Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01362

 

 

Т.Ү-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01813 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ү-ын хариуцагч Монре даатгал ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 25,360,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Т.Ү- Монре даатгал ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж 00-79 УНУ улсын дугаартай Лексус-570 (Lexus-570) маркийн автомашиныг premium даатгал буюу үнэлгээг нэг хувиар тооцож 2,600,000 төгрөгөөр даатгуулсан. Констракшин конвеншил ББСБ ХХК-д автомашиныг барьцаалж 100,000,000 төгрөгийн зээл авсан. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Шартын давааны орчимд явж байхдаа адуу мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол гаргасан газар гар утасны сүлжээгүйгээс цааш 3-4 км явж утасны сүлжээтэй газар очиж Д.Бүрэнтөгөлдөртэй холбогдож Өвөрхангай аймагт ирсэн. Автомашинд 25,360,650 төгрөгийн хохирол учирсан тул Монре даатгал ХХК-аас уг хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Констракшин конвеншил ББСБ ХХК-ийн өмчлөлийн 00-79 УНУ улсын дугаартай Лексус-570 (Lexus-570) маркийн автомашиныг Т.Ү- 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, улмаар тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан талаар материал бүрдүүлж өгснийг шалгаж нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Учир нь: даатгалын гэрээний 2.1-д Даатгуулагч энэхүү гэрээгээр нөхөн төлбөр олгогдож болох аливаа хохирлын талаарх тухайн эрсдэл учирсан ослын газраас хөдлөхгүйгээр даатгалын тохиолдлыг газар дээр нь мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хэрэв нэн даруй мэдэгдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол даатгагчид 24 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй гэж, мөн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй талаар заасан. Гэвч Т.Ү- нь ослын талаар гэрээнд заасан хугацаанд бус 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө осол гарсан байхад мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн. Мөн даатгалын тохиолдол болсон эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Т.Ү- нь Монре даатгал ХХК-д өргөдөл, холбогдох эрх бүхий албан тушаалтны хохирол үнэлгээний баримт, аваар осол болсон тухай холбогдох мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл түүний гаргасан өгсөн баримт гэрээнд заасан шаардлага хангаагүй. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсээс ослын талаар тодруулсан боловч 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39А/979 дугаартай албан бичгээр осол гарсан өдөр Т.Ү- цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирээгүй байна гэсэн хариуг өгсөн. Иймд даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 439.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ү-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Монре даатгал ХХК-д холбогдох 25,360,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,853 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Т.Ү- 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 00-79 УНӨ улсын дугаартай Лексус-570 (Lexus-570) маркийн автомашиныг Констракшн коммершл инвестмент ББСБ ХХК-д барьцааж 100,000,000 төгрөг зээлсэн. Монре даатгал ХХК-д даатгуулах шаардлагатай гэсэн тул даатгалын гэрээ байгуулж 260,000,000 төгрөгийн 1 хувиар буюу 2,600,000 төгрөгийг даатгалын төлбөрт төлсөн. 2022 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Шартын даваа гэх газар адуу мөргөж осол гаргасан. Тухайн газар утасны сүлжээгүй байсан учир дуудлага өгч чадаагүй. Автомашины эвдрэлийн зургийг авсан. Гэвч шүүх ... нэхэмжлэгчийн даатгуулсан автомашин гэмтсэн болох нь түүний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зургаас харагдаж байгаа хэдий ч Өвөрхангай аймгийн Шартын даваа гэх нэртэй газар адуу дайрч осол болсон эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй ... гэсэн дүгнэсэн. Мөн гэрч Т.Даваасүрэн, Ж.Анхбаяр, Ж.Содхон-Эрдэнэ, Д.Бүрэнтөгөлдөр, Б.Байгалмаа нар даатгалын тохиолдол болсныг нотолсоор байтал шүүх ... гэрч нар адуу дайрсан, гэмтсэн автомашиныг хотод унаж авчирсан... гэж мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг хуульд заасны дагуу бичгийн баримтаар нотлогдох ёстой гэж гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн. Т.Ү-д даатгалын гэрээ бусад баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх ... Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д даатгагч даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулсан эсэх талаар зохигчдын хэн аль нь маргаагүй ба нэхэмжлэгч Premium даатгалын гэрээний нөхцөлөөр даатгуулсан гэж мэтгэлцэж байх тул хариуцагчийг танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд Авто тээврийн хэрэгслийн даатгал гэх баримтаас өөр гэрээ байхгүй, хариуцагч ч тийм дэлгэрэнгүй гэрээ байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч Premium даатгалыг өндөр хураамжтай, ямар ч тохиолдолд нөхөн төлбөр олгоно гэж ойлгосон.

Мөн анхан шатны шүүх Premium даатгалыг Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний эрсдэлийг зогсоолын эрсдэл гэж дүгнэсэн нь даатгалын гэрээний ангиллыг үгүйсгэсэн. Монре даатгал ХХК болон Т.Ү- нарын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөлтэй гэрээ юм. Даатгагч нь гэрээний стандарт нөхцөлийн талаар даатгуулагчид танилцуулаагүй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-8.5.5-т заасан хуульд заасан үндэслэлийг тодотгосон журам, ямар нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгохоос бүрэн болон хэсэгчлэн татгалзаж болохыг гэрээндээ тусгаагүй. Даатгалын гэрээг замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл буюу мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох зэргээр зам тээврийн осолд өртсөн тохиолдолд даатгагч нь даатгуулагчид учирсан эрсдэлийг 100 хувь хариуцна гэж ойлгохоор байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн буюу нэхэмжлэгч нь санаатайгаар зам тээврийн осол гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн, тээврийн хэрэгсэл адуутай мөргөсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй, Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

1. Нэхэмжлэгч Т.Ү- хариуцагч Монре даатгал ХХК-д холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан даатгалын гэрээний дагуу 00-79 УНУ улсын дугаартай Лексус-570 (Lexus-570) маркийн автомашинд учирсан хохирол 25,360,650 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...даатгалын тохиолдол бий болсон талаар нэн даруй мэдэгдээгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж маргажээ.  

1.1. Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгагч Монре даатгал ХХК нь 00-79 УНӨ улсын дугаартай Лексус-570 (Lexus-570) маркийн автомашины даатгаж, даатгуулагч Т.Ү- нь даатгалын хураамжид Premium ангилал буюу автомашины үнэлгээ болох 260,000,000 төгрөгийн 1 хувиар тооцож 2,600,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Даатгуулагч Т.Ү- нь даатгалын хураамжид 2,600,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.  

1.2. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч Т.Ү- нь 2022 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 00-79 УНУ улсын дугаартай Лексус-570 (Lexus-570) маркийн автомашиныг жолоодон явахдаа Өвөрхангай аймгийн Шартын даваа гэх газар адуу мөргөсний улмаас даатгалын гэрээний зүйлд эвдрэл гэмтэл учирсан болох нь Т.Даваасүрэн, Ж.Анхбаяр, Ж.Содхон-Эрдэнэ, Д.Бүрэнтөгөлдөр, Б.Байгалмаа нарын мэдүүлгээр тогтоогдсон ба эдгээр гэрчүүдийн мэдүүлэг, автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээгээр давхар нотлогдож байхад анхан шатны шүүх бусад баримтаар нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байхаас гадна хариуцагч тал эдгээр нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй байна. (хх-ийн 103-110)

Дээрх ослын улмаас 00-79 УНУ улсын дугаартай Лексус-570 (Lexus-570) маркийн автомашины урд гуфер цуурч зурагдаж, капут хонхойж чихэгдэж эмжээр хугарсан, нүүр сетка хагарч хугарсан, гуфер тогтоогч зам хугарч, зүүн урд гэрэл хагарч нийт 25,360,650 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон ба хариуцагч хохирлын хэмжээний талаар маргаагүй болно. (хх-ийн 15-16) 

1.4. Нэхэмжлэгч Т.Ү- нь даатгалыг тохиолдол үүссэн талаар нэн даруй мэдэгдээгүй нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, гэрээний 9.4-т заасан нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй, нэн даруй мэдэгдэх үүрэг нь даатгалын гэрээний үндсэн үүрэг биш тул хариуцагч Монре даатгал ХХК-ийн даатгалыг тохиолдлын талаар нэн даруй мэдэгдээгүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Мөн Т.Ү- Констракшн коммершл инвестмент ББСБ ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Фидуцийн гэрээний дагуу даатгалын зүйл болох автомашины өмчлөх эрхийг тус компанид шилжүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Констракшн коммершл инвестмент ББСБ ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож осол гаргасан гэх татгалзал үндэслэлгүй болно.

1.5. Даатгалын тохиолдол бий болсон нь дээр дурдагдсан гэрчүүдийн мэдүүлэг, үнэлгээний баримт, түүнд хавсаргасан гэрэл зургаар тус тус тогтоогдож байх тул аваар осол болсон тухай холбогдох мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгөөгүй, Т.Ү- цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлээгүй гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь буруу болно. Осол болсон тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжгүй нөхцөл байдалд байсан гэж үзэхээр байна.

1.6. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, хариуцагчийн тайлбарт тус тус дурдсанчлан даатгалын гэрээний 2.1, 2.7 гэсэнA1]  заалтуудыг үндэслэж байгаа боловч эдгээр заалт бүхий даатгалын гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан гэдгийг хариуцагч нотлоогүй байна.

Иймд хариуцагч Монре даатгал ХХК-аас 25,360,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ү-д олгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01813 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монре даатгал ХХК-аас 25,360,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ү-д олгосугай гэж,

2 дахь заалтын 7.1.2 гэснийг 7.1.1 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж хариуцагч Монре даатгал ХХК-аас 284,753 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ү-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Ү-ын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 284,753 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ