Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01361

 

 

ЕТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01102 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЕТ ХХК-ийн хариуцагч Ү ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 68,322,949 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнаран, В.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ЕТ ХХК нь Ү ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Ү ХХК нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд байрлах 547 тоот орон сууцны барилгад Schuео[A1]  фирмийн RAL цагаан өнгийн AWS 90SI, АSS 70 НI систем, 48 мм-ийн зузаантай 3 давхар ганжуулсан шилтэй хөнгөн цагаан хийцлэлтэй, нийт 288,40 м.кв хаусны цонх, хаалга угсралтын ажлыг 95 хоногийн дотор хийж гүйцэтгэх, ЕТ ХХК нь ажлын хөлсөнд нийт 124,458 еврогоос урьдчилгаа төлбөрт 80 хувь буюу 99,566 еврог Монголбанкны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ханшаар тооцож 293,781,416 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэтэл Ү ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн дуусгаж, ажлын гүйцэтгэлийн чанар үзүүлэлтийг талуудын хамтарсан комисс шалгаж, гүйцэтгэл тус бүрээр акт үйлдэн захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч гүйцэтгэгч нь дээрх хугацаанд ажлыг гүйцэтгээгүй. Захиалагч тал удаа дараа шаардсаны дагуу цонх, хаалга угсралтын ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эхлүүлсэн. Ү ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн тул ЕТ ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 53/20 дугаар албан бичгээр алданги тооцох талаар мэдэгдсэн. Талууд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан ажлын уулзалтаар гүйцэтгэсэн ажлыг хэмжихэд 203,66 м.кв болохыг баталгаажуулсан. Уг ажлын хөлс 93.218 евро буюу 275,050,683 төгрөг болно. Захиалагч ажлын хөлсөнд 293,781,416 төгрөг шилжүүлсэн тул илүү төлсөн 18,730,733 төгрөгийг гаргуулна.

Талууд гэрээний 4.6-д гүйцэтгэгч нь гэрээт ажлыг заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцохоор заасан. Гүйцэтгэгч ажил гүйцэтгэх хугацааг 405 хоногоор хэтрүүлсэн тул алданги 49,592,216 төгрөг, нийт 68,322,949 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Ү ХХК нь ЕТ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг 95 хоногийн хугацаанд гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд 124,458 евро төлөхөөс 99,566 еврог төлсөн. Захиалагч 2 ширхэг W-9 кодтой 5,400х1,460 арктай[A2]  цонхыг гурвалжин хэлбэртэй захиалсан боловч цонхны загварыг өөрчилж дугуй болгож өөрчилснөөс нэмэлт зардал гарсан тул илүү төлсөн төлбөрөөс хасаж тооцоход 2,157 еврогийн төлбөр төлөхөөр байна.

Захиалагч цонхны хэлбэрийг өөрчилснөөс ажил гүйцэтгэх хугацаа удааширсан. Монгол улсад дугуй рамтай цонхыг үйлдвэрлэдэггүй учир захиалагчийн хүсэлтээр Герман Улсад тусгай захиалгаар захиалсан талаар манай компани 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 02/20/20 дугаар албан бичгээр ЕТ ХХК-д мэдэгдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 5.3.1-т захиалагч барилгын хийц зураг төсөлд өөрчлөлт оруулсан бол алданги тооцохгүй байхаар заасан. Захиалагч цонхны хэлбэрийг өөрчилсөн тул гүйцэтгэгч алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Барилгын ажлын талбайд захиалагч талаас хариуцах ажилтан байдаггүйгээс гүйцэтгэгч компанийн ажилтнууд оффисоос нь очиж түлхүүр авч, барилгын ажлын талбайд нэвтэрч хугацаа алдсан. Барилгын талбайд их хэмжээний цас орсны улмаас 600-700 кг жинтэй том цонхыг зөөвөрлөхөд хүндрэл гарсан. Мөн цонхыг зөөвөрлөхөд үүдний хэсгийн бетон довжоо саад болсон тул уг довжоог зайлуулж өгөхийг захиалагчаас удаа дараа хүссэн боловч шийдвэрлэж өгөөгүй хугацаа алдуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ү ХХК-аас 36,847,234 /гучин зургаан сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЕТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,475,715 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 538,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 342,186 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх цонхны хэлбэр өөрчилсөн талаар зөв дүгнэсэн атлаа ажил гүйцэтгэх гэрээний 5.3.1-т Захиалагч барилгын хийц зураг төсөлд өөрчлөлт оруулсан бол ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд өөрчлөлт орж, алданги тооцохгүй гэж заасныг анхаараагүй Ү ХХК-аас алданги 18,116,501 төгрөг гаргуулсанд гомдолтой байна. ЕТ ХХК нь цонхны хэлбэрийг өөрчилсөн. Монгол улсад дугуй рамтай цонх үйлдвэрлэдэггүй тул Герман улсад захиалгаар хийлгэсэн. Дугуй рамтай цонхыг хийхэд хугацаа их алддаг болох нь Герман улсын Шоко үйлдвэрийн Украйн, Израйль, Монгол улс дахь борлуулалт хариуцсан ажилтны албан бичиг, гэрч н.Оюунчимэг, н.Эрдэнэбаяр, н.Чингүн нарын мэдүүлгээр нотлогдоно. Шүүх гэрээний 5.3.1-т заасан талуудын тохиролцооны талаар дүгнэлт хийгээгүй. Талууд цонхны хуваалтыг өөрчилсөн. Үүнд: цонхны онгойлт 17 ширхэг, 27,98 м.кв байсныг 28 ширхэг, 36,72 м.кв, гүйдэг хаалга 4 ширхэг, 18,08 м.кв байсныг 3 ширхэг, 22,74 м.кв, цонх хаалганы дүлий 25 ширхэг, 229,222 м.кв байсныг 18 ширхэг, 128,02 м.кв, Гэрээнд заагаагүй 2 ширхэг дугуй цонх 2 ширхэг, 15,30 м.кв, цонх (унаж онгойдог) 7 ширхэг, 8,7 м.кв, 1 ширхэг, 0,88 м.кв, нийт 288,402 м.кв байсныг 203,66 м.кв болгож өөрчилсөн. Ү ХХК нь ЕТ ХХК-д ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгснийг ЕТ ХХК нь ажлыг бодитоор хүлээж авсан. Харин актаар хүлээж аваагүй.

Ү ХХК ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 18,730,733 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан гэрээний төсөлд цонхны рамын үнэ ороогүй бөгөөд захиалагчийн хүсэлтээр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энэхүү ажлын зурагт өөрчлөлт оруулсан. ЕТ ХХК нь 15,30 м.кв цонхыг 5,814 еврогоор буюу ердийн цонхны үнэлгээгээр буюу 1 м.кв-ыг 380 еврогоор тогтоосон. Ү ХХК 15,30 м.кв цонхны үнэлгээг 1 м.кв-ыг 10,006 еврогоор тогтоосон. Ажил гүйцэтгэх гэрээний 4.5-т зааснаар цонх захиалахад гарсан нэмэлт зардлыг илүү төлсөн хөлснөөс суутгах ёстой. Гэрээнд анх цонхны үнийг заагаагүй боловч 1 м.кв-ыг 850 еврогоор тооцсоныг ЕТ ХХК-ийн хүсэлтийг харгалзан цонхны үнийг 1 м.кв-ыг 653 евро болгож бууруулсан. ЕТ ХХК цонхыг өндөр үнэтэй тул хүлээн авахгүй гэж мэдэгдэж байсан боловч хүлээн авч байшиндаа суурилуулсан. ЕТ ХХК шинжээч тус цонхыг 31,806,864 төгрөгөөр үнэлсэн талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Ажил гүйцэтгэх гэрээний 5.3.1-т заасныг үндэслэн цонхны хэлбэрийг өөрчилсөн тул алданги төлөх үндэслэлгүй гэж хариуцагч маргасан. Гэрээний дээрх заалтыг захиалагч зөвшөөрсөн бол алданги тооцохгүй гэж ойлгоно. Ү ХХК-аас ЕТ ХХК-д цонх ирэхэд хугацаа алдах нөхцөл байдал үүссэн талаар зураг төсөл баталгаажсанаас хойших хугацаанд мэдэгдээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 5.3.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгч гэрээний 4.6-д заасны дагуу алданги шаардах эрхтэй. Гэрээ байгуулах хэлэлцээрийн явцад зураг төсөлд гурвалжин рамтай үнийн санал авч, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулагдсаны дараа мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цонх дугуй рамтай болж батлагдсан. Иймд гэрээнд зааснаас өөр нэмэлт ажил хийгээгүй. ЕТ ХХК 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр нэгж үнэд өөрчлөлт орсныг хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдэгдсэн. Ү ХХК уг албан бичигт хариу өгөөгүй. Ү ХХК цонхыг 4,192 еврогоор захиалсан гэх тайлбарладаг. Энэхүү захиалгын үнийг үнэлгээний байгууллагын дүгнэлтээс өөр баримтаар нотлоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянахад шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

1. Нэхэмжлэгч ЕТ ХХК хариуцагч Ү ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсөнд илүү төлсөн 18,730,733 төгрөг, алданги 49,592,216 төгрөг, нийт 68,322,949 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 2,157 еврог буцаан төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг болон алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

1.1. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ү ХХК нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд байрлах 547 дугаар амины орон сууцны барилгад Schueco фирмийн RAL цагаан өнгийн AWS 90SI, ASS 70 HI систем, 48 мм зузаантай 3 давхар ганжуулсан шилтэй хөнгөн цагаан хийцлэл бүхий 288.40 м.кв талбай цонхны ажлыг гүйцэтгэх, захиалагч Сетурнари ХХК ажлын хөлсөнд 124,458 евро төлөхөөр тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. (1хх-ийн 9-11)

Зохигчийн хооронд W-9 кодтой 5,400 х 1,460 арктай цонх гурвалжин байсныг дугуй болгон гэрээнд өөрчлөлт оруулсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарна. Гэрч Л.Мөнхсарнай ... 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр талбайн хэмжилт хийсэн. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хоёр талаас баталгаажуулсан, түүнээс хойш зурагт өөрчлөлт оруулаагүй, баталгаажуулсан зураг нь хэргийн 199-200 дугаар талд авагдсан гэж, гэрч Х.Эрдэнэбаяр ... Үнийн санал дээр 2 ширхэг гурвалжин цонх байсан. Талбайн уулзалт дээр бодит проем нь дугуй буюу арк хэлбэртэй байсан. Захиалагч үүнийг байгаагаар нь хийлгэе гэсэн, гурвалжин байсныг дугуй болгосон ... 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш зурагт өөрчлөлт оруулах хүсэлт өгч байгаагүй гэж тус тус мэдүүлжээ. Иймд талууд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр W-9 кодтой 5,400 х 1,460 арктай цонх гурвалжин байсныг дугуй болгон өөрчилсөн, харин үүнээс хойш гэрээнд өөрчлөлт оруулаагүй, ажлын зураг өөрчлөгдөөгүй байна. (2хх-ийн 36-40, 101-103)

1.3.Нэхэмжлэгч ЕТ ХХК-ийн ... хариуцагч Ү ХХК 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлыг эхлүүлсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй болно. Иймд талууд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цонхны хэлбэрийн талаар тохиролцсон гэж үзэх тул ажил гүйцэтгэх явцад захиалагч ажлын зураг өөрчилж хугацаа алдаж, зардлын хэмжээ нэмэгдсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

1.4.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Мөн талууд гэрээний 4.3-т Гүйцэтгэгч нь захиалагч талын өгсөн зургаар үнэлгээ гаргасан ба хэрэв зурагт нэмэлт өөрчлөлт орвол захиалагчид урьдчилан мэдэгдэж тохиролцсон тохиолдолд захиалагч уг өөрчлөлттэй холбоотой нэмэгдэл ажлын хэмжээгээр гүйцэтгэгч талд зөрүү мөнгө нэмж олгоно гэж тохиролцсон байна.

Гэтэл Ү ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний явцад урьдчилан төлөвлөх боломжгүй нэмэлт зардал гарсан, төсвийн хэмжээ нэмэгдэхээр байгаа талаар ЕТ ХХК-д мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд хариуцагч нь захиалагчийн илүү шилжүүлсэн төлбөрөөс нэмэлт зардлыг хасаж тооцох үндэслэлгүй болхыг анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

1.5. Талууд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэсэн ажлын талаар хэмжилт хийж Ү ХХК нийт 203.66 м.кв талбай бүхий 93,218 евро буюу 275,050,683 төгрөгийн ажил гүйцэтгэснийг баталгаажуулсан байна. (1хх-ийн 38) Нэхэмжлэгч ЕТ ХХК ажлын хөлсөнд 99,566 евро буюу 293,781,416 төгрөг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул хариуцагч Ү ХХК илүү төлбөр 18,730,0733 төгрөг буцаан төлөх үүрэгтэй.

Хариуцагч Ү ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 126/20 дугаар албан бичгийг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний төсөв нэмэгдсэн гэх үндэслэлгүй. Учир нь: захиалагч ЕТ ХХК нь гүйцэтгэгч Ү ХХК-ийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлыг гүйцэтгэж эхэлснээс хойш цонхны хэлбэрийг дугуй болгож өөрчлөөгүй ба гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэмжсэний дараа дээрх албан бичгийг хүргүүлсэн байх тул хариуцагчийн татгалзал бүхэлдээ үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч ЕТ ХХК-ийн алданги 49,592,216 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;

Талууд гэрээний 4.6-д Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож захиалагч нь төлбөрөөс суутгана гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцжээ.

2.1. Хариуцагч Ү ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг 95 хоногийн хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна. Гэвч хариуцагч Ү ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гэрээнд заасан ажлын 97 хувийг гүйцэтгэсэн болох нь цонх угсралтын шалгалтын хуудсаар тогтоогдсон байна[A3] .

Нэхэмжлэгч ЕТ ХХК-аас шалтгаалж хариуцагч Ү ХХК гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 36,233,003 төгрөгийн 50 хувийг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

2.2. Нэхэмжлэгч ЕТ ХХК ажлыг гүйцэтгэж эхэлснээс хойш цонхны хэлбэрийг дугуй болгож өөрчилсөн гэх байдал тогтоогдоогүй талаар магадлалын хянавал хэсгийн 1.3-т дүгнэсэн тул захиалагч гэрээний нөхцөлийг өөрчилснөөс хугацаа алдсан гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ү ХХК-ийн урьдчилан төлсөн 342,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ