Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2023/00027

 

 

 

Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 137/ШШ2023/00190 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Бгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Д”  ХХК-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 1,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагчийн төлөөлөгч Бын гаргасан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн өмгөөлөгч Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Бгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...миний бие Б  компанийн ломбардад 2022 оны 12 дугаар сарын 07-оос 2023 оны 01 дүгээр сарны 07-нийг хүртэл 30 хоногийн хугацаатай 3.3 гр 960 сорьцтой 907,000 төгрөгийн алтан ээмэг, 3.6 гр 960 сорьцтой 990,000 төгрөгийн албан бөгж, нийт 1,897,000 төгрөгийн үнэ бүхий 6.9 гр алтан эдлэлийг 700,000 төгрөгт барьцаалж тавьсан. 2022 оны 12 дугаар сарын 27-нд бүрэн тооцоо хийхээр очтол ... хулгайд өртсөн, хүү тооцохгүй, тооцоогоо дараа хийе гэсэн, 2 удаа уулзах үед хохирол барагдуулна гэсээр өдийг хүрсэн тул ... үнэт эдлэлийн үнийн зөрүү 1,090,000 төгрөгийг барагдуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч “Д” ХХК-ийн татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: “...тус ломбардад 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хулгай орсны улмаас бусдын эзэмшлийн эд хөрөнгө алдагдаж компанид болон бусад иргэдэд эд хөрөнгийн хохирол учраад байгаа асуудлаар эрүүгийн хэрэг үүсэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэдийг иргэний нэхэмжлэгчээр томилсон учир Бгийн нэхэмжлэлийг дээрх эрүүгийн хэргийг шийдвэрлэхтэй хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй. Б 015018 дугаартай барьцаат зээлийн гэрээнд барьцаалж буй эд хөрөнгийн бодит үнэлгээг 700,000 төгрөгөөр үнэлж, тогтоосныг зөвшөөрч, гэрээ байгуулж зээлийг авсан. Тиймээс үүссэн харилцааны хувьд манай компани нэхэмжлэгчийн 1,897,000 төгрөгийн үнэлгээг эс зөвшөөрч, хулгай орсон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдсэнээр аль аль талын эрх ашиг хамгаалагдана гэж үзэж, нэхэмжлэлийн 1,090,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар /2002 оны Иргэний хууль/ хариуцагч “Д” ХХК-аас алтан ээмэг, бөгжний үнэлгээгээр тогтоосон 1,499,790 төгрөгөөс үндсэн зээл 700,000 төгрөг, зээлийн хүү 56,000 төгрөгийг хасч тооцон, үнийн зөрүүд 743,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 346,250 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  22,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,  

хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Бын давж заалдсан гомдлын агуулга: “...тухайн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч эсэхийг тогтоох ажиллагаа хийгдэж эхэлсэн хуулийн дагуух цаг хугацааны хариуцлагыг манай компани хүлээж буй нь үндэслэлгүй, ... тус компанийн үндсэн чиглэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа болох *** ломбард хуульд заасан бүхий л шаардлагыг хангаж ажиллахдаа түүнийг баталгаажуулсан стандартчилал хэмжилзүйн газрын тохирлын гэрчилгээг гаргуулсан. Худалдаа үйлчилгээ эрхлэгч нар хулгайгаас л сэргийлж үйл ажиллагааг явуулдаг, хулгай орсон тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, хулгайн хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэгт Б иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, ...гэм буруутай этгээдээс эд зүйлийг бодитоор нь гаргуулж авах, олж өгөхөөр ажиллагаа хийгдэж, эд зүйлс олдоод ирэхэд иргэний нэхэмжлэгч нар өөрсдөө л авна. Тиймээс хохирол шаардах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийг удирдлага болгон эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэхээр хүсэлтийг, тайлбарыг гаргаж нотлох баримтыг цуглуулсан, ...Иргэний хуулийн 18 дугаар бүлэг нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр тодорхойлогдох буюу гэм хорын шаардах эрх түүнээс улбаалан үүсэх, нөгөөтэйгүүр компанийн үйл ажиллагааны хууль бус үйлдлээс гэмт хэрэг бий болоогүй, гэм хор учраагүй гэж үзэж байгаа. Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Огийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Б цагдаа дээр иргэний нэхэмжлэгчээр татагдаад, өөрийн эд зүйлийг олж өгнө үү гэж эрүүгийн хэрэгт үнэлгээ хийгдээд явж байгаа. Манайд давхар нэхэмжлэл үүсгэж шийдүүлэхээр явж байгаад нь ер нь хоёр талаас төлбөр гаргуулахаар хүсэлт гаргасанд гомдолтой” гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Үын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1 дэх хэсгийг үндэслэж мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т заасныг үндэслэж шаардах эрхийг хэрэгжүүлж байна гэж шийдвэрлэсэн,...сонгож авсан хуулийн заалт бол эрүүгийн хэрэгт холбогдох энэ асуудалтай ямар нэгэн байдлаар хамааралгүй гэж үзэж байгаа. 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт заасныг авч үзвэл барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж байна. Тэгэхээр барьцааны зүйлийг ямар нэгэн байдлаар захиран зарцуулсан юм уу, өөрийн өмчлөлд авсан ийм зүйл тогтоогдоогүй. Ерөөсөө барьцааны зүйл маань Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хулгайд алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон,... нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож өөрийн эд зүйлийг нэхэмжлээд явж байгаа. Мөн иргэний хэрэгт давхар нэхэмжлэл гаргаж ирсэн. Энэ хоёрыг нэгтгэж нэг шийдвэрлүүлэх ёстой гэдэг ийм л зүйлийг хариуцагч талаас анхан шатны шүүхэд гаргаж оролцсон. Энэ шаардлагаа дэмжиж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Бын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч “Д”  ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт буюу алтан ээмэг 907,000 төгрөг, алтан бөгж 990,000 төгрөг, нийт 1,897,000 төгрөгөөс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 700,000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 107,000 төгрөг нийт 807,000 төгрөгийг хасч тооцон 1,090,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэхүү шаардлагыг барьцаат зээлийн гэрээ /хх 6/, Хас үнэлгээ ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх 46-56/ зэрэг баримтад үндэслэсэн.  

Харин хариуцагч “Д”  ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,  “...Бгийн нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй, нэхэмжлэгч эд хөрөнгийн бодит үнэлгээг 700,000 төгрөгөөр үнэлж тогтоосныг зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулж зээлийг авсан байгаа, тиймээс нэхэмжлэгчийн 1,897,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч байна” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж,  энэхүү татгалзлаа Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 14/, тайлбар /хх 20/, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх 21,23,28/, барьцаат зээлийн гэрээ /хх 22/, Бг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол /хх 35-39/-д үндэслэжээ.     

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар хариуцагч “Д” ХХК-аас алтан ээмэг, бөгжний үнэлгээгээр тогтоосон 1,499,790 төгрөгөөс үндсэн зээл 700,000 төгрөг, зээлийн хүү 56,000 төгрөгийг хасч тооцон, үнийн зөрүүд 743,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 346,250 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгч Боос “...ломбардад хулгай орсон тэр даруй компанийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, эрүүгийн хэрэгт Б иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, ...гэм буруутай этгээдээс эд зүйл бодитоор нь гаргуулж авах, олж өгөхөөр ажиллагаа хийгдэж, эд зүйлс олдоод ирэхэд иргэний нэхэмжлэгч нар л авна, ...нөгөөтэйгүүр компанийн  хууль бус үйлдлээс гэмт хэрэг бий болоогүй, гэм хор учраагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх буюу 2022  оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б, хариуцагч “Д” ХХК-ны хооронд барьцаат, зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь 3,3 грамм алтан ээмэг 1 хос, 3,6 грамм алтан бөгжийг барьцаалж, 700,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 56,000 төгрөгийн хүүтэй зээлсэн талаар талууд маргаагүй.

Хариуцагчаас “...тус ломбардад 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хулгай орсон, цагдаагийн байгууллага шалгаж байгаа, хэрэгт Б иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бөгөөд компанийн хууль бус үйлдлээс энэ гэмт хэрэг бий болоогүй учир асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэснээр аль аль талын эрх ашиг хамгаалагдана, нэхэмжлэлийн 1,090,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэсэн.

            Мөн нэхэмжлэл гаргасан үндэслэл, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан үндэслэл болон маргааны үйл баримтаар тодорхойлогдож буй харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын тухайд тодруулбал:

Иргэний хуульд “...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагчийг зээлийн гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй” гэж тодорхойлсон байх ба энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой, ойлгомжтой бичсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн,  шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Түүнчлэн энэ маргааныг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.5 дахь хэсэгт барьцаалагч “барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангана...” гэж, мөн зүйлийн 157.2.1-т “өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах...бодит нөхцөл байдал бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх” гэж, мөн зүйлийн 157.5.2-т барьцаалуулагч “энэ хуулийн 157.2.1-д заасан нөхцөл байдал бий болсон бол барьцааны зүйлийг буцаан авахаар шаардах...эрх” эдэлнэ гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус тодорхойлсонд үндэслэж, шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ. 

            4.1. “Д” ХХК-ны “***” ломбард нь барьцаат зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 3,3 грамм алтан ээмэг 1 хос, 3,6 грамм алтан бөгжийг барьцаалж, 700,000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 56,000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн, барьцаалсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээсэн, энэ хугацаанд, барьцааны эд хөрөнгө хулгайлагдсан нь зохигчийн тайлбар, барьцааны гэрээ, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол зэрэг нотлох баримтаар нотлогдон, тогтоогдсон байх ба барьцааны зүйл  болох алтан ээмэг, алтан бөгж устаж үгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байх буюу эдгээр нотлох баримт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэхээр мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийг бус хохирол хүлээсэн хүн...хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэхээр тус тус заасан байна.

Эндээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч Бгийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Энэхүү иргэний хэрэгт хариуцагчийн хүсэлтийн дагуу авагдсан баримтуудаар холбогдох хулгайн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн нэхэмжлэгч З.Бг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх боловч уг эрүүгийн хэргийн хувьд “эрүүгийн хэрэг” үүсгэсэн, хэргийг тодорхой этгээдүүдэд холбогдуулан шалгаж байгаа эсэх нь тодорхойгүйн гадна нэхэмжлэгч Б болон хариуцагч  “Д”  ХХК-ийн хооронд Иргэний хуульд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн буюу  барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн гэрээтэй холбоотой шаардах эрх үүссэн байх тул зайлшгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй болно.

            5. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч /барьцаалан зээлдэх газар/-ийг барьцаалсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй учир  Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5 дахь хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болж, барьцааны зүйл/хос ээмэг, бөгж/-ийн үнийг барьцаалуулагч/нэхэмжлэгч/-д буцаан өгөх үүрэгтэй гэж үзнэ.       

            Өөрөөр хэлбэл маргааны зүйл болсон эд хөрөнгийн үнэ, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойн зэрэгцээ хариуцагчийн хүлээх үүрэг нь Иргэний хуульд заасан Зээлийн гэрээ, барьцааны зүйл, үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага зэрэг зохицуулалтаар тодорхойлогдоно.

Ийнхүү хэргийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь хариуцагчийн эрхийг зөрчөөгүйн гадна анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 137/ШШ2023/00190 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч  “Д”  ХХК-ийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА