Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/0111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.А-ийн  нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 Д.Мөнхтуяа

Танхимын тэргүүн, шүүгч:   Ч.Тунгалаг

Шүүгчид:                               П.Соёл-Эрдэнэ

                         Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                      Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гуравдагч этгээдийн гомдлоор, нэхэмжлэгч А.А , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, гуравдагч этгээд З.Е, түүний өмгөөлөгч К.Енарыг оролцуулан хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийн З.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай”

Хэргийн нөхцөл байдал:

2. 2006 оноос эхлэн А.А, З.А нар нь гэр бүл болж, Өлгий сумын 5 дугаар багт байрлах 828 м.кв газрыг хашаалж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшин ашиглан 2018 оны 08 сар хүртэл буюу 12 жил хамт амьдаржээ. Хамтран амьдрах явцад гэр бүлийн дундын үл хөдлөх эд хөрөнгүүд газар дээр байрлажээ. 2007 онд нөхөр З.А-ын  нэр дээр 400 м.кв газрын хэмжээтэйгээр газар эзэмших эрх олгосон захирамж гарч, нэхэмжлэгч хамтран эзэмшигч болсон байна.  2018 оны 08 дугаар сараас гэр бүлийн маргаан үүссэн байна.

3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн “Өлгий сумын нутаг дэвсгэрээс хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн иргэн З.Е-д тус сумын 5 дугаар багаас 428 м.кв газрыг хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч А.А-ээс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийн З.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...нөхрийн дүү З.Е-д газар эзэмшүүлэхээр захирамж гаргахдаа тус газар дээр нь олон жил амьдарсан А.А  надад мэдэгдээгүй, санал сонсоогүй, уг газар дээр З.Есболатын эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаагүй, огт мьдарч байгаагүй, газрын хэмжилт хийхдээ газар дээр олон жил амьдарсан А.А намайг байлцуулаагүй, хөршийн эрх ашгийг харгалзан үзээгүй, амьдарч байсан газраа тухайн үед 400 м.кв гэж бодож байсан, гэрлэлтээ цуцлуулах ажиллагааны үед газар нь бодит байдалд 828 м.кв боловч гэрчилгээнд 400 м.кв гэж бичигдсэн талаар мэдсэн, нөхөр З.А нь арга заль хэрэглэж, өөртөө газрыг үлдээх зорилгоор дүүгийнхээ нэр дээр газрыг шилжүүлэн авсан, З.А бид хоёрын газрын болон эд хөрөнгийн маргаан эцэслэгдээгүй байхад З.Е-д 2019 оны 10 дугаар сард газар эзэмших захирамж гарч, 2020 онд гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь хууль бус...” гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:  

5. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ийн  “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийн З.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийн З.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 Гуравдагч этгээд З.Е-аас “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч;

7. Миний бие холбогдох байгууллагад газар эзэмших хүсэлт гаргаснаар зохих журмын дагуу Өлгий сумын 05 дугаар багт байршилтай, 428 м.кв газрыг надад 50 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Уг газар нь урьд өмнө ямар нэг хүний эзэмшил, өмчлөлд байгаагүй, давхцалгүй газар юм. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь судлан хууль зүйн үндэслэлтэй зөв оновчтой дүгнэлт хийж хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь 428 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтээ нэхэмжлэгч А.А   болон түүний нөхөр З.А нарын хэн аль нь эрх бүхий этгээдэд гаргаж байгаагүй боловч бодит байдал дээр тухайн гэр бүл 838 м.кв газарт олон жил амьдарсан, маргаан бүхий газарт бусдын үл хөдлөх хөрөнгө баригдсан үйл баримт тогтоож байхад тухайн газарт оршин суух хаяггүй, З.Е-д хашаалсан газраас 428 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Ийнхүү дүгнэсний доор “гэрчилгээнд заагдсан хэмжээнээс илүү газраа эзэмших хүсэлтийг З.А гаргасан нь Б.А-ийн мэдүүлгээр нотлогдож байна гэж” дээрх “А.А   болон түүний нөхөр З.А нарын хэн аль нь эрх бүхий этгээдэд гаргаж байгаагүй байсан байна” гэсэн өөрсдийн дүгнэлтээ өөрсдөө үгүйсгэсэн байдал нь ойлгомжгүй байгаа бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцээгүй байна.

8. Мөн хэргийн материалд уг газрыг эзэмшсэн З.Е надад эзэмшүүлэх үед хийгдсэн бүх ажиллагааны материал баримтууд газрын албанаас авагдсан бөгөөд А.А  , З.А нар нь тухайн газрыг эзэмших талаар огт хүсэлт гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдон улмаар З.А, А.А   нар бид тухайн сул чөлөөтэй газрыг эзэмших талаар огт хүсэлт гаргаж байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл тухайн газрыг З.Е би эзэмших хүсэлт гаргах үед надтай ах З.А хамт явж байсныг Б.А мэдүүлсэн байдлыг З.А хүсэлт гаргасан байгаа нь Б.А-ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж бодит байдлыг гуйвуулан, хийсвэрээр дүгнэлт хийсэн.

9. Иргэний хэргийн шүүх З.А, А.А  нарын гэр бүлийн маргаанд зуны байрыг л үнэлсэн болохоос түүний доор буй газрын талаар хөндөөгүй түүнийг авч хэлэлцээгүй юм. З.А, А.А нарын дундын өмчлөлийн 400 м.кв газар тусдаа эзэмших гэрчилгээтэй миний 428 м.кв газартай хамааралгүй тусдаа газар бөгөөд А.А гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрсдийн эзэмшлийн 400 м.кв газрыг дундын өмчид тооцон хувиарлаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаснаас бус надад эзэмшүүлсэн газрын талаар маргаан үүсгээгүй юм.

10. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ”, 84.2-т “Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна”, 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж тус тус зааснаас үзэхэд газар үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах бөгөөд түүний эрх олгосон хууль ёсны эзэмшигч З.Е би байх юм. Тухайн газрыг хашаалж авснаар А.А -ийг тухайн газрын эзэмшигч гэж шүүх дүгнэж байгаа нь хууль зөрчсөн явдал бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

11. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 5.2-т “.Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д “газар эзэмших, ашиглах эрхийн” гэж заасан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д “газар эзэмших, ашиглах эрхийн”-ийн бүртгэл гэж заасан байх бөгөөд энэхүү зохицуулалтуудаас үзэхэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх бүгд өмчлөх эрхийн нэгэн адилаар зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авснаар үүсэхээр хуульчилсан байна.

12. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж  заасан заалтад бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар гэх ойлголт дээр дурдсан холбогдох хууль тогтоомжуудын дагуу эзэмших, ашиглах эрх үүссэн этгээд байгааг ойлгох бөгөөд харин зөвхөн газрыг хашаалж авснаар тухайн газрыг бусдын эзэмшил, ашиглалтад байна гэж үзэх эрх зүйн үндэс байхгүй юм.

13. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс энгийн иргэн би дүгнэлт хийхэд дээр дурдсан хуулиуд огт хэрэгцээ ач холбогдолгүй, хэн ч дураараа очин хоосон байгаа газрыг хашаалснаар эзэмших, ашиглах эрх үүсэхээр байна гэж ойлголт төрж байна. Эцэст дүгнэж хэлэхэд дээрх зохицуулалтуудын дагуу газрын эзэмших, ашиглах эрх надад байгаа бөгөөд харин газар эзэмших, өмчлөх, ашиглах эрх З.А, А.А нарт үүсээгүй тул тэдэнд огт хамааралгүй юм. Харин А.А-ийн тухайд газрыг хуулийн дагуу эзэмших, ашиглах эрх үүсэх байтугай З.А, А.А   нар нь тухайн газрыг эзэмших хүсэлт ч гаргаж байгаагүй байх тул А.А-ийн эрх ашиг ямар нэг байдлаар зөрчигдөөгүй.

14. Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруугаар гуйвуулан тайлбарлан хэрэглэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн холбогдох заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээд З.Е-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

16. Анхан шатны шүүхээс “... уг 428 м.кв газар нь бусдын эзэмшил, ашиглал үүсээгүй, сул чөлөөтэй газар нь нотлогдож байна, гуравдагч этгээдийн хувьд хуулийн дагуу хэн нэгний эзэмших, ашиглах эрх үүсээгүй газрыг эзэмших тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаж, хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсаргаж өгснөөр гуравдагч этгээдэд А/312 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21.4.3, 29.1, 31.3, 32.1, 32.2, 33.1.1-д заасантай тус тус нийцсэн ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцэхгүй байна.

17. Давж заалдах шатны шүүхээс “ ... 428 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтээ нэхэмжлэгч болон түүний нөхөр нарын хэн аль нь эрх бүхий этгээдэд гаргаж байгаагүй боловч бодит байдал дээр тухайн гэр бүл 838 м.кв газарт олон жил амьдарсан нь тогтоогдож ... байхад тухайн газарт оршин суух албан ёсны хаяггүй, зуны байшинг өмчлөх эрхтэйгээ нотлоогүй гуравдагч этгээд З.Е-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн ...” гэж зөвтгөн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

18. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал... газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”; Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын Хоёр-ын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараа үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:”, 2.1.2-т “Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх”, 2.1.3-д “Хээрийн судалгаа хийх” гэж тус тус заажээ.

19. Хариуцагч дээр дурдсан хууль болон журамд заасан зохих ажиллагааг хэрэгжүүлээгүйн улмаас маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.

          20. Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэх гэрчилгээнд 400 м.кв гэж заасан боловч тухайн газрыг анх худалдан авахад 828 м.кв талбайгаар хашаалсан байсан, энэ талаар маргаангүй байжээ. Гэтэл энэ хэргийн гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт амьдарч байгаагүй, газрыг өмнө нь эзэмшиж байсан баримтгүй байхад хариуцагчаас “... хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч А.А, нөхрийн хамт 2007 оноос эхлэн бодитоор эзэмшиж, ашиглан амьдарч байгаа хашаалсан газарт давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасантай нийцэхгүй байна.  

21. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд З.Е-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Д.МӨНХТУЯА

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                           Ч.ТУНГАЛАГ

          ШҮҮГЧИД                                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                              Ц.ЦОГТ

                  Х.БАТСҮРЭН