Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1294

 

    Ц.Няндагшоновын нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж,  шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/04009 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Няндагшоновын

Хариуцагч Д.Дорждагвад холбогдох

           

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундаа өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Няндагшонов,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, С.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Няндагшонов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1994 онд Д.Дорждагватай танилцаж 1999 онд хуримаа хийсэн. 1997 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр охин Д.Жаргалмаа төрсөн. 2001 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүү Д.Марал-Эрдэнэ нар төрсөн. Энэ он жилүүдэд гэр бүлд маргалдах, эвлэрэх хэлэлцэх асуудал зөндөө байсан ч аз жаргалтай амьдарсан. Сүүлийн хагас жилийн хугацаанд үл ойлголцох болсон. 2014 оны 4 сараас хоорондоо таарч тохирохгүйн улмаас салж, одоог хүртэл тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Д.Марал-Эрдэнийг өөрийн асрамжид авч, хуульд заасан тэтгэлэг тогтоолгоно. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед охин Д.Жаргалмаа 18 насанд хүрээгүй байсан бөгөөд одоо насанд хүрсэн хэдий ч гэр бүлээсээ гараагүй тул охиныхоо эрхийг хамгаалж мөн оролцож байгаа. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 9-107 тоот орон сууцнаас өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг тогтоолгож, энэ байрыг бид гуравт үлдээж өгнө үү. Харин маргаад байгаа Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-138 тоот өвлийн байшин, газар, хашаа нь бидний хөрөнгө биш бөгөөд уг газар хашаа байшинг төрсөн эгч Ё.Лхагва Израйль улсад ажиллаж амьдарч байхдаа явуулсан мөнгөөр ээж Должин мөнгө нэмж худалдаж авсан тул энэ нь эгч Ё.Лхагвын хөрөнгө, үүнийгээ ч шүүхээр тогтоолгосон шийдвэр хүчин төгөлдөр байна. Иймд уг эд хөрөнгө нь Д.Дорждагвад хамааралгүй. Д.Дорждагва нь Японд ажиллаж амьдарч байхдаа машин тэрэг явуулдаг байсан ч энэ мөнгийг зээлж явсан, өр болон бусад гэр бүлийн зардалд тухайн үедээ зарцуулаад дууссан. Одоо бидний амьдарч байгаа Москва хороолол 9-107 тоот 1 өрөө байрыг 8 хувийн зээлээр авсан бөгөөд 2014 оны 4 сараас хойш тусдаа амьдарч эхэлснээс хойших зээлийн төлбөрийг би төлж ирсэн, харин Д.Дорждагва нь зээл авснаас хойш нийт 8 324 000 төгрөгийг төлсөн байдаг. Үүний тал хувийг Д.Дорждагвад өгөөд байраа 2 хүүхдийнхээ хамт авч, зээлийг өөрөө төлнө гэжээ.

 

Хариуцагч Д.Дорждагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсон. Хөдөө амьдарч байгаад 2001 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Ээж маань надад гэр барьж өгч тусад нь гаргасан. Улаанбаатар 2001 оны 4 сард шилжиж ирээд айлын хашаанд амьдарч байсан. 2001-2004 он хүртэл Улаанбаатар хотын 12 дугаар сургуульд ажиллаж байсан. 2004 оны 5 дугаар сарын 19-өөс 2006 оны 11 дүгээр сар хүртэл Япон улсад ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2001 онд хадам аав, ээжээсээ мөнгө авч валютын арилжаа хийж байгаад авсан мөнгөө эргүүлэн төлсөн. Нэмээд намайг Япон улс руу явах зардлыг өгч байсан тэр мөнгийг эргүүлэн төлсөн. Үлдэгдэл 5 000 000 орчим төгрөг байсан. Энэ мөнгөн дээр хадам аав ээж мөнгө нэмж өгч хашаа байшин авсан. 2010 онд төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц төсөл хэрэгжиж эхэлсэн. Би сургуулиас квот авч зээлэнд хамрагдсан. 2009 оны 10 сараас өнөөг хүртэл зээлийг ямар нэгэн асуудалгүйгээр төлж явж байгаа. Гэр бүл цуцлуулахын хувьд бол нэхэмжлэгч өөрөө нэгэнтээ гэр бүлээ цуцлуулах гэж байгаа бол цуцлуулж болно. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу шийдвэрлэхэд татгалзахгүй. Зохигчид нь уг Москва хороололын 9-107 тоот орон сууцыг ипотекийн зээлийн гэрээ байгуулан авсан байдаг бөгөөд Иргэний хуулийн 168 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх гэр бүлийн гишүүдэд шилжээгүй байх тул уг орон сууцыг гэр бүлийн дундын өмч гэж үзэх хуваах үндэслэлгүй юм. Гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө нь гэрээ байгуулснаас хойш төлсөн буюу нийт төлсөн 8 324 885 төгрөгийг дундын өмч гэж үзэж хуваах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ирээдүйд бий болох эд хөрөнгийг хуваах боломжгүй юм. Харин Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-138 тоот өвлийн байшин, газар, хашаа нь гэр бүл болсноос хойших бий болсон хөрөнгө тул үнэлгээний төвөөр үнэлсэн үнэлгээгээр өөрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Охин Д.Жаргалмаа нь 18 насанд хүрсэн бөгөөд энэ хэргийн ажиллагаанд нэхэмжлэл гаргаж орж ирээгүй байгааг хэлмээр байна гэжээ.  

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гурван шар овогт Дуламжавын Дорждагва /ВР 76061416/, Харчин овогт Цэрэнбалжирын Няндагшонов /ВР 76040504/ нарын гэрлэлтийг цуцалж, 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2001 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Д.Марал-Эрдэнийг эх Ц.Няндагшоновын асрамжид үлдээж, 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2001 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Д.Марал-Эрдэнийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Дорждагваас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт  заасныг  баримтлан эцэг Д.Дорждагвыг хүү Д.Марал-Эрдэнэтэй уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Няндагшоновт даалгаж, 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Няндагшоновоос 25 597 250 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Дорждагвад олгож, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 9-107 тоот 1 өрөө орон сууцыг Ц.Няндагшонов, Д.Жаргалмаа, Д.Марал-Эрдэнэ нарын өмчлөлд, Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-138 тоот хашаа байшин, газрыг Ц.Няндагшоновын өмчлөлд тус тус хэвээр үлдээж,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 9-107 тоот, 45.08 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026490 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны өмчлөгчөөс Дуламжавын Дорждагва /ВР 76061416/-ыг хасч, өмчлөгчөөр Харчин овогт Цэрэнбалжирын Няндагшонов, Гурван шар овогт Дорждагвын Жаргалмаа, Гурван шар овогт Дорждагвын Марал-Эрдэнэ нарыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Дорждагваас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Няндагшоновт олгож шийдвэрлэжээ.

 

         Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг хууль буруу хэрэглэн тайлбарласан, нотлох баримтыг дутуу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

        1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсгийг хэрэглэн тайлбарлах гэж оролдсон боловч охин Д.Жаргалмаа нь хэрэг хэлэлцэх явцад хэдийгээр насанд хүрсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 49.1. Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс ...бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно. гэснээр нөхөн төлүүлэх боломж байхад хариуцагчид ашигтайгаар хууль буруу тайлбарлах замаар шийдвэрлэсэн 

         2. Хариуцагч этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дахь хэсэгт заагдсанаар сөрөг нэхэмжлэл гаргахдаа үр хүүхэдтэйгээ уулзах тухай шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэгчид хүүхэдтэй уулзуулж байхыг үүрэгдсэн тухай шийдвэрийн үндэслэлдээ дурдсан нь маргааны зүйлээс хальж хариуцагчид давуу байдал олгох гэж анхнаасаа хичээснийг харуулсан. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагад

         3. Маргаан бүхий хашаа байшинг барьцаанд тавьж өөрийн хөрөнгийн адил захиран зарцуулж буй Ё.Лхагва, эд хөрөнгийг барьцаанд авсан банк зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүсэлтийг давж заалдах эрхгүйгээр хангаагүй. Нэхэмжлэгч Ё.Лхагвыг гэрчээр оролцуулахыг хүссэн хүсэлтийг мөн гаргасан боловч шүүх хангаагүй. Гэтэл маргаан бүхий хашаа байшин өнөөдөр шүүхийн шийдвэрээр Ё.Лхагвын нэр дээр болсон байгаа. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 дахь хэсгийн заалтийг зөрчсөн гэдгийг нотолж байна.

         4. 2004-2006 оны хооронд Япон улсаас машин явуулж байсан гэж байгаа боловч энэ нь хашаа байшингийн үнэнд ороогүй бөгөөд хариуцагч этгээд Япон улс руу явахдаа бусдад тавьсан зардлын мөнгөний өрөнд шилжигдэн орсноор маргаан бүхий хашаа байшинд уг мөнгө зарцуулагдаагүй байна. Уг машин Монгол улсад ирэх үйл явдлаас хойш 3 жилийн дараа буюу 2007 оны 10 сарын 17-нд хашаа байшинг худалдан авсан бөгөөд тэр үед нэхэмжлэгч болон хариуцагчийн дансанд ямар ч мөнгө байгаагүй харин гэрч Т.Должингийн данснаас мөнгө гарсан байхад шүүх үүнийг үнэлж дүгнээгүй. Ирээдүйд үүсэн бий болох байрны мөнгийг 4 хувааж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж насанд хүрээгүй Марал-Эрдэнийг хүртэл өртэй этгээдийн тоонд оруулсан байна.

         5. Шүүх банкны ззэлийн барьцаанд, үнэ нь бүрэн төлөгдөөгүй байгаа байранд үнэлгээг өөрийн санаачлагаар үнэлүүлсэн. Анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/04009 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            

         Нэхэмжлэгч Ц.Няндагшонов нь хариуцагч Д.Дорждагваас гэрлэлт цуцлуулж, хүү Д.Марал-Эрдэнэ, охин Д.Жаргалмаа нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваалгахыг шаардсан ба хариуцагч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргажээ.

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 12 дугаар сарын 19-нд охин Д.Жаргалмаа нь 18 насанд хүрсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “Охин Д.Жаргалмаагийн эрх ашиг эд хөрөнгөтэй холбоотойгоор зөрчигдөж магадгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай” хүсэлтийг гаргасан.

 

         Шүүх нэхэмжлэгч Ц.Нянданшонов, хариуцагч Д.Дорждагва нарын охин Д.Жаргалмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн боловч хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, эрх үүрэг, хэргийн материалтай танилцуулсан баримтгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй  гэж үзнэ.

           

         Зохигчдын маргаж буй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололын 9-107 тоот 1 өрөө орон сууцыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх боловч хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтаар Д.Жаргалмаад холбогдуулан эд хөрөнгө хуваарилан шийдвэрлэжээ.

 

          Мөн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-138 тоот өвлийн байшин, газар, хашааг шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу гэр бүлийн 4 гишүүний өмч гэж үзсэн. Гэтэл хэрэгт уг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч  Ё.Лхагва мөн болохыг хариуцагч Ц.Няндагшонов зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/03762 дугаар шийдвэр нотлох баримтаар авагдсныг шүүх дүгнээгүй  байна.

 

       Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгч шаардаж, талууд мэтгэлцээгүй байхад шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт  заасныг баримтлан эцэг Д.Дорждагвыг хүү Д.Марал-Эрдэнэтэй уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Няндагшоновт даалгасан шийдвэр гаргасан  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлд нийцэхгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх дээрх байдлуудыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд  дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

               

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон                                                       

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/04009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2.  Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Няндагшоновоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

 

                                                                                          Д.БАЙГАЛМАА