Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0115

 

2019 оны 02 сарын 27 өдөр           Дугаар 221/МА2019/0115                          Улаанбаатар хот

“А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, Б.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0773 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу “А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0773 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/643 захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын түдгэлзүүлэх 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг дурдаж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан нийслэлийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 6 /зургаан/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/643 захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өрийн 128/ШШ2018/0773 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх “А х” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шийдвэрлэхдээ хариуцагчийг “А х” ХХК-аас газрын төлбөр төлсөн эсэхэд “төлөөгүй”, “бүрэн төлөөгүй” зэргээр зөрүүтэй тайлбар ирүүлж байгаагаас үзвэл төлбөр төлөлтийн байдлыг шалгаагүй гэж үзэхээр байна гэж дүгнэж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 /Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ/-т заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Мөн “А х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/837 дугаар захирамж нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж 2018 онд буюу 5 жилийн дараа шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 /Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана/-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Замын цагдаагийн алба нь Монгол Улсын тээврийн салбарын цагдаагийн байгууллагад хамаарах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөн зохицуулах, тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

1990 онд Монгол Улс чөлөөт эдийн засагт шилжиж, улсын авто баазууд татан буугдсан, хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн тоо огцом өссөнтэй холбогдуулан осол, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа /байр/ байгуулах хэрэгцээ, шаардлагын улмаас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо /одоогийн/ нарны зам дагуух газарт өөрийн хөрөнгөөр тээврийн хэрэгсэл түр саатуулах тусгай /журмын хашаа/ байрыг анх байгуулж, Замын цагдаагийн газрын бүтцэд ажиллаж ирсэн.

Хууль зүйн сайдын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 73 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэл түр саатуулах журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар тээврийн хэрэгсэл түр саатуулах байрыг цагдаагийн байгууллагын бүтцэд байхаар тогтоосон байдаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, сайжруулах зорилгоор Замын цагдаагийн газрын дэргэдэх түр саатуулах байрны үйл ажиллагааг өргөтгөх замаар техникийн засвар үйлчилгээ үзүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал үзлэг оношилгоо хийх зориулалттай Техникийн үзлэг, оношилгооны лаборатори байгуулахыг Замын цагдаагийн газрын даргад үүрэг болгосон байдаг.

Тухайн үед Замын цагдаагийн газрын дарга, “А х” ХХК-ийн захирал нар 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байх боловч уг гэрээ нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу Цагдаагийн ерөнхий газрын даргаас эрх шилжүүлсэн шийдвэргүйгээр гэрээ байгуулсан, мөн Хууль зүйн сайдын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 73 дугаар тушаалын /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ хоёрдугаар хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам”-ын “Нийтлэг үндэслэл”-ийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Тээврийн хэрэгслийг түр саатуулах журмын хашаа байрлаж буй газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/648 тоот захирамжийн дагуу /Замын цагдаагийн албыг татан буулгасантай холбоотойгоор Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгж/ эзэмшиж байсан ба бүтцийн өөрчлөлт хийж, Замын цагдаагийн алба байгуулагдсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 тоот захирамжийн дагуу тус албанд “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-ны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг зохих ёсоор төлж, хууль ёсоор зориулалтын дагуу эзэмшиж байна.

Одоогоор уг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа / байр/-нд авто оношилгооны лаборатори ажилладаггүй бөгөөд тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 4 алба хаагч харуулаар ажиллаж, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах тээврийн хэрэгслийг түр саатуулах, битүүмжлэн зориулалтаар ашиглагдаж байна.

Эдгээрээс дүгнэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д захиргааны шинэ акт дахин гаргах хүртэл захиргааны актыг зургаан сарын хугацаагаар буюу зургаагаас богино хугацаагаар тогтоож болох байсаар атал шүүхээс захиргааны актын хэрэгжилтийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, мөн хуулийн 32.1-д заасан үүргийн дагуу шүүхээр маргааныг хэлэлцэх явцад нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүйгээр уг маргааныг таслан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0773 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Маргааны үйл баримтын тухайд: Маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/227 дугаар захирамжаар Замын цагдаагийн газарт журмын хашааны зориулалтаар гэрээгээр түр ашиглуулахаар олгож, түүнээс хойш тус газрыг тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны зориулалтаар ашиглаж байжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор “түр саатуулах байрны үйл ажиллагааг өргөтгөх замаар техникийн засварын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, журамлагдсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд үзлэг, оношлогоо хийх зориулалттай техникийн үзлэг оношлогооны лабораторийг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч “А х” ХХК болон гуравдагч этгээд Замын цагдаагийн газар /тухайн үеийн нэрээр/ 2003 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 6-д “Хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн нөхцөлд уг ашиглаж байгаа газрыг хөрөнгө оруулагчийн талд шилжүүлэн өгөх давуу эрх эдлэх”-ээр заажээ.

Нэхэмжлэгч “А х” ХХК-аас 2011 онд анх газар эзэмших хүсэлт гаргахдаа “эзэмшил газраа баталгаажуулах тухай” хүсэлт[1] гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжаар маргаан бүхий 3586 м.кв газрыг “А х” ХХК-д авто үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхдээ уг газрыг гуравдагч этгээдэд ашиглуулах эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/227 дугаар захирамжийг хэрхэн шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасан аль үндэслэлээр /хүсэлтийн дагуу  эзэмшүүлсэн, шилжүүлсэн эсхүл өмнөх эрхийг дуусгавар болгож шинээр эзэмшүүлсэн/ тухайн газрыг эзэмшүүлсэн нь тодорхойгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/837 дугаар захирамжаар “... 2011 оны 778 дугаар захирамжаар “А х” ХХК-д авто, үйлчилгээний зориулалтаар 3586 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 199 дүгээр тогтоолыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/643 дугаар захирамжаар Нийслэлийн цагдаагийн газарт “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-ны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжаар тус газрыг “Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба” УТҮГазарт “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

“А х” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлийн талаар:

Хариуцагчаас 2011 онд нэхэмжлэгч хуулийн этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалт гэрээ” хэрхэн биелэгдсэн, уг гэрээг дүгнэсэн, тус гэрээгээр газар шилжүүлэх давуу эрх олгохоор заасан “хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн” гэх нөхцөл байдлыг хэрхэн тогтоож шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрээнд заасан “тээврийн хэрэгслийн оношлогоо үйлчилгээний лабораторийг байгуулахад[2] хөрөнгө оруулалт хийх ... ашиглалтад оруулах” нөхцөл биелэгдсэн, нэхэмжлэгчид газар шилжүүлэн авах эрх үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “А х” ХХК-д 2011 онд газар эзэмших эрх олгогдсоноос хойш ч бодит байдал дээр гуравдагч этгээд уг газрыг “тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа”-ны зориулалтаар ашиглаж ирсэн, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “А х” ХХК-ийн явуулж байсан үйл ажиллагаа ... 2012 оноос хойш “Авто тээврийн үндэсний төв”-ийн хяналтад шилжсэн. Одоогийн байдлаар тээврийн хэрэгсэлд оношлогоо хийх эрхгүй болчихсон” гэж тайлбарласан[3] байна. Өөрөөр хэлбэл, 2011 онд нэхэмжлэгч хуулийн этгээдэд уг газрыг эзэмшүүлэхдээ өмнө нь төсвийн байгууллага ашиглаж байсныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/837 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 778 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн “тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-ны зориулалтаар 1998 оноос хойш ашиглаж байсан газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 199 дүгээр тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь газар эзэмших эрх хүчинтэй байх хугацаанд буюу 2011 – 2013 оны хооронд газрын төлбөр төлөөгүй болох нь Нийслэлийн газрын албаны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01-04/3798 дугаар албан бичгээр нотлогдсон зэргээс хариуцагчийн шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, хөөн хэлэлцэх хугацааны тухайд “... маргаан бүхий актыг цахим хуудсанд байрлуулсан явдал нь актыг мэдэгдсэн гэж үзэхээргүй, мөн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/2110 тоот албан бичгээр ... мэдэгдсэний дагуу ... шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацаанд багтсан” талаар зөв дүгнэсэн байх тул энэ үндэслэлээр “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” талаар гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд Газрын тухай хуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй маргаан бүхий газарт барьсан үл хөдлөх эд хөрөнгийн талаар хохиролтой гэж үзсэн тохиолдолд иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0773 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А х” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/643 дугаар захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, “4” дэх заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 120-р тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 208-р тал. Гуравдагч этгээдийн тайлбар: Одоогоор уг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-нд авто оношилгооны лаборатори ажилладаггүй бөгөөд тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 4 алба хаагч харуулаар ажиллаж, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах тээврийн хэрэгслийг түр саатуулах, битүүмжлэн зориулалтаар ашиглагдаж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хийсэн тайлбар: Газар дээр лаборатори байгуулах барилга баригдсан. Тухайн үед оношлогооны тоног төхөөрөмж орж ирээд, тэнхлэг хэмжигч, тоормос хэмжигчүүд нь угсрагдаад бэлэн болсон, зарим нэг эд зүйлсийг нь авч очоогүй байсан. Лаборатори байгуулагдсан гэж үзэж байгаа. Тухайн үед зарим нэг үзлэг хийж байсан. Онцгой эрх нь бол бидэнд байгаагүй. Тоног төхөөрөмжүүдийг гаалиар оруулж ирсэн. Хэрэгт баримтууд нь хавсаргагдсан байгаа.

[3] Хэргийн 2 дугаар хавтас, 174-р тал.