Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 364

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 06 сарын 09 өдөр            Дугаар 364                                       Хэрлэн сум

 

 

 

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00384/И
    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
    Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнх, Нутгийн дэлгүүрийн хашаанд  оршин суух, иргэн Чойжиндаваагийн Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй, /РД:СЮ69092207/
     Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 9-18 тоотод оршин суух, иргэн Мижиддоржийн Эрдэнэбатад холбогдох, /РД:СЕ86042116/

    "Хувийн хэрэгцээнд авсан бараа, материалын үнэ 2 767 700 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Цэрэндаваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Эрдэнэбат нь хувийнхаа хэрэгцээнд тавилга хийж байхдаа зээл хөөцөлдөж байгаа зээл маань удахгүй бүтнэ гээд 2 767 700 төгрөгийн материал авахдаа байр түрээслэж тавилгаа хийж байгаа ажил зогсох гээд байна. Хүнээс тавилгын захиалга авчихсан тавилгыг нь хийж дуусгаад мөнгийг нь бэлнээр найдвартай аваад өгье гэж хэлээд материал гуйгаад авсан. Утсаар ярих гэхээр утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад Хан Хэнтий цогцолбор сургуулийн технологийн багш хийж байгаа гэхээр нь очиж уулзаад сар болгон 100 000 төгрөг өгч байя гэхээр нь зөвшөөрч тухайн үедээ тохиролцсон боловч одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа тул түүнээс 2 767 700 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59 233 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Эрдэнэбат нь шүүхэд өгсөн тайлбартаа: Миний бие Ч.Цэрэндаваагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй тул түүний нэхэмжилсэн  2 767 700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2 хувааж төлөх боломжтой байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59 233 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нийт 2 827 100 төгрөгийг 2 хувааж нэхэмжлэгчийн Хаан банкны 5935341715 гэсэн дансанд эхний төлбөр болох           1 413 470 төгрөгийг 2016.08.31-ний өдрөөс өмнө, дараагийн 1 413 470 төгрөгийг 2016.10.31-ний өдрөөс өмнө байршуулж өр төлбөрөө барагдуулж дуусгана.
 Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Цэрэндаваа нь хариуцагч М.Эрдэнэбатаас хувийн хэрэгцээнд авсан бараа, материалын үнэ 2 767 700 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Цэрэндаваагийн нэхэмжилсэн 2 767 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Эрдэнэбат нь төлөхийг хүлээн зөвшөөрч баримт үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Ч.Цэрэндаваагийн, мөн сумын иргэн М.Эрдэнэбатаас хувийн хэрэгцээнд авсан бараа, материалын үнэ 2 767 700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

     2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ч. Цэрэндаваагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 59 233 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М. Эрдэнэбат нь нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59 233 төгрөгийг үндсэн төлбөртөө нэмж тооцон төлөхөөр болсныг дурдсугай.
     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

     4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР