Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01320

 

 

 

 

  2023           07            03                                          210/МА2023/01320

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-од холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: В-,

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн сууц, газрын гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 71,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүрдорж, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганцэцэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б-той үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, 79.5 м.кв талбайтай хувийн сууц, дээрх хаягт байршилтай, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийт 45,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу А-ь нь хувийн сууц, газрын хамт Б-од шилжүүлэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр бүртгүүлсэн.

Гэтэл Б- нь одоог хүртэл гэрээний зүйлийн үнийг төлөөгүй атлаа тус хувийн сууц, газрыг эзэмшиж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн сууц, газрын гэрчилгээг миний нэр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга: Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б-той зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн өдрөө Б-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай, хувийн сууц, мөн тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Г-ын 04-** УБЧ улсын дугаартай, DAEWOO RG5801 маркийн тусгай зориулалтын автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ, фидуцийн гэрээг тус тус байгуулсан.

Б- нь зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байсан тул зээлийн гэрээг сунгах хүсэлтийн дагуу хоёр тал харилцан тохиролцож 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгалт хийсэн.

Б- нь зээлийн хүүд 10,000,000 төгрөг төлье, Г-ын эзэмшлийн автомашиныг буцаагаад өгчих гэсний дагуу барьцаанаас чөлөөлж, бусад үүргийг үлдээж, зээлийн гэрээний хугацааг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгасан. Б- нь зээлийн гэрээний хүүд өгөхөөр тохиролцсон 10,000,000 төгрөгт 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн.

Мөн зээлийн гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан бөгөөд 30,000,000 төгрөгийн 50 хувь болох 15,000,000 төгрөгийн алдангийг эргүүлэн төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойших зээлийн хүү 36,000,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 10,000,000 төгрөгийн хүү төлсөн тул үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 26,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 71,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарын агуулга: Би газрынхаа гэрчилгээг л авмаар байна, өөр хүсэх юм байхгүй.

 

5. Хариуцагч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тайлбар гаргаагүй.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-ийн талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай, хувийн сууц, мөн тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б-оос зээлийн гэрээний үүрэгт нийт 59,880,000 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд В-ад олгож, бие даасан шаардлагаас үлдэх 11,120,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201018** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай, хувийн сууц, мөн тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гандарьд, 457,350 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В-ад тус тус олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүх хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж хэрэгт авагдсан В-ын депозит дансны хуулгыг огт үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Учир нь хариуцагч Б- нь зээлийн хүүд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөгийг, үндсэн зээлд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийг төлсөн байгаа нь дээрх баримтаар нотлогдож байхад уг төлбөрийг хасч шийдвэрлээгүй.

Б-ын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 27,500,000 төгрөг болно. Мөн 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 2 сар 8 хоногоор тооцсон нь буруу бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 3.1-т зааснаас харвал 9-ний өдөр нь зээлийн хугацаанд хамаарахгүй. Уг тооцооллоор үндсэн зээл 27,500,000 төгрөг, хүү 5,335,000 төгрөг, алданги 13,750,000 төгрөг, нийт 46,585,000 төгрөг болно.

7.2. Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, үндсэн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Б-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай, хувийн сууц, мөн тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсгийг удирдлага болгон хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийдвэрлэж байгаа атлаа мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргах журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд 3 дахь хэсэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүргийн гүйцэтгэлийг ханган шийдвэрлэж, 5 дахь хэсэгт тус шийдвэрийн 1 дэх заалтаас бусад асуудлаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Барьцаат зээлийн гэрээний хугацааг нотариатаар баталгаажуулж сунгасан. Б- нь фидуцийн гэрээг цуцлахдаа хүүг төлнө гэж хэлсэн. Хэрэв хүүг төлнө гэж хэлээгүй бол гэрээг цуцлахгүй байсан. Гэрээний хугацааг гараар болон нотариатаар 3 удаа сунгасан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 10,000,000 төгрөгийг зээлийн хүүд суутгуулна гэсэн боловч үүнээс хойшхи хугацааны “хүү төлөв” гэсэн баримт байгаа.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хувийн сууц болон газрын гэрчилгээгээ авах хүсэлтэй байна. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.  Нэхэмжлэгч А-ь нь хариуцагч Б-од холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн сууц, газрын гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Харин гуравдагч этгээд В- нь хариуцагч Б-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. А-ь болон Б- нар нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3093, 3094 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр Б- нь А-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201018** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай хувийн сууцыг 13,000,000 төгрөгөөр, мөн тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2201004408 дугаартай, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцсон /хх 9-10/,

3.2. Дээрх хувийн сууц, газрын өмчлөх эрх улсын бүртгэлээр Б-од 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шилжсэн /хх 80-81/,

            3.3. В- болон Б- нар нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр В- нь 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр Б-од зээлдүүлж, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан /хх 38-42/,

            3.4. Б- нь В-ад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг, 10 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг төлсөн /хх 72-74/.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

  4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. .

 

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх ёстой.

Маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн барьцаанд бүртгэгдсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын дагуу өмчлөгч өөрчлөгдөх нь барьцаалагчийн эрхийг хөндөхгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, үндсэн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

5. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг уг хэрэгт хүлээн авч хамтатган шийдвэрлэснийг буруутгахгүй гэж үзэв.

 

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт  маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж заасан.

Үүний дагуу маргааны зүйл болж буй Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан үндэслэлээр нэхэмжлэгч нь В-ыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16545 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

Улмаар В- нь бие даасан шаардлага гаргасныг шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар хүлээн авсан байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг харгалзан анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд уг хэрэгт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй.

 

6. Анхан шатны шүүх В- болон Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

 6.1. Шүүх зээлийн гэрээний үндсэн төлбөрт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн.

 

6.2. Бичгээр байгуулсан гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хүү тооцох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Харин дээрх хугацаанд хамаарах зээлийн хүү 14,220,000 төгрөг болж байхад анхан шатны шүүх 14,880,000 төгрөг гэж буруу тооцоолсон, мөн хариуцагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн 10,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасалгүй орхигдуулсныг тус тус залруулах нь зүйтэй.

Иймд 14,220,000 төгрөгийн хүүгээс төлөгдсөн 10,000,000 төгрөгийг хасч тооцоод  хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт 4,220,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүү 21,780,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж байна.

Үүнтэй холбогдуулж тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.

 

6.3. Алдангийн талаарх хариуцагч, гуравдагч этгээдийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, зээлийн гэрээ болон хуулийн зохицуулалтын дагуу алдангийг тооцоход нэхэмжилж байгаа үнийн дүнгээс өндөр байх боловч нэхэмжлэгчийн шаардсан 15,000,000 төгрөгийн хэмжээнд алданги гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

6.4. Иймд хариуцагч Б-оос зээлийн үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, хүү 4,220,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 49,220,000 төгрөг гаргуулан гуравдагч этгээд В-ад олгож, бие даасан шаардлагаас хүү 21,780,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

 

7. В- болон Б- нарын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Б-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201018** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2201004408 дугаартай, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

7.1. Иймд анхан шатны шүүх барьцааны зүйл болох газар болон хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцэж байна.

Энэхүү шүүхийн шийдвэрээр дээрх барьцааны зүйлүүд нь улсын бүртгэлийн дагуу нэхэмжлэгч А-ийн өмчлөлд шилжиж байгаа боловч ийнхүү өмчлөгч өөрчлөгдсөнөөр гуравдагч этгээд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхээ алдахгүй.

Учир нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад нөлөөлөхгүй.

 

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журам тодорхой байх ёстой. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогоос хамааран шийдвэр гүйцэтгэх арга, журмыг анхан шатны шүүх тодорхой заагаагүйг залруулан дүгнэх шаардлагатай байна.

Тухайлбал, шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн Ү-2201018** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 52 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбайтай, хувийн сууц, мөн тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2201004408 дугаартай, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлнэ.

Ийнхүү улсын бүртгэлийн дагуу нэхэмжлэгч дээрх хувийн сууц, газрын өмчлөгч болж буй нь уг хувийн сууц, газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж Б-ын В-ад төлөх ёстой 49,220,000 төгрөгийн үүргийг хангуулахад саад болохгүйг дурдвал зохино.

 

 8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01329 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын “59,880,000 төгрөгийг” гэснийг “49,220,000 төгрөгийг” гэж, “11,120,000 төгрөгт” гэснийг “21,780,000 төгрөгт” гэж,

4 дэх заалтын “457,350 төгрөгийг” гэснийг “404,050 төгрөгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,425 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                           ШҮҮГЧИД                                       Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Т.БАДРАХ