгийн автобус урсгал сөрөөд ослын дохиогоо асаагаад зогсчихсон, автобусны баруун талд миний явж байсан эгнээнд нэг хар өнгийн бага гарын гэмээр жип маркийн машин зорчих хэсэг дээр чигээрээ зогсчихсон байхаар нь би машинаа зогсоогоод машинаасаа буугаад автобусны урд тал руу харсан чинь автобусны урд талд нэг мотоцикль унасан юм шиг, мотоциклийн дэргэд нэг хүн газарт унасан байгаа харагдсан. Тэр газар байгаа хүний дэргэд 4-5 хүн зогсож байгаа харагдсан. Намайг очоод зогсож байхад барагцаагаар 5 минутын дараа автобус ухраад миний машины ард ирээд зогссон, Автобус ирээд зогссоны дараа нөгөө газарт байсан хүнийг дэргэд зогсож байсан 4- 5 хүмүүсийн дотроос нэг шар цамцтай, саарал цагаан өмдтэй нэг согтуу залуу “та нар хүн алсан байна шүү дээ, хүн чинь үхсэн байна, та нар хүн дайраад л алсан байна шүү дээ” гээд тэр хавиар чанга чанга дуугараад алхаад байгаа харагдсан”гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/,
Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Мөрөнгийн зүгт явж байхад Их-Уул сум өнгөрөөд 10 гаруй км газар явж байхад замын хажууд том оврын автобус, автобусны урд талд хоёр суудлын машин зогсчихсон зам дээр хүмүүс бөөгнөрчихсөн байсан тэрийг хараад осол гарчихаж гэж гэж бид гурав хоорондоо ярилцаж байсан. Машинаас буугаад харахад том оврын автобус Мөрөн чиглэлд хараад эсрэг талын урсгалд ороод зогсчихсон. Бид нарын явж байсан зорчих хэсэгт хоёр машин ар араасаа цувраад зогсчихсон түүний урд талд зам дээр мотоцикль. мотоциклийн хажууд нэг хүн уначихсан хэвтэж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/,
Гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын наад талд хот хооронд зам дээр зам тээврийн осол гарсан бололтой автобусны гэрэл нь асаж унтраад байж байсан. Тэгээд яваад очтол хот хоорондын тээвэрт явдаг бололтой автобус бид нарын явж байсан замын эсрэг урсгалд буюу замын ертөнцийн зүгээр баруун талд Хөвгөл аймгийн чиглэлд харсан байдалтай зогсож байсан. Харин миний сууж явсан машины урд талын суулын хар бараан өнгөтэй хоёр машин Хөсвгөл аймгийн чигт хараад зогсож байсан. Тэгээд байж байтал миний сууж явсан машины эсрэг урсгалд Мөрөнгийн чиглэлд хараад зогсож байсан автобус буцаж ухраад миний сууж явсан машин хойд талд гараад зогссон. Тэгээд тэр автобуснаас нь саарал өнгийн цамцтай согтуу залуу гарч ирээд тэр хавиар яваад “алуурчингууд” гэж орилоод над дээр болон надтай хамт явсан өвгөн дээр нэг удаа ирээд ус тамхи гуйгаад хэл амаар доромжлоод байх шиг байхаар нь би хальт машинаас тэр залууг “чи одоо юу яриад байгаа юм бэ” гээд явуулсан. Тухайн залуу миний сууж явсан машины жолоочийг “чи энэ хүнийг дайрч алсан” гээд юм яриад байсан. Тэгээд тэр согтуу залуу мотоциклийн цаана хэвтэж байсан хүний хажууд оччихсон байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-р тал/,
Гэрч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би замдаа сааталгүй явсаар байгаад 03 цаг 10 минутын үед Их- Уул сум өнгөрөөд барагцаагаар 5-10 км зайд явж байтал миний урд явж байсан хар ногоон өнгийн суудлын тэрэг замаас баруун гар тал руугаа огцом дараад цаашаа яваад өгөхөөр нь араас хурдаа хасаад очтол зам дээр нэг мотоцикпь унасан байгаа нь гэрэлд харагдсан. Тэгээд дөхөөд очиход мотоциклийнхоо дэргэд газарт нэг хүн унасан байгаа харагдсан. Тэгэхээр нь тухайн хүн болон мотоциклиос жаахан өнгөрөөд машины зам чөлөөлж зогсоогоод машинаасаа орчуулагчийн хамт буугаад тухайн хүн дээр очиход нас барсан нь илэрхий, толгойн орчмоос маш их цус гарч зам дээр тунарсан, тунарсан цус нь удсан гэмээр өтгөрсөн байдалтай харагдсан. Намайг очоод удаагүй байхад барагцаагаар 1-2 минутын дараа хаанаас юм гэнэт нэг хар өнгийн гэр бүлийн гэмээр машин зам дээр гараад ирэхээр нь би гараараа даллаж зогсооход хоёр согтуу хүн машинаасаа бууж ирээд мотоцикпийн тэнд очсоноо надад аймгийн Цагдаагийн газрын утасны дугаарыг өгсөн, би цагдаагийн газрын 7038102 дугаарын утсанд 03 цаг 09 минутад дуудпага өгсөн. Тэгээд нас барсан хүний хоёр талд чулуу тавьж таних тэмдэг хийхээр болж замын хажуугаас чулуу зөөж зам дээр тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/,
Гэрч О.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ...16 цаг болж байхад Таван шарын буудал дээрээс 97:24 УНВ гэсэн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Старексэд сууж 16 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос Мөрөнгийн чиглэлд гарсан ... Тэгээд тэр машины эзэн Заяа гэж жолоочтой ээлжлээд машинаа барьж яваад байсан. Булган арай орж амжаагүй байхад Заяа гээд жолооч хойд суудал руу орж суугаад харин нөгөө машины эзэн жолоогоо барьж эхэлсэн. Тэгээд би хэсэг унтсан байсан. 02 цаг болох гэж байсан байхаа Их- Уул сум өнгөрөөд явж байсан чинь машин огцом зүүн тал руугаа дайвалзаад ирсэн. Тэгэхээр нь би “юу болоод байнаа, унтаад байгаа юм уу” гэсэн чинь тэр жолооч “зам дээр нэг улаан өнгөтэй мал юм уу мотоцикль байхаар нь дайрчих шахаад нэг тал руу нь хүрдээ мушгилаа” гэж байсан. Тэгэхэд Мядаг унтаж байгаад сэрсэн. Тэр жолоочийн эхнэр голын сандал дээр сууж яваад сэрээд “яав аа, чи унтчихсан юм уу” гэсэн чинь тэр жолооч “урд юм байхаар нь дайрчих шахаад гарлаа” гэсэн. Тэгсэн тэр Заяа гээд жолооч сэрсэн. Тэгээд Заяа гээд жолооч машиныг нь бариад явсан чинь диск нь суларчихлаа гээд байсан… Тэр жолооч 60-70 милл хурдтай явж байсан. Архи уугаагүй байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85-р тал/,
Насанд хүрээгүй гэрч О.О-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 18- ны орой Улаанбаатар хотоос нагац ах Л.Б-ын хамтаар 17-18 цагийн хооронд гарсан... Тэгээд замдаа явж байгаад ах Эрдэнэмөрөн жолоогоо Л.Б- ахад өгөөд Эрдэнэмөрөн ах миний хажуу талд суугаад нэлээд удаан явсан ... Л.Б- ахаас бусад нь бүгд л унтаж явсан байхаа. Нэлээд орой болсон байсан. Унтаад явж байсан чинь машины чиглэл өөрчлөгдөөд явчихаар нь сэрсэн чинь замынхаа хажуу тал руу гарчихсан юм шиг байсан. Жолооч тал руугаа машин чиглэл өөрчилж машин онхолдох шахсан. Араас Баярцэцэг эгч Л.Б- ахад хандан “машинаа онхолдууллаа шүү дээ, юу болсон юм бэ” гэсэн чинь Л.Б- ах “замын урд нэг бараан хар юм байх шиг байна” гэж хэлж байсан. Би нойрмог байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд бид нар цаашаа хэсэг явж байгаад зогссон. Тэгсэн машинаас нэг юм үнэртээд явчихсан...Машинаас автобусны жолооч ах, Л.Б- ах хоёр буугаад “дугуй нь хагарчихсан юм болов уу” гээд үзсэн чинь автобусны жолооч ах “диск нь эвдрэх гэж байгаа юм байна” гэж хэлээд Мөрөн хүртэл би машиныг чинь аргалаад баръя гэж хэлээд бариад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р тал/
Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай нагац ах Л.Б- нь хөдөөнөөс эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт хотод ирээд машин аваад Хөвсгөл рүү явсан. Бид нар хотоос гарахдаа нийт 10-лаа гарсан...Тэр үед машины хүрдийг бид нартай хамт явсан автобусны жолооч ах жолоодож явсан. Булган хүртэл тэр ах жолоог барьсан. Харин Булганаас хойш би хэсэг жолоог барьж байгаад Л.Б- ахад машины хүрдийг өгөөд хажуу талын суудал руу ороод унтсан. Л.Б- ах үүнээс хойш жолоог барьж явсан. Их-Уул сумын нутагт орж ирээд машин гэнэтхэн мурилзаад онхолдох шахсан. Тэр үед би унтаж яваад сэрсэн. Тэгсэн хүмүүс “яасан юм бэ, юу болсон юм бэ” гэхэд Л.Б- ах “дүмбэ ч юм уу, юу ч юм замын голд нэг юм уначихсан байна. Ямар ч байсан машинаа унагаачихсангүй” гэж хэлж байсан. Л.Б- ахын эхнэр “юу байсан юм бэ, бууж үзэх юм уу” гэхэд Л.Б- ах “нэг их сүртэй юм биш ээ” гээд шууд явсан… Зам дээр юу байсныг харсан хүн байхгүй байхаа. Хүмүүс “юу байсан юм бэ” гэцгээж байсан. Машин ямар нэг юм мөргөөгүй. Жолооч тал руу машин хазайсан...Дундаж хурдтай буюу 60-80 миллийн хурдтай явж байсан...Манай нагац ах Л.Б- нь их цайлган сэтгэлтэй, даруу төлөв зантай хүн байгаа юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р тал/,
Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд гарсан. Ингээд явж байтал Хөвсгөл аймгийн Их-Уул сумын наад талд миний урд хар юм харагдахаар нь “машин зогсож байна” гэж бодоод машиныхаа рулийг зүүн гар тал руугаа дараад өөрийнхөө явж байсан урсгалын эсрэг урсгал руу орсон.Тэгсэн миний урд хөндлөн юм хэвтэж байсан. Тэгээд би эсрэг урсгалд орчихсон явж байгаад дахиж зүүн гар тийш дараад замаас гараад замынхаа хөвөөний шороон хэсгээр тойроод гарчихъя гэж бодсон чинь манай эхнэр хойноос “уналаа шүү дээ” гэж орилоод би сандрахдаа машиныхаа рулийг хариулаад баруун гар тийшээ дарсан. Тэгээд хойно сууж явсан жолооч “чи нэг юм мөргөчихлөө шүү дээ” гэсэн чинь манай дүү Эрдэнэмөрөн “дүмбэ юм байгаа биз, улаан алаг өнгөтэй юм хальт харагдлаа” гэсэн. Тэгээд цаашаагаа 100 орчим метр яваад миний машины диск эргээд явахаа байсан. Тэгээд Алаг-Эрдэнэ сум руу ороод гэртээ харьсан. Би аймгийн төвд байхдаа машинаа угааж цэвэрлэсэн. Би замын хөдөлгөөний хууль дүрмийн талаар мэднэ. Машинаа зогсоогоогүй нь миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 77-80,183-186-р тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 96-98, 102-103-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн, хурааж авсан гэх тээврийн хэрэгслийн эд ангиудын нэг нь өмнөх шинжилгээнд ирүүлээгүй зүйл ирүүлсэн байх ба уг зүйл нь тухайн 00-00 улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслийн баруун урд дугуйн дотор хэсгийн урд талын под крилотой зах ирмэг, хэлбэрээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 185-186-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шүүх химийн шинжилгээгээр талийгаач Б.Б-ийн цогцосноос авсан цусанд 3.92%, этилийгн спирт илрэв. Энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна.” гэх дүгнэлт /хх- ийн 103-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Задлан шинжилгээгээр талийгаачийн цогцост гавал тархинд хавсарсан гэмтэл болон цээж, хэвлийн битүү гэмтэл, хамар, өвчүү, баруун талын олон хавирганд хугарал, зүүн хацар, зүүн шанаа, зүүн хөмсөг,баруун, зүүн бугалганд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дагзны хуйханд шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь зам тээврийн ослын улмаас хүний биеийн хүчнээс хэт давсан хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох, шахагдах, дарах зэрэг үйлчлэлүүдээр тус тус үүсгэгдсэн байна. Гавал тархины хавсарсан гэмтэл болон цээж хэвлийн битүү гэмтэл, олон хавирганы хугарал нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна. Биеийн бусад хэсгийн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно…Талийгаач Б.Б- нь зам тээврийн ослын улмаас гавал тархиндаа хавсарсан гэмтэл авч тухайн үедээ төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Уг шалтгаанаар нас барсан гэдэг нь дээрхи онош болон задлан шинжилгээний тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүдээр бүрэн батлагдаж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 99-102-р тал/,
Шинжээч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Эдгээр гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэгэн удаагийн үйлчлэлээр нэг чиглэлээр тус тус үүсгэгдсэн гэмтлүүд юм. Гавал тархи болон цээж, хэвлийд хавсарсан гэмтлүүд учирсан нь өөр, өөр цаг хугацаанд учирсан гэмтлүүд биш гэдгийг батлаж байна. Учир нь энэ гэмтлүүд нь тус бүрдээ амь насанд аюултай, үхэлд хүргэх гэмтлүүд учраас аль нэг гэмтлийг нь түрүүлж аваад өөр цаг хугацаанд өөр гэмтэл дахиж авна гэсэн ойлголт байхгүй. Талийгаачийн цогцост үүссэн хугарал болон ил харагдах гэмтлүүд нь ихэвчлэн зүүн талдаа үүсгэгдсэн, мөн цогцосны байрлал зэргийг харахад зүүнээс баруун чиглэлд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэдэг нь нотлогдож байна. Зүүнээс баруун тийш гэж байгаа нь цогцосны хувьд зүүнээс баруун гар тийш үүсгэгдсэн гэж ойлгоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108-р тал/,
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Старекс маркийн 00-00 маркийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1. 9.2 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 2.5-д заасан “Осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ” ...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-д Зам тээврийн осол гэж “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэн хохирох, тээврийн-хэрэгсэл болон замын байгууламж эвдрэх гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал”-ыг хэлнэ гэж заасан байх тул жолооч Л.Б-ын гаргасан үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна. Жолооч Л.Б- нь үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн холын болон ойрын гэрлийн тусгапын хүрээнд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийнхээ хурдыг сонгож яваагүй, аюул саад бий болох үед тээврийн хэрэгслээ зогссох арга хэмжээ аваагүй шалтгааны улмаас зам тээврийн осол гаргасан ба осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 111-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15-р тал/
Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21-р тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24-р тал/
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-29-р тал/
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 36-37-р тал/
Автомашин үнэлсэн тайлан /хх-ийн 123-р тал/
Гэрч Б.Баярцэцэг, Б.Заяажаргал, /хх-ийн 74-76, 91-93-р тал/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ---- сумын ---- багийн нутаг дэвсгэр --- гэх газарт Улаанбаатар Мөрөн чиглэлийн засмал зам дээр 00-00 улсын дугаартай Старекс маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч Б.Б-ийн амь насыг хохироосон, мөн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.Б-т автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6.748.000 төгрөг төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Л.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6.748.000 төгрөг төлж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн -дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 00-00 улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-ын эзэмшлийн автотээврийн хэрэгслийг түүнд буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан авто машины под крылоны 5 хэсэг хуванцар зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн -дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь сэтгэл санааны хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Л.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн эзэмшлийн - улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашиныг шүүгдэгч Л.Б-т буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн авто машины под крылоны 5 хэсэг хуванцар зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн 1838004650283 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь сэтгэл санааны хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР