Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 14

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар ******* сумын иргэн П.*******гийн нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг даргад  холбогдох  “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., гуравдагч этгээд Т.*******ь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр сумдын Санхүүгийн албаны даргын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд сумаасаа 4-үүлээ оролцож, миний бие ганцаараа тэнцэж, улмаар салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний 17 тоот хуралдааны шийдвэр, дүгнэлт болон Санхүүгийн алба байгуулах тухай Засгийн газрын 326 дугаар тогтоолыг үндэслэн ******* сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний 14 дүгээр захирамжаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 31-ний Б/26 дугаар захирамжаар гэнэт ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү ажлаас халагдсаны улмаас миний бие Төрийн албаны салбар зөвлөл, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус тус хандан ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгон, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* сумын Засаг даргын Б/55 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар буцаан томилогдсон. Би ийнхүү буцаж томилогдон ажлаа хийж байтал намайг ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар Санхүүгийн албаны даргын ажлаас дахин үндэслэлгүйгээр чөлөөсөн захирамжийг надад 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардуулсан. Тус захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалтыг үндэслэн намайг ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг захирамжид үндэслэсэн шиг ашиг сонирхлын зөрчил байхгүй юм. Ийм учраас би ******* сумын Засаг даргын уг ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахад тус салбар зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 61 тоот албан бичгээр “Төрийн албаны салбар зөвлөлийн ирц хүрэхгүй байгаа учир салбар зөвлөл хуралдах боломжгүй байгаа бөгөөд дараагийн шатны байгууллагад хандана уу” гэсэн хариуг надад өгсөн болно. ******* сумын Засаг дарга нь ийнхүү намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөөд намайг өмнө ажлаас чөлөөлөгдөхөд миний ажил дээр томилогдож байсан Т.*******ийг Санхүүгийн албаны даргаар томилсон бөгөөд үүнээс харахад Засаг даргад өөрт нь ашиг сонирхлын зөрчил байсан нь харагдаж байгаа бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаа хэвийн явуулахад саад болж, намайг шүүхийн шийдвэрээр томилогдон орж ажиллаж байхад дахин ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна. Ийм учраас ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд өөрийгөө ******* сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Иймд дээрх ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн сумын Засаг даргын Б/55 дугаар захирамжаар Санхүүгийн албаны даргаар томилогдсон. Ингээд ажиллаж байтал 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг бичиг хэргийн хүнээрээ дамжуулан гэнэт гардуулсан. Сумын Засаг дарга намайг ажлаас чөлөөлсөн захирамж гаргахдаа ямар ч үндэслэлгүй гаргасан байгаа. Уг захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 16.2.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.4 гэсэн заалтуудыг үндэслэсэн байдаг. Дээрх хуулийн заалтуудыг судлаад үзэхээр намайг ажиллаж байх хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдэгдэл тайлбар гаргуулаагүй. Мөн хамаарал бүхий этгээдийн талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-т  тодорхой заасан байна лээ. Намайг ажлаас чөлөөлөхдөө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.4-т заасныг баримталсан учраас мөн хуулийн 3.1.5 дахь хэсэг хамаарахгүй. Тиймээс өөрийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* нь ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 16.2.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.4 гэсэн заалтуудыг үндэслэсэн байна. Энэхүү сумын Засаг даргын захирамж нь үндэслэлгүй гарсан хэмээн үзэж байгаа. Яагаад гэхээр хариуцагч тал тайлбартаа “нэхэмжлэгчийг Засаг даргын Тамгын газрын дарга В.*******, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.******* нартай ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй хэмээн үзэж ажлаас чөлөөлсөн” гэдэг. Гэтэл хамаарал бүхий этгээд гэдгийг тухайн хуульд тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-т тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ. Тэгэхээр П.*******гийн хувьд В.*******, В.******* хоёр нь түүний хамаарал бүхий этгээдэд хамаарахгүй байна. Харин нэгдмэл сонирхолтой этгээд гэдэг бол тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Тэгэхээр В.*******, В.******* хоёр нь П.*******тай Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хамаарал бүхий этгээд биш юм. Тиймээс дээрх гурван хүний хооронд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн этгээдэд тухайн хуулиар нь хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Үүнийг мөн хуулийн 29 дүгээр зүйлд тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.4 дүгээр зүйлийг зөрчсөн тохиолдолд, мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэхээр зохицуулаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 16.2.3-т зааснаар В.*******, В.******* хоёр нь П.*******г шууд харьяалан захирах албан тушаалтан мөн үү? гэхээр энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байдаггүй. Мөн ******* сумын Засаг дарга тайлбартаа “Санхүүгийн албаны даргыг Засаг даргын Тамгын газрын дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар шууд захирах албан тушаалтан биш хэмээн тайлбарласан” байдаг. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 16.2.3-т заасныг баримталсан нь үндэслэлгүй.

Уг захирамжийг ерөнхийд нь харахаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гаргасан захиргааны актын тавигдах шаардлагыг огт хангаагүй байна. Энэхүү тавигдах шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн байгаа. Мөн хариуцагч тайлбартаа “П.******* нь ажиллаж байх хугацаандаа хөрөнгө орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж байгаагүй талаар” дурдсан байдаг. Гэтэл Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын хавсралтанд зааснаар сумын Санхүүгийн албаны дарга нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг хүлээгээгүй албан тушаалтан байна. Энэ нь Улсын Их Хурлын 2014 оны 20 дугаар тогтоол болон аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргаж өгсөн албан бичгээр тогтоогдлоо. Тиймээс дээрх үндэслэлүүдээр ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамж нь үндэслэлгүй гарсан хэмээн үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ажлаа хүлээж аваад сар гаруй хугацаа өнгөрч  байгаа бөгөөд сумын цаг үеийн тулгамдсан асуудал, хурал зөвлөгөөн, өвөлжилтийн хүндрэлтэй байдлын улмаас тайлбар баримтыг хугацаа хожимдуулан хүргүүлж байгаа даа хүлцэл өчье. Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дүгээр  захирамжтай танилцлаа. ******* сумын Засаг дарга Ч.******* миний бие 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилон ажлаа хүлээн авч ажиллаж байна. Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга Т.*******ь, төсөв, төрийн сангийн мэргэжилтэн П.*******, Засаг даргаар ажиллаж байсан Н.******* нартай холбогдох захиргааны хэргийн маргааныг холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, танай шүүхээс ирүүлсэн материалуудтай танилцаж ойлголоо. Засаг даргын хувьд өмнөх Засаг даргын гаргаж байсан шийдвэрийг хүндэтгэн үзэж, бусад сумдуудын жишгээр нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгч, санхүүгийн албаны даргаар тасралтгүй 19 жил төрийн захиргааны салбарт ажилласан, 2007 онд төрийн албаны удирдах албаны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн, ажиллах хугацаандаа санхүүгийн сахилга батыг чанд сахиж, ажилдаа алдаа дутагдал гаргалгүй, хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга Т.*******ийг үргэлжүүлэн ажиллуулах хүсэлтэй байна. П.******* нь” Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалтын дагуу сумын төсвийн Ерөнхийлөн захирагч иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга В.*******, төсвийн менежер Засаг даргын Тамгын газрын дарга В.******* нартай  төрсөн ах дүүсийн хүүхэд /******* ургийн овогтой/ байдал нь ашиг сонирхолын зөрчил үүсэхээр байна гэж үзсэн. Мөн П.******* нь 2009-2014 онд сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор буюу төрийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаад Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор “Санхүүгийн алба” байгуулагдсантай холбогдуулан санхүүгийн албанд бүтцийн өөрчлөлтөөр шилжиж ирсэн байна. Санхүүгийн албаны даргын албан тушаал нь төрийн захиргааны ТЗ-5 дахь шатлалаар буюу Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалтын дагуу туслах түшмэлийн ангилалд хамаардаг. Иймд дээрх зэрэглэлд хамаарах албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн дагуу удирдах албан тушаал гэж үзэхгүй бөгөөд гагцхүү хуульд заасны дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, эсхүл нөөцөд байгаа иргэдээс шилж сонгон томилох хуулийн заалттай. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 ”албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, 23.5 “ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авилгатай тэмцэх газарт хүргүүлнэ.” 23.7” Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэсэн заалтууд зөрчигдсөн байгаа нь П.*******г ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болсон байна. Учир нь П.******* нь” Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу томилогдохоосоо өмнө “ Хувийн ашиг сонирхолын урьдчилан мэдүүлэг” –ээ гаргаж өгөөгүй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу ******* сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн Б/55 дугаар захирамж гарч Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдсон өдрөөс хойш хувийн ашиг сонирхлын мэдүүлэгээ 30 хоногийн дотор гаргаж өгөөгүй, 23.8-д заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэлийг хугацаанд нь эрх бүхий албан тушаалтнуудад гаргаж өгөөгүй нь нотлогдож байна. Шаардлагатай бол аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, сумын Засаг даргын тамгын газрын дарга В.*******, нэхэмжлэгч П.******* нараас тодруулах, мөн сумын засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга П.*******гийн томилогдсон 2 сарын хугацаанд ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй нь нотлогдож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэхэмжлэл гаргах, албан тушаалд томилохдоо хувийг ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага албан тушаалтан хүлээн авч холбогдох баримт бичгийн хамт Авилгатай тэмцэх газарт нэн даруй хүргүүлнэ гэсэн байгаа. Тэгэхээр П.******* нь ажилд ороод сарын дотор урьдчилсан мэдүүлгээ өгөөд, Авилгатай тэмцэх газраас В.*******, В.******* нартай ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг нь тогтоогдчихсон бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Өөр тайлбар байхгүй.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчийн тайлбартаа санал нэг байна. Гэхдээ сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.*******, П.******* нар төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа. Тийм учраас өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдүүлгээ өгөөд, уг урьдчилсан мэдүүлгийг нь Тамгын газрын дарга хянаад Авилгатай тэмцэх газар луу явуулах ёстой байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумынхаа хэмжээнд хяналт тавьдаг дээд байгууллага юм. Мөн Засаг даргын Тамгын газрын дарга нь төсөв санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсэг, хоёрдугаар гарын үсгийг нягтлан бодогч гарын үсэг зурдаг.  Энэхүү санхүүгийн баримтан дээр Санхүүгийн албаны дарга хяналт хийгээд, баталгаажуулдаг учраас Засаг даргын Тамгын газрын дарга шууд оролцоотой хэмээн үзэж байна.

Намайг төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байхад ТЗ-5 зэрэглэлээр цалинжуулдаг байсан. Харин Засгийн газрын 326 дугаар тогтоол гарснаар Санхүүгийн албаны даргыг мөн л ТЗ-5 зэрэглэлээр цалинжуулсан. Ингэж ажиллахдаа дотроо зохицож ажилла хэмээн чиглэл өгсөн байдаг. Ингэсэн байхад Санхүүгийн албаны даргыг удирдах албан тушаал гэж үзээд, аймгийн Хууль зүйн хэлтэс надаас яагаад хөрөнгө орлогын мэдүүлэг, урьдчилсан мэдүүлэг аваад байсан юм бол. Тэгэхээр П.******* яагаад ажил, албан тушаалтайгаа холбогдуулж хөрөнгө орлогын мэдүүлэг өгөөгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч П.******* ******* сумын Засаг даргын гаргасан хууль бус захирамжийн улмаас өөрийнх нь төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч П.******* нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 14 дугаартай “Ажилд түр томилох тухай” захирамжаар тус сумын Санхүүгийн албаны даргаар томилогдсон байна. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар Т.*******ийг сумын Санхүүгийн албаны даргаар томилж, П.*******г санхүүгийн албаны даргаар томилсон 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаар захирамжаа хүчингүй болгосноор талуудын хооронд маргаан үүссэн ба Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0308 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг ******* сумын Санхүүгийн албаны даргаар эгүүлэн тогтоожээ. Энэ дагуу П.*******г Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/55 дугаар захирамжаар тус сумын Санхүүгийн албаны даргаар эгүүлэн томилсон байна.

Улмаар Нэхэмжлэгч П.*******г Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалтад зааснаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалаас 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно” гээд 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалтад  “хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол” гэж зохицуулжээ. Дээрх заалтад заасан “... албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах...” гэж “хууль тогтоомж болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, эсхүл ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн албан тушаалтны удирдлагын дор үүрэг гүйцэтгэх, түүнд ажлын гүйцэтгэлээ хянуулж дүгнүүлэхийг хэлнэ” гэж Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөхдөө үндэслэл болгосон дээрх заалт нь төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг авч ажиллуулахад дээр дурдсан “...албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах...” нөхцөл үүссэн тохиолдолд төрийн жинхэнэ албанд авч ажиллуулахыг хориглосон зохицуулалт ба энэхүү заалт нь нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 24.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”,  24.1.2-д “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.З-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана” гээд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх хуулийн зохицуулалттай байхад Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалтын нөхцлийг хэрэглэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн удаах үндэслэл болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт нь “ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх” гэсэн заалт байна. Нэхэмжлэгч П.******* нь өөрийн эцгийн дүүгийн хүүхдүүд болох тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.*******, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.******* нартай Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар хамаарал бүхий этгээд биш байх тул ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсч болзошгүй нөхцөл дээрх хуульд зааснаар үүсэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч П.******* нь төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлийн хувьд ТЗ-5-д хамаарах албан тушаалтан байна. Иймд тэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэг,  Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахааргүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн ажлаас чөлөөлөх Б/73 дугаар захирамжиндаа үндэслэл болгосон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 заалтын зохицуулалтын нөхцлөөр нэхэмжлэгчийг тус хуулиар чөлөөлөх боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг “Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн  ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн томилж, чөлөөлнө.” гэсэн зохицуулалтад тусгагдсан Завхан аймгийн Засаг даргатай зөвшилцөх /санал солилцох/ ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгч П.*******г ажлаас халсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу нэхэмжлэгчид уг нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй эрх зүйн зөрчил гаргасан байна.

Дээрх үндэслэлээр ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.*******гийн ******* сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч П.******* нь ******* сумын Санхүүгийн албаны даргаар ажиллах үедээ ТЗ-5-2 шатлалаар буюу 540.033 төгрөгөөр цалинжих байсан гэж тайлбарлаж байх ба талууд цалингийн энэхүү зэрэглэл, шатлал мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн цалингийн тооцоолол дээр хэргийн оролцогчид маргахгүй байна.

Нэхэмжлэгч П.*******гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцоход 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 79 хоногийн олговор 2.268.139 төгрөг болж байна.

Нэгэнт ******* сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, ******* сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох дээрх албан тушаалын цалингаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг, хүн амын орлогын албан татвар зэргийг суутган холбогдох бичилт хийж 1.844.192 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Төсвийн тухай хуулийн 19.5 дахь хэсгийг тус тус баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгож, П.*******г Завхан аймгийн ******* сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 2.268.139 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэрэг  холбогдох суутгалыг тооцон бичилт хийж 1.844.192 төгрөгийг нэхэмжлэгч П.*******д олгохыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргад  даалгасугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ч.ЦЭНД-ОЧИР