| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00048/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Т.Түвшинбаатар
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч Б.А-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 1822000320036 тоот хэргийг 2018 оны 5 дугаар 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, Дундговь аймгийн Цагдаагийн газарт цагдаа ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 13-р гудамж 40 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Б.А /РД: ЗФ90032915/ гэв.
Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 1 сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн кобоны байранд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч З.Жаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед З.Жаргалтай эргүүл хийхдээ Эрдэнэбаатарын машиныг унаад явж байсан. Т.Розон дарга 22 цаг 30 минутын орчим над руу залгаад намайг ирээд ав гэсэн. Би гражнаас машин гаргаад очиж авна гэхэд машин гаргаад яах вэ, үүнийг унаад яв гээд Эрдэнэбаатарын машиныг надад өгөөд Жаргал өөрөө төвд буугаад үлдсэн. Би тэр машинаар даргыг гэртээ авч ирээд түлхүүрийг машинд нь зоолттой орхисон. Гэрт хоол идэж байтал Л.Отгонбаатар ирсэн. Хэсэг хугацааны дараа З.Жаргал гаднаас орж ирээд миний хажууд сандал дээр суусан. Тэр үед З.Жаргалаас архи үнэртэж байсан. З.Жаргалын тэлээнд нь Эрдэнэбаатарын машины түлхүүр байгааг хараад согтуу байна, машин жолоодох вий гэж албаныхаа нэр хүндийг бодоод түлхүүрийг нь нууцаар авсан. З.Жаргал түлхүүр авсан талаар хэсэг хугацааны дараа мэдээд түлхүүр өг, би гарч хүнтэй уулзана гэсэн. Би өөдөөс нь ингэж болохгүй, сумын иргэд ямар байдаг билээ, бид ямар нөхцөлд яаж ажиллаж байгаа билээ, цагдаа согтуу машин барьж байна гэж хүмүүс ярина гэдгийг тайлбарлаж, зүй ёсны шаардлага тавьсан. Машины түлхүүр өгөхгүй байхад З.Жаргал гэрт байхдаа намайг нилээд хэдэн удаа цохьсон. Бусад хүмүүст хоорондоо тоглож байгаа харагдсан байх. Би бол тоглоогүй, уурлаад байна гэдгийг нь мэдэж байсан. З.Жаргал намайг гэрт зүгээр суулгахгүй байхаар нь би гадаа тамхи татах гээд гарсан. Гадаа зогсож байтал З.Жаргал гарч ирээд түлхүүр өг, наад машиныг чинь би хариуцаж авсан юм гээд нилээд хэдэн удаа хүчтэй цохьсон, зүүн хөлний дотор талд өшиглөсөн. Өөдөөс дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд нэг удаа цохьсон. Би .Жаргалыг өшиглөөгүй. Өөдөөс дайраад байхаар нь биеэ хамгаалах гэж хөлөө өргөсөн ба тэгэхэд хөл хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Л.Отгонбаатар гарч ирээд З.Жаргалыг авсан. Л.Отгонбаатар хорьж байхад З.Жаргал над руу дайраад л байсан. Манай эхнэр Б.Нансалмаа гарч ирээд та нар ор гэхэд Жаргал манай эхнэрийг түлхсэн. Тэр үед манай эхнэр жирэмсэн байсан. Эхнэр намайг аваад гэр рүү орсон. З.Жаргал коридорт хашгираад, хаалга өшиглөөд, элдвээр хэлж байсан. Хэсэг хугацааны дараа хаалга тогшихоор нь нээсэн чинь Г.Энхдэлгэр эмч байсан. Эмч З.Жаргал ийм болсон байна гэж хэлсэн. Би З.Жаргалыг цохьсон боловч тухайн үед цус нөж гараагүй байсан. Сүүлд энэ талаар мэдсэн. Бид мэдээд эмнэлэг дээр хамт очоод, З.Жаргалд оёдол тавиулаад гэртээ ирсэн” гэв.
2. Хохирогч З.Жаргалын “...намайг гэртээ Б.А-тай хамт байхад Б.А- утсанд дуудлага ирж Т.Розон дарга намайг ирж ав гэж ярьж байна гэсэн. Машинаа далд хийсэн бол Б.Эрдэнэбаатарын машинаар яваад ир гээд түлхүүрийг нь Б.А-т өгсөн. Удалгүй Б.А- гэртээ Т.Розон даргыг дагуулж ирээд мах чанаж идүүлээд хоолны даруулга гэж 0.75 хэмжээтэй Соёрхол нэртэй архи гаргаж даргадаа өгсөн. Цагдаа бид хоёр ёс болгож амсаад буцааж өгсөн. Т.Розон дарга унтаад өгсөн. Б.Эрдэнэбаатарын машины түлхүүрийг өг гэхэд Б.А- өгөхгүй, хаашаа явах гээд байгаа юм гэсэн. Би явахгүй, би машиныг хариуцаж авсан болохоор асуудал гарвал би хүлээнэ шүү дээ гэсэн. Надад өгөхгүй гээд уурлаад байхаар нь хаашаа юм бэ гэсэн. Би Б.Эрдэнэбаатар дээр очно, бас нэг газраар орно гэж Б.А-т ууртай хэлээд гэрээс нь гарсан. Миний араас Л.Отгонбаатар, Б.А- нар гарч ирсэн. Б.А- “чи хэрэг төвөг надаас нуудаг, хайгаад байсан хүн чинь миний мэддэг хүн байна шүү дээ, намайг эвгүй байдалд орууллаа” гэж уурласан. Чамд хэлэх алба байхгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан. Гэтэл Б.А- миний зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Би өөдөөс нь дайртал намайг Л.Отгонбаатар татаж аваад боль гэсэн. Б.А- миний зүүн нүд рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Б.А- эхнэр нь гарч ирээд Б.А- аваад орох гэхээр нь би уурандаа чи тамирчин, зодолддог юм бол халз үзэхэд яадаг юм бэ гэсэн. Эхнэр нь Б.А- авч ороод хаалгаа түгжсэн. Хаалгыг нь нүдсэн боловч гарч ирэхгүй байхаар нь би гэртээ ороод хартал миний нүд битүү цус болсон, цус гоожоод тогтохгүй байхаар нь түргэн дуудсан... Биднийг маргаж байхад Л.Отгонбаатар байсан ,өөр хүн байгаагүй. Б.А- миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Дараа нь Л.Отгонбаатар хорьж байхад Б.А- хөлөөрөө хоёр удаа нүд рүү өшиглөсөн. Би цагдаадаа зодуулсандаа гомдолтой байна”... гэх мэдүүлэг /хх-51-54/
3. Гэрч Л.Отгонбаатарын “...2018.01.21-ний өдөр З.Жаргал гэртээ ганцаараа байхад нь би очсон. Гаднаас Б.А- орж ирээд Т.Розон даргыг авч ирнэ гээд машин унаад явсан. Т.Розон даргыг Б.А- гэртээ дагуулж ирээд хоол хийж өгсөн. Тэгээд хоолны даруулга гээд 0.75 литр Соёрхол нэртэй архи гаргаж задлаад нэг тойруулсан. Тэр архинаас нь би уугаагүй, уруулаа хүргээд буцааж өгсөн. Б.А-, З.Жаргал нар бас ажилтай гээд уугаагүй. Т.Розон дарга нэг татаад ажилтай гээд унтсан. Би З.Жаргал, Б.А- хоёртой хамт гарсан. Гадаа З.Жаргал, Б.А- хоёр маргаж эхэлсэн, юунаас болсон гэдгийг нь мэдэхгүй. Бие биенээсээ юм нуусан гэж байсан. Б.А- гараараа З.Жаргалын зүүн нүдний доор цохьсон. Тэгэхээр нь би боль гээд З.Жаргалыг татаж аваад салгасан. Тэгээд би пост руугаа мотоцикль унаад явсан, түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Тэд бие биенээсээ юм нуусан гэж маргасан, тэр хоёр эрүүл байсан. Б.А- З.Жаргалын зүүн нүдний доод хэсэгт нэг удаа цохьсон, тэр хэсэгт цус болсон байсан. Би өшиглөж байхыг нь хараагүй, гараараа цохихыг нь харсан.....” гэх мэдүүлэг /хх-60-61/
4. Гэрч Г.Энхдэлгэрийн “...2018.01.19-ний 04 цагийн үед манай сумын хэсгийн төлөөлөгч З.Жаргал утсаар залгаад цагдаагийн кобон дээр дуудлага өгье, би зодуулчихлаа гэсэн. Би 04 цаг 20 минутын үед жолооч У.Наранбаатартай очсон. З.Жаргалын зүүн нүдний доод хэсэгт 2 газар зүсэгдсэн, 2-3 см орчим хэмжээтэй, хацар дээрээ хөндлөн зүсэгдсэн шархтай зүүн нүд нь хавдсан байсан. Яагаад ийм болсон юм бэ гэхэд манай цагдаа Б.А- зодчихлоо гэсэн. Би Б.А- гэрийн хаалгыг нүдтэл Б.А- эхнэртэйгээ гарч ирсэн. З.Жаргалыг аваад эмнэлэг явлаа, оёдол тавихаар байна гэтэл Б.А-, З.Жаргалыг дагуулаад гэрт орсон. Намайг гадаа байж бай гэсэн. Би хүлээж байгаад З.Жаргалыг аваад эмнэлэг дээр очиж зүүн нүдний доор хоёр оёдол тавиад боолт хийж өгч байхад гаднаас Б.А- эхнэртэйгээ ирээд тэд хамт явсан. Тэр хоёр эрүүл байсан, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. З.Жаргал надад Б.А- миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн, зодсон гэж ярьсан. Өөр юм яриагүй” гэх мэдүүлэг /хх-65-66/
5. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 180200054 тоот “... З.Жаргалын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хацар хэсэгт шарх, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 73/
6. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А- шүүхийн хэдэлцүүлэгт “...Хохирогч З.Жаргал согтуу ирсэн бөгөөд машины түлхүүр өг гэхээр нь би албаны нэр хүндээ бодоод өгөөгүй. З.Жаргал намайг байж суух аргагүй болгоод цохиод дайраад байхаар нь би биеэ хамгаалах гэж нэг удаа цохьсон. Өөрийгөө хамгаалах гээд хөлөө өргөж байхад хөлд өртсөн байж болзошгүй...” гэсэн тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.А- хохирогчийг нэг удаа цохиж байхыг нь гэрч Л.Отгонбаатар харсан, өшиглөхийг хараагүй гэж мэдүүлсэн. Хохирогч өөрөө прокурорын байгууллагад хандаж “хананы дотор талын булан мөргөөд гэмтсэн гэдгээ сүүлд мэдлээ” гэсэн хүсэлт гаргаж байсан байна. Иймд шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг үндэслэн Б.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: хэрэг учрал болохоос өмнө гэрт хамт байсан Т.Розон, Б.Нансалмаа болон хэрэг учрал болох үед хамт байсан Л.Отгонбаатар нарын мэдүүлгээр хохирогч З.Жаргал нь шүүгдэгчийг эхэлж цохьсон, түүн рүү халдсан, довтолсон, түүнийг аргагүй байдалд оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гэрч Л.Отгонбаатар нь хохирогч шүүгдэгч нар маргалдаж байгаад шүүгдэгч Б.А- хохирогчийг цохьсон талаар тодорхой мэдүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.А- нь 2018 оны 1 сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн кобоны байранд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч З.Жаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч З.Жаргалын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 180200054 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Б.А-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч З.Жаргал нь цаашид эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 1.580.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн хүсэлт ирүүлсэн боловч түүнд холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч З.Жаргал хэлэлцээгүй орхисон зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.А- эзэмшлийн “Toyota corolla” маркийн 88-81 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул цаашид битүүмжлэх шаардлагагүй гэж үзээд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Бүргэдийн Ариунбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.А- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 300,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч З.Жаргалын нэхэмжилсэн 1.580.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
хохирогч З.Жаргал хэлэлцээгүй орхисон зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.А- эзэмшлийн “Toyota corolla” маркийн 88-81 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ