| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00049/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга А.Мягмардорж
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Хохирогч Д.Отгонбаатар
Иргэний нэхэмжлэгч Л.Сумъяа
Шүүгдэгч Х.Б-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б- холбогдох 1822001300045 тоот хэргийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1992 оны 12 дугаар сарын 08-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аравжихын 8-11 тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй /РД:ЗЮ92120833/ Боржигон овгийн Хаш-Эрдэнийн Баттулга
Шүүгдэгч Х.Б-нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аравжихын 8-11 тоотод байх байшинд нэвтэрч монгол гэр хулгайлж, бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Х.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...Би холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй”...гэв
2. Яллагдагч Х.Б- “...2018 оны 4 сарын 12-ны өдөр гэрийг 200000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөнөөс Гочооцэрэн 100000 төгрөг авсан. Би гэр ачсан машинд 15000 төгрөг төлсөн, машинд 50000 төгрөгөөр бензин хийсэн, үлдсэн мөнгөөр нь архи авсан. Тэр гэр Отгонбаатарын гэр байгаа юм. Гэрийг нь зарах зөвшөөрөл аваагүй, архины халуунд зарсан байна лээ. Тухайн үед би миний гэр гэж хэлсэн. Гэрийг нь буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
3.Хохирогч Д.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэрээ алдаснаа мэдээгүй байсан. Намайг ажил дээр байхад манай найз Хүрэлбаатар над руу утсаар ярьж чиний гэрийг дүү чинь аваад зарсан юм шиг байна, чи очиж үз гэж хэлсэн. Би ажлаасаа чөлөө аваад очсон чинь Х.Б- дүү байсан. Би Х.Б- дүүгээс миний гэр байхгүй байна уу гэхэд тиймээ, таны гэр алга гэсэн. Тэгээд би цагдаа дуудаж удалгүй цагдаа нар ирж тухайн үеийн зургыг дараад явсан. С.Ганзориг гэж ногоон портер машинтай хүний машинд ачсан байсан. Удалгүй цагдаагийн байгууллагаас намайг утсаар дуудаж ирж гэрээ хүлээж ав гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллага дээр очиж гэрээ хүлээж аваад гомдолгүй гэж гарын үсэг зурсан. Нэхэмжлэх зүйлгүй гэв.
4.Иргэний нэхэмжлэгч Л.Сумъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг гэрт байхад хөдөөний бололтой залуу өчигдөр жаахан архи уучихлаа мөнгөний хэрэг болоод хямдхан гэр зарна гэж байна гэж манай хүү утсаар ярьсан. Тэгээд гэрийг нь үзэх гээд очиход нэг приус машин байсан. Удалгүй цэнхэр портер дээр гэр ачаад ирсэн. Тэгээд гэрээ хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд 200000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Хэний гэр юм бэ гэхэд Баттулга гэх хүү миний гэр гэж хэлсэн. Тэгээд би “Цоглог” дэлгүүрийн бэлэн мөнгөний машинаас мөнгө авч өгөөд, нөгөө портероор нь гэртээ хүргүүлсэн. Тэгээд удалгүй манай гэрт цагдаа ирээд миний авсан гэрийг үзнэ, энэ хулгайн гэр байна гэж хэлээд ачаад явсан. Би цагдаагаас миний мөнгийг яах вэ гэхэд танд гаргуулж өгнө гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Б.Гочооцэрэн гэх хүүг дагуулж очиж 100000 төгрөг надад өгсөн. Шүүгдэгч Х.Б-гэх хүү надад 100000 төгрөг өгөөгүй байгаа. Би шүүгдэгч Х.Б- 100000 төгрөгөө авна. “Цоглог” телевизээр ажлын зар их гарах юм. Тэнд ажиллуулаад мөнгөө гаргуулж авмаар байна. Би мөнгөө нэхэмжилж байна гэв.
5. Гэрч Б.Хүрэлбаатарын: “...2018 оны 4 сарын 25-ны өдөр Мөндөө гэж хүний гэрт байсан юм. Мөндөө гэрээс гараад Отгонбаярын дэлгүүр рүү орсон бөгөөд дэлгүүрийн Отгонбаяр гэж хүн Мөндөөд өвгөн Баагий буюу Х.Б-2018 оны 4 сарын 14-ний өдөр зах дээр хямдхан 4 ханатай гэр зарчихлаа, хашаанаас ачсан гэсэн гэж ярьсан талаар Мөндөө буюу Бямбасүх надад хэлсэн. Тэгээд би Отгонбаатарын гэр байж магадгүй гээд Отгонбаатарт хэлсэн. Тэгээд гэртээ ирээд шалгахад байшинд хураасан байсан гэр нь алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Отгонбаатарын хашаанд Баттулгын өөрийнх нь гэр байдаг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
6. Гэрч С.Ганзоригийн: “...2018 оны 4 сарын 12-ны өдөр 16-17 цагийн орчин би өөрийн 95-66 ДУА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй зах дээр зогсож байхад Баагий гэж хүн ачаа ачуулъя, гэр ачуулна гэж ирсэн. Тэгээд ачааг нь 15000 төгрөгөөр ачихаар болсон. Тэгээд Баагийтай хамт Аравжихын 8-р гудамжинд очсон, тоотыг нь сайн санахгүй байна. Тээврийн хэрэгсэлтэйгээ хашаа руу ороод зүүн талд байсан гэрийн арын байшин дотор хураалттай байсан гэрийг ачсан. Гэр ачиж яваад Дэлгэрэх хүнсний дэлгүүрийн урд зогсоод Баагий гэх хүн гэр зарна гэж хүмүүсээс асуугаад байсан. Нэг хүнтэй уулзаад тэр хүн нь бэлэн мөнгөний машинаас мөнгө авна гээд цуг явсан. Тэгээд Баагий эргэж ирээд надад 15000 төгрөг өгөөд явсан. Надтай хамт үл таних өвгөн баруун лагер руу зам зааж өгөөд явсан. Мандалын 15-р гудамжинд байх хашаанд гэрийг буулгасан. Хэдэн тоот гэдгийг нь нарийн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
7. Гэрч С.Отгонбаатарын: “...2018 оны 4 сарын 12, 13-ны үед байх, өдрийг нь сайн санахгүй байна. Би такситай зах дээр зогсож байсан. Тэгээд 17 цагийн үед приус 10 маркийн машинтай хоёр залуу ирээд гэр авах уу гэсэн. Ямар гэр вэ гэхэд 4 ханатай, 3 давхар бүрээстэй гэр байна, 250000 төгрөгөнд өгнө гэсэн. Хаана байгаа юм бэ гэхэд Аравжих хороололд хураалттай байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
8.Гэрч Г.Гочооцэрэнгийн “... 2018 оны 4 сарын 12-ны өдөр 12 цагийн үед ах Отгонбаатарын хамт приус 10 маркийн 89-76 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд хүнтэй уулзах гээд хажуу талын такси руу ороод ирэхэд муруй Очки, Баагий хоёр манай ахын машинд сууж байсан. Манай ах Отгонбаатар тэр хоёрыг таньдаг юм байна лээ. Тэгээд бид хоёр зүүн хойшоо очиж архи ууя гэж хэлсэн. Тэндээс хөдлөөд АПУ дээр очиход хаалттай байхаар нь зүүн цагаан дэлгүүрээс архи аваад Аравжихын 8-11 тоод байх хашааны зүүн урд байх гэрт орж архи уусан. Тэндээс хөдлөх гэтэл Отгонбаатар энэ хэдэд нэг юм авч өгье гээд архи аваад уучихаад байж байтал Баагий гэр авах хүн байна уу, миний гэр байгаа гэж хэлсэн. Тэгээд би Баагийтай хамт Отгонбаатарын машинтай зах руу очоод бид хоёр “гэр авах хүн байна уу” гэж хүмүүсээс асуусан. Нэг хүн аваад ир, үзье гэхээр нь Баагий бид хоёр зах дээрээс портер аваад очсон. Тэгээд Аравжихын 8-11 тоотод портерыг оруулаад Баагий гэрийн хойно байшинд хураалттай байсан гэрийг ачсан. Ачиж байхад нь байшингийн урд байх гэрт би, Отгонбаатар, Очки, бас танихгүй хүүхэн байсан. Отгонбаатар унтаж байсан, бид хэд юм ярьж байсан. Баагий болчихлоо явъя гэж намайг дуудсан. Бид хоёр портерт суугаад зах дээр 16 цагийн үед очсон. Зах дээр нэг ах үзээд аавдаа үзүүлнэ гэсэн. Аав нь ирж үзээд авахаар болсон. Тэр ах намайг Цоглогийн бэлэн мөнгөний машин руу дагуулж явсан. Би Цоглог руу ороогүй, тэр ороод надад бэлнээр 200000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнөөс 15000 төгрөгийг нь портерын жолоочид өгсөн. Баагий 50000 төгрөгөөр ахын машинд бензин хийж өгсөн. Баагий нэг шил хар Чингис архи авсан, би нэг шил Соёрхол архи авсан. Тэгээд бид хоёр Хаан банк ороод Баагийгийн хэлснээр 70000 төгрөгийг миний данс руу хийсэн. Тэгээд Аравжихын 8-11 тоотод очоод бөөндөө архи уусан. Ууж дуусаад дансанд байсан мөнгөнөөсөө нэмж 2 шил архи авсан. Би сайн санахгүй байна. Тэгээд би Отгонбаатарыг унтаж байхаар нь гараад явсан”... гэх мэдүүлэг /хх-27/
9. Гэрч А.Отгонбаатарын “...2018 оны 4 сарын 12-ны өдөр 10 цагийн үед ...Гочоотой хамт зах руу зээлсэн мөнгөө өгөх гэж очсон. Мөнгөө өгөөд буцаад машиндаа суух гэтэл Очки, өвгөн Баагий хоёр машинд сууж байсан. Тэр хоёр хойшоо хүргээд өг гэсэн. Замаараа зүүн цагаан дэлгүүрээр орж 2 шил архи авсан. Тэгээд Аравжихын 8-р гудамжинд Баагийгийнд 13 цагийн үед очсон. Гэрт нь Гочоо бид хэд хамт ороод архи уусан. Гочоо бид хоёр гарч яваад ганц шил архи аваад өгье гэж бодоод нэг шил архи аваад очтол дөрвүүлээ бас нэг эмэгтэй сууж байсан. Тэгээд би архи уугаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Гочоо намайг явъя гэж дуудаад байсан. Сэрэхэд харанхуй болсон, 22 цаг болсон байсан гэж бодож байна. Гэрт Очки унтаж байсан”... гэх мэдүүлэг /хх-28/
10. Гэрч Б.Очбаярын “... Би Баагий, Болороо нарын хамт 2018 оны 4 сарын 11-нд Аравжихын 8-11 тоод хоносон. Маргааш нь буюу 2018 оны 4 сарын 12-ны өглөө Баагий, Батзаяа, Болороо нартай архи уусан. Тэгээд тэр өдөр зах дээр Гочоо, Отгонбаатар нартай таараад Аравжих руу хүргүүлсэн, Архи ууж байгаад би унтаад өгсөн. Би их согтуу байсан. Гэр алдагдсан талаар мэдээгүй. Намайг гэгээ тасрах гэж байхад сэрэхэд Баагий нэг шил архи авч ирсэн байсан. Баагий хойд байшингаас юм зарсан, тэгээд архи авсан гэж хэлж байсан. Бусад зүйлийн талаар мэдэхгүй. Маргааш өглөө нь буюу 2018 оны 4 сарын 13-ны өдрийн өглөө сэрэхэд Баагийгийн дүү Баагийг хойд байшингаас хураалттай гэр аваад явсан гэж хэлж байсан”... гэх мэдүүлэг /хх-29/
11. Гэрч С.Болормаагийн “...Тэр өдөр Баагийгийнд Очбаяр, би, Баагий, Отгонбаатар, Онгууш гэж дууддаг Гочоо гэдэг залуу байсан. Тэр хэд нилээд архи уугаад Очбаяр, Отгонбаатар нар унтаж байсан. Тэгээд гадаа машин дуугараад байхаар нь би тэр хашаанд байдаг микротой хүн байна гэж бодсон. Тэгэхэд гэрийн ар талд байсан амбаар /байшингаас/ юм ачаад байгаа дуу гараад байсан. Тэгээд хартал Баагий гэрийн мод, унь эд зүйлийг зөөж байсан. Ямар учиртай юм ачаад байгаа юм бэ гэхэд Баагий миний гэр байгаа юм, танд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би буцаж гэр рүү орсон”... гэсэн мэдүүлэг хх-30-31/
12.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Х.Б-Сайнцагаан сумын 5-р баг. Аривжихын 8, 11 тоот буюу өөрийн хашаанд байх байшинд хураалттай байсан Д.Отгонбаатарын эзэмшлийн гэрийг тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөж бусдад 200.000 төгрөгөөр зарсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн гол шинж нь нууц далд аргаар авах бөгөөд шүүгдэгч Х.Б-нь үйл явдал болох үед харж байсан хүмүүст өөрийн гэр гэж итгүүлэн эзэмшигч Д.Отгонбаатарыг эзгүй үед байшинд хураалттай байсан гэрийг нь авч бусдад зарж борлуулсан болох нь дээрх гэрч нарын мэдүүлгээр, шүүгдэгч Х.Б-нь тухайн хэрэг учрал болсон гэх Сайнцагаан сумын 5-р баг, Аривжихын 8-11 тоот хашаанд байх гэрт амьдардаг боловч уг гэрийн ард байрлах Д.Отгонбаатарын гэр хураалттай байсан гэх байшин нь түүний эзэмшлийнх биш болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Б- хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамаас хохирогч Д.Отгонбаатарын гэр хураалттай байсан гэх байшин нь түгжээгүй, төмөр утсаар хэрээтэй /уяатай/ байсан тул агуулах саванд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.
Гэр хураалттай байсан гэх байшин нь түгжээгүй, төмөр утсаар хэрээтэй /уяатай/ байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх боловч энэ нь хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэх шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл: Тухайн байшин агуулах сав нь түгжээтэй эсэхээс үл хамааран түүнд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн нь агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Б-нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 сарын 2-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 сарын 17-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 -т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 сарын 2-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын заримыг буюу 1 жилийг нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Б- биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон бөгөөд уг ялаа эдэлж байгаад Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 26-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 4 сар 7 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.
-Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагар баривчлах ялаар шийтгүүлж, уг тогтоолоор оногдуулсан баривчлах ял дээр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 сарын 17-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын заримыг буюу нэг жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,
-Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 9 сарын 8-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ял дээр Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож 2016 оны 08 сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, засрал хүмүүжлийн тодорхойлолт зэрэг баримтын хуулбараар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Б- бусдын бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Х.Б- хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б- эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Отгонбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28 секундын бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б-нь хулгайлсан эд зүйл буюу гэрээ иргэний нэхэмжлэгч Л.Сумьяад 200.000 төгрөгөөр зарсан, мөрдөн байцаалтын шатанд Л.Сумъяагаас худалдан авсан гэрийг нь хураан авч хохирогч Д.Отгонбаатарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Л.Сумъяа нь 100.000 төгрөг хүлээн авсан, үлдэх 100.000 төгрөгөө нэхэмжилнэ гэх тул шүүгдэгч Х.Б- 100000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Хаш-Эрдэнийн Баттулгыг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Б- Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил /хоёр/ 1 сар /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Б- оногдуулсан 2 жил 1 сарын жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Отгонбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- 100000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Л.Сумъяад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г Х.Б- холбогдох эрүүгийн 1822001300045 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ