| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0029/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/32 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч П.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пүрэвээгийн П.Н-д холбогдох эрүүгийн ---------------- дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, П.Н-,
Шүүгдэгч П.Н- нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн ---------- сумын ----------------р багийн нутаг ------------------- гэх газарт нутаглах өөрийн гэртээ хохирогч И.М-тай хэрүүл маргаан хийж, улмаар суга таяг, модон сандал зэргээр цохиж, зодсоны улмаас цээжний зүүн дээд хэсэг, баруун хажуу дээд хэсэгт, баруун тохойнд зулгаралтын нөсөөжилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н- нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн --------------- сумын --------р багийн нутагт иргэн И.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч И.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хониндоо явж байгаад 16 цагийн үед гэртээ ирж хоолоо идчихээд гэрт байсан тал архинаас 100 грамм орчим архи уучихаад... эхнэртэйгээ цуг, дүү Баатархуягийн гэрт очтол дүү И.Баатархуяг гэрийнхээ гадаа машины хажууд сууж байсан…Ороод би баганы дээд талд сууж байгаад барьж явсан архиа хажуудаа тавиад халаасанд байсан 700.000 төгрөгийг архиныхаа хажууд гаргаж тавиад “за миний дүү эхэлж өгсөн 700.000 төгрөгөө ах нь өгье, тэгээд ах нь трактороо өөрөө хар толгойгоороо хариуцна” гэсэн чинь И.Баатархуягийн эхнэр П.Н- “чи муу гуйлгачин 20.000 төгрөгийн үнэтэй архитай 20.000 төгрөгтэй орж ирдэг нь юу юм бэ” гээд орон дээрээсээ босч ирэхээр нь би “гуйлгачингаа мэдэж байна, чи миний дүүгийн буянаар битгий галзуураад байгаарай” гэсэн чинь миний өмнө байсан шилтэй архийг шүүрч аваад зуух руугаа шидтэл архи хагарахад гэрийн хоймор дээр сууж байсан том охин болох Маньбадар нь сууж байснаа хойшоо унаад өгсөн. Тэгтэл Баатархуяг босч ирээд “чи миний охиныг яаж байгаа юм бэ” гээд архины хажууд байсан мөнгийг “хэнд ч байдаг мөнгө” гээд дээш нь цацаад миний хоёр шанаа руу 2-3 удаа цохисон ...Эхнэрийг гартал П.Н- үгийн зөрөөгүй миний үснээс хоёр гараараа барьж, дугтарч баруун тохой руу өшиглөөд Маньбадарын хажууд байсан төмөр таягаар миний нуруу болон толгой руу цохиж байтал эхнэр гаднаас орж ирээд болиулчихаад байж байхад П.Н- дахиад толгой нуруу руу цохисон. Тэр үед И.Баатархуяг манай эхнэр хоёр намайг сугадаад гэрээс аваад гарах гэтэл юугаар цохисон юм бүү мэд толгой руу дахин цохиулчихаад гарсан....Би гадаа нь сууж тамхи татаж тайвшраад буцаж гэрт нь ороод “миний дүү нар ёстой муухай юм боллоо, ах нь архи ууя” гэхэд П.Н- нь “манайд архи байна, чам шиг гуйлгачин уудаг архи алга” гээд шал угааж байсан арчуураа нүүр лүү шидсэн. Арчуураа аваад шал угааж байсан усаа гишгүүр дээр асгаад “үүнийг долоочих, тэгвэл архи өгнө” гэсэн...Би дүү И.Баатархуягтай 2014 оны 8 дугаар сард Хөдөө аж ахуйн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гэрээ хийж трактор авсан. Тэгээд мөнгө өгөх хугацаа нь болоод гэрт нь очоод хэрүүл маргаан зодоон болсон... Миний цээжний зүүн дээд хэсэг, баруун хажуу дээд хэсэг, баруун тохой зулгарч улайсан ...Миний биед тогтоогдсон гэмтлүүдийг П.Н- гэгч учруулсан....Тэгээд би багийн эмч Нарантуяа болон сумын эмч нарт үзүүлж, сумынхаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Мөн би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт 7 хоонгийн хугацаатай хэвтэн эмчилгээ хийлгэсэн....Би П.Н-тэй учраа олоод эвлэрчихсэн.. гэх мэдүүлэг, /хх-ийн 20-28-р тал/
Гэрч Ц.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой ... гурван хундага архи уусныхаа дараа орой 18 цагийн үед төрсөн дүү Баатахуягийн гэрт очихоор бид хоёр хамт явсан юм… Гэрт нь орж “ах нь дүүтэйгээ нийлж авсан тракторын мөнгө” гээд 700.000 төгрөгийг сандал дээр тавихад Баатархуягийн эхнэр П.Н- “чам шиг муу гуйлгачин 20.000 төгрөгний архитай ирж манайд гайхууллаа” гэж хэлэхэд Баатархуяг “энэ мөнгө чинь хаана ч байдаг юм” гэж хэлээд сандал дээр тавьсан байсан 700.000 төгрөгийг гэрийн хоймор луу цацчихсан. Тэр үед П.Н- архийг авч зуух луу шидчихсэн. Энэ үед Баатархуягийн охин болох Маньбадар “ээжээ та болиочээ, та нар болилдоо” гэж хэлээд ухаан алдаад уначихсан. Энэ үед Баатархуяг “миний охин уначихлаа” гэж хэлээд манай нөхрийг хоёр талын шанаа руу нь алгадаж байсан. Тэр үед би түргэн дуудах гээд гарч гүйсэн боловч “утасгүй” гээд эргээд нөхрийгөө аваад явъя гээд гэр лүү буцаж ортол П.Н- охиныхоо таягаар манай нөхрийн толгой руу цохиж байсныг би хараад очиж салгаж аваад гэрээс гарч байтал П.Н- араас “чам шиг муу гуйлгачинг ална, алчихсан байхад юу олж долоодог юм" гэж хэлэхэд манай нөхөр “алчих, чи яасан их хүн алдаг юм” гэж хэлэхэд Баатархуяг бид гурав гэрээс гараад ирчихсэн Баатархуяг эхнэрээ гэрээс гаргахгүй гээд гэрийнхээ хаалгыг дарж байсан ... П.Н- шал угааж байсан алчуураа манай нөхрийн нүүр лүү шидсэн ... алчуураа аваад манай нөхрийн нүүр лүү нь ороолгосон ... Баатархуягийн гэрээс гарах гэж байхад эхнэр П.Н- нь манай нөхрийн нуруу, шилэн хүзүү хэсэг рүү модон шар сандалаар цохисон ... гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р тал/
Гэрч И.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал 13 цагийн үед төрсөн ах болох И.М- нь машинаа согтуу бариад эхнэрээ хажуудаа суулгачихсан, өөрөө 0,75 литрийн Болор архи бариад гэрт орж ирсэн. Орж ирээд орилж чарлаад гэрт байсан идээг асгаж, энгэрийн халааснаасаа 20.000 мянган төгрөгийн дэвсгэрт /тоог нь мэдэхгүй байна/ нэлээд их байсан. Тэрийг “ав” гээд шууд хоймор луу цацангуут эхнэр болох П.Н- уурлаж шууд хэрэлдэж эхэлсэн Тэр хоёрыг хэрэлдэж муудалцаж байх хооронд миний том охин болох Б.Маньбадар нь “Багаа ахаа болиочээ” гээд гэрийн дээд талд татаад унасан. Тэр үед эхнэр П.Н- нь төрсөн ах болох И.М-ын гарт байсан шилтэй архийг булаан авч зуухан дээр хага цохисон. Охин унасан байхыг хараад уур минь хүрч ахдаа “та яагаад мөнгө шидэж, гэр оронд хүүхэд айлгалаа” гэж хэлээд ахын шанаа руу хоёр удаа алгадсан...Ах, эхнэр хоёр гэрийн дотор болон гадна талаас хэрэлдэж байгаад гэрт орж галын хайч бариад авахад нь манай эхнэр сандал барьж авахаар нь хоёуланг нь болиулж салгаад гадаа гаргатал төрсөн ахын эхнэр болох Цэндсүрэн эгч машинаа бариад нөхрөө суулгаад яваад өгсөн... Манайд ямар зорилгоор ирсэнийг нь мэдэхгүй байна. Миний бодлоор эхнэрийг минь алах эсвэл надад зодуулаад намайг шоронд явуулах санаа зорилготой ирсэн ... гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р тал/
Гэрч Б.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр... 17 цагийн орчимд И.М- ах түүний эхнэр Цэндсүрэн эгч хоёр манайд машинтайгаа хүрч ирсэн. Машинаас бууж ирэнгүүтээ “Баатараа ороод ир, ярих юм байна” гэр лүү орсон. Би гадаа байж байгаад гэрт ороход И.М- аав, ээж хоёрыг “гуйлгачин, түүлгэчин” гээд орилоод халааснаасаа мөнгө гаргаж ирээд хоймор өөд шидсэн. И.М- ээж рүү “чи хүнд зодуулж сая төгрөг авдаг гэсэн, би чамд зодуулж сая төгрөг авна” гээд орилоод “муу гуйлгачин, хоолны ч махгүй, авдрандаа ч мөнгө байхгүй биз дээ” гээд байсан. Тэр үед ээж И.М- ахын гарт байсан шилтэй архийг шүүрч аваад зуух руу цохиод хагалах чимээнд нь би цочоод дотор бачимдаад амьсгаа түргэсээд “Багаа ахаа одоо больчих л доо” гээд цааш нь сайн санахгүй байна. Би ухаан алдаад унасан юм шиг байна лээ... Тэгээд зуухны хажууд байсан гапу төмрийг аваад ээж рүү “чамайг ална” гээд дайраад байсан...Тэр үед би буцаж гэртээ ороход И.М- ах араас орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь ээж шил арчиж байсан арчуураа И.М- руу шидсэн...И.М- ах нэлээд их архи уусан байсан. Хоёр хөлөн дээрээ гуйваад сандал дээр суухаараа хоёр тийшээ найгаад байсан...Тухайн үед ээж суга таяг аваад И.М- ахыг “цохино” гээд байхад нь аав дунд нь ороод цохиулаагүй, огтхон ч хүрээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/
Насанд хүрээгүй гэрч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хониндоо явж байтал 17 цагийн орчимд манай гэрийн гадаа нэг цагаан машин ирээд 30 минут орчим зогссон. Тэгэхээр нь би гайхаад яваад очтол И.М- гэрийн гадаа довжоон дээр сууж байсан бөгөөд аав гэрийн хаалга дараад зогсож байсан. Миний төрсөн эгч Б.Номин-Эрдэнэ уйлаад гадаа зогсож байсан бөгөөд би шууд гэр лүү яваад ортол савтай идээ газар талаар нэг тарсан, асгарсан, шилтэй архи хагарсан байдалтай байсан....И.М- ахыг явуулах гээд машин луу хамт явж байхад буцаад гэр лүү орж ээжтэй хэрэлдээд, хэл амаар доромжлоод байсан...И.М- ах согтууруулах ундаа тодорхой хэмжээний архи хэрэглэсэн, өөрөөс нь архи үнэртээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/
Гэрч Ц.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагийн үед Тосонцэнгэл сумын 4-р багийн иргэн И.М-ын гэрээс манай сумын эмнэлгийн багийн эмч Нарантуяагаас сумын эрүүл мэндийн төв рүү холбогдон дуудлага өгсний дагуу би очиж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн юм Намайг анх дуудлаганд очих үед И.М- нь цээжиндээ гэмтэлтэй /үзлэг хийх үед зовиур ихтэй, цээжин тус газарт нь хүрэх үед зовиур хэлнэ/ толгой доргилтын болон бусад байдлын улмаас өвдөлт ихтэй, ухаан санаа саруул, асуусан асуултад хариулна, орчиндоо мэдрэмтгий байсан боловч биеийн байдал нь ерөнхийдөө хүндэвтэр байсан. Би тухайн үед өвчин намдаах тариа хийгээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэн авч явж мэс заслын тасагт хүргэсэн ... Надад И.М- гэж хүний эхнэр Цэндсүрэн нь хэлэхдээ “манай нөхөр И.М- нь өөрийн төрсөн дүү Баатархуяг болон эхнэр П.Н- нарт зодуулчихсан. П.Н- нь модон сандлаар манай нөхрийг зодоод гэмтээчихсэн” гэж хэлж байсан шиг санагдаж байна .. гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р тал/
Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд би И.М- гэх айлд яваад очтол И.М- гэх хүний биеийн байдал ерөнхийдөө тааруу, таталт өгсөн, юм ярих чадамжгүй, зүрхний авиа бүдэг, цээжин биеэ даахгүй, хүний тусламжтайгаар хөдөлгөж байсан. Тэгэхээр нь би таталтын эсрэг Магнизм 10 грамм, пенцлин 1 сая, Новокейн 2 граммаар хонгонд нь хийсэн. Тэгээд би зүрхний хэм бүдэг сулавтар байсан учраас зүрхний үйл ажиллагаа дэмжих зорилгоор Кокор 100 мл-ийг судсаар, Кордиамин 1 ампл-ыг булчинд нь хийгээд биеийн байдлыг нь харгалзаж байгаад сумын 103 руу утасдаж түргэн дуудсан юм...И.М- гэж хүн өөрийн төрсөн дүү Баатархуяг болон эхнэр П.Н- нартай маргалдаж зодолдсон талаар хэлж ярьцгааж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/
Гэрч Я.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тухайн үед иргэн И.М- нь зовиур ихтэй, толгой нь их өвдөнө, зовиурлана, ухаан саруул, орчиндоо мэдрэмтгий, нойрондоо муу байдалтай, биеийн ерөнхий байдал дунд зэргээр үнэлэгдэх хэмжээний байсан... Нийт 11 төрлийн дусал болон булчин тарианы эмчилгээ сувилгааг хийж үйлчилсэн... Ерөнхийдөө И.М- гэж хүн тархи, нугасны доргилтын оноштой байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/
Шүүгдэгч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед манай нөхрийн төрсөн ах И.М- нь миний утас руу залгаад “Баатар байна уу” гэхээр нь би “Байхгүй байна, хониндоо явчихсан байна” гэтэл... удалгүй цагаан өнгийн машин маш хурдтай орж ирээд гэрийн гадна зогстол дотор нь И.М- ах архи уучисан байдалтай, хажуу талдаа эхнэр Цэндсүрэнгээ суулгачихсан ирсэн. Тэгтэл И.М- ах машин дотроосоо талаас доош ортол нь уучихсан Болор архи гаргаж ирээд манай гэрт орж ирээд хойморт байсан дэвсгэр дээр шилтэй архиараа хүчтэй тавьж байсан. Тэгэхээр нь би цай хийж өгөөд идээ авч өгсөн. Эхнэрт нь цай хийж өгчхөөд “И.М- ах яасан юм” гэж асуутал эхнэр нь “мэдэхгүй, харин ингээд балайраад байх юм” гээд ярвайж байсан. Тэгтэл И.М- ах өөрийн өмсөж явсан хувцасныхаа халааснаас 20.000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирээд “та нар тракторынхаа мөнгийг ав” гээд хоймор өөд цацчихаар нь би “мөнгө төгрөг цацдаг чи хэн бэ” гээд И.М- ахтай аймаар хэрэлдэж байтал манай охин Маньбадар “Бага ахаа та болиоч ээ” гээд ухаан алдаад уначихаар нь би “хүүхэд алчихлаа шүү дээ” гээд орилтол манай нөхөр Баатархуяг өөрийн төрсөн ах И.М-ыг хоёр удаа алгадаж аваад гэрээс чирээд аваад гарсан. Тэгээд И.М- болон манай нөхөр Баатархуяг хоёр гэрийн гадна ноцолдож байтал Баатархуяг манай гэрийн гаднаас төмөр авч орж ирээд намайг ална гээд байхаар нь манай нөхөр Баатархуяг аваад гарсан. Ийм л зүйл болсон юм... Би хохирогчтой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж 770.000 төгрөг бэлнээр төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 365 дугаартай: “... И.М-ын биед цээжний зүүн дээд хэсэг, баруун хажуу дээд хэсэгт, баруун тохойнд зулгаралтын нөсөөжилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. И.М-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч П.Н- нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн --------------- сумын --------р багийн нутагт хохирогч И.М-ын зүй бус үйлдлээс шалтгаалан түүнийг суга таяг, модон сандлаар зодож, эрүүл мэндэд нь цээжний зүүн дээд хэсэг, баруун хажуу дээд хэсэгт, баруун тохойнд зулгаралтын нөсөөжилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч П.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч П.Н- нь хохирогч И.М-тай харилцан тохиролцож уучлалт гуйж эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 77-р тал/,
Эрүүгийн ---------------- дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838005580015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл,бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР