| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00051/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Т.Түвшинбаатар
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч Б.З-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З- холбогдох эрүүгийн 1822001630065 тоот хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 50 минутанд хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р баг “Хөх хад” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Жард овгийн Батсүхийн Б.З- /РД:ЗП73121435/
Шүүгдэгч Б.Б.З- нь 2018 оны 5 сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт Л.Гүенбаатарын зүүн гуя хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2. Яллагдагч Б.З- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 оны 5 сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд туслахын хашаанд Балдан-Осор гэх айлд гэдэс идээд сууж байхад гаднаас Гүенбаатар, Баярбат хоёр орж ирээд намайг харснаа Баярбат нь би Б.З-той архи уухгүй гэхэд Гүенбаатар нь Б.З- чинь хүнд гай болно гэж хэлээд тэр хоёр Батсүхийг дагуулаад гараад явсан. Би Гүенбаатар, Баярбат хоёрын хэлсэн үгэнд нь дургүй хүрээд гэдэс идэж байсан хутгаа аваад гэрээс гарсан чинь баруун гэрийн үүдэнд Гүенбаатар, Содномдаржаа хоёр зогсож байсан. Би Гүенбаатарын араас нь очиж зүүн хөлний гуянд нь хутгалсан. Тэгсэн Гүенбаатар эргэж хараад намайг тонгорч унагаад Содномдаржаа миний зүүн гарт байсан хутгыг булааж аваад хаясан”...гэх мэдүүлэг /хх-53-54/
3. Хохирогч Л.Гүенбаатарын “...Батбаатарын гэрийн гадаа юм яриад зогсож байхад зүүн гэрээс хүн гараад бид хоёр руу ирж яваа харагдсан. Хэн гэдгийг нь танихгүй, юм яриад зогсож байтал миний зүүн гуяны хэсэг жирвэс татаад би суун тусаад унах шахсан. Эргэж хараад тэр хүнийг түшиж босоод хартал Б.З- ард хутга барьсан зогсож байсан. Яаж байна аа гэхэд дахиад миний өөдөөс хутга далайгаад миний цээжний зүүн хэсэг рүү хатгах гэхээр нь хойшоо гэдийтэл зүүн талын хөхний дээд талд хутганы үзүүр нь хүрсэн. Тэгээд би хутгатай гарыг нь барьж аваад тонгорч унагаасан. Тэгтэл Содномдаржаа ах Б.З- зүүн гарт байсан хутгыг нь булааж аваад хойшоо шидэж байгаа харагдсан”... гэх мэдүүлэг /хх-12-14/
4. Гэрч М.Баярбатын “...Батбаатарын гэрт архи тойруулаад ууж байхад гаднаас Содоо гэх хүн орж ирсэн. Гүенбаатар, Содоо ахтай хамт гадаа гарч уулзана гээд гэрээс гарсан. Тэгээд нээх их удаагүй Гүенбаатар, Б.З-од хутгалуулчихлаа гээд зүүн хөлөө бариад, цусаа гоожуулаад гаднаас орж ирсэн. Тэгээд эхнэр рүүгээ утсаар яриад би хүнд хутгалуулчихлаа, чи туслахын хашаанд хүрээд ир гэсэн”... гэх мэдүүлэг /хх-23/
5. Гэрч Д.Содномдаржаагийн “...Гүенбаатар бид хоёр хамт гэрээс гарч бие засаад, Батбаатарын гэрийн үүдэнд юм яриад зогсож байхад зүүн гэрээс Б.З- гарч ирж байгаа харагдсан. Юм яриад байж байсан чинь Гүенбаатар гэнэт намайг хутгалчихлаа гээд Б.З- гарыг бариад газар унагаад дээр нь сууж байхаар нь Б.З- гарыг харсан чинь зүүн гарт нь хутга байхаар нь би булааж аваад баруун зүг рүү шидсэн. Тэгээд тэр хоёрыг салгаж босгоод Гүенбаатарыг дагуулаад Батбаатарын гэрт ороход араас Б.З- орж ирсэн. Гүенбаатарын хөлийг харсан чинь зүүн хөлний зузаан гуяны дотор талаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/
6. Гэрч Б.Баярсүхийн “...Гүенбаатар, Содномдаржаа хоёр орж ирсэн. Гүенбаатар би хутгалуулчихлаа гэхээр нь өмдийг нь тайлаад харсан чинь зүүн гуяны дотор хэсгээс цус гарч байсан. Тэгсэн араас нь Б.З- орж ирээд зүүн орон дээр суусан. Гаднаас Гүенбаатарын эхнэр орж ирээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Б.З-ыг аваад явсан...”гэх мэдүүлэг /хх-24/
7. Гэрч С.Оюунчимэгийн “...22 цагийн үед манай нөхөр Гүенбаатар над руу утсаар залгаад би туслахын хашаанд хүнд хутгалуулчихлаа гэж ярихаар нь би машинтай очсон. Туслахын хашаанд Батбаатар гэх айлын баруун орон дээр нь цусаа гоожуулчихсан сууж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Гүенбаатараас юу болсон талаар асуухад Б.З-од хутгалуулсан гэж надад хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-25/
8. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 180200169 тоот дүгнэлтэд: “ ...Л.Гүенбаатарын биед зүүн гуяны хатгагдсан шарх, шарх орчмын цус хуралт, цээж, хэвлий хэсэгт зулгарсан гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн тус бүртээ нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
Шарх нь шинжлүүлэгчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ” гэжээ. /хх-ийн 28/
9. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Б.З- нь 2018 оны 5 сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт Л.Гүенбаатарын зүүн гуя хэсэгт хутгалсан үйл баримт болсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, хохирогч Л.Гүенбаатар нь зүүн гуян тус газраа хутгалуулсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 180200169 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б.З- нь согтуу байсан учраас үйл явдлыг санахгүй байна, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байх боловч энэ нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь: Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Б.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Б.Б.З- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.З- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Б.З- нь хохирогчид 1500000 төгрөг төлсөн /хх-ийн 44, 58/, хохирогч Л.Гүенбаатар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй/ хх-ийн 46/ гэснийг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 20.5 см урттай /ажлын хэсэг 10.5 см, бариул хэсэг нь 10 см/, ногоон өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Жард овогт Батсүхийн Б.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.З-ыг 550 нэгжээр буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.З- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б.З- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ